
Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол Улсад Их барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү 90 жилийн талаас илүү хувьд нь буюу хагас зуун жил энэ салбарын хөгжил, цэцэглэлтийн төлөө зүтгэсэн туршлагатай ахмад удирдан зохион байгуулагчдын нэг Оргийн Мэлсчо-г “Амьдралын тойрог” булангийн зочноор урьсан юм.
МОНГОЛД ГАНЦХАН БАЙДАГ ХОВОР НЭРТЭЙ ХҮН
Их барилгын салбарт хагас зуун жил зүтгэсэн тэрээр өнөөдөр зөвлөхөөр ажиллаж байна.
Манай нийтлэлийн баатар содон нэртэй. Содонгоор тогтохгүй Монголд ийм нэртэй хүн ганцхан байдаг юм байна. Тиймээс уулзсан хүмүүс хамгийн түрүүнд нэрийнх нь учир, утгыг илүүтэй сонирхдог болов уу. Нэрийнх нь тухай сонирхвол тун дурамжхан “Өнөө цагт тэрийг ярих хэрэг байна уу даа, нэрнээсээ эхлээд хувьсгалч энэ тэр гээд гээд шүүмжлэх хүн л гарна биз” гэснээс өөрийг хэлсэнгүй. Харин гэргий Л.Чимэддорж “Манай хүн чинь айлын өргөмөл ганц хүү. Аав, ээж нь гэр бүл болоод 10 жил болоход хүүхэд гараагүй юм гэнэлээ. Хүнээс ганц хүү өргөж аваад аав нь хорвоод хосгүй нэр өгнө гээд ингэж нэрлэсэн гэдэг. МЭЛСЧО гэдэг нь товчилсон нэр. Задалбал,
МАРКС+Энгельс+Ленин+Сүхбаатар+Чойбалсан+Орги гэсэн утгатай. Орги гэдэг нь манай хүний аав нь. Уг нь Сталины нэрийг оруулж, С үсэг хоёр байсны нэгийг бага ангийн багш нь “Яасан олон гийгүүлэгч вэ” гээд дарчихсан юм гэдэг. Дээхнэ үед манай хүний нэрийн тухай хүмүүс сонирхож, ном, сонинд бичсэн нь олон. Чехийн нэрт эрдэмтэн, монгол судлаач Иржи Шима гуай хүртэл өвөрмөц нэрийн тухай бичсэн байдаг. 1990-ээд онд “Үр хүүхэддээ хүртэл ийм балай нэр өгч байж” гэж ирээд шүүмжлэх хүн ч байсан. Ижий, аавын өгсөн нэр ямар буруу байхав дээ” хэмээн бидэнтэй хуучилсан юм.
О.Мэлсчо гуай Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрж, өссөн тэндхийн уугуул. 1965 онд Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуулийг, 1970 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг, 1985 онд Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. Барилгын технологи-инженерийн мэргэжилтэй, улс төр- эдийн засгийн ухааны дээд боловсролтой хүн юм.
Гэргий Л.Чимэддорж нь Монгол Улсын гавьяат багш. Нийслэлийн физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд багшаас захирал хүртэл ажиллаж байгаад өдгөө гавьяаныхаа амралтад гарчээ.
Оюутны амралтаар гэргийтэйгээ.
Гэрэл зургийн цомог эргүүлжээ суутал тэдний сурагч формтой хөөрхөн зураг гарч ирсэн нь 10 жилийн анхны үерхэл нь амьдрал болж өдөлж дээ гэсэн гэгээн бодол төрүүлэхүйд асуувал гэргий Ч.Чимэддорж нь “Бид 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Хоёулаа сургуулийн онц сурлагатан байлаа. Есдүгээр ангиасаа эхэлж үерхсэндээ. Тэр үед багш нар загнаад, ээж аавд очоод хэлчихдэг их хэцүү байсан. Наад зургийг чинь аймгийн төвд хулгайгаар ирж авахуулж байлаа шүү дээ” хэмээн инээж байна. Тэднийх дөрвөн хүүхэдтэй, өдгөө том хүү М.Мэнд-Очир нь цахилгаан холбооны инженер, бага хүү М.Мэндбаяр нь уулын ашиглалтын инженер, охин М.Мэндсайхан нь архитекторч, М.Мэндгэрэл нь их эмч мэргэжил эзэмшин тус тусын салбарт ажиллаж яваа. Арваад ач зээгээр бүл нэмж Мэлсчо гуайнх өнөр өтгөн бүл болжээ.
О.Мэлсчогийнх хоёр охин, хоёр хүүтэй, 10 гаруй ач, зээтэй өнөр өтгөн гэр бүл юм.
ШИНЭХЭН ТӨГСӨГЧ АЖЛЫНХАА ГАРААГ ЯАМНААС ЭХЭЛЖЭЭ
Нийтлэлийн баатрын маань ажил хөдөлмөрийн эхний гараа 1970 онд Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны мэргэжилтнээс эхлэж, улмаар хэлтсийн дарга, газрын орлогч, Улсын барилгын хорооны орлогч дарга бөгөөд Барилгын материалын үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын дарга, 1990- ээд оноос Улаанбаатарын Байшин үйлдвэрлэх II комбинатын дарга, “Улаанбаатар -БҮК” ХК-н гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга хүртэл ажилласан юм. Тэрээр 2007 онд гавьяаныхаа амралтыг авсан боловч зүгээр сууж чаддаггүй хүн бололтой. Хувийн жижиг компани ажиллуулж, орон сууцны барилга барьж, өдгөө Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоондоо зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. “Таныг гадаадад сургуулиа төгсөөд ирэхэд шууд Яамны аппаратад томилж ажиллуулсан байх юм.Тэр үед дөнгөж төгсч ирсэн хүн болгонд ийм боломж олдож байгаагүй байхаа” хэмээн сонирхвол “Тиймээ, би сургуулиа төгсч ирмэгц шууд яаманд мэргэжилтнээр томилогдож байсан. Шинэ төгссөн залуусыг эхлээд үйлдвэрлэлд голдуу анхан шатны нэгж дээр ажиллуулж дадлагажуулдаг байсан. Миний хувьд дадлага туршлагатайдаа биш, цаашид өсөх боломжтой гэж их итгэл хүлээлгэсэн хэрэг байсан байх. Тэр цагаас хойш, өдгөө 50-иад жил өнгөрч дээ” гэж дурсав. Ер нь шамдан байж асуухгүй л бол дуугүй талдаа хүн юм.
Энэ салбарын түүхийг онгичжээ суухад О.Мэлсчо хэмээх энэ эрхмийн улсад ажилласан 50 шахам жилийн ихэнх хугацаа Барилгын материалын үйлдвэрлэлийг бие даасан салбар болгон бэхжүүлэх үйлст зарцуулагдсан байх юм. Тиймээс энэ салбарыг хөл дээр нь босгоход үлэмж хувь нэмрээ оруулж чадсан Монголын барилгын салбарын ахмад туршлагатай удирдах ажилтан гэж зүй ёсоор үздэг гэсэн мөрүүд цагаан дээр хараар бичээстэй байна. Энэ хагас зуун жилд түүний хийсэн, бүтээснийг сонирхвол өнгөрсөн зууны 1970-1980-аад онтой холбогдоно. Тухайн үед улс орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе таарч, үйлдвэржүүлэлт, их барилгын бүтээн байгуулалт эрчимжиж байсан цаг. Их бүтээн байгуулалт нь барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжилд гол түлхэц болж байв. 1970-аад оны эхэнд манай улс барилгад шаардагдах үндсэн материалуудын дийлэнх хэсгийг гадаадаас авч байсан. Иймд энэ салбарын өмнө ойрын ирээдүйд барилгын гол материалуудыг дотооддоо үйлдвэрлэж, их барилгын хэрэгцээг хангах зорилт тавигдаж байжээ.
Тэр үеийн түүх сөхвөл:
-Геологчдын туслалцаатайгаар, монгол орны нутаг дээрх барилгын материалын, эрдэс түүхий эдийн гол, гол орд, нөөцийг үндсэнд нь тэр үед тогтоосон.
-Үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажил нь хуучин үйлдвэрүүдийг шинэчлэн тоноглох, өргөтгөх, шинээр үйлдвэрүүд барих гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдсан.
-1980-аад оны дунд үе гэхэд, эх орны төвийн бүсэд, барилгын үндсэн материал болох тоосго, цемент, шохой, эрдэс хөвөн, керамзит, дүүргэгч материалын орчин үеийн шинэ, шинэчлэгдсэн үйлдвэрүүд бий болсон. Аймгуудад ч, тоосго, бетон, шохой зэрэг материалууд үйлдвэрлэдэг болсон.
- Ингэснээр барилгын материалын салбар бүрэн бие даан бэхжиж, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтээрээ түүхэн хөгжлийн хугацаандаа хамгийн дээд хэмжээнд хүрч, улс орны барилгын салбарын дотоодынхоо хэрэгцээг гол нэрийн материалаар бүрэн хангаж, түүний 30 орчим хувийг экспортлох болсон зэрэг хуудсууд хөвөрч байна.
Энэ бүхэнд О.Мэлсчо гуайн оруулсан хувь нэмэр их атал “Энэ нөр их үйлст, мятрашгүй хамтран зүтгэж байсан олон сайхан нөхдийн хүчин чармайлт, төр засгийн найдвартай дэмжлэгтэйгээр бүтээн байгуулж явсандаа би сэтгэл хагалуун байдаг” гэсэн цөөн үгээр товчлох.
БАРИЛГАА, МЭРГЭЖЛЭЭ ОРХИОГҮЙ 1990-ЭЭД ОН
Зах зээлийн нийгэмд шилжих үед барилгын салбар хөл алдсан, үүнийг хүн бүр мэднэ. Манай нийтлэлийн баатар тэр үеийг хэрхэн давж гарч, барилгаа, мэргэжлээ орхилгүй явж ирэв гэдэг нь онцлон сонирхох сэдвийн нэг байлаа.
Тэрээр энэ тухайд “Зах зээлийн нийгмийн талаарх төсөөлөл, ухагдахуун муу байснаас, улс орон даяар нийгэмд хүнд туссан. Манай барилгын салбар ч ялгаагүй ихээхэн барьц алдсан. 1990-ээд оны үед, миний бие төвийн бүсийн болон нийслэлийн орон сууцжуулах гол үйлвэрлэлийн бааз болж байсан “Улаанбаатарын Байшин үйлвэрлэх II комбинат”- ын даргаар ажиллаж байлаа. Их бүтээн байгуулалтын салбар тул, үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтаар хангаж байж, барилгын үйлдвэрлэл жигд үйл ажиллагаатай явагддаг. Гэтэл улс оронд ийм боломж байхгүй болсноос, их барилгын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орсон. Миний хувьд ажил амьдарлынхаа дийлэнхийг өнгөрүүлсэн их барилгаа түшихээс өөр яах билээ.Эцсийн дүнд, эзэмшсэн мэргэжил маань“тэжээх” юм даа” хэмээн хуучилж сууна.
Түүний хувьд 1990 оноос Улаанбаатарын Байшин үйлдвэрлэх II комбинатыг Монголын талд шилжүүлэн авсаны дараа даргаар очсон байдаг. Зах зээлд шилжсэн эгзэгтэй хүндхэн үед яаж ажиллав гэдэг бас л сонин. Тухайн үед үйлдвэрийг монгол мэргэжилтнүүд бие даан эзэмших, байгууллагыг санхүү, эдийн засаг, аж ахуй, зохион байгуулалтын хувьд бүрэн бэхжүүлж тогтворжуулахад гол анхаарлаа төвлөрүүлж байж. Улс орны эдийн засаг хямарч, дотоодын үйлдвэрүүд нэлэнхүйдээ зогсонги байдалд орж байсан хүнд үед тус хамт олны бүлээлч зүтгэл, идэвх санаачилгын дүнд байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоолгүй давж чадсан байна. Ингээд улсаас ямар нэгэн зээл тусламж авалгүйгээр 20 шахам жил тасралтгүй ажиллаж, 1990-1996 онд жил бүр 20-60 сая төгрөгийн, 1997-2005 онд жил бүр 100-аад сая төгрөгийн ашигтай ажиллаж дүүргийн хэмжээнд татвар төлөгч тэргүүний байгууллагаар хоёр удаа шалгарсан байдаг.
Улаанбаатарын Байшин үйлдвэрлэх II комбинат 1990 оноос хойш барилгын томоохон компаниудтай хамтран, Нийслэл хот, төвийн бүсийн орон сууцны барилга байгуулалтад багагүй хувь нэмрээ оруулжээ. Энэ үед удирдлагын зүгээс үйлдвэрлэлийн зарим техник технологийг өөрчлөн шинэчлэх санал төслүүд хийгдэж хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гарцыг хайжээ. Тухайн үед барилгын салбарт хөрөнгө оруулалт бараг зогссон ч, манай компани орон сууцны үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бага боловч үргэлжлүүлсний зэрэгцээ үйлдвэрлэлийн техник технологид зарим өөрчлөлт хийж авто болон төмөр замын, инженерийн барилга байгууламжийн хийц, эдлэл үйлдвэрлэх болсон, барилгын зарим туслах үйлдвэрийн ажлыг ч эрхлэн явуулж байсан байна.
Хэдийгээр захиалга, үйлдвэрлэл эрс багассан ч гэсэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод угсармал орон сууц баригдсаар байсны зэрэгцээ гадаад орнуудын хөрөнгө оруулалтаар баригдсан, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын телефон шугам сүлжээний болон Монголын төмөр замын инженерийн барилга байгууламжийн шинэчлэлт, Улаанбаатар хотын авто замын, Зүүн аймгуудын телефоны шугам сүлжээний шинэчлэл, Буянт –Ухаагийн нисэх онгоцны буудлын цаашлаад Улаанбаатар, Эрдэнэт хотуудын 10 гаруй дунд сургуулийн барилгын өргөтгөл зэрэг томоохон барилга байгууламжид захиалгаар бүтээгдэхүүнээ хугацаанд нь бүрэн нийлүүлж чадаж байсан нь энэ салбар чадварлаг удирдагчтай, хамт олон нь бүтээлч, хамтын хөдөлмөрт нэгдэж чадаж байсны илрэл биз ээ.
ХЯМРАЛЫГ ТЭГЖ ДАВСАН, ИРЭЭДҮЙГ ИНГЭЖ ХАРЖ БАЙНА
Зах зээлийн шилжилт эхлэсэн хүндрэлтэй үед бизнесийн үйл ажиллагааг эрхэмлэхийн зэрэгцээ ажиллагсдынхаа нийгмийн асуудалд яаж хандаж байв” гэсэн асуултад О.Мэлсчо гуай хариулахдаа төгсгөлд нь ингэж хэлнэ лээ. Тэрээр тухайн үед туслах аж ахуй хөгжүүлэх, ажиллагсдаа тусгай унаагаар зөөвөрлөх, өдрийн хоолны үнийн 50 хувийг байгууллагаас гаргах , шөнийн ээлжийн ажиллагсадыг байгууллагын зардлаар хооллох, амралт баяр ёслолын өдрүүдийн ажлын хөлсийг хоёр дахин олгох, эрүүл мