
Ц.БАЯР
Энэ жилийн наадмын амралтын олон хоногоор Хөвсгөлийг зорих зорчигчдын тоо өмнөх жилээс нэмэгдэнэ. Харин Хөвсгөлчүүд наадамчид, зорчигчидоо хүлээж авахад бэлэн үү гэдэгт хэн хүнгүй санаа зовж байгаа байх. Хөвсгөл нутгийн зах уруу ороод ирэхэд л хүн бүрийн сэтгэл догдлон дэнслэнэ. Үзэсгэлэнтэй сайхан нутаг, Хөвсгөл далайг харах гэсэн хэний ч болов сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Аялал жуулчлалын тулгуур төв болсон Хөвсгөл нутгийн иргэн бүр энэ сайхан нутгаараа бахархаж хүрээд ирсэн зочин гийчнээ сэтгэлийг нь баясгаад буцаах авьяас, ур чадвар, зөв менжмент чухал билээ. Тэгж байж л аялал жуулчлалаас ашиг хүртэх ёстой гэдэг. Үүдээ нэгээд угтдаг босго сумд бол Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл. Иргэндээ ашиг хүртээхийн тулд сум бүхэн хувьдаа бэлтгэлээ базаасан байх учиртай. Бэлтгэлээ базаагүйгээс болж өнгөрсөн жил зорчигчдын урсгал ачааллыг даахгүй хүндрэл бэрхшээл алхам тутамд учирч бухимдал үүсч байсан. Тиймээс зочноо угтах, үйлчлэх, үдэхээс л шалтгаалж ашгаа ч хүртэнэ аялагчидаа ч аятай тухтай явуулна. Яаж гэдгийг бид захаасаа мэдэрч эхэлсэн. Зам дагаж хөгжил ирдэг. Тиймээс аялагчид зам зууртаа аятай тухтай амрах, алжаал ядаргаагаа тайлах, сайхан хооллох газар, бие засах жорлон байна уу гэдгээс бидний зочноо угтах хүлээн авах ажил эхэлнэ. Дор хаяж 100 км тутамд л ийм үйлчилгээ байх ёстой. Тэгвэл өнөөдөр энэ үйлчилгээ лав байхгүй байна. Автобус, хувийн машинаараа явж буй зорчигчид Улаанбаатараас гарч Эрдэнэт, Булган хүртэл дээрх үйлчилгээг хүртээд явах боломжтой. Мөн Булганы Хутаг-Өндөрт очиход яг төв зам дагуу “Баатар-Ван “ гэдэг амралтын газраар дайраад гарч болно. Тус амралтын баазад аялагчид гэртээ байгаа юм шиг үдлээд явах боломжтой юм билээ. Харин цааш Хөвсгөлийн Тариалан сум залгана. Тариалан сум хүртэл 82 км. Гэтэл Тариалан сумын зах уруу ороход л бие засах газар нэг ч байхгүй. Зүлэгтийн гүүрэн дээр ганц хоёр гэр цайны газраас өөр олон хүний ачааллыг зэрэг дааж хооллоод, амраагаад үдэх газар байхгүй байгаа нь бас л нөгөө боломжоо ашиглаагүй дүр зураг харагдаж байна. Цааш Их-Уул, Тосонцэнгэл сумаар дайрч 180 орчим км яваад аймгийн төв орно. Мөн л зам дагуу ямар ч үйлчилгээ алга. Ядахдаа олон хүний ачааллыг даах эко жорлон байхгүй ийм л байна. Аймгийн төвөөс л аялагчид маань гол цэнэгээ авна. Өнгөрсөн жил АТМ –үүдийн мөнгө дуусч, буудлууд нь хүнээр дүүрч аялагчид майханаа бариад хээрээр хоноцгоосон. Харин энэ жил АТМ-үүдийн мөнгийг цаг тутамд цэнэглэж байх зохицуулалтыг банкууд нь эрх биш хийгээ байлгүй дээ. ШТС-үүд нь хангалттай шатахуунаа нөөцөлсөн үү гээд хувийн хэвшлийнхэн дор бүрнээ хичээж байгаа харагдсан. Бэшрэлт хэмээх том буудал нэгээр нэмэгджээ. Супермаркет, дэлгүүр хоршоо, цайны газар, баар, буудал ресторанууд бүгд л бэлтгэлээ базаасан бололтой харагдсан. Энэ бүгдийг шалгах шалгуур нь сонгуулийн үе байсан. Сонуулиар 3000 орчим царцаа тийшээ нүүдэлсэн. Энэ үеэр Мөрөнгийн төвд ачаалал эрс нэмэгдэж төв зам нь түгжирч харагдсан. Одоо даруй нэг дор шахуу 6000 шахам зорчигч очно. Тиймээс энэ ачааллыг хэрхэн зохицуулах нь орон нутгийн шинэ удирдлагуудаас ихээхэн шалтгаална. Хөвсгөл аймгийн Хөгжлийн бодлогийн хэлтсийн дарга н.Ган-Очир ярихдаа “ Хөвсгөл аймагт өнгөрсөн онд 70 мянган жуулчин ирсний дотор 6000 орчим нь гадаадын жуулчид байсан. Харин энэ зуны хувьд жуулчдын тоо өмнөх жилээс нэмэгдэнэ . Энэ жилийн баяр наадмын амралт өмнөх жилээс их байгаа учраас аймаг орон нутгийн зүгээс тодорхой сургалтуудыг шат дараалан явуулж жуулчин хүлээн авах бэлтгэлийг базаасан . Одоогоор 67 жуулчны бааз, 4 томоохон буудал, 14 дэн буудал үйл ажиллагаа явуулж өдөрт 2300 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байна. Өнгөрсөн жилийн жуулчдын гэнэтийн ачааллаас болж үүссэн асуудлыг дахин давтахгүйн тулд бизнесийн байгууллагуудыг өргөн хэрэглээний бараа, бензин шатахууныг хангалттай нөөцөлж авахыг анхааруулж байгаа Мөн жуулчдад зориулсан “ Сарлаг фестиваль”, “Цаатан фестиваль”, “ Бошлой хадны баяр” , “Эв модны наадам “ зэргийг тодорхой хугацаанд нь зохион байгуулж ачааллыг сарниулж байгаа” гэсэн. Аймгийн ИТХ-ийг сонгох сонгуульд МАН олонхи болсон. Шинэ засаг дарга хэн болж наадмаа нээх бол гэсэн хүсэлт хүлээлт үүсгэсээр. Наадмаас нь өмнө аймгуудын Засаг даргийг батламжлах ажил амжих эсэх нь Монгол Улсын Ерөнхий сайдаас шалтгаална. Гэхдээ л засаг даргаа хүлээлгүйгээр зочидоо шингээх ажлыг дээр дооргүй холбогдох байгууллагууд нь хийх л үлдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn