Гурван магнайтай найруулагч

2016-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН, Н.БАТСУУРЬ

Энэ удаагийн “Амьдралын тойрог”  булангийн  зочноор Урлагийн гавьяат зүтгэлтэн,  кино найруулагч Дэмидийн  Хишигт оролцож байна. Монголын кино урлагийн нэг үеийн нүүр царай болсон түүний амьдралын хүрдийг эргүүллээ. Тэрээр энэ зуныг Сэлх дэх зуслангдаа өнгөрүүлж байна. 80 насны босгыг алхаад удаж байгаа ч  Д.Хишигт гуай  хөнгөн шингэн гэж жигтэйхэн.    Биднийг ач охиныхоо хамт угтан авч, мэнд мэдэв.  Зуслангийн агаар цэвэрхэн сайхан юм.  Түүнийг чимэх мэт найруулагчийн зуслан бусдаас ихэд онцгой ажээ.  Хашаанд чацаргана, гүзээлзгэнэ, үхрийн нүдний бут олноороо харагдана. Эхнээсээ үр жимс нь болж,  мөчир нь даалгүй бөхийж байна. Мөн тахиа донгодож, туулай, зурам бие биетэйгээ тоглон гүйлдэх ажээ.  Энэ ховор зураглал яах аргагүй сэтгэл гижигдэн, таатай санагдана.  Д.Хишигт “Зуныг жимсний модод бяцхан амьтдынхаа дунд цэвэр агаарт сайхан л өнгөрүүлж байна. Хүн ер нь байгалийн амьтан болохоор эндээ л жаргалтай байх юм аа” гэж байв. Уран бүтээл зонхилсон, түүх дурсамж дүүрэн бидний яриа жимсний модод, ойн амьтдаар хүрээлүүлсэн түүний зуслангийн байшинд өрнөлөө.

 

КИНО УРЛАГИЙН ЗАМД ХӨТӨЛСӨН “ЦОГТ ТАЙЖ”

Кино найруулагч Д.Хишигт Архангай аймгийн Хашаат сумын хүн. Гуравдугаар ангид байхаасаа л кино урлагтай сэтгэлийн сэжмээр холбогджээ. Архангайн Булган ууланд “Цогт тайж” киноны зураг авалт болоход тэрээр ихэд сониучханаар харж зогссон гэдэг. Түүнийг нь харсан Т.Цэрэндэндэв гуай “Хүрч ирээд манай ажилд тусал” гэжээ. Ийнхүү гуравдугаар ангийн жаахан бор хүү кино багт орж ажилласан байдаг. “Цогт тайж” киноны тулаантай хэсгийг яг л бодит байдалтай авсан байна. Д.Хишигт тулаан болсны дараа дайны талбай дээрээс жүжигчдийн нум сум, илд, бамбай, жад зэргийг цуглуулан ангилж хураах ажил хийдэг байжээ.    Үүнийхээ шанд орой бүр хормой дүүрэн чихрээр шагнуулдаг байсан тухайгаа дурсан ярьж байна. “1944 онд дайн эхлэж байсан болохоор бараа таваар их л ховор байсан. Чихэр гэдэг зүйл байдаг гэдгийг дуулж байснаас биш идэж байгаагүй.  Тэгээд баярлаад гэртээ аваачаад ээждээ өгсөн чин ээж маань “Юун чихэр вэ. Чи хаанаас авсан” гээд ихэд уурлаж байсан санагддаг. Ингэж би чихрийн амтыг хүртэл  кино урлагаас хүртэж байсан даа” гэв.   “Цогт тайж” киноны зураг авалт гурван сар Архангайд үргэлжилжээ. Кино багийг буцахад хүүгийн сэтгэл хоосон санагдаж байсан ч кино урлаг гэдэг зүйл рүү тэмүүлэх үндэс суурь нь сэтгэлийн гүнд нь аль хэдийнэ үндэслээд үлджээ. 

 

УРЛАГАА ГЭСЭН СЭТГЭЛ ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Гэр бүлийн хамт. 1991 он.

Хүүгийн хамт. 1966 он. Москвад.

