
Р.ОЮУН
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Мухар хужиртын рашааны их эмч Х.Доржтой ярилцлаа.
-Рашааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Мухар хужиртын рашаан эрт дээр үеийнх. 1642 онд Халхын анхдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй гэдэг хүн хүй дарсан байдаг. Эндээс уг рашаан гарсан гэж ном зохиолд бичсэн байдаг. Рашаан хүйтэн атлаа халуун чанартай, уухад хөөрдөг. Уг рашааныг уухад шилэн хүзүү сэрвэгшинэ, гүйдэл гүйнэ, тархи толгой өвдөнө, нүдний болрын цагаан улайж, нүүр мэнэрдэг. Мөн хоолой ангинатаж өвддөг. Үүнээс гадна биеийн аль нэг хэсэгт туурна, артерын даралт ихэсдэг. Зарим хүний буйл хавдаж, шүд нь суларч, толгойн оройны хуйх хүртэл хөөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ рашааныг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, унадаг, саа саажилттай, сэтгэцийн архаг өвчтэй, ходоодны хүчил бага, элэг цөсний архагшил, үе мөчний хурц үрэвслийн үед ууж, хүйтэн боргионд цохиулдаг.
-Рашааныг хэдэн удаа ууж байж үр дүнгээ өгдөг вэ?
-Рашааныг дор хаяж гурван жил дараалан уух хэрэгтэй. Ер нь хүмүүс жил бүр рашаан уух ёстой. Яагаад гэвэл рашаан нь найрлагадаа Менделевийн үелэх системийн 108 элементийг бүрдүүлсэн. Энэ эрдсүүд бидний өдөр тутмын идэж, уудаг хоолоор хоногийн хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээгээр орж байх ёстой. Гэтэл энэ эрдсүүдийг тэр бүр хоол хүнснээсээ авч чадахгүй байна. Эдгээр эрдэс дутагдахаар эмгэг болдог. Энэ рашааныг ууснаар дотор эрхтэнээ цэвэрлэхээс гадна эрдсүүдээ нөхөж авч байна. Гаднаасаа боргионд цохиулсны үр дүнд рашааны ач холбогдол оршиж байгаа. Рашаан байгалийн эрдсүүдтэй тунгалаг ус юм.
Рашаан нь хүний амны хөндийгөөс анус хүртэл 10 гаруй метр замыг цэвэрлэдэг. Тиймээс дотроосоо рашаан ууж цэвэрлэж, гаднаасаа боргионд цохиулсны үр дүнд бие сайжирч байгааг ойлгох хэрэгтэй. Рашааныг дор хаяж 10, 14, 21 хоног уухад үр дүнгээ өгч байна. Эхний долоо хоногт биед байгаа хууч өвчин бүгд хөдөлдөг. Тэгэхээр манайхан өвчнөө хөдөлгөчихөөд яваад өгдөг. Рашааныг зургадугаар сарын 10-наас аравдугаар сарын 10 хүртэл уудаг. Хамгийн боломжийн үе нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 15 хүртэл байдаг. Яагаад гэвэл ургамлын шим шүүс газрынхаа судлаар дамжаад хүч чадал сайтай байдаг гэж үздэг. Рашаан 35 газраас гарсан байдаг. Сүүлийн үед рашааны маань ундарга эрс муудснаас 7-8 газраас л гарч байна.
-Боргионд цохиулснаар хүний биед ямар нөлөө үзүүлдэг юм бэ?
-Боргионд цохиулах их ач холбогдолтой. Энэ нь эмийн бус эмчилгээний нэг төрөл усанд цохиулах эмчилгээ юм. Хүйтэн боргио хүний арьс, арьсан доорх өөхөн эд, булчин, шөрмөс, судас, мэдрэлийн ширхэг, тархины эд эсүүдийг сэргээж, цочроодог. Өөрөөр хэлбэл, эрдэстэй тунгалаг ус ууж дотроо цэвэрлэж, гаднаас боргионд цохиулж эд эсээ цочроож сэргээсний үр дүнд бие сайжирч байгаа юм. Боргионд 7-10 хоног суухад болно.
-Рашаан хүйтэн атлаа халуун чанартай гэж байна. Тэгэхээр ямар хоол, унд идэж уух вэ. Хориглох зүйл бий юү?
-Рашаан уусан өдөр тухайн хүнээс найман цагийн хөдөлмөр хийсэнтэй тэнцүү хүч энерги алдагддаг. Энэ алдсан энергийг нойр, хоолоор нөхдөг. Рашаан ууснаар хоолонд дургүй байсан бол хоолонд ордог. Рашаан уусан хүн шинэ хонины мах иддэг уламжлалтай. Хонины маханд их хэмжээний эрдэс, аминдэмүүд байдаг. Ялангуяа, хууччууд бие муудлаа гэхэд хонь гаргаж шөлийг нь уулгадаг. Мөн хоногт найман цаг унтаж, шинэ хонины махаар өдөрт хоёр удаа хоол хийж идэх хэрэгтэй. Ингэснээр алдагдсан энергиэ нөхөж авч чадна. Заавал гам хийх ёстой. Гам хийхгүй бол бүү рашаан уу гэж олон номонд бичсэн байдаг. Рашаан ууж байгаа үед айраг, архи уух, чийгтэй газар удаан суух, бороонд норох, биеийн хүчний хүнд хөдөлмөр хийхгүй байх, мөн өдөр унтахыг хатуу хориглодог. Яагаад гэвэл хөөрүү, халуун чанарын, үдийн халуунаар энэ гурвын тохироо бүрдэхээр солиордог юм.
-Хүмүүс рашаан уухаасаа өмнө таниар судсаа бариулж байгаа харагдах юм. Та судсыг нь барьж үзээд хэд хоног рашаан уухыг нь хэлж, зөвлөгөө өгдөг үү. Бага насны хүүхдүүд ч их байна?
-Анх ирсэн хүмүүс над дээр ирэхэд оношийг нь тогтоогоод, төдөн аягаар эхэлж ууна, тэдэн минут боргионд сууна гэдгийг нь зааж өгдөг. Миний хувьд 1995 оноос одоог хүртэл рашааны эмчээр ажиллаж байна. Рашааныг хэдэн ч насныхан ууж болно. Яагаад гэвэл алдсан эрдсээ нөхөж авах гэж байгаа болохоор. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд нэгээс дээш насны бүх хүн боргионд цохиулж байна. Мэс заслын гавьяат эмч Баяраа тархины даралттай ач, зээ нарыг дагуулж ирээд боргионд цохиулахад тэдний хүүхдүүдэд сайн таарсан. Үүнээс хойш Баяраа эмчийн бичигтэй олон хүн ирэхэд тэдэнд ч бас сайн таарсан. Боргио нь тархины судасны хананы нарийсалтыг тэлж цусны урсгал сайжирдаг.
-Ойрын үед ямар зовиур шалтгаантай хүмүүс ирж байна?
-Өнөөдөр ядаргаа, нойргүйдэл, унаж тусдаг, хоол боловсруулах замын эрхтэн, үе мөчний эмгэгтэй, сахарын өвчтэй хүн цөөнгүй ирж байна. Сахарын өвчтэй хүмүүс шингэн их уухаар шээсээр биед байгаа эрдсүүдээ алддаг. Хоёрдугаарт, их шээхээр эд эсийн шингэнээ их алддаг учраас рашаан уухаар тодорхой хэмжээгээр алдагдсан эрдсээ нөхөж авдаг. Мухар хужиртын рашааныг зорьж ирснээр энэ бүхнийг рашаанаа уугаад хүйтэн боргионд цохиулаад европ эмтэй хавсарч уудаг эмчилгээ хийж байна. Энэ нь үрэвслийн эсрэг өвчин намдааж тайвшруулах, даралт буулгах, биеийн ерөнхий дархлааны системийг сайжруулдаг. Харин рашаанаа уугаад хүйтэн боргионд цохиулахад уламжлалын эмчилгээг хавсарч хийдэг. Үүнд зүү төөнүүр, хануур самнуур, бариа заслыг хийдэг юм. Миний хувьд хоёр сувилагч, нэг эмийн санчийг өөрөөсөө цалинжуулаад ажиллуулдаг.
-Танай рашааныг сайн хэмээн зорьж ирэх хүн олон байна. Байр, хоолыг нь яаж зохицуулж байна вэ?
-Зарим хүн манай рашааныг сувилал гэж андуурдаг. Рашаан маань орон нутгийнх, сувилал биш гэдгийг рашаанчид маань сайн ойлгох хэрэгтэй. Сувилал улсын төсөв болон том компанийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манайх сувиллын хэмжээнд хөгжөөгүй ч орон нутгийн иргэдээр бариулсан 150 гаруй рашаанчдын байшин, түрээсийн 70 гэр байдаг ч хүн ихтэй үед хүрэлцдэггүй. Яагаад гэвэл 21 аймаг, гурван хотоос олон хүн рашаан ууж, эмгэг өвчнөө илааршуулдаг. Рашаан уухаар ирж байгаа хүмүүс зуух яндан, тогоо, усны сав, хөнжил гудсаа заавал авчрах ёстой. Мөн иргэд маань майхантайгаа ирэхэд гэмгүй шүү гэж хэлмээр байна. Хүн ихтэй үед 2-3 хоног майхандаа байж байгаад байр сулрахаар зөрөөд орж болдог. Хоол, хүнсний хувьд бэлэн мөнгөтэйгөө ирсэн байхад эндээс бүх зүйлээ худалдаж авах боломжтой. 4-5 газраас сүү, тарагаа нийлүүлж байгаа. Энд 10 гаруй дэлгүүр ажиллаж байгаа болохоор шинэ мах хаанаас авах вэ гэж санаа зовох хэрэггүй.
-Та энд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би энэ нутгийн хүн. 1976 онд Анагаахын их сургуулийг төгсч Цэцэрлэг, Цэнхэр суманд ажиллаж байгаад аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 гаруй жил ажиллаж байхдаа эмийн бус эмчилгээний тасгийн эрхлэгч, зүү төөнүүр, хануур, бариа заслын эмчээр ажилласан. 1995 онд тэтгэвэрт гарч өөрийн төрж, өссөн нутаг Цэцэрлэг сумын Мухар хужиртын рашааныг тохижуулж, соёлжуулаад эмнэлэг, үйлчилгээний зориулалтаар ашиглана гэж зорилт тавьж ажилласны үндсэн дээр энэ рашаанаа 21 дэх жилдээ ажиллуулж байна. Одоогийн байдлаар миний хувьд 150 рашаанчдын сууц бариулаад ашиглалтад орууллаа. Гэхдээ энэ нь 40 гаруй хүний мэдэлд байдаг.
-Танай рашааныг зорин ирж буй рашаанчдад хандаж юу гэж зөвлөх вэ?
-Юуны өмнө миний бие эдгэж, илааршина гэсэн итгэл үнэмшилтэй ирэх хэрэгтэй. Хоёрдугаарт, эмчийн өгсөн заавар, зөвлөгөөний дагуу рашаанаа уух хэрэгтэй. Ирж байгаа хүмүүс дулаан хувцаслах нь чухал. Ялангуяа, наймдугаар сарын 20-ноос хойш энд сэрүүхэн байдаг.
Эх сурвалж: www.polit.mn