Ц.Батдорж: Хууль бус тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хохироож эхэллээ

2016-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон группээс хасах, хувь хэмжээг бууруулах заалттай Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хоёрын хамтарсан тушаал хэрэгжиж эхэлсэн талаар манай сонинд нэгэн иргэн хандлаа. Энэ тушаалаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа хэмээн тэрээр ярьсан. Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооны бага хурлын гишүүн, Тахир дутуу иргэдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, “Элгэн сэтгэл” компанийн захирал Ц.Батдоржтой ярилцлаа.

-Та өөрийгөө Тахир дутуу иргэдийн нийгэмлэгийг анх үүсгэн байгуулалцсан гэлээ. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Би Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат. 1980 онд сурагч байхдаа барилдаж сахилгагүйтэж яваад баруун гараа хугалж тайруулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралаар 36 жил амьдарч явна. Хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан учир 90 хувийн группэд байдаг. Нутагтаа аравдугаар ангиа 1986 онд төгсөөд Улаанбаатар хотод ирээд оюутан болсон. Тэр үеэс өөрийнхөө ижил тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуустай нэгдэж өөсрдийнхөө эрх ашгийг хамгаалах байгууллага хайж эхэлсэн. Тэр үед “Сэтгэлийн тэнхээ” киногоороо олонд танигдсан МУИС-ын философийн ангийн оюутан Баярмагнай, бас Баатарчулуун нарын нөхөдтэй хамтраад энэ тухай судалж эхэлсэн. Харамсалтай нь тухайн үед гар, хөлгүй болсон тахир дутуу иргэдийн дуу хоолойг сонсдог байгууллага олдоогүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй найзуудтайгаа нийлээд гадаадын оронд ийм иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн яаж хамгаалдаг, сурч ажиллах орчныг яаж бүрдүүлдэг тухай олж мэдэхээр орчуулагч хайж эхэлсэн юм. Тэр үед Монголын зохиолчдын эвлэлд сайн орчуулагч залуу байгаа гэсэн сурагаар яваад очтол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байсан. Түүнд бид саналаа хэлэхэд нааштай хүлээж авч мэдээллээр хангасан. Бас Улс төрийн товчооныхонтой уулзаж ярилц гэж бидэнд зөвлөсөн. Улс төрийн товчоо ч бидний саналыг хүлээж аваад Тахир дутуу иргэдийн нийгэмлэг байгуулах тушаал гаргаж, Сүхбаатарын раойнд ажлын өрөө гаргаж өгч байлаа. Тэр үеэс бидний эрх ашгийг хамгаалах хууль ёсны байгууллага үүссэн. Удалгүй Улс төрийн товчоо огцорч, ардчилсан Засгийн газар байгуулагдаад тахир дутуу иргэдийг хамгаалах хууль эрхзүйн орчин ч баталгаажсан. Бид ч тухайн үед оюутан байсан болохоор сургуулиа төгсөөд өөр өөрсдийн мөрөө хөөгөөд явсан.

Тахир дутуу иргэдийн нийгэмлэгийг анх санаачлан байгуулалцаж явсан болохоор иргэд эрх ашиг нь хөндөгдөхөөр надад хандах тохиолдол олон. Энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг хөндсөн маш том асуудал үүсээд байна.

-Ямар асуудал вэ?

-Хөгжлийн бэрх­шээлтэй иргэд хөдөл­мөрийн чадвараа алд­саныг баталсан эмнэлэг хөдөл­мөрийн магадлах ко­миссын шийдвэр тог­тоол байдаг. Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалтай 400 орчим төрлийн өвчний оношын жагсаалт байгаа юм. Энэ дотроо хувь, хугацааг тогтоосон заалтууд байдаг. Гэтэл дээрх салбарын хоёр сайд өнгөрсөн зургадугаар сарын 24-нд группээс зарим өвчний заалтыг хасч, хувь хэмжээ, хугацааг бууруулсан шинэ тушаал гаргасан байна. Уг тушаал нь өнгөрсөн сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд аймаг, дүүргүүдэд группээ сунгуулахаар очсон иргэд хасагдаж, хувь хэмжээ нь багасч эхэлсэн. Хасагдсан заалтууд дунд хүнд өвчтөн, хөдөлмөрлөх чадваргүй хүмүүс өртөж байгаа нь харамсалтай байна. Тухайлбал, нэг нүд нь хараагүй, харааны бэрхшээлтэй иргэд маш олноор тэтгэмжээс хасагдаж байна. Бидний санал, оролцоогүйгээр яагаад ингээд шийдчихэв гээд судлаад үзтэл хүчингүй тушаалыг улс даяар хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хол­бог­дох ажилтан “Ту­шаал хэрэгжиж эхлээгүй. Ту­шаал шийдвэрийг Хууль­зүйн яаманд бүртгүүлсний дараа хэрэгжих ёстой. Одоогоор Хуульзүйн яаманд бүртгүүлээгүй байна” гэсэн.

-Хэчнээн хүн хасагдаж байгаа талаар танд мэдээлэл байна уу?

-Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд авч үзье. Монгол Улсын хэмжээнд 13000 харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Хоёр сайдын шинэ тушаалаар бол бараг тэдгээр иргэд бүгд хасагдах шинжтэй. Нэг нүдгүй, эрүүл нүд нь ч хараа муу хүмүүсийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын тушаалаар  гээд хасаад эхэлчихсэн. Угаас энгийн иргэний адилаар хөдөлмөрлөх чадваргүй болсон нь харваас илт байхад тэтгэмжээс нь хасч байгаа нь тэдний ар амьдрал, нийгмийн асуудлыг шууд дордуулсан хэрэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар амьдрал, нийгмийн асуудал маш хүнд байдаг. Гэтэл эмчилгээнийх нь зардлыг шууд хасч байгаа нь тэдэнд улам хүндээр тусч байна. Бас харааны бэрхшээлтэй оюутан залуус олон байдаг. Тэдний хувьд ч сурч боловсрох нөхцөлд нь хүндээр тусахаар нөхцөл байдал үүсээд байна.

-Та энэ асуудлаар холбогдох албаныханд хандсан уу?

-Хандаад явж байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хууль бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх ашгийг зөрчсөн, дордуулсан хэн бүхнээс хариуцлага нэхэх эрх  энэ хуулиар баталгаажиж өгсөн. Тийм болохоор шүүхэд хандаж эрхээ хамгаалуулна. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн их хурлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 2 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 35 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 55 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 0 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 0 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 0 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин