
С.САРУУЛ
УИХ-ын гишүүн Ж. Батзандан АН-ын шинэчлэлийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-АН-ын шинэчлэлийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Шинэ Засгийн газар, УИХ, орон нутгийн удирдлагын тогтолцоо бүрдлээ. Мөн удахгүй орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгууль болгоны дараа улс төрийн нам, улстөрчид дүгнэлт хийх ёстой. Ялсан, ялагдсан хоёулаа дүгнэлт хийх ёстой. Энэ удаагийн сонгуульд АН-9, МАН-65 суудал авсан нь үндсэндээ УИХ-д гуравдагч хүчний орон зайгүй болсон. Хэт олонхийн парламент бүрдэж сөрөг хүчингүй боллоо. Ийм нөхцөлд хүний эрхийг хэрхэн хамгаалах, хэт олонхийн дарангуйллыг хэрхэн давах туулах вэ гэдгийг сөрөг хүчнийхэн бодох учиртай.
АН-ын шинэчлэлийн тухай хэдэн зүйл хэлэхийг хүсч байна. Би найман жилийн дотор УИх-ын хоёр суудал, хамгийн олон саналыг авчирсан. Ирээдүйд АН ямар байх ёстой, ямар замаар явах вэ гэдгээ гишүүд дэмжигчидтэйгээ ярилцах ёстой. Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой. Хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан намын даргыг сонгохыг эсэргүүцэж байна. Тийм учраас хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байна. Шинэ дүрэм журамтай болж шинэ АН-ыг бий болгох ёстой.
Аймаг, дүүрэг бүрт маргаашнаас очиж хүмүүстэй уулзана. Ардчилсан нам сонгуульд ялагдсан олон шалтгаан бий. Хамгийн том ялагдал хүлээсэн гол шалтгаан нь сүүлийн найман жил Ардчилсан намыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санаа, үнэт зүйлийн талаар нэг ч удаа яриагүй. Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярьж гэж загнадаг байсан. Ардчилсан нам таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлээ мартсан. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. Тиймээс шинэчлэл хийхээр зорьж байгаа юм бол үзэл санааны шинэчлэл байх болно. Жил бүр намынхаа гишүүдтэй уулзаж үзэл санааны дасгал хийж бодлого гаргадагн байх ёстой.
Ардчилсан намын ялагдлын бас нэг шалтгаан нь фракц нэртэй чөтгөрийн тойргоосоо сүүлийн 10 жил салж чадаагүй. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нөгөөх нь нэгийгээ дийлэхийн тулд дотроо дайтсаар өрсөлдөгчдөө ялагддаг. АН олон нийтийн нам байхаа больж ялзарч эхэлсэн.
-Ямар замаар шинэчлэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Фракцын талаар бодлого гаргах ёстой. Фракцын зодооныг тас цохисон цоо шинэ дүрэм журмыг гаргах талаар бодлого боловсруулж байна. Сүүлийн 16 жил фракц хоорондын зөрчилтэй байсан. Сүүлийн 10 жил цус сэлбэхгүй, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон. Дундговийн Мөнхбаяр шиг, Баянхонгорын Мөнх-Эрдэнэ, Дарханы Наранбаатар шиг шударга, зарчимтай залуусыг гадуурхдагаасаа болж АН ялагдсан. Намд гадуурхагдсан, мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр дэвшиж чадаагүй, фракцад орж чадаагүйнхээ төлөө гадуурхагддаг намынхаа мянга мянган гишүүдээсээ уучлалт гуймаар байна. Тиймээс шинэ АН-д урьж байна.
АН 30 тусдаа нам, таван фракцтай. Нам бүр хувьчлагдсан. Сонгинохайрхны намыг Н.Алтанхуяг даргын хамаатнууд, Баянзүрх дүүрэг нэг олигархи бүлэглэл, Өмнөговийнх компанийн нам болсон гэх мэт АН-ын 30 нам бүгд хувийн болсон. Энэ бол АН ялагдах үндсэн шалтгаан. АН-ын гишүүд, ҮЗХ-ны хуучин бүтэц хуралдаж энэ сарын 25-нд АН-ын даргыг фракцийн зөвшилцөөнөөр сонгох хуйвалдаан хийж байна. Үүнийг эсэргүүцэж байна. Ийм замаар явбал нам шинэчлэгдэж чадахгүй. Намын засаглал олон нийтийнх байх ёстой. Тиймээс намын даргыг үндэсний марафоноор тодруулах ёстой. Намынхаа 100 мянган гишүүний дунд санал хураалт явуулах хэрэгтэй. АН-ын шинэчлэлийн төлөө нэгдэж ажиллахыг намын нийт гишүүддээ уриалж байна.
-Өөрийнхөө нэрийг АН-ын намын даргад дэвшүүлэх үү?
-Өнөөдөр намын даргын асуудал ярихад арай эрт байна. АН-ын дарга үндэсний лидер байх ёстой. Бусад орны лидерээ тодруулдаг системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Намынхаа ирээдүйтэй бүх гишүүдийг өрсөлдөөсэй гэж урьж байна. Миний хувьд ямар дүрэм журмаар явагдахаас шалтгаална. Хуучин фракцууд тохироод сонгох тохиолдолд би өрсөлдөхгүй. Энэ тохиолдолд шинэчлэгдэж чадахгүй. АН-ын бүх хаалгыг нээж өгөх ёстой.
-Сангийн сайдын мэдээлэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сангийн сайд улсын эдийн засаг хүнд байдалд орсон тухай өнгөрсөн жилийн тоо баримтыг давтан ярьж байна. Өнгөрсөн жил энэ тоо бүгд ил тод байсан. Валютын нөөцийн хэмжээг Монголбанкны ерөнхийлөгч олон нийтэд ил тод зарлах ёсгүй. Монголын нийт өрийн 50 гаруй хувь нь 2008-2012 онд үлдсэн 50 хувь нь 2012-2016 оны хооронд үүссэн байгаа. Монголыг дампууруулах үйл явц 2004 оноос эхэлсэн гэж харж байгаа. Эдийн засаг хүнд байдалд орсон АН, МАН-ын олон жил үргэлжлүүлсэн хариуцлагагүй бодлогоос эхтэй.
-Эдийн засгийн хямралаас гарахын тулд гадаадын банкыг оруулж ирэх талаар ярьж байгаа?
-Санхүүгийн хямралаас гарахын тулд санхүүгийн зах зээлийг нээлттэй болгох ёстой гэдгийг өнгөрсөн дөрвөн жилийн турш ярьж ирсэн. Зээлийн хүүг 2 хувьд хүргэж байж чөлөөт өрсөлдөөн бий болгож, монголчуудын амьдралыг дэмжих ёстой гэдгийг 26 жил ярьж байна. Бага хүүтэй зээл санал болгож байгаа гадаадын бүх банкыг оруулж ирэх ёстой. Манай санхүүгийн зах зээл дээр монополь гуравхан гэр бүл л байгаа. Үүнийг МАН зогсоох ёстой. Банк санхүүгийн зах зээлийг чөлөөтэй нээлттэй болгох цаг болсон.
-“Сайн” хөтөлбөрүүдийг төсвөөс биш юм бол хаанаас санхүүжүүлсэн бэ?
-МАН-ын Сангийн сайд ажлаа мэдэхгүй байна. “Сайн” хөтөлбөрүүдийн төсвөөс санхүүжүүлээгүй. Монголбанк, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд санхүүжүүлсэн хөтөлбөр. Өмнөх Засгийн газрын бүх зүйлийг харлуулж болохгүй. Хэрэв өмнөх Засгийн газар хууль бус зүйл хийсэн бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байхад Ерөнхий сайд, Сангийн сайд нь гэмт хэрэг илрүүлсэн мэт аашилж, сүржин мэдээлэл хийж болохгүй. Эцсийн дүндээ монголоо хорлож байгаа хэрэг шүү гэдгийг нухацтай хэлье.
Эх сурвалж: www.polit.mn