
Түрүүч нь http://www.polit.mn/content/81160.htm
Төрсөн газар шороо, төрөлх монгол хэл, түмэн олноо өмгөөлж хэнтэй ч хэнхдэг заамаа хуваалцахад бэлэн явдаг, хэлэх үгээ хэзээ ч татаагүй Төрийн шагналт, Ардын уран зохиолч Тангадын Галсантай түүний шавь, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн-зохиолч Лувсангийн Одончимэдийн сүүлийн үеийн нийгмийг доргиосон зарим сэдвийг хөндөж хөөрөлдсөнийг уншигч олноо толилуулж байна.
Пунцагийн Бадарч, Галсангийн Жамьян, Тангадын Галсан нар.
Хүн нэг удаа хууртах нь байдаг, гэвч ес дэх удаагаа хууртаж болохгүй л дээ. Ингэхээр энэ зун сонгогчдын зүгээс тавих сонгуулийн уриа бол “Гурван саяыгаа аврах уу, 300 дээрэмчнийг аврах уу” гэдэг ганц өгүүлбэр байхад бид ялна даа. Эх орноо, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг, эх орны эрх ашгийг мартсан, ард түмнийхээ эрх ашгийг умартсан, ганцхан удаагийн настайгаа мартсан, эцсийн эцэст харь газарт өттэй нохой шиг үнэгүйгээр дуусна гэдгээ мартсан тийм хүмүүсийг төрд дахин гаргах ёсгүйгээ сонгогчид мэдэж байгаа байх аа. Хэрвээ тэгэхгүй л бол дахиад л монголчууд бид хохирно. Эцсийн боломжоо алдвал эрх мэдлийг ахин овт шааруудад алдвал Монгол Улс сэргэн мандахаасаа илүү ширгэн доройтох болов уу гэж сэтгэл минь их чилж байна даа.Миний бие оффшор гэдэг үгийг Монголын өнөөгийн хөрсөнд буулгавал ингэж л тайлна.
Мао Зе Дуны хэлснээр ард түмэн “Хэн юу дуртайгаа эрээчиж болох цагаан цаас уу? Миний итгэдгээр басаж үл болох баатрууд уу?” гэдэг харьцуулах өдөр ойртсоор...
Гэнэт баяжаад хаанаас, хэрхэн мөнгө олсноо далдлах гэж гадаадад аваачиж нуудаг тийм эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлгүй овт шааруудыг ялгаж салгаж шүүх ажлыг сонгуулиас наана амжуулна гэдэг эргэлзээтэй. Харин хэвлэл мэдээллийнхэн, шударга үнэний төлөө тэмцдэг төрийн бус байгууллагууд хүчээ нэгтгэж, үнэнийг илчлэх хөдөлгөөнийг сайн өрнүүлэх нь чухал. Бага сургуулийн дотуур байранд байхад зарим хүүхдүүд гэнэт алга болоод, нэг мэдэхэд уруул амаа долоосоор ирдэг байсан. Тэгэхнээ, айлд аяганы хийцээ хадгалуулчихаад, биднээс нууж очиж идчихээд ирдэг байсан нь илэрч, түүнийг цасан дээр нүцгэн бөгсөөр нь суулгаж “тэмээн тавхай” хэвлэж баалдагсан. Түүний адил одоогийн овт шааруудын хөрөнгийг нь хурааж, олон түмэнд тарааж, түмний өмнө “тэмээн тавхай” хэвлэж баалбал таарна. Тэд бол өглөө нь сахил хүртээд, өдөржин түмний өгснийг өвөртлөөд, үдэш нь дуганаа шатаагаад, үүрээр оргосонтой яг адилхан нүгэлтнүүд мөн. Гэхдээ хэн нь жинхэнэ овт шаар вэ гэдгийг тогтоолгүй хавтгайруулбал дахиад л нэг нугалаа завхрал болно шүү дээ.
