
"Хааны эрэлд-2016 сургуулийн хүрээнд гадаадын орнуудын цэргийн алба хаагчид Монголын хүүхэд, багачуудад дотуур байр барьж өглөө.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь“Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 онд анх удаа хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж, 2006 онд олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болон зохион байгуулж байна. Сургуулийн хүрээнд болдог барилгын хамтарсан ажиллагаа энэ жил Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 4 дүгээр сургуулийн дотуур байр шинээр барих байв. Дотуур байрны барилгыг АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны 3 дугаар сараас ажлаа эхлүүлсэн. Сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд АНУ, БНЭУ болон Сингапур Улсын цэргийн инженер, барилгачид мөр зэрэгцэн хамтран ажиллаж барилгын ажлыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа нь энэ. Дотуур байрыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Ази-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга, хошууч генерал Григори Билтон, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарын албаныхан, БХЯ, ЗХЖШ-ын бусад удирдлагууд, сургуулийн хамт олон, сурагч багачууд, барилга гүйцэтгэгч гадаадын цэргийн алба хаагч, нутгийн иргэд оролцлоо. Арга хэмжээг нээж хошууч генерал Р.Сүхбат "Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхээс гаднаорон нутгийн иргэдэд иргэн-цэргийн харилцааг сурталчлан таниулах, бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн томоохон арга хэмжээнүүдийн нэг байдгаараа онцлогтой."Хааны эрэлд-2016”сургалт, дадлагын хүрээнд барилгын хамтарсан ажиллагааг зохион байгуулснаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид мэргэжил нэгт гадаадын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, өөрсдийн мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэн цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд барилга, инженерийн чиглэлээр үүрэг гүйцэтгэх боломж бүрддэг" гэсэн юм. Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ "Хөдөө орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулж ирсэн байна. Барилга байгууламжаа сайжруулсан олон албан байгууллага, ахуй нөхцөлөө сайжруулсан ард иргэд баярлаж талархаж байдгаа одоо ч илэрхийлсээр байдгийг зочид төлөөлөгчид та бүхэндээ дуулгахдаа таатай байна. Нийслэлийн захын дүүргүүд болон зарим орон нутгаас "Хааны эрэлд" олон улсын хүрээнд болдог барилга байгууламжийн ажлаа манайд зохион байгуулаач гэдэг хүсэлтийг тавьж байдаг. Энэ нь та бүхний сайн үйлсийн төлөөх бүтээн байгуулалтад ард иргэд сэтгэл дүүрэн, баяртай байдгийн илэрхийлэл. “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын хүрээнд зохион байгуулагдсан барилгын хамтарсан ажиллагааг амжилттай зохион байгуулахад их хувь нэмэр оруулсан Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, ялангуяа Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын удирдлагад Батлан хамгаалахын сайдын зөвлөл болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай харилцан туршлагаа солилцож, Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, багачуудын сурч боловсрох ая тухтай нөхцлийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсан гадаадын цэргийн алба хаагчиддаа талархаж байгаагаа илэрхийлье" гэсэн. Мөн аймгийн Засаг дарга баярлаж буйгаа илэрхийлж байв.
Тус сургуулийн захирал Ө.Уртнасан "Манай сургуульд дотуур байр огт байгаагүй. Аймгийн маань захын сумдын хүүхдүүд суралцдаг болохоор дотуур байргүй байсан нь хамгийн том хүндрэл байлаа. Гэтэл аз таарч гэмээр "Хааны эрэлд" сургуулийн хүрээнд ийм сайхан дотуур байр барьж өгч байгаад үнэхээр их талархаж байна. Одоо ах, дүү хамаатан садан, айлд байдаг сурагчид маань орчин үеийн шаардлага хангасан байрандаа орохдоо баяртай байна. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ажилтан алба хаагчдынх нь хүүхдүүд манай сургуульд суралцдаг. Тэр талаас нь энгийн малчин ард иргэд төдийгүй алба хаагчдынхаа үр хүүхдүүдийн сурч боловсрох ая тухай орчинд нь анхаарч ажилласан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад талархаж байна. Манай дотуур байрны хоёр өрөөг Зэвсэгт хүчний 016 дугаар баригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр тохижуулж өгсөнд мөн талархал илэрхийлье" гэсэн юм.
Шинэ баригдсан дотуур байр нь сурагчдын байр, гал тогоо, номын сантай төдийгүй бохир, халуун устай холбогдсон орчин үеийн барилга юм.