Монгол: Хар тамхины хар зах боллоо

2016-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Түрүүч нь http://www.polit.mn/content/83154.htmhttp://www.polit.mn/content/83134.htm

 

Б.ЭНХЗАЯА

“Хар тамхи, мансууруулах бодист донтох эмгэг хэзээ ч сэдэрч болдог. Бусад эрхтэн системийн талаас хүндрэл үүсгэнэ. Элэг гэмтэхээс гадна бусад хавсарсан өвчин тусах магадлалтай. ХДХВ, ДОХ-ын болон вирусын халдвар авах эрсдэл өндөр. Өндөр өртгөөр эмчилж байгаа гадны улс оронд эмчилгээний үр дүн нь дөнгөж таван хувийн магадлалтай гэдэг. Тэр их мөнгө, хүч зарж байгаа газарт шүү дээ. Харин манайд бол тодорхой үр дүн байхгүй” гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч, доктор С.Мөнхтуяа ярьж байна. Эмчилгээний үр дүн тодорхойгүй гэдэг нь байхгүйтэй адил. Цагаан тахлын төгсгөл үхэл байж мэдэх харанхуй ангал руу монгол залуус аажмаар орсоор байгааг “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж байгаа билээ.

С.Мөнхтуяа док­торын хэлсэнчлэн хар, тамхи мансууруулах бодис хэрэглэгчдийн эмчилгээны үр дүн тодорхойгүй байгаа гол үндэслэл нарийн мэргэжлийн эмч ажилтнууд, эмчилгээ үйлчилгээ, төсөв хөрөнгө хангалтгүй байгаатай холбоотой. Тоймлоод хэлбэл, Монгол Улсын хар тамхитай тэмцэх бодлого СЭМҮТ-д хүрч чадахгүй байгаа гэсэн үг.

Хар тамхины гэмт хэрэгт холбогдох хүмүүсийн тоо жил ирэх тусам хурдтай өсч, хэрэглэгчид элит ангиас тэлж нийгмийн бүхий л давхаргыг хамраад мансуурлын донтолтоос болж эхнээсээ амь насаа алдаж буй явдалд Монголын төр бодлого боловсруулж, таслан зогсоох ёстой юу. Мэдээж тийм. Тэгвэл одоо манай улсад хар тамхитай тэмцэх ямар бодлогыг хэрэгжүүлж байна вэ.

Энэ асуултад хариулт авахаар Хууль зүйн, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Одонбаяртай уулзав. Тэрээр “Яамнаас барьж байгаа бодлого сургалтад түлхүү анхаарч байна. Хүүхэд залууст хар тамхинаас зайлсхийх мэдлэг олгох зорилготой. Дэлхийн хар тамхитай тэмцэх өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнээс илүүг хийх хөрөнгө, төсөв манай улсын хувьд асуудалтай. Хар тамхитай тэмцэхэд зориулсан тусгай төсөв гэж байдаггүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаанд зориулж жилд дунджаар 200 сая төгрөг төсөвлөгддөг.

Энэ мөнгө маш олон ажилд зарцуулагддаг учир яг хар тамхитай тэмцэх чиглэлд 10 сая орчим төгрөг л хуваарилагддаг. 2015 онд Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хар тамхитай тэмцэх хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна. Манайд тусгайлсан хууль байдаггүй учраас хууль эрхзүйн орчин дутмаг байдаг. Хөрөнгө, техник, технологи хангалттай байж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадна. Бид хэдийгээр энэ талаар санал гаргадаг ч Сангийн яамнаас санхүүжилт олгодоггүй. Гэхдээ ирэх жил гэхэд нэлээд дорвитой ажил зохион байгуулсан байна” гэлээ.

Нэг ёсондоо бүтэн жилд 10 сая төгрөгийн төсөвтэй баг нэг хоногт 10 сая /үүнээс ч их байж мэдэх/ төгрөгийн хар тамхи хууль бусаар худалдаалагддаг “хар зах”-ын хаалгыг барих нь манай улсын хар тамхитай тэмцэх бодлого ажээ. Бүхэл бүтэн яамны хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, “бодлого” гэхэд дэндүү жул байна.Хууль бус наймаа, хэрэглээний зах зээлийн эх үүсвэр хилийн чанадад байгаа учир гаалийн байгууллагын үйл ажиллагаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал. Жил ирэх тусам хилээр зорчигчдын тоо нэмэгдэж байгаа учир гаалийнхан улсын байцаагчдынхаа орон тоонд тохируулж эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийдэг гэж байна. Өөрөөр хэлбэл, хилээр нэвтэрч буй ачаа бараа, хүн бүрийг нэг бүрчлэн шалгах боломжгүй. Тухайн зорчигчийн аяллын давтамж, хар тамхи “дэгдэмтгий” бүсэд аялсан, тэр бүсээс олон удаагийн давтамтай зорчсөн эсэх, хэрэг зөрчилд холбогдож байснаас нь хамаарч нарийн шалгалтыг хийдэг тухай Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын улсын байцаагч Б.Сүхбаатар ярилаа. Хар тамхийг илрүүлэх чиглэлээр рентген аппарат, эрэлч нохой, боди скайнер гааль дээр ажилладаг. Гэхдээ тэд зөвхөн эрсдэлтэй гэж тооцогдсон зорчигч, ачаа барааг шалгах үүрэгтэй. Сүүлийн таван жилд гаалийн гурван “цагдаа” хар тамхи хилээр нэвтрүүлэхийг оролдсон есөн зөрчлийг илрүүлжээ.

Улаанбаатарт эргэлдэж буй хууль бус наймааны хэмжээгээр бол хилээр илрүүлсэн зөрчил хангалтгүй. Гэвч сүүлийн жилүүдэд хар тамхины төрөл уламжлалт геройн, кокайнаас илүүтэй лабораторийн нөхцөлд нийлэгжүүлж гаргасан бодисыг хил нэвтрүүлэх хандлагатай болж, нөгөө талаар шинэ төрлийн тэдгээр бодисыг манай хил гаалийн багаж төхөөрөмжүүд илрүүлэх боломжгүй, нууц далд аргаар нэвтрүүлсээр байгааг эх сурвалж онцолж байсан юм. Улсын байцаагч Б.Сүхбаатар “Хамгийн чухал нь эрхзүйн орчны шинэчлэлт. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа төрийн байгууллагын уялдаа холбоо, зөв нэгдсэн бодлого маш их үгүйлэгдэж байна. Тухайлбал, цагдаа, тагнуул өөрсдийнхөө шугамаар мэдээлэл олж аваад ажилладаг. Гаалийн байгууллага ч мөн адил. Гэтэл хоорондын уялдаа холбоо муугаас нэг хэрэг дээр тал талд ажиллах, мэдээллээ нуух зэрэг асуудал гардаг.  Хуулиараа гаалийн байгууллага хар тамхийг таслан зогсоож тэмцэнэ гэсэн том үүрэгтэй. Үүрэгтэйгээ зэрэгцээд эрхийг нь олгож өгөөгүй. Бид гүйцэтгэх ажиллагаа, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулах эрхгүй. Үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхэд гар мухардаж байна. Гадаадын гаалийн байгууллагад хүмүүс нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Мэдээлэл цуглуулж боловсролуулалт хийдэг, дээр нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Ингэж байж гаалийн байгууллагын үйл ажиллагаа цогц болно. Хар тамхитай тэмцэх чиглэлийг хариуцсан цогц үйл ажиллагаатай дагнасан агентлаг байгуулах хэрэгтэй. БНХАУ, ОХУ гэхэд хоёул Үндэсний хөтөлбөр, тусгай хууль тогтоомж, агентлагтай ажиллаж байна” гэв.

Үндэсний хөтөлбөр, хар тамхитай тэмцэх хууль, тусгай чиг үүрэгтэй байгууллага бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эхний алхам гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Ялангуяа бодлого зангидсан цогц байгууллага нэн шаардлагатай гэцгээж байна. Тэнд нарийн мэргэжлийн лаборатори ажиллуулж, хар тамхинд донтсон, хууль бус наймаанд автсан хүмүүсийг эмчлэх, “соён гэгээрүүлэх”, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн, цагдаа нарыг бэлтгэх, хил гаалийн хяналтыг сайжруулах бодлогыг зангидаж болно. Ядаж л мэргэжлийн бодлого байхгүйгээс хар тамхинд донтсон хүмүүсийг донтолтоос нь гаргах орлуулах эмчилгээ одоог хүртэл манай улсад байхгүй байна. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр энэ тухай “Хэрэглэгчдийн нас залуужиж, шинэ төрлийн бодис ч нэмэгдэж байна. Ийм тохиолдолд орлуулах эмчилгээ маш чухал. Бид энэ асуудлаар 10 гаруй жил төрийн байгууллагад хандаж байгаа ч одоог хүртэл ажил хэрэг болоогүй. Орлуулах эмчилгээ байхгүй учраас сэтгэлзүйн эмчилгээ явуулж байгаа. Нэгэнт эмчлэх тал дээр манай улс бодлогогүй байгаа учраас бид 2020 он гэхэд бүх их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуульд мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох зорилготой ажиллаж байна. Манай улсад хар тамхины чиглэлийн мэргэжилтэн хуруу дарам цөөн. Цагдаагийн хэдхэн мөрдөгч хэлтсийн төвшинд ажиллаж байгаа. Эмч нар боломжийн хэрээр бэлтгэгдээд байгаа ч эм тариа байхгүй. Төрөөс ч санхүүжилт байдаггүй. Ядаж л лаборатори алга. Нэг ёсондоо манайд бодлого байхгүй байна” гэсэн юм.

Харин  хууль эрхзүйн орчны хувьд СЭМҮТ-ийн их эмч, доктор С.Мөнхтуяа “Манай улс мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын эргэлтэд хяналт тавих тухай олон улсын конвенцид нэгдэж орсон, хууль дүрмийг нь дагадаг боловч хэрэглээ хязгаарлах талаар дагасан, баримталсан хууль, эрхзүйн орчин дутмаг. Одоогийн хуулиар мансууруулах бодис хадгалах, борлуулах, худалдаж авах, хэн нэгэнд дамжуулах гэсэн зүйл байгаа ч хэрэглэвэл яах вэ гэсэн хуулийн заалт байхгүй. Хэрэглэгчийн хувьд мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисыг ихэвчлэн залуу насныхан, эсвэл юу ч мэдэхгүй, “үгүй” гэж хэлж чаддаггүй өсвөр насныхан шохоорхож хэрэглэдэг. Хэрэглэгчдэд энэ дундаас завшиж үлдэх боломж олгоод байна. Хуульд нийцүүлэхээр үүнийг олон талаас нь ярьдаг. Хэрэглэгчийг хатуу аваад үзье. Тэгвэл маш сайн хумигдана гэхэд нөгөө талд хэрэглэгчид донтолт руу орчихдог учраас донтох эмгэгтэй хүмүүсийг хуулиар зохицуулах боломжгүй болно гэсэн байр суурьтай байдаг. Тиймээс дамжуулсан хүн нь хэрэглэх гэж биедээ хадгалж явсан гэдэг утгаар давхар хуулийн заалтад оруулж хууль, эрхзүйн хязгаарлалт хийх санал ч бий” гэв.

Залуусын дунд өргөн дэлгэр тархаад буй “ice” буюу мөс гэх бодис дэлхийн олон оронд аюул учруулж байгааг өнгөрсөн жил Тайландын Бангкок хотод болсон Хар тамхитай тэмцэх хууль сахиулах байгууллагуудын олон улсын бага хурлын үеэр онцолж байлаа. Тус хуралд тайлан мэдээллээ тавьсан Австрали, Брунэй, Камбожи, БНХАУ, Хонгконг, Индонез, Макао, Малайз, Мяньмар, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Зүүн Тимор, Тайланд, Вьетнам улсад аюул заналхийлэл учруулж байгаа гол мансууруулах бодисоор “ice”-ийг нэрлэж, хууль хүчний байгууллагууд тэмцлийн үр дүнд хэдэн арван тонноор нь хурааж авсаар байгаа ч томоохон хууль бус бүлэглэлүүдийн өмнө хүчин мөхөсдөж байгааг тэмдэглэж байсан. Дэлхийн хүчтэй улс орнууд ийнхүү сөхөрч байхад Монголыг залгих бол энүүхэнд.

Хилийн чанадад нөхцөл байдал ийн буцалж байхад манай улсын бодлого боловсруулах, зангидах байгууллага нь эдийн засгийн хямрал руу буруугаа чихэж,  бодлогын яам биш тасаг, хэлтсийн хэмжээнд сэтгэж ажиллаж байна. Энэ байдлаараа ашиг хонжоо хайгчид монгол залуусын хувь тавилангаар хөлжиж, хар тамхинд донтсон залуус нь амиа алдаж, ургийн гажигтай хүүхэд тээсэн эмэгтэйчүүдийг нэг л мэдэхэд хүлээн зөвшөөрсөн, хар тамхины хууль бус наймааг хэзээ ч хумиж чадахааргүй улс болох вий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

2 цаг 43 мин
Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод б

2 цаг 43 мин
Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улс

2 цаг 43 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

2025-06-20
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

2025-06-20
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

2025-06-20
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19