Дэлхийд хамгийн харгис явдал бол засгийг үүрд зайдалж байх, төрийг үүрд өмчилж байх цөөнхийн, цөөнхийн биш цөөхөн хүний дон юм л даа. Үүнээс гарах аргыг Эзэн Чингис бодож олоод, дэлхийд төрт ёсны соёлын нэгэн хичээл заасан нь олноороо асуудлыг хамтарч шийддэг Их Хуралдайг бий болгосон явдал юм. Одоо бол барууны ардчилал гэж байгаа, яг нарийн дээрээ өнө эртний түүх нь Чингистэй холбоотой. Хаан Чингис хэдийгээр хамгийг захирагч боловч 10-т, 100-т, 1000-т, түмтийн ноёдоос бүрдсэн Их хуралдай хуралддаг, тэр дунд есөн өрлөг (одооныхоор есөн маршал), дараачаар нь 4 хүлүг. (Одоо чинь хүлэг гэж морио бичихийн, хонь ямаа самнахад хөлийг нь багладаг дээсийг хүлэг гэнэ л дээ, зайлуул. Морь бол хөлийн эрдэмтэй учраас хөлөг, бидний ярьж байгаа маршалаас дээшхи цол буюу генерал исмүс бол хүлүг). Дэлхий 3 хүлүгтэй, Чингис дөрвөн хүлүгтэй байх юм. Тэд нарын санаа бодлыг шүүн хэлэлцүүлээд дундаас нь хамгийн зөв хувилбарыг гаргадаг байж л дээ. Захын жишээ, бидний бүгдийн мэддэг жишээ гэхэд “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир” байна. Ажил төрөлд, аян дайнд айхтар уршигтай нэг юм бол тэр цагт архи болсон байна. Тийм үед архины тухай шүүн хэлэлцэхэд есөн өрлөгийн зарим нь болохоор
Архигүй бол найр цулгуй болно
Амьдралын өдөр тутмын явдал улиг болно, балгах ёстой гэж Чандага цэцнээс эхлүүлээд ихэд сагсуурч түүнийг дагалдагсад байна. Гэтэл Хүлүг Боорчоос эхлүүлээд
Ам руу орох цагтаа
Алтан хэдгэнэ мэт
Аманд орсон хойноо
Арслан заан туссан мэт
Санаа бодлыг төөрүүлдэг
Сайн үйлсийг сааруулдаг тухай шүүн хэлэлцэхэд үүдэнд сууж байсан өнчин хүү хүртэл ихэс дээдсийн зэрэгт хүрсэн ........... (04:05 минут) Энэ төрд хэрэгтэй үгээ хэлж болдог болоосой доо.
Тэгэхэд түүгээр үг хэлүүлсэн чинь 9 өрлөгийн үг, Чингисийнхтэй 10 болоод 5 : 5 болчихсон байхад тэр заргийг хагалж, түүний үгийг төрд мөрдөх мөрдлөг болгож байх жишээтэй. Энэ бол өнөөдрийн парламент гээд байгаа дэлхийн төрт ёсны хамгийн зөв хувилбар олны санаа бодлыг уралдуулаад хамгийн зөв шийдвэрийг гаргах явдал.
Гэтэл Их хурлын дарга Д.Дэмбэрэл гэдэг хүн байх үед манай их хурал нэг тиймэрхүү зөв аястай, өөрсдийнхөө санаа бодлыг, сөрөг хүчний санаа бодлыг, тэрч байтугай бусад нам, эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг сонсож шүүн хэлэлцүүлдэг байлаа. Одоо бол ерөөсөө гагцхүү засгийг үүрд зайдалж байх санаархлаар урьдаар өөртөө таарсан хууль гаргах, хуулийн мунаар хуйвалдааны сүлбээгээр бүх асуудлыг шийддэг болох түрэмгийлэл бол энэ Их хуралд хэрээс хэтэрч байна. “Монголчууд яасан бүдүүлэг юм бэ” гэж дэлхий ажиглаж байгаа, “Бид яасан хүчгүй юм бэ” гэж цөөнх нь бодож байгаа, “Биднийг ингэж доромжилж байна шүү” гэж ард түмэн харж байгаа учраас энэ бол төрийг бэхжүүлэх биш хэврэгшүүлж, төрд итгэх итгэлийг бататгаж биш, харин түүнийг шалбаагт унагаж байна гэх үү дээ. Иймэрхүү үед энэ удаагийн сонгууль болох гэж байна.
