Өвөлжилтийн бэлтгэл хангахдаа хөдөө аж ахуйн технологио мөрдөхийг сануулав

2016-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эртнээс хангуулах зорилго бүхий 322 тоот тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан даалгавар хүргүүлжээ. Албан даалгаварт өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахдаа хөдөө аж ахуйн технологийг мөрдөн ажиллах, тогтоол болон даалгаврын биелэлтийн явцыг сар бүр, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээг долоо хоног тутам, нэгдсэн дүнг аравдугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг анхааруулсан байна.

2015-2016 онд өвөлжилт, хаваржилт багагүй хүндэрч 18 аймгийн 98 сум зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байжээ. Гэвч орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалт, мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, хөдөлмөрчид, мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөрөөр өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг сайн хангасны үр дүнд том малын зүй бус хорогдол хэвийн хэмжээнд байж, 19 сая төл хүлээн авч, Монгол Улсын мал сүрэг өссөн юм.

Энэ зун, намар бороо хур элбэгтэй байна. Ирэх өвлийг ч жиндүү хүйтэн, цасан шуурга ихтэй байх болов уу гэж мэргэжилтнүүд урьдчилан шинжиж, цаг агаарын төлөв байдлыг зурж байна. Тиймээс хүйтэн бороо, хүчтэй салхи, шуурганаас мал болон ургацаа хамгаалж,  мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэлээ эртнээс сайтар базааж бэлтгэх шаардлагатай гэж үзжээ.

 

ХУДАГ, УСТ ЦЭГИЙГ ЭЗЭНЖҮҮЛНЭ

 

Ингэхдээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг нэн тэргүүнд хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө  боловсруулан хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Мөн Засгийн газрын 322 дугаар тогтоолоор батлагдсан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг аймаг, сумын хэмжээнд бүрдүүлж 10 дугаар сарын 20-ны дотор шаардлагатай цэгүүдэд байршуулах ёстой аж. Бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумын мал, малчдыг бэлчээрийн даац хангалттай байгаа орон нутагтай гэрээ байгуулан отроор өвөлжиж, хаваржих нөхцөлийг шуурхай хангаж, улсын хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр нутагтай аймгууд отор, нүүдлийг зохицуулах орон тооны бус зөвлөлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор хуралдуулан шийдвэр гаргахыг үүрэг болгожээ. Ингэхдээ аймаг дотроо болон өөр аймаг, сумын нутагт өвөлжүүлэх малын тоо, байрших чиглэлийг тогтоох, өвс тэжээлийн нөөцийг тухайн отрын бүс нутагт бий болгох юм байна. Отроор өвөлжиж, хаваржих өөрийн харъяа болон бусад аймаг, сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлын бэлтгэлийг хангах, худаг, уст цэг, өвөлжөө, хашаа, хорооны хүрэлцээ хангамжийн тооцоог сум, баг, малчин өрх бүрээр гаргаж дулаалга, засвар үйлчилгээг хийж дуусгах, малын хэвтэр, бууцыг нөөцөлнө.

Мал эмнэлгийн намрын урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тарилга туулгалт, угаалга, вакцинжуулалтын  ажлыг цаг алдалгүй чанартай гүйцэтгүүлж, малын өвчлөл гарсан бүсэд хорио цээр, устгалын арга хэмжээг мэргэжлийн байгууллагын хяналтын дор чанартай зохион байгуулан, хуваарилагдсан хөрөнгө хүчийг оновчтой зарцуулж  ажиллахыг ч албан ёсоор үүрэг болгожээ. Мөн орон нутгийн төсвийн болон гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр гаргаж байгаа инженерийн хийцтэй худаг, уст цэгийн гүйцэтгэлд хяналт тавьж, эзэнжүүлэх, орон нутагт хэрэгжиж байгаа гадаадын болон олон улсын байгууллагын төслийн нэгжүүдийг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд татан оролцуулж хамтран ажиллахыг санал болгосон байна.  

 

УРГАЦ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАНА

 

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт мал сүрэгт намрын ангилалт, заазлалт, хээлтүүлэгч шинээр нөхөн тавах,  угаалга, туулгалт, вак­цин­жуулалтын ажлыг  тех­нологийн дагуу хугацаанд нь чанартай хийхийг сануулжээ. Орон нутгийн хэмжээнд хээлтүүлэгч малын хүрэлцээг судлан, мал үржлийн болон биотехнологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, хамуу, хүрд, ширх, гуур зэрэг эктопаразитаас хамгаалах арга хэмжээг аравдугаар сарын 25-ны дотор авч, бүрэн хэрэгжүүлж, өвөлжөө хаваржаанд паразитын устгал, ариутгал хийхийг үүрэгджээ.

Үер, усны аюул, мөндөр, хүчтэй шороон болон, цасан шуурга гэх мэт байгаль, цаг уурийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, системтэй хэрэгжүүлж, малчид, тариаланчид, иргэддээ хүрч ажиллахыг сануулсан байна.  

Ургац хураалтад ажиллах техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж, хүн хүчний тооцоо судалгааг гарган бэлэн байдлыг хангаж, мөн зоорь агуулахын ариутгал халдваргүйжилтийг хийнэ. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг хүлээн авах ёстой аж.

 

БЭЛЧЭЭРИЙН ДААЦААС ХЭТЭРСЭН МАЛЫГ ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАХ АРГА БИЙ 

 

Мал сүрэг төрийн хамгаалалтад байх ёстой гэж хуульчлагдсан хэдий ч бас хувийн өмч гэдгийг эзэн хүн мартаж болохгүй. Тиймээс “Эзэн хичээвэл заяа хичээдэг”-ийн үлгэрээр бүх зүйлийг төр засагт даатгах биш мал бүхий иргэд болоод малчид өвлийн бэлтгэл хангах ажилд идэвх санаачлагатай хандах нь зүй ёсны хэрэг билээ. Монголчууд “бичин жилийн зуд”, “бичин жилийн өвөл хүнд” гэж ярьдагийг мартаж болохгүй. Иймээс дороо нэгийг бодож, дотроо нэгийг тунгаах мэргэн ухаан удамт монгол малчдад маань бий биз.

Малчид маань отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа тарга хүч авахуулан тарга хүч муутай болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг нэмэгдэл тэжээлд оруулах, зах зээлд борлуулах арга илүүдэхгүй. Малчин  бүр өөрсдийн өвөлжөө,  хаваржааны  засвар  үйлчилгээг чанартай хийж, хашаа хорооныхоо хөрзөнг ховхлон  ариутгал  халдваргүйжүүлэлт  хийлгэж, өтөг  бууцыг  хүрэлцэхүйц   хэмжээгээр нөөцлөн  өвс, тэжээлийн  нөөцөө хангалттай бүрдүүлэх хэрэгтэй юм. Өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ базаан дулаан хувцас, түлээ нүүрс, хоол хүнсээ хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөхийг ч сайдын албан даалгаварт сануулжээ. Орон нутгийнхаа онцлог, өөрсдийн  боломжид  тулгуурлан мал тэжээж болохуйц халтар арвай, хомоол, хөмүүл, халгай, сүрэл, лай, төмс, хүнсний  ногооны  иш, навч  зэргийг  бэлтгэж  гар тэжээл болгон ашиглах арга бий гэдгийг ч дурдсан байна.

Энэхүү албан даал­гаврын хэрэгжилт болон Засгийн газрын 322 дугаар тогтоолын биелэлт, “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн яаж базаасан тайлангаа ирэх  аравдугаар сарын 25-ны дотор гаргах юм байна. Тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нэгдсэн журмаар хүлээн авч, олон нийтэд танилцуулах юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

3 цаг 57 мин
Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод б

3 цаг 57 мин
Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Наанаа намжсан улс төр цаанаа гадаах халуун шиг л байгаа бололтой. Үндсэн хуулийн 39. 3-т “…Монгол Улс

3 цаг 57 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

2025-06-20
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

2025-06-20
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

2025-06-20
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19