Чоно голын хорооны үе үеийн хилчид дурсамжаа ярьж, туршлагаа хуваалцлаа

2016-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Хилийн манаанд мордохдоо

Хийморь сэргэдэг дайчидтай

Хүний нутгийн зүгээс

Хүйтэн санаатныг нэвтрүүлээгүй

Чоно голын хилийн хороо

Цогтой хилчдийн замналтай

Чоно голын хилийн хороо

Цохилох зүрхний бахдалтай” гэсэн цоглог дуу эх орны зүүн өмнөд хилээс хангинаж байна.  Энэ бол Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, Хилийн цэргийн 0146 дугаар анги буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь  хурандаа П.Мөнхбаатар захирагчтай   Чоно голын 20 дугаар отряд түүхт   80 жилийн ойгоо саяхан  тэмдэглэн өнгөрүүлсэн дурсгалт өдрүүдийн хэмнэл байлаа.

Одонт хилийн хорооны 80 жилийн ойгоороо хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг, түүхэн дурсгалт ажил нь дайны талбараас төрсөн баатруудынхаа дурсгалын хөшөөт цогцолборыг байгуулжээ.

 

Эх орны торгон хил, цэрэг эрсийн болоод  хурдан морины  хийморь оршсон энэ нутагт   долдугаар сарын сүүлчээс энэ сарын 1-2-ныг  хүртэл   тэнд алба хаасан үе үеийн хилчин  дайчид, энгийн ажилчид, хил хамгаалах үйлсэд гар бие оролцож ирсэн иргэд, зочин гийчдийн хөл дарагдаж, ангийн ой гэхэд баяр наадмын хэмжээнд өргөн болсон юм. Ангийн захирагч хурандаа П.Мөнхбаатар энэ түүхэн үйл явдлыг  “Чоно голын хорооны үе үеийн  хилчин дайчид дурсамжаа ярьж, туршлагаа хуваалцлаа” хэмээн онцолж байв.  

Хилийн 20 дугаар  хороо байгуулагдсан түүхийг сөхвөл,  Монгол Улсын Засгийн газрын эрхлэх товчооны 1932 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Дотоодыг хамгаалах газрын даргын Дорнод аймгийн Чоногол сумын Эрдэнэцагаанд отряд  байгуулах  1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 03 тоот тушаал гарч байжээ. Чоно голын хилийн отряд  олон баатрыг төрүүлсэн домогт хороо. Эндээс БНМАУ-ын баатар С.Төмөрбаатар, Ж.Нэхийт, Х.Дамба, Л.Даваадорж тэргүүтэй  баатрууд, 1939 оны дайнд оролцсон ахмад дайчин хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,  эх орончид, хүндэт чекистүүд олноор  төрж гарсан байдаг. Харин энхийн цагт тус отрядад алба хааж байсан хүмүүсээс Ж.Ишдорж, Я.Пүрэвдорж, С.Гүржав, Д.Ганбаатар, Д.Батжаргал нарын генералууд төржээ. 

Өдгөө тус хороо улсын тусгай хамгаалалттай Дорнод Монголын дархан цаазат газрын  хилийн бүсийг хамгаалдаг. Бүс нутаг цагаан зээрийн орон гэгддэг ч тарвага, буга нутагшуулсан ажилсаг ард түмний нутаг. Чоноголын гянтболдын  уурхайн туурь,   Тамсагбулаг дахь  эртний түүх, соёлын болон цэрэг, дайны дурсгалт газар, Монгол Улсын баатар Даваажавын бунхан зэрэг түүхт газар   энэ нутагт оршдог. Хэрмэн зам, Гүнжийн зам гэхчлэн нэрлэдэг Чингисийн далан энд бий. Халтарын говийн балгас, Далай булагийн рашаан, Сангийн далай гээд үзэсгэлэнт газруудтай.

Хилийн хорооны нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн тавдугаар сард шинэ цэргүүдээ хүлээн авахаас эхлээд, ангийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хилчин баатруудынхаа хүндэтгэлийн хөшөөт цогцолборыг байгуулах, жагсаалын талбайгаа томсгон шинэчлэх, аль ч  ангийн хувьд нүүр царай нь болж байдаг  “Дайчин алдарын танхим”-аа засч  тохижуулах, цэргийн гал тогоог 300 хүн хүлээж авах хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий болгож зохион байгуулах  гээд олон ажил ундарсан нь мэдрэгдэж байлаа. Бас нэлээд эртнээс бэлтгэж, зохион байгуулалт сайтай нэг баг болж ажилласан болов уу. Жагсаалын цэргээс эхлээд офицер ахлагч, ангийн удирдлага, ар талын албаныхан нэг сэтгэлээр хандсан нь жижигхэн зүйлээс ч анзаарагдаж байгааг очсон хүн болгон нэг дуугаар хэлж байв. Мөн ангийн удирдлагууд бүгд залуу хүмүүс байгаа нь аливааг өөр өнцгөөс харж, өөрөөр бодож  сэтгэж, хийж хэрэгжүүлж байгааг хамт олон нь бахдаж байсан юм. Сэтгэл шингэсэн ийм өөрчлөлт, шинэчлэлийн дүнд өнөөдөр   Чоно голын хилийн хороо шинээр байгуулагдсан анги гэж эндүүрэхээр харагдаж байна. Тэгвэл огт өөр орчин, цоо шинэ дүр төрх угтаж авсан. 0146 дугаар ангийн өчигдөр, өнөөдрийн тухай  1990-ээд оны зах зээл, эдийн засгийн хүнд үед ангийн захирагчаар томилогдон ажиллаж байсан хурандаа Ц.Чулуунхүү дурсахдаа “Хилийн цэрэг залуу халаагаар өргөжжээ. Юуны өмнө дүү нартаа баярлалаа гэж хэлнэ. Хороог удирдаж байгаа залуус үнэхээр юм хийж, хамт олноо удирдаж хөдөлгөж чадаж байна. Энд ирээд би хороогоо таниагүй.  Танигдахгүй болсон байна. Энэ өөрчлөлт, шинэчлэлт, бүтээн байгуулалтад талархаж байна” хэмээн онцолсон. 1970-онд тус ангид  мөрч нохой сургагчаар ирснээс  хойш  32 жил алба хаагаад гавьяаны амралтаа авсан бэлтгэл хошууч Г.Дэмбээхүү манай анги 80 жилийн ойгоороо олон шинэ бүтээн байгуулалт хийж, үе үеийн хилчид, түүхэн гавьяатай хүмүүсээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Хороо маань өнөөдрийг хүртэл түүхэн хугацаанд мянга гаруй хил зөрчигийг илрүүлж, цаг агаарын хүнд үед 10 гаруй мянган толгой мал хилээр гарах гэж байсныг  тогтоож, Хилийн цэргийн хэмжээнд дөрвөн удаа тэргүүний ангиар шалгарч, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан түүхт хороо. Энэ бүхэн үе үеийн ангийн захирагч, гар нийлсэн хамт олон, офицер, ахлагч, цэрэг дайчид, ажилчдын зүтгэл юм. Ойн үеэр ахмад, залуу, дунд үеийн хилчид уулзсан нь хамгийн сайхан мөч байлаа” хэмээн тэмдэглэсэн. 

Харин 1978 онд  Өвөрхангай аймгаас Чоно голын хилийн хороонд гурван жилийн хугацаат цэргийн алба хаахаар ирж, тэндээсээ ЗХУ-ын Москва хотноо Хилийн цэргийн дээд сургуульд  суралцаж  1986 онд төгсч ирээд төрөлх ангидаа галын бэлтгэл хариуцсан офицер, заставын улс төрийн орлогч, заставын даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан бэлтгэл дэд хурандаа С.Дашдэмбэрэл “Би хэдхэн жилийн өмнө эндээс тэтгэвэртээ гарч төрсөн нутаг Өвөрхангай аймгийг зорьсон. Эргээд ирэхэд танигдахын аргагүй өөрчлөгджээ. Байлдагчаас дэд хурандаа хүртэл ажиллаж, амьдарсан төрөлх хилийн хороо минь хөгжиж, дэвжиж байгааг харах сайхан байна” гэж дурслаа.

Одонт хорооны  ойн  баярын үеэр 50 гаруй хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болон ХХЕГ-ын даргын болон хорооны захирагчийн тушаал, хамтран ажилладаг  байгууллагууд, аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын нэрэмжит шагналаар  шагнуулж, гурван насны хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, урлаг соёлын тоглолт  зохион байгуулсан юм. Нэг зорилго, сэтгэл өвөрлөж яваа Одонт хорооны хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр  амжилт хүсье. Хилийн тэнгэр цэлмэг байг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 2 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 35 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 55 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 0 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 0 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 0 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин