С.Отгонцагаан: Д.Дуламжав 3068 хүний 27.3 сая төгрөгийг 15 сар олголгүй иргэдийг хохироосон

2016-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д. Дуламжав  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэлтээр олгогдох ёстой мөнгийг олгоогүй зөрчил илэрчээ. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбооны  Хөвсгөл аймаг дахь салбарын тэргүүн С.Отгонцагаантай энэ талаар ярилцлаа.

- Энэ зөрчлийг та яаж мэдсэн вэ?

- Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2015 оны хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж олголтод ноцтой зөрчил гарсан. Үүнийг аймгийн санхүүгийн хяналт, Аудитын албанаас шалгаж илрүүлсэн. Ер нь манай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөх асуудал гарсаар байгаа. 2015 оны Засгийн газрын 53 дугаар тогтоолоор тэтгэвэр, тэтгэмж 10 хувиар нэмэгдсэн.  Өөрөөр хэлбэл  2015 оны хоёрдугаар сарын 1-нээс сард  115 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авч байсан иргэнд 11.500 төгрөг нэмэгдэж 126500 төгрөг олгохоор болсон. Түүнчлэн эм тарианы нөхцөлт мөнгөн тэтгэмж 52800 төгрөг байсныг 5.200 төгрөгөөр нэмэгдүүлж 58000 төгрөг болгосон. Гэтэл энэ нэмэгдэл 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  олгогдоогүй байсныг олж мэдсэн. Манай байгууллага 2015 оны дөрвөн сараас эхлэн хөдөө орон нутгаар явж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзсан. Гэтэл  Алаг-Эрдэнэ, Хатгал, Түнэл, Чандмань-Өндөр  сумын  иргэд нэмэгдлээ нэг ч удаа аваагүй бай­сан. Би тэр даруйд нь баримтжуулж нийтлэг ноцтой зөрчил байна гэж үзээд  Аймгийн санхүүгийн хяналт, Аудитын албанд хандаж шалгалт оруулах хү­сэлтээ энэ оны гурав­дугаар  сард гаргасан юм. Шалгалтын дүн зурга­дугаар сарын 6-ны өдөр гарсан. Шалгалтаар нэмэгдэл  аймгийн бүх сумдад олгогдоогүй болох нь тогтоогдсон.

- Нийт хичнээн төгрөг олгогдоогүй байсан бэ?

- Мөрөн сумаас бусад бүх сумдын нийтдээ 3068 иргэний 27 сая 350 мянган төгрөг олгогдоогүй байсан. Мөн дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, хагас бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж  энэ оны тавдугаар сарын байдлаар бас л  олгогдоогүй байсан. Яагаад олгогдоогүй байгааг шалгаж өгөөч гэсэн Аудитын газар зургадугаар сарын 20-нд хандсан. Одоогоор хариу нь гараагүй байна.

-Яагаад ийм зөрчил гарах болов?

-Аймгуудын нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарыг дээрээс яамны сайд нь томилдог. Томилогдож очсон  хүмүүс нь хэн нэгэн сайдын хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл ажлаа мэддэггүй, бүртгэл тооцоо, санхүүгийн мэдлэггүй хүн тус байгууллагыг удирдсанаас болж ийм алдаа завхрал гарч байна.  Нөгөө талаар ашиг сонирхлын зөрчилтэй учраас бусад төсөл хөтөлбөрүүдэд дээр ч ийм  зөрчлүүд гардаг. 2012 онд Хөвсгөл аймгийн НХҮХ-ийн даргаар Д.Дуламжав гэдэг  хүн  томилогдсон. Энэ хүн ажил авсан өдрөөс эхлээд энэ салбарт бэлтгэгдсэн  туршлагтай, мэдлэгтэй 50 гаруй хүнийг ажлаас нь халсан. Тэгээд өөрийнхөө багийг бүрдүүлэхдээ  ажлаа мэддэггүй, дадлага турш­лагагүй хүмүүс  ажиллууснаас ийм зөрчил гарсан. Мөн төсвөөс нэмэгдэл авах хүмүүсийн нэрсээр мөнгө нь шууд орж ирдэг. Ийм байхад яаж дундаас нь энэ мөнгийг сугалж авч үлдсэн бэ гэдэг нь сонирхол татаад байгаа юм. Би энэ зөрчлийг илрүүлж аймгийн Төрийн сангийн  дарга Сувдтай  уулзсан. Тэгэхэд Сувд дарга яагаад ч ийм боломж байхгүй. Оны эцсээр Халамжийн газар  өглөг авлага байхгүй гээд төрийн санд 115 сая төгрөг татуулсан гэж мэдээлсэн. Миний олж мэдсэнээр төсөвт мөнгө татуулсны шагнал гэж авдаг  тухай сонссон. Гэтэл оны эцсээр /2013, 2014 онд/ Халамжийн газар ажилчидаа цалингийн 50-80 хувиар шагнасан тухай мэдээлэл орон нутгийн телевизээр тухайн үед цацагдсан. Тухайлбал, Алаг-Эрдэнэ сумын бай­цаагч Дэлгэрмаа, Рашаант сумын байцаагч нар  цалингийн 100 хувиар шагнагдаж байсныг санаж байна. Ийм маягаар төсвийн мөнгөөр өөрсдийгөө шагнадаг юм болов уу. Нөгөө талаар программын шинэчлэл, алдаанаас болсон гэсэн тайлбар өгч байгаа юм. Аудитын газраас Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс олгогдоогүй тэтгэвэр, тэтгэмжийн судалгааг гаргаж ирүүлэх талаар шал­галтын явцад үүрэг чиг­лэл өгсөн боловч халамжийн сангийн XVM программ WAIS программ болон өөрчлөгдсөнөөс шалтгаалан хүн нэг бүрээр түүвэрлэн гаргах, шалгах зэргээс удааширч байна гэсээр тавдугаар сарын 23-нд гаргаж ирүүлсэн. Уг мэдээлэл нь сумдад хийсэн шалгалтын мэдээ­лэлтэй зөрүүтэй байсан. Программын шинэчлэл эднийд энэ оны 5,6 сард хийгдсэн. 53 дугаар тогтоолоор олгох мөнгө 2015 оны хоёрдугаар сараас орох ёстой байсан. Тэгэхээр энэ онд хийгдсэн  программын шинэчлэл 2015 онд хийгдсэн нэмэгдэлтэй огт хамаагүй. Өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг нуух гэж ийм тайлбар хийж байна.

-Төсөв захирагч болон мэргэжилтнүүдэд нь хариуцлага тооцсон уу?

-Одоо болтол ха­риуц­­лага тооцоогүй. Хөгжлийн бэрхшээлтэй ир­­гэдийн тэтгэмжийн нэ­мэг­­дэл болох 27 сая төгрөгийг 15 сар буюу жил гаруй хугацаа өнгөрч байхад  өгөхгүй хааш нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Нөхөж өгөхөөр болсон хэдий ч энэ мөнгийг хаанаас гаргасан нь сонирхолтой.  Нийгмийн Хамгаалалын Яам, Нийгэм Халамжийн Ерөнхий газраас Халамж үйлчилгээний хэлтэст шалгалт  хийсэн гэдэг. Энэ асуудлаар асууж тодруулах уулзах гээд очихоор  Хатгал далай явсан байхгүй, буцсан гээд уулзуулдаггүй. Шалгалтаар энэ зөрчил илэрдэггүй, гаргаж тавьдаггүй зэрэг нь  бас л ашиг сонирхлын зөрчилтэй. Хэрэв энэ зөрчлийг илэрүүлээгүй байсан бол иргэд хохироод үлдэх байлаа. Нөгөө талаар одоо нөхөж олгож байгаа мөнгийг хаанаас яаж тавьсан бэ гэдэгт холбогдох байгууллага нь шалгаж хариуцлагаа тооцох үлдээд байна. 2016 оны төсвөөс олгож болохгүй л байх. Одоо НХХЯ-ны сайдын ажлыг аваад байгаа Н.Номтойбаяр хөдөө орон нутгийн салбарт анхаарал хандуулсай.  Д.Дуламжав шиг хүн төрийн албанд тохирохгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Өвчтэй зовлонтой, эм тариагаар хооллож явдаг бидэнд 5800 төгрөг нэг эмний  мөнгө. Над шиг олон хүн ингэж хохирч болохгүй биз дээ. Нөгөө талаар төрийн албаны хуульд төрийн албан хаагчдыг халахгүй, солихгүй гэсэн заалт бий. Хэдийгээр энэ нь зөв ч энэ мэтийн төрийн мөнгийг шамшигдуулж завшдаг хүмүүс энэ заалтыг ашиглаж  шургалж үлдэж таарахгүй.

- Аймгийн Нийгмийн ха­ламж үйлчилгээний хэлтсийн удирдлага ашиг сонирхлын зөрчилтэй. Тө­сөл хөтөлбөрүүдэд ч зөрчлүүд гардаг гэлээ. Үүнийгээ тодруулаач?

-Халамжийн бодлогыг хэрэг­жүүлэхэд зарим чиг үүргийг ТББ -аар гүй­цэт­гүүлнэ гэсэн жу­рамтай. Д.Дуламжав 2012 онд аймгийн Халамж үйл­чилгээний хэлтсийн дарга болохоос өмнө хувьдаа “Ит­гэлийн бяцхан илч” гэсэн ТББ-тай  бай­сан. Төрийн албанд орохдоо өөрийн нөхөр Бат­­дэлгэрийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл 2013 оны төсвийн шилэн дансны тайлан дээр “Ит­гэлийн бяцхан илч” ТББ-даа амьдралын доо­гуур төвшинтэй иргэдэд хийсэн төслийн сургалтын мөнгө гээд гэрээнийн дагуу  шил­жүүлсэн байсан. Төрийн албаны хуулиар бол ашиг сонирхлын дагуу хэн нэгэн хамаатан садан, ах дүү, нөхөр, эхнэр  төрөл садангаа ямар нэг төсөл хөтөлбөр, тендерт оролцуулахыг хориглосон байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

4 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

4 цаг 39 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

23 цаг 7 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12