 

Түүнээс хойш гурван жил өнгөрч, “Цогт тайж” киноны тухай бодол толгойд нь эргэлдсээр л байв.  1947 онд сургуулиа төгсөөд шууд л урлагийн сургуульд оржээ.  Д.Хишигт “Намайг урлагийн сургуульд шалгалт өгөхөөр очиход  “Цогттайж” киноны Ц.Цэгмид багш сууж байсан.  Намайг шалгаад “тэнцлээ” гэхэд үнэхээр их баярлаж байлаа. Одоогийн Ардын жүжигчин Г.Очирбат бид хоёр нэг ангид орсон. Анх бид тэнд учирч байлаа” гэсэн юм. Тэндээ гурван жил Ц.Цэгмид багшийн удирдлагад суралцаад 1950 онд төгсөж, уран бүтээлийн гараагаа эхлэв. Гуравдугаар ангид байхдаа гурван сар ажилласан “Цогт тайж” кино багийнхан,  киноны зураг авалт түүний амьдралын зам мөрийг ингэж заажээ. Д.Хишигт тэр цагаас хойш өөр салбар руу хялайж ч харсангүй, Монголын урлагийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн. Сургуулиа төгсөхдөө ОХУ-ын зохиолч Мусатовын “Үнэт өр” жүжгийн гол дүр, Михиалковын “Би гэртээ харихсан”  жүжгийн туслах дүрийг бүтээж амжсан байдаг. Тэмүүлсэн, зорьсон, хүссэн мэргэжлээрээ сурсан болоод ч тэр үү Д.Хишигт тун сайн үнэлгээтэйгээр урлагийн сургуулийг дүүргэжээ. Түүний дараа Дуурь бүжгийн театрт жүжигчнээр орж,  “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн тоглож байсан бөгөөд тухайн үед театрт ямар л тоглолт жүжиг тавигдана бүгдэд нь оролцож иржээ.

 

“ХҮҮХДИЙН ТӨВ ТЕАТР”-ЫН АНХНЫ ЖҮЖИГЧИН

1951 оны урлагийн түүхэнд түүний нэр тодоос тод бичээстэй. Тухайн онд Монголд “Хүүхдийн төв театр” үүдээ нээжээ.  Харин Д.Хишигт өрхийг нь таталцсан цөөн хэдэн уран бүтээлчийн нэг юм.  Тэнд зургаан жил ажиллахдаа “Норвегийн ууланд”, Ч.Лодойдамба, Д.Намдаг нарын хамтран зохиосон “Нэг ангийхан”,” Үнэт үр”  гээд  20 гаруй жүжигт тогложээ. Тэрээр “Энэ олон жүжгээс миний сэтгэлд одоо ч тодхон байгаа нь  “Үнэт үр” , “Цасан хүү” жүжгийн гол дүрүүд байна.  Анхных юм болохоор “Үнэт үр”-дээ хайртай байдаг юм. Тухайн үед  манайд таван театр байлаа.  Гэтэл Зөвлөлтийн нэг хот нь 20  театртай байсан.  Их харьцангүй байгаа биз. Үзэгчид ч одоогийнхийг бодвол олон байсан. Бид их л ачаалалтай ажилладаг байсан даа” гэж байв.  Зургаан жил ажиллаад хүүхдийн уран бүтээлд овоо гаршаад байхад нь түүнийг дахин өөр газар томилжээ. Энэ удаа хөдөөгийн театрыг хөл дээр нь босгох даалгавар авав. Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран сайхны удирдаачаар томилогдож, нэг жил ажиллахдаа дөрвөн жүжиг, гурван концерт найруулжээ. Тэндээ нэг их удсангүй  тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр ЗХУ урлагийн сургуульд явжээ.  Гэсэн ч Д.Хишигт нэгэн сонирхолтой шалтгаанаар хоёр жил суралцаад үргэлжлүүлж чадаагүй.  Учир нь  хүний нутагт нойр нь хүрдэггүй байжээ. Тэрээр энэ тухайгаа “ Би шөнө 1-2 цаг нь унтдаг байлаа.   Тэгээд нутагтаа ирэхээр унтаад байдаг их сонин.  Эхний хоёр жилийг хичээж авсан даа.  Сүүлдээ унтаж чадахгүйгээсээ болж бие өвдөөд нутагтаа ирэхээс өөр аргагүй болсон.  Ленинградын агаар надад таараагүй юм” хэмээн ярьж байв.

 

КИНО ҮЙЛДВЭРТ НАЙРУУЛАГЧААР АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД

“Энгийн хишиг” кино зураг авалтын үеэр. 1987 он.

 

Кино урлагтаа зүтгэж тэмүүлсэн хүслээр ОХУ-д суралцахаар явсан ч ийнхүү тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар замынхаа талд хүрээд буцаж ирсэн байдаг.  Гэсэн ч түүний хүсэл унтраагүй. Ирээд  Ч.Лодойдамба багштайгаа уулзаж, Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар оржээ.  Тэнд Д.Хишигтийн хамгийн анхны туслахаар ажилласан бүтээл нь “Салхины амт” байв. Дараа нь Германы уран бүтээлчидтэй хамтарсан “Алтан өргөө” кинонд ассент найруулагчаар ажиллажээ. Тухайн үед “Алтан өргөө” киноны сохор эмэгтэйн дүрд тоглох жүжигчнийг сонгон шалгаруулах ихэд хэцүү байсан хэмээн дурсан ярьж байна. Зун байсан учраас ихэнх хүмүүс амарч, ажилчин ангийн эмэгтэйчүүдээс сонгон шалгаруулжээ.  Германы эмэгтэй найруулагч хүүхнүүдийг жагсаан хувцсыг нь тааруулж ихэд нарийн сонгон авч байсан тухай тэрээр дурсан ярьж байна. Түүний дараа  1961 онд тэрээр бие даан уран бүтээл хийх цаг нь болсон хэмээн үзэж өөрийн нэртэй бүтээлээ найруулах болжээ. Гэсэн ч анхны бүтээл болох “Баясгалан” кино нь түүнд нэлээд хэл ам дагуулж ирсэн байдаг. Кино зохиолоос болж тухайн үеийн Соёлын яамны удирдлагуудтай ам зөрж, кино урлагтаа тэсэхийн аргагүй гадуурхагдах болсон байна. Түүний кино найруулах эрхийг нь хасах тушаал буулгажээ.  Нэг хэсэгтээ л найруулагч Д.Хишигт сэтгэл гундуу явсан аж. Гэсэн ч кино урлагаа орхино гэж бодож байгаагүй гэнэ. Төд удалгүй түүний багш Л.Ванган “Монгол кино үйлдвэр”-ийн уран сайхны удирдагчаар очиж, Э.Оюун багш нь Намын төв хорооны соёлын хэлтэсийн эрхлэгч болжоо.  Багш нар нь түүнд дахин итгэл хүлээлгэж хоёр баримтат кино хийх даалгавар өгснөөр дахин ямар хэмжээний найруулагч болохоо харуулах боломжтой болжээ. Фашист Германы дэлхийн хоёрдугаар дайны ялалт болон Монголчууд дэлхийн Архитекторчдын холбоонд элссэн тухайн  баримтат бүтээл хийснийг олон нийт тухайн сайн хүлээн авсан байдаг.

 

КИНО УРЛАГТ ГАДУУРХАГДСАН ОН ЖИЛҮҮД

Ийнхүү тэрээр хоёр баримтат киногоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дахин найруулагчаар ажиллах боллоо. Тэгээд Ч.Чимидийн зохиолоор “Тус биш ус” нэртэй кино хийж, Москвагийн олон улсын кино наадамд оролцож, тусгай шагналыг авчээ. Гэсэн ч түүний уран бүтээлийн зам дардан байгаагүй.  Очсон газар бүрт нь “Дарга нартай ам зөрдөг, болохгүй бүтэхгүй гар”  хэмээн хүлээн авч байсан гэдэг. 1966 онд бичсэн “Нөмрөг хадны цуурай” киног нь намын бодлогын эсрэг кино хийлээ гэж хаажээ. Тэрээр энэ тухайгаа “Кинонд маань хүний мөс муутай жолооч, хонио шуурганд уруудуулж яваа малчин бүсгүй, хөгжмийн багш залуу гардаг. Нийгмийг бүрдүүлж байгаа гурван ангийн төлөөллийг гаргахдаа ажилчин ангийн жолоочийг хүн муутай болгосон, малчин ардыг арчаа муутайгаар дүрсэлж, сэхээтэн залууг хүнлэг сайхан сэтгэлтэй болгож харуулсан гэж үзээд хаасан” гэсэн юм. Энэ мэтийн шалтгаануудаас болж тэрээр телевизийн урлагт хөрвөжээ. 1966 онд нэгэн түүхийг бичиж, нэгэн үйл явдлын анхдагч болохоор Москваг зорьсон. Телевиз байгуулахаар 45 нөхдийнхөө хамт Зөвлөлтийн төв телевиз дээр нэг жил зургаан сар суралцаж, 1967 онд төгсөж ирээд Монголын телевизийг үүсгэн байгуулж байсан удаатай. Найруулагч Д.Хишигт  түүнээс хойш 1990 он хүртэл 30 гаруй жил телевизийн салбарт ажиллажээ. Теле кино үйлдвэрт уран сайхны удираач, найруулагч хийж байсан. Энэ хугацаандаа тэрээр 80 гаруй кино найруулж,  30 гаруй уран бүтээлд зохиолчоор ажилласан байдаг.

 

ГУРВАН “МАГНАЙ” ТӨРСӨН ТҮҮХ

Москвад телевизийн чиглэлээр суралцаж байхдаа хөрөнгөтөн орнуудын хийсэн кинонуудыг их үздэг байжээ. Ихэвчлэн бөхийн тухай кинонууд гардаг байж.  Тэгээд Д.Хишигтэд нэгэн санаа орж иржээ.  Монгол бол бөхийн орон яагаад бөхийн тухайн кино хийж болохгүй гэж хэмээн бодсон гэдэг.  Тэр даруй Монгол руу эхнэр лүүгээ ярьж “Ж.Дамдин аваргын бичсэн бөхийн тухай номыг надад яаралтай явуулаарай” гэжээ. Д.Хишигт “Ном маань удалгүй ирсэн.  Тэгээд би бөхийн тухай кино яаж хийх үү гэдэг аргуудаа бодож, дүрээ хүртэл нэрлэж үзлээ. Тэгээд 1967 онд төгсөж ирээд энэ санаагаа найруулагч  Б.Бунтарт хэллээ. Тэгсэн их сайхан хүлээн авч зохиолоо аваад ир гэж байна. Гэхдээ би бас л намын үзэл сурталд нийцэхгүй юм болов уу гэж жаахан айж байсан. Уг нь  толгой дотор  бүх юм бэлэн. Тэгээд айж эмээж явсаар байгаад 10 жил Б.Бунтарыг хүлээлгэсэн дээ” гэж байв.  Түүнээс хойш тэрээр нэг их удалгүй Ш.Сүрэнжавтай хамтран зохиол дээрээ ажиллаж 10 гаруй жил сэтгэлдээ дуншсан  “Гарьд магнай” киногоо үзэгч олондоо хүргэсэн түүхтэй.  Мөн түүний уран бүтээлийн шунал хөдөлж, эрийн гурван наадмаар хийхээр киноны ажилдаа орсон байна.  Ингэж “Гарьд магнай”, “Тод магнай”,  “Цэц магнай” түүний сэтгэлээс төрж ард түмний сэтгэлд хүрсэн түүхтэй. Одоо энэхүү бүтээлүүд нь баяр наадмын үеэр телевиз бүхнээр үзэгчдийн мэлмийд хүрч, олон дахин үзсэн ч хэзээ ч уйдахааргүй бүтээл болон мөнхөрчээ.

Д.Хишигт гуай Монголын кино урлагийн салбарт 40 гаруй жил ажиллаад 1994 оноос энэ салбарт боловсон хүчин бэлтгэх үйлсэд зүтгэжээ. Соёл урлагийн их сургуулийн Радио, телевизийн сургуульд арав гаруй жил багшилсан байна.  Энэ хугацаанд  300 орчим уран бүтээлч бэлтгэн гаргасан байдаг.  Одоо түүний шавь нар Монголын кино урлагийн хөгжлийг авч явна.  Мөн тэрээр телевизийн салбарт зүтгэсэн 20 жилийн хугацаандаа 200 гаруй нэрийн 400 бүлэг кино хийж дөрвөн  кино нь Москвагийн олон улсын кино наадмаас гранпри шагналыг авчирч байсан түүхтэй. Ийнхүү Монголын кино урлагийн алтан шонхоруудын нэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Дэмидийн Хишигтийн амьдралын хүрдийг эргүүллээ. Түүний туулсан зам шулуун данданг байгаагүй ч кино урлаг гэсэн нэгэн чиг шугамын дагуу бат итгэлтэйгээр алхаж, залуу нас, авьяас билэг, ур ухаанаа зориулж ирсэн нь түүний яриа бүрээс мэдрэгдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

2 цаг 7 мин
Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод б

2 цаг 7 мин
Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улс

2 цаг 7 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

2025-06-20
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

2025-06-20
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

2025-06-20
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19