
Б.Уранзаяа
Хүмүүс зуны амралтаараа байгалийн сайхныг үзэж, аялаж зугаалан өнгөрүүлдэг. Тэгвэл оюуны их далайгаар аялаж сонирхолтой ном уншиж өнгөрүүлж яагаад болохгүй гэж. “Аз хур” номын дэлгүүрээс дараах арван номыг таны амралтад санал болгож байна.
1. “Стивен Хокин:Сэтгэлгээ нь хүлээсгүй ухаантан”
Зохиолч: Китти Фергюсон
Энэхүү ном нь 2015 онд хэвлэгдсэн бөгөөд “Аз хур”-ын шилдэг номын жагсаалтад багтжээ. Стивен Хокин гэж хэн байв. Эмч нар түүнийг 21 настай байхад “Лу Гэририйн өвчин” хэмээн нэрлэдэг 100 мянган хүн тутмаас дунджаар 3-5 хүн өвчлөх магадлалтай нэн ховор тохиолддог хөдөлгөөний нейроны өвчний онош тавьж хэдхэн жил наслах үлджээ гэсэн ажээ. Гэвч тэрээр цаашдаа хэрхэн амьдарч, бүтээж чадсан талаар тус номонд гардаг байна.
2. Могой цэцэг, Гүнж /хоймсон роман/
Зохиолч: Урианханы хөх чоно Дамдины Пүрэв
Энэхүү ном нь 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд хоёр бүтээлээс бүрдсэн хоймсон роман юм.
3. Хар судар
Зохиолч: Орхан Памук
2015 онд хэвлэлтэд гарсан энэ роман нь Истанбулын хот үүх түүх болон хот доторх адал явдал, гэмт хэргийн сэдэв, шашин ба түүнтэй зөрчилдсөн үзэл бодол, хайр дурлал зэрэг олон зүйлийг тусгаж өгсөн. Мөн үеэл ахыгаа, бас ор сураггүй болчихсон эхнэрээ хайх нууцлаг эрлийнхээ мухардалд орооцолдсон өнөө цагийн Галип гэгч нэгэн сэхээтний дотоод ертөнц дэлгэгдэнэ.
4. Алтан тугал
Зохиолч: И.Ильф,Е.Петров
Энэхүү романыг нь Ц.Гомбосүрэн монгол хэл дээр орчуулан 2014 онд анх хэвлэлтэд оруулж уншигч олондоо толилуулжээ.
И, Ильф, Е. Петров нар 1927 онд “Арван хоёр сандал” гэдэг роман хамтран бичжээ. Утга зохиолын шүүмжлэгчид “Арван хоёр сандал”-ыг тэрхэн үедээ үл тоомсорлосон дүр эсгэсэн боловч түүнийг уншигч түмэн таашаан болгоосон нь тодорхой байсны учир хоёр зохиолч маань романаа үргэлжлүүлэхээр сэтгэл шулууджээ.
Гэтэл нэгдүгээр дэвтэртээ романыхаа гол баатрыг ална, алахгүй гэж хоёр зохиолч зад маргалдаад, эцсийн бөлөгт шодож байж бодийг нь хөтөлсөн гэдэг. Нөгөө Остап Бендер нь дараачийн ботид байхгүй бол хоймсон романы тухай ярих битгий хэл бодохын ч хэрэггүй болохоор байжээ. Тиймийн учир хоёр зохиолч маань хоолойг нь огтолж алсан тэрхүү баатраа хоолойд нь хөндлөн сорвитойгоор амилуулжээ. Тэгснээр “Алтан тугал” бүтэж, XX зууны Оросын сонгодог ёгт зохиолын нэгэн сор болсон хоймсон роман бүрэн биеийг олсон түүхтэй болой.
5. Хөвүүн заяа
Зохиолч: Фёдор Михайлович Достоевский
Энэхүү роман нь Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн. Хамжлагын албат хүний хууль ёсны гэр бүлийн хүүхэд Аркадий гэгчийн талаар өгүүлнэ. Хууль бус эцэг нь түүнийг хар нялхаас нь бусдын гарт өгсөн учраас эцэг эхийн элбэрэл хайрыг үзээгүй, харц гаралтайдаа шаналж өссөн нэгэн. Аркадий хэрхэн юуны төлөө зүтгэж байгаа болон алаг хорвоогийн эрээн барааныг ердөө ойр тойрныхныхоо амьдрал ахуйгаас ухаарч, шунал тачаалын төөрөгдөл юүгээн орхихоор шийдэн, зөв оршихуйн зам мөрийн улбааг олж байгаа зэрэг үйл явдал гарна.
6. Анна Каренина
Зохиолч: Лев Толстой
1877 онд анх бүрэн эхээрээ ном болон хэвлэгдсэн "Анна Каренина" роман нь Л.Толстойг дэлхийд алдаршуулсан хоёр томоохон бүтээлийнх нь нэг бөгөөд дэлхийн эмэгтэй хүн бүрийн унших зохиол хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Орос орны тухайн цаг үеийн нийгмийн байдал, анги давхарга, эмэгтэйчүүдийн эрх зэрэг зүйлүүдийг Анна Каренина гэгч эмэгтэй дүрээр гаргаж ирдэг.
7. Үйлтэй байшин
Зохиолч: Ю.Трифонов
Мөн энэхүү ном Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар бүтээгдэж 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийн монголын уншигч олны гар дээр очсон. Тэрээр Ю.В.Трифонов нь роман зэрэг том хэмжээний бүтээл цөөнгүйг туурвисан боловч өөрөө “хотын амьдралын” тухай цуврал туужуудаа илүүд үздэг байсан. Тэдгээр туужаас нь хамгийн алдартай нь болох “Үйлтэй байшин”, “Солио холио”, “Ондоо амьдрал” гурваар нь энэ ботийг бүтээв. Энэ бол түүний монгол хэлээр гарч буй анхны ном юм.
8. Үзэхийн хязгаар
Зохиолч: Л.Өлзийтөгс
Анх 2012 онд эрхлэн гаргасан цагаас уншигч олныг тун ихээр татсаар байна. Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн намтарчилсан эссэний энэ ном ч өөрт тохиолдсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авсанаа уншигчдтай хуваалцсан бүтээл юм.
9. Хувь заяагаа өөрөө сонгох нь
Зохиолч: Милтон Фридман Рөүз
Энэхүү номыг 2014 онд эрхлэн гаргажээ. Нийтлэлийн хэлбэрээр бүгдэд ойлгомжтой хэлээр бичсэн дээрх гурван ном мэргэжлийнхэнд төдийгүй өргөн олон түмэн уншихад зориулагдсан юм. Энэ ном орчин үеийн ертөнцийн нээлттэй нийгэм дэх эдийн засгийн харилцааны үндсэн механизмыг тайлбарлаж, юун дээрээ алдаж онож буйг Америкийн жишээн дээр дэлгэрэнгүй өгүүлжээ.
10. Цаасан хотууд
Зохиолч: Жон Грийн
Бид Жон Грийний Хэтэрхий олон Катеринууд болон Бидний оддын алдаа зэрэг номуудаар нь сайн мэднэ. Тэгвэл энэ удаа түүний Цаасан хотууд гэсэн зохиолыг санал болгож байна. Тэрээр 2016 онд эрхлэн гаргасан ба энэ зохиолд Квентин Жейкобсон Марго Рот Шпигельман хоёрт тохиолдох сонирхолтой адал явдлын талаар өгүүлнэ.
Эх сурвалж:www.polit.mn