Би Америкт Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үеэр Вашигтонд явж байсан. Манай хүүгийнх төрийн ордноос 4 км-ийн зайд. Тэнд төрийн ордны ойр 2, 3 бүсэд өндөр байшин байдаггүй, төрийн ордноос хэдийд ямар тэрэг, хэдэн хамгаалалттай явж байна, түүнийг хянаж байдаг гадаадынхны том том байшингүй, төр хотынхоо бүтэц, зохион байгуулалтаас өгсүүлээд улсаа хамгаалах бодлого, чиглэлтэй байдаг. Байшингуудын нэр нь хүртэл тэр бүр хүн ойлгохооргүй бүрхэг. Жишээ нь: Батлан хамгаалах яам гэхэд Пентагон гээд монголчилбол “Тавалжин орд” гэсэн утгатай. Таван талтай. Гурван талтыг гурвалжин, дөрвөн талтайг нь дөрвөлжин гэдэгтэй адил таван талтай учраас тавалжин гэнэ. Хэрвээ Америкийн Батлан хамгаалах яам, энд 25,0 мянган хүн ажилладаг, Америкийн зэвсэгт хүчний улс хамгааллын хамаг уураг тархи энд байгаа гэж зарласан юм шиг нэртэй байх юм бол элдэв халдлагад бай болж мэдэх юм.
За тэгээд үүнийг үл өгүүлэн хүүгийнхээсээ гараад явж байх замд хүн бүхэн элэгсэгээр мэндэлж, байшин асуухад хэлж өгч, тэр нь тухайн ард түмний соёлтой нэгдүгээрт холбоотой. Хоёрдугаарт, эвгүй догшин харилцваас эргээд бас галт зэвсгээр хоорондоо ярьдаг. Энэ нь бас нэг талын болгоомжлол, нөгөө талын хүн хүнээ хүндэтгэх соёл болдог ч байж магадгүй. Тийнхүү явсаар “Цагаан ордон”-ы баруун урд талд очиход тэнд нэг тавь шүргэм насны ээжий хүзүүндээ том пайз зүүгээд, түүн дээрээ Америкийн Ерөнхийлөгч Бушийг “ХХ зууны хамгийн шившигт алуурчин” гэж бичсэн байх жишээтэй. Тэнд эрх чөлөө гэж байдгийг ямар нэгэн хэмжээгээр үнэмших, хэр баргийн улс оронд тиймэрхүү зүйл төрийн ордны хажууд байна гэж би үнэмшихгүй байсан. Тэр дундаа Америкт үзээд “энэ хүн бүрийн эрх чөлөөг хүндэтгэдэг юм байна шүү, ямарч байсан барьж аваад гавлаад, ачаад явчихдаггүй юм байна шүү” гэж бодлоо. Тэгээд байланзаар барьсан жижигхэн дэн, майхан доторх зэс тавганд нь хүүхдүүдийн хөргөгчин дээр байдаг задгай (Америк чинь зоосон доллартай ш дээ) зоосноос 3-ыг хийгээд “Энэ ээжий яагаад ингэж хэлэх болов оо” гэж бодсон чинь:
Магадгүй ганц хүүтэй ээжий байсан байх. Гэтэл нөгөө Буш болохоор Ирак цөмийн зэвсэгтэй байна, энэ бол бидэнд аюул болно. Цөмийн зэсвгийн нэг голомтыг бид хазаарлах, таслан зогсоох ёстой гээд Иракт халдаж. Аливаа халдлага болгон дайсныг номхотгохоос гадна өөрсдөө хохирол амсдаг нь дайн дажин хоёрын жам юм даа. Тэнд ганц хүү эрсдээд амь үрэгдсэн юм уу, тахир дутуу болоод ирсэн юм болов уу. Эсвэл Афганд ийм явдал болсон болов уу. Тэгэхээр зэрэг удмын улаач ганц хүүгээ алдсан юм уу, цаашдаа амьдрах найдваргүй болсон үед тэр сэтгэгдлээ төрийн эзэнд оноож, Буш-т нэр заан тэгж бичсэн болов гэх мэт бодогдох уу гэхээс бишээр энэ жаахан мэдрэлийн солиотой юм уу, аль нэг нам хүчний зараалаар яваа гэж бодогдохгүй л байна лээ дээ.
Америк бол зэрлэг капитализмаа байгуулах үеэ нэгэнт аль эрт дууссан учраас одоо тэнд эрхий дарам цулгай газар байхгүй, дувт ногоон ширэг, алаг цэцгэн дундуур бид явж байхад бас л эх орон маань, нийслэл маань ийм болох өдөртэй дээ, үлгэр дууриал энд байна даа гэж бодогдож явах жишээтэй. Мөнөөх авгайн чихэн дээр эрвээхэй бууж, толгой дээгүүр нь хэрэм дүүлж байхыг харахад аливаа амьтан амьдарч чадах орчин бол хүн амьдарч чадах орчин мөнийг баталсан тийм л диваажин харагдаж байсан даа. Ингээд удалгүй хойшоо Америкийн төв банк, үнэт эрдэнэсийн сангийн гудмаар явж байгаа хүмүүсийг харахад хар, бор, шар янз янзын хүн. Тэгээд дараачаар нь Обамагийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байна. Тэгэхэд тэр амар амгалан тайван хүмүүс аандаа тэр хөгжмийн аялгуу, дуу цацрал байрлуулсан газар луу зугуухан явж ирж байгаа нь намын албадлага, дээр үеийн майн баярын бүртгэлтэй адилгүй харагдаж байлаа. Тэгээд их юм бодогдов.
Өрсөлдөгч нь Жон Маккейн. Энэ бол Вьетнамын дайны баатар хүн байна, тэгэхээр тэр бол цусан далай дунд бас л төрийн үүрэг биелүүлж явсан хийгээд энгийн номхон ард түмнийг танкны уланд хорхой шиг нитгэрч явахдаа бол би баатарлаг гавъяа байгуулж явна гэж бодоогүй байх, мөн ч нүгэлт үйл хэрэгт иргэний үүргээ биелүүлж явна даа гэж бодож явсан байх. Тэр хирээрээ үхлийг жигшиж, энхийг эрхэмлэх тийм сэтгэхүйтэй болсон болов уу гэж бодоход, магадгүй бол ухаандаа Жон Маккейн гараад ирэх юм бол даян дэлхийд энх тайваныг тогтооход зэвсгээр биш ухаанаар тэмцэх тэмцлийг аваад явах юм болов уу гэж бодогдоод.
Тэгтэл хүүе ээ, энэ чинь одоо Обама болохоор хар арьст хүн байдаг. Америкийн түүхэнд анх удаа хар арьстан хүн төрийн тэргүүн болох нь байна ш дээ. Хэрвээ сонгогдвол. Хэрвээ сонгуулийн сурталчилгаа жүжиг биш байдаг бол Америк тив чинь тэртэй тэргүй Индианчуудаа бараг устгачихсан, тэгээд хөгшин тивээс очсон, Испани, Португали, Англи, Герман янз янзын үндэстний хүмүүс. Дараачаар нь ажил хийлгэхийг тулд наран тивээс Африкаас баахан хар арьстан авчирсан. Тэгэхээр тэдний удмын хүн өнөөдөр нэр дэвшиж байнаа гэдэг өнөө эзэлсэн цагаан арьстан нь биш, ажил хийхээр ирсэн бор арьстан нь олонхи нь болсон нь бас сонин юм байна шүү гэж бодогдох жишээтэй. Хүүе ээ, тэгж байсан чинь байтлаа энэ хүн гарч ирэхэд төрийн бодлогод өмнөхөөс ямар эерэг, эрс өөрчлөлт гарч ирэх бол? Америкийн ард түмэн цагаан арьст Жон Маккейн, Обама хоёрын алийг нь сонгох бол? гэх мэтийн олон зүйл бодлоготож. Мөрийн хөтөлбөр нь дэндүү товч, тодорхой байдаг юм байна лээ. Дэлхийн хувь заяанд Америк ямар байх уу? Өөрийн орны ард түмний амьдралын тусын тулд юу хийж чадах уу? Ер нь хүчирхэг Америк байхаас гадна хүн бүхэн нь хөдөлмөрлөдөг, тэр хирээрээ амьдралын түвшинг бүх хүнд жигд болгох бодлогын мөрийн хөтөлбөр тавьснаараа Обама мөдхөн сонгогдсон болов уу. Нэр дэвшигчдийг дуурайлгаад дүрийг нь бүтээгээд тавьчихсан нь зураг авахуулахад, би хүртэл Обамагийн мөрөн дээр хүртэл гараа тавьж байгаад патиар татуулж байлаа. Хүмүүс хараад та чинь Америкийн төрийн тэргүүнтэй гэдэг. Гэтэл манайхан хашааны өнцөг, жорлон, ер нь чухам хаа сайгүй зураг наадаг. Тэнд тэгдэггүй, цаас энд тэнд наахыг зөвшөөрдөггүй. Харин нэгдүгээрт: байрлуулж болдог, хоёрдугаарт: хураагаад аваад явчихдаг тийм л уян хатан, зөөврийн хөрөг зураг байдаг юм билээ. Өмнөх сонгуулиудыг харахад үнэхээр нэр дэвшигч чинь хүн шүү дээ, гудмаар нэг зургийг нь тараагаад хаясан, нөгөө намынх нь даалгавар авсан гишүүд нь залхуураад жорлонд ч хаясан байх шиг. Энэ жил тэгж давтагдахгүй байх болтугай гэж бас бодогдож байна. Энэ бол сонгуулийн сурталчилгаа болдоггүй, сонгуулийн соёлыг гутааж байгаа шившиг харагддаг л даа.
За тэгээд, дараачаар нь хүмүүсийн хэлэх үг нь их товч, тодорхой байдаг юм байна лээ. Обама юу хэлэх бол гэж дэлхий ховч чихээ дэлдийж, ёнхор нүдээ бүлтийж байсан үед Обама гадаад бодлогын тухай ярихдаа “Бушийн бүтэлгүйтлийг залруулна” гэж. Хэрвээ Бушийн алдааг гэсэн бол мөн ч аюултай юм хийжээ гэж бодогдохоор. Бушийн дутагдал гэвэл зайлуул, юмаа гүйцээж хийж чадахгүй л байж дээ гэж бодогдохоор. Бүтэлгүйтэл, Бушийн бүтэлгүйтэл гэвэл тэр хоёроос арай цэвэрхэн бөгөөд хүний сэтгэхүйд хүрэх өнгө нь цаагуураа л төрийнхөө хүнийг хүндэтгээд байгаа тийм юм харагддаг. Манайхан нэг нэгнийхээ тухайд их дайрал үг хэрэглэдэг л дээ. Сонгууль болох гэж байгаа энэ үеэр урд бол газар нутгийнхаа нэг хэсгийг гадаадынханд түрээсээр өгөөд, тэрнийхээ оронд баахан мөнгө аваад хоёр нам хоёулаа их мөнгөний амлалтаар санал худалдаж авдаг байсан. Тэгээд тэрнээсээ болоод одоо газар нутгийнхаа 80 гаруй хувийг гадаадынханд алдчихаад, яг нарийн дээрээ бол гэмт хэрэгтнүүд. Сонгуулийн ялалтын дараачаар хэн эдийн засгийг ингэж хохироосон бэ, сонгуулийн өмнөх амлалт ямар байсан, эд бүгдийг огоот тооцдоггүй. Тэр талаар дуугарах боломжтой сонин хэвлэлүүдийг одоо зөвхөн энэ хоёр хүчний үйлчлэх цөөхөн зурагт хийгээд хэвлэлээс бусдыг хааж байна гэдэг бол Монгол улсын ардчиллыг авслах тийшээ олон улсад харагдах вий дээ гэж санаа их чилж байна. Үүнийг ойрын үед залруулах болов уу даа гэж горьдож байна.
Ер нь энэ Их хурал хаа очиж нэг сайн хууль баталсан. Тэрнийг магталгүй болохгүй. Тэр бол Монгол хэлний хууль. Их хурлын эрхэм гишүүн М.Батчимэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Энхболд зэрэг хүмүүс ихэн хүчин чармайлт гаргаж байж, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Батцогт хирдээнгүй хичээн зүтгэл гаргаж байж ийм хууль батлагдсан. Энэ хууль бол энэ их хурлын байх хугацааны олон бүтэлгүйтэл дунд хөдөө тосгоны ганц хувиараа мотор асаачихсан байгаа айл шөнө тооноор нь гэрэл цацарч байгаа юм шиг харагдаж байгаа. Бүх юмыг хараар бодохын арга байхгүй. Гачлантай нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа байхгүй учраас ёс заншил бол өдөр тутмын амьдралд барин тавин үйлчилж байдаг. Манай их хурлын баталж байгаа хууль бол төмөр авдранд түгжигддэгийн баримт юм уу даа. Уг зүй нь их хурлыг Зандаахүүгийн Энхболд ирж бүрдүүлж байх ёстой биш, Тамгын газрын дарга гэдэг том албан тушаалтай хүн хариуцаж цуглуулж байх ёстой. Гэтэл энэ хугацаанд их хуралдаа суугаагүй гишүүн хүртэл байхад өнөөх 14,0 тэрбум төгрөгийг нь өгөөд л сууж байна гэдэг бол тэднээс авилга авдаг байж таараа. Эсвэл тэдний гар хөл бологч ийм арчаагүй явдал. Хэрвээ Их хурлын гишүүд хуралдаа суугаагүй бол шууд иргэд нь татах хүртэл ийм эрх байхгүй байгаа нь манай хуулийн цоорхой. Их хуралдаа суудаггүй манай Л.Болд тэргүүтэй нэг хэсэг хүмүүс бий л дээ. Гадаадад эсвэл Голомт банкны ажлаар л явж байдаг. Тэгээд л гэв гэнэтхэн л буурал толгойлоод л ороод ирдэг. Яг сонгууль дөхөх, сонгуулийн хууль, тойргийн тухай хэлэлцэх үед. Энэ бол бас л одоо их ёс суртахуунгүй. Сонгогчдын итгэл найдварыг даах чадваргүй байгаагийн жишээ гэж олон хүмүүс ярьж байна. Энэ бол ганц миний дамжуулж байгаа үг биш.
Би феодализмыг мэднэ, социализмыг мэднэ. Социализмын үед сонгууль бол зүгээр улс төрийн жүжиг байсан л даа. Захын жишээ: 1964 онд улс төрийн цөллөгт монголын 300 гаруй сор сэхээтэн өвлийн хүйтэнд эх орны 4 зүг, 8 зовхист ачигдсан даа. Үүнийг Лоохуузын бүлэг гэдэг. Түүнээс урьд Төмөр-Очир, тэгээд л Цэнд зэрэг олон хүний хоморгонд олон хүн хэлмэгдсэн. Зөвхөн миний нэрийн дор 12 хүн ажил амьдралаа алдаж байсан. Тэр хүмүүс надад огт муу санадаггүй. Харин би тэдний төлөө маш их санаа чилж явдаг юм л даа. Тэгээд одоо хэвлэн нийтлэх эрхгүй зохиолч, сард 70 төгрөгнөөс дээш цалин авах эрхгүй иргэн, эмнэлэгт эмнүүлэх эрхгүй, улс төрийн эрхгүй хүнийг сонгуульд заавал албадаж оруулдаг.
- Ээ болохгүй дарга нар минь, би чинь чухам та нарыгаа хөөдчихнө. Би чинь улс төрийн эсэргүүн, хар бүртгэлтэй хүн. Улс төрийн эрх дотор хамгийн үнэ цэнэтэй нь сонгууль шүү дээ. Ингэхээр тэрүүнд орсноороо би бас 12 дээрээ дахиад баахан хүний толгой цустчихна гэсэн чинь
- Үгүй ээ, дээрээс гэж. Зайлуул хөөрхий, Бал дарга, түүнээс доошхи дарга нар л “Бүх ард түмний санал 100 хувь байх ёстой. Нам, ард түмний бат эв нэгдэл эндээс харагдана” гэж тушаал өгдөг юм байна л даа. Тэгэхлээр нөгөө хэд нь “нөгөөдүүлийгээ яах вэ” гэхэд “санал авах хэрэгтэй. Хэрвээ тэнд нэг санал дутвал тэрмуу эсэргүүн сонгуулийн саналыг бузарласан” гээд дахиад арга хэмжээ авах болно. Улс төрийн сонгууль гэдэг цаас нэг нугалаад хайрцганд хийх жүжигт оролцож байсан болохоос биш төрөө сонгож байсан хэрэг биш. Саналын тоо дутаахгүйн тулд улс төрийн эрхгүй хоригдлууд хуудас нугалж сонгуулийн хайрцганд хийж байх жишээтэй. 1992 онд ард түмний ерэн хэдэн хувь нь “Би ардчилсан төрөө сонгож байна” гэж бодож итгэл найдвартайгаар саналаа өгч байсан бол одоо дөнгөж 60 хэдэн хувь нь болсон байгаа. Энэ бол өнөө Содномцэрэн, хар хайрцаг хоёроос сонгуулийн зөв үр дүн гарна гэж итгэхгүй болсны захын жишээ. Хоёрдугаарт, эцэст нь өнөө байгуулсан засаг төр нь ард түмний төлөө биш гагцхүү өөрсдийнхөө төлөө байдагт цөхөрсөн, гомдсон, гутарсны шинж. Харин ардчиллаа авслуулахгүй аврах ганц боломж байгаа дээр энэ жилийн сонгуульд иргэн бүхэн оролцох ёстой шүү. Та нар минь оролцоорой гэж би сонгуулийн насанд хүрсэн хүүхдээс эхлээд өөрийнхөө үеийн азай буурлуудыг уриалах байна даа хө.
Би чинь 1952 оноос хойш 64 жил сонгуульд саналаа өгч байгаа хүн байна. Хэрвээ бид нар энэ удаагийн сонгуулиар тархинд нь дэлхийн түвшний эрдэм чадал, хууль багтсан, зүрхэнд нь монголоо гэсэн судас лугшиж байгаа ийм аавын хүү, ээжийн охидоор төр түшүүлж чадахгүй бол сонгууль биш том гууль болж, үйлдсэн нүглийнхээ үрийг өөрсдөө амсдаг жамаар ард түмэн бид элс үмхэх болно. Өмнөх сонгуулиудаар ер нь сонгуульд өрсөлдөгчдийн тухай ярьдаг болохоос биш сонгогчдын хариуцлагын тухай, сонгуулиас уначихаад дибазол 10 давхарлаж уугаад даралт нь буудаггүй, димедрол 20 давхарлаж уугаад нойр нь хүрдэггүй, шархадны эмнэлэгт холоос эмнүүлж байдаг тийм этгээдүүдтэй өмнөх ажлын тооцоо, өмнөх сонгуулийн амлалтын тооцоог хийж байх, шаардаж байх талаар манай сонгогчид, ард түмэн маш тааруу байгаа. Тийм ч учраас түрүүчийн сонгогдож байсан тойргоосоо зугатаагаад, ондоо газар очиж олон түмнийг залилан мэхэлж, улс төрийн санал хулгайлах, худалдан авах аргандаа мэргэжсэн нэг хэсэг хүн байна.
Хариуцсан тойрогтоо бүр одоо Чингисийн үеийн хүлүг нь байгаа юм шиг ажиллаж чадсан тийм хүмүүс бол үндсэн тойрогтоо, ард түмэн ч урьж байна. Тийм хүмүүсийн тухайд тойрог өмчиллөө гэж донгосохын хэрэггүй юм л даа. Ард түмэн сонгогдсоны маргаашнаас эхлээд дээд тэнгэрт гарчихсан ноёд, хаадууд болчихдог тийм хүмүүсийг биш, сонгогдсоныхоо маргаашаас эхлээд ард түмний, бүр эмгэн өвгөний бүгдийнх нь зарц болдог тийм хүмүүсээ үндсэн тойрогтоо байгаасай гэж урьж, хүсч байна. Жишээ нь: манай Баянгол дүүргийнхэн С.Эрдэнэ, С.Одонтуяа хоёроос ерөөсөө уйдаагүй байгаа шд. Хийсэн ажил нь нүдэнд ил байгаа. Захын жишээ гэхэд: БГД-ийн эрүүл мэндийн нэгдлийн төв гэхэд улсын эмнэлгүүдийн түвшинд хүрчихсэн, одоо ганцхан эмч нарын нарийн мэргэжлийн хувьд жаахан дутуу байгаа. Энийгээ нөхөх ажлыг эхэлчихээд байгаа. Өнөөдөр оношлогооны төхөөрөмж нь хүртэл орон нутагт байтугай зарим эмнэлэгт байхгүй. Ингэхээр зэрэг сохорт үзэгдэж, дүлийд дуулдах юм хийдгүүд нь ард түмэнд хүндтэй, сонгогчдын өмнө нүүр бүтэн байна. Харин, би лав хотын даргатай уулзаж чадахгүй байна. Их олон удаа өргөдөл өглөө. Би хувьдаа юм гуйх гээгүй. Гэтэл энэ мэтийн ихэс дээдэс бол, түмний хүндэтгэлд орчихсон өвгөнтэй уулзахгүй дээдэс байна гээд бодоход хөөрхий хөдөө орон нутаг болон энд тэндээс ирж байгаа хүмүүс ямарч боломжгүй. Тэгэхэд одоо ухаандаа “өгсөн утас чинь болохгүй байна” гээд тааралдаад ярихаар энэ дээдэс чинь “нөгөөдүүлийг төөрөлдүүлдэг утас байгаа юм, би танд нэрийнхээ хуудсан дээр нэг утас бичээдэхье” гэж байгаа юм. Энэ одоо юу гэсэн үг вэ, ард түмний зарц биш, энэ бол ард түмнээс оргосон гяндангийн хулгайчирхуу маягийн юмаа даа, тээ. Ийм хүн 76 дотор бараг 50 нь байгаа. 26 нь гайгүй шүү. Сайн хүн олж сонгодог нутгийн сонгогчдод баяр хүргэмээр байгаа юм. Жишээ нь: Ганбаатарыг сонгож чадсан Дарханыхан, Даваасүрэнг сонгож чадсан Хөвсгөлийнхөн бол үнэхээр шилэн сүүний сав өгөх нь үү гэж горьдож биш, энэ Хөвсгөлийн ард түмэн, түүгээр үл барам монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллах цээнд хүрчихсэн ийм хүүхдүүд байна шүү, тархи зүрх хоёр нь гэдгийг таньсан байна. Харин тэгээгүй чоно, гахайн эрлийз, нэгдүгээр зэргийн луйварчид хуулийн дархлаагаар миний төрийн ордныг олон жил бумбадан бузарлалаа, одоо эднийг цэвэрлэх цаг нь нэгэнт болчихсон шүү. Хамгийн сайн цэвэр арга бол сонгуулиар л цэвэрлэх. Энэ хэрийн гэгээн ухаан ард түмэнд минь бий гэж итгээд л, байх болтугай гэж ерөөгөөд л сууж байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин