
Д.ОЮУНЧИМЭГ
“Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг юм. Хэрэв хүн хичээнгүйлэн хөдөлмөрлөвөл амьдралын сайн сайхныг мэдрэх болно шүү хүүхдүүд ээ” хэмээн даруухнаар сургамжлах эмэгтэйг Ж.Даваажав гэдэг. Тэрээр багш мэргэжилтэй. Өдгөө ач, зээгээ тойруулан жаргаж суугаа буянтан юм. Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа энэ эгэлгүй эмэгтэйг урилаа.
ГАНГАН ААВЫН ДЭГЖИН ОХИН
Нийтлэлийн гол баатар эмэгтэй маань 70 гарч яваа гэхэд шоволзтол алхах нь түүнийг залуудаа хээнцэр, дэгжин байсныг илтгэнэ. Хөвсгөл аймгийн Тариалан суманд Жамъяансүрэн гэх айлын ганц охин болж Даваажав мэндэлжээ. Тэрээр нэг ахтай. Түүний аав уртын дуу гайхамшигтай дуулдаг, нутаг усандаа ганган Ханжий, дуучин Ханжий нэртэй байсан гэдэг. “Аав минь лимбэ хийдэг, зураг зурдаг, маш гоё сийлбэр хийдэг байсан хэмээн ээж минь хэлдэг байлаа” хэмээн санаа алдана. Учир нь түүнийг өлгийтэй байх үед, ахыг нь дөрвөн настай байхад аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жамъяансүрэн гуай охин, хүү хоёртоо хорол, шатар хийж үлдээсэн байна. Харин түүний ээж өндөр туранхай, үг дуу цөөтэй ч, яралзтал сайхан инээдэг хүн байсан аж. “Ээж минь ах бид хоёрт зөв сэтгэлтэй, хөдөлмөрч байхыг сургасан юм. Тиймдээ ч бид хоёр хоорондоо муу үг хэлж үзээгүй юмдаг” гэв. Ер нь амьдралд юу эс тохиолдох вэ. Гэхдээ зөв сэтгэлтэй бол муу бүхэн тойроод өнгөрдөг юм хэмээн хойч үедээ сургадаг аж. Хүний амьдралын хамгийн жаргалтай үе нь ээж, аавтайгаа өнгөрүүлсэн тэр мөчүүд байдаг бололтой хэмээн Ж.Даваажав хэллээ. Сургуулийн нас болоогүй ч ахыгаа сургуульд орох жил эрдмийн их аянд мордож. Тэрээр багш мэргэжилтэй, 55, 66, 11 дүгээр цэцэрлэгт багшилж байснаас гадна нийслэлийн 76 дугаар дунд сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байжээ. Олон сайхан шавь нараараа бахархдаг Ж.Даваажав багш өдгөө ч шавь нартайгаа холбоотой байдаг аж.
БАГШ БОЛСОН НЬ
Ахыгаа дагаж сургуульд орсон бяцхан охин багаасаа л багш болох хүсэл мөрөөдөлтэй байснаа дурсав. Тээр жил Хөвсгөл аймгийн бүтэн өнчин 23 хүүхдийг нэг дор байрлуулсан байна. Тэдгээр хүүхдүүдийн дөрвөн улирлын хувцсыг Отгонпагма багшийн удирдлага дор Ж.Даваажав оёдог байжээ. Ээжийнхээ оёдлын машинаар тэр хүүхдүүдэд хувцас оёж байх үедээ бусдыг хайрлаж өрөвдөх, бусдад туслах энэрэнгүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй болсон болов уу даа хэмээн тэрээр дурсана. “Ээж минь нутаг усандаа уран гэж гайхагдан хүндлэгдсэн хүн байсан. Өөдөс даавуу зүйж гэрийн дотуур хөшиг хийдэг байсан учраас хөдөлмөр үйлдвэр сургалтын багш хийхэд надад бэрхшээл тулгарч байсангүй” гэв. Түүний энэхүү уран авъяас ээжээс нь өвөлсөн хэмээж байв.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын 10 жилийн сургуулийн захирал Нанзад хүүхдүүдийн зуны амралтаар сумын хөдөлмөрчдийг “Бичигтэн болгох” ажилд Ж.Даваажавыг хоёр сар дайчилсан нь багш болох мөрөөдлийг нь биелүүлсэн аж. Тэр үед Гэгээрлийн яамнаас “Соёл түгээгч багш” гэсэн цол тэмдэг, 450 төгрөгөөр шагнуулсан түүхтэй. 1978 онд хөдөлмөрийн багш нарын түргэвчилсэн анги төгсөөд 19 дүгээр сургуульд өдөр өнжүүлэх бүлгийн багшаар ажилласан байна. Ийнхүү түүний багшийн ажлын гараа эхэлжээ.
ДУРСГАЛЫН ДЭВТЭР
10 жилийн ангийн хамт олонтойгоо. 2013 он.
Бага байхаасаа урлаг спортоор хичээллэж, бүжиглэж, цанаар гулгаж, уран гимнастикаар хичээллэдэг байсан түүнд шагналын хур тасарсангүй. Ж.Даваажав зургадугаар ангид байхдаа Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадам, аймгийн соёл урлагийн 10 хоногт оролцон “Цаатан бүжиг”-ээр сумандаа анхны “Алтан медаль” авчирчээ. Сургуулийн хүндэт самбарт “Авъяаслаг охин”, “Уран гартан”, “Бүжгийн аварга” хэмээн өргөмжлөгдөж байснаа дурсан ярилаа. Мөн сум сангийн аж ахуйн тэргүүний уран сайханч гээд сумын хүндэт самбарт ч түүний гэрэл зураг тавигдаж байж. Бусдад тусч, элгэмсэг зан түүнийг хамт олны дунд нэр хүндтэй, хүндлэгдэж явдаг хүмүүсийн нэг болгосон байна. Түүний одоог хүртэл нандигнан хадгалсан дурсгалын дэвтэр дэх сайн сайхныг хүсч, хүндэлж буйгаа илэрхийлсэн сэтгэгдэл, сэтгэлийн үгсээс харж болно.
“СУРАГЧ” БАГШ
1993 он шавь Ачитын хамт.
Одоогоос 60 орчим жилийн өмнө аймгийн гэгээрлийн хэлтсээс сургуульд шалгалт хийжээ. Шалгалтын комиссынхон хичээлийн завсарлагаанаар гадаа тоглож байсан хүүхдүүдээс “Багшаа дуудаад ир. Завсарлагаанаар хүүхдүүдтэй хамт байдаггүй яадаг хүн бэ” гэж. Харин хүүхдүүдийн дундаас нэг жижигхэн охин “Би багш нь байна” гэхэд нь шалгалтынхан “Битгий том хүнээр дамшиглаад байгаарай” гэж зандарсан байдаг. Сурагчдаасаа ялгарахааргүй шавилхан биетэй охин 15 насандаа багш болсон нь тэр. Ахлах ангийн томоохон биетэй хүүхдээс ялгарахааргүй байснаа тэрээр эргэн дурслаа. Өдөр нь хичээл зааж, үдээс хойш хүүхдүүдтэйгээ ядартлаа тоглочихоод, орой нь хөлсөө гоожуулсан хүн харьдаг байжээ.
ХАТУУГ СӨРӨХ СЭТГЭЛИЙН ТЭВЧЭЭР
Амьдралд хэцүү хатуу, сайн сайхан нь бишгүй л таарна. Гэвч аливаа зүйлд хэм хэмжээ гэж бий. Ж.Даваажав багшийн амьдрал дандаа дардан замаар явсангүй. Тэрээр дөрвөн хүү, ганц охинтой. “Даваажав багш нь яахав дээ, хүний үздэг амьдралыг элээлээ. Миний таван хүүхэд насны тулгуур минь юм шүү дээ” гэв. Би ч хар залуугаараа олон бэрхшээлийг туулж, шаналж, зовж явсан ч сургууль, шавь хоёроо хэзээ ч орхиж байсангүй ээ хэмээн нүдэнд нь нулимс хурж байв. Гэхдээ хүн хүнд бэрхийг ажралгүй давдаг сэтгэлийн тэнхээтэй байх учиртай. Тэр хугацааг даван туулах хүчийг хамт олон, бяцхан үрс нь өгч байсныг Ж.Даваажав багш дурсав. “Би ч энэ амьдралдаа их юм үзсэн. Намайг хүлээн зөвшөөрдөггүй хадам ахын балгаар ажлаасаа халагдаж явсан түүх бий. Хүүхдүүдээ тэжээхийн тулд юм оёж зардаг байлаа. Хамгийн сонирхолтой нь хүүхдүүдийн маань эцгийн төрсөн аав нь надад зарж өгдөг байсан юм шүү дээ. Хадам талаас түүний төрсөн бас хойд аав нь л намайг ойлгож, элэгтэй ханддаг байж билээ” хэмээн сүүрс алдав. Хүн сэтгэлийн тэнхээтэй байлаа ч хэмжээндээ тулахаар тэсэрдэг гэдэг шиг сэтгэлийн хүнд дарамт, тогтворгүй байдлаасаа болж барилгаас унаж бэртсэн гэдэг. Өвдсөн зовсон үед хүний хань байна хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэн харуулдсан нь ч түүний хань ирээгүй аж. “Сэтгэл өвддөг юм билээ. Сэтгэл гэмтдэг юм байна лээ. Энэ их хүнд, хэцүү мэдрэмж” гэснээ нүд дүүрэн нулимс цийлэлзүүлэн арайхийн тогтоож харагдана. Тиймээ сэтгэлийн мухарт гүн шигдсэн тэрхүү гомдлыг тайлахгүйгээр нимгэрч, сэтгэлээс гарна гэж үгүй. Амьдрал олон өнгөтэй. Үргэлж сайн сайхныг хүсдэг ч эрээн бараан амьдралын нугачааг даван туулах тэрхүү сорилтыг Ж.Даваажавт өгчээ. Шавилхан биетэй, сэргэлэн шар хүүхэн энэ амьдралын сорилтыг ажралгүй давсан нь түүний хүчийг илтгэнэ. Хэдийгээр амьдрал элдэв шалгуураар сорьж байсан ч таван хүүхдээ муу зуршилгүй хүний зэрэгтэй өсгөхийг зорьж, түүндээ хүрчээ. Түүнчлэн сурсан мэдсэн бүхнээ шавь нартаа сургаж, үлдээнэ гэж бодож явсан тэрээр хатуу чанд сахиж явсан хоёр зорилгодоо хүрчээ.
ТАВАН ЭРДЭНЭ
Хүү Энхбат болон ач нарын хамт. АНУ-д
Амьдрал түүнд хатуурхсан ч таван сайхан эрдэнэтэй болсондоо баярлаж явдаг аж. Дөрвөн хүүтэй болохоор гутлын хоншоор, өмдний салтаанууд нь байнга шахуу урагдчихна. Зах зээлийн нийгэмд шилжиж байсан үе таарч мөн ч бэрх байсансан хэмээн дурсахдаа нүд нь гэрэлтэн, инээмсэглэж суулаа. Нэг өдөр хүү нь “Ээжээ, би гуталтай болчлоо” гэсээр гүйгээд иржээ. “Хаанаас олсон юм бэ, хүү минь” гэхэд нь “Хог дээр бүтэн гутал байхаар нь уранхайгаа хаячихсан” гээд инээж зогсоо хүүгээ хараад сэтгэл минь өвдсөн ч амьдралын хатууг үзэж хатуужих нь хүүгийн минь хойшдын амьдралд хэрэгтэй хэмээн өөрийгөө тайтгаруулж байснаа ярилаа. Түүний том охин Алтанцэцэг ээжийгээ дууриасан уран бүсгүй бий. Мөн хүү Энх-Амгалан нь авъяаслаг зураач, барималч аж. Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээхэд гарын ураар оролцсонд нь хүүгээрээ бахархдагаа хэллээ. Бага хүү Энхбат нь дөрөвдүгээр ангид байхад ийм зүйл тохиолдсон нь тэдний амьдралыг өөрчилжээ. Сүлжмэлийн хоёрдугаар үйлдвэр ашиглалтад орох үеэр нам, төрийн удирдлагууд үйлдвэрт иржээ. Гэтэл Ж.Даваажавын бага хүү олон хүмүүсийн дундуур гүйгээд Ю.Цэдэнбал даргын дэргэд очин “Өвөө, Сайн байна уу” гээд хөлийг нь тэврээд авсан гэнэ. Удалгүй түүний бага хүү Ю.Цэдэнбал даргад захиа бичсэн байжээ. Ингээд хүүгийнхээ ачаар Бал даргын гарын үсэгтэй “Дугааргүйгээр байр авах эрхийн бичиг” авсан гэдэг. Одоо түүний бага хүү Энхбат АНУ-д компьютерийн чиглэлээр суралцаж буй бөгөөд удахгүй төгсөх аж.
Айл бүхэнд амьдралын тойрог эргэсээр буй. Хүний орчлонгийн жамаар хожим нь Ж.Даваажав багш хүүхдийн зохиолч, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, улаан бүчтэний удирдагч Чойлонгийн Лувсандэвдэвтэй ханилжээ. Ханийн халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амар амгалан амьдрал, амьдралын баяр баясал бүхнийг Лууяагаасаа авсан юм хэмээв. “Миний хань Лууяаг минь танихгүй хүн бараг л байхгүй дээ. Ханийн минь орчуулсан ном, бүтээл, туурвил нь дэлгүүрийн лангуун дээр тоосонд дарагдаж байгаагүй юм” гэлээ. Тэрээр “Миний хувьд хүүхдэд хамгийн ойр байж, тэдний хүсэл сонирхол, үзэл бодлыг илэрхийлж чаддаг чадалтай зохиолч гэж боддог. Хань минь хэзээний л улаан бүч зүүчихсэн инээж хөхрөн, хүүхэд багачуудтай хөтлөлцөн тойрон бүжиг хийдэгсэн” гэв. Ч.Лувсандэндэв “Хүүхдэд баяр баясгалан өгч байвал, жаргал” гэж ярьдаг байжээ. Ж.Даваажав багшийн хань Лууяа тавь гарсан хойноо ч хүүхдийнх шиг гэнэн цайлган сэтгэлтэй, ялихгүй зүйлд хөөрч баясан урам зориг нь бадардаг хүн байжээ. Амьдралын хатууг ганцаар туулж байх тэр үед нь түшиг болж ирсэн ханийнхаа тухай дурсамж бичин хэвлүүлж байжээ, Даваажав багш.
“Алаг эрээн хорвоогийн жамыг аялас хийгээд туулах нь хүмүүний тавилан юм шүү дээ” хэмээн инээмсэглэж суугаа гялалзуур, дэгжин хатагтайн амьдралын түүхийн нэгээхэн хэсгийг хүргэлээ. Монгол айл бүрийн өрх гэрийн тулган дахь галын дөл өөдөө байж, амьдрал нь аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.
1975 он.
1973 он.
Хүү Энх-Амгалан тавдугаар ангид байхдаа зурав.
Ээж Жигжидсүрэнгийн хамт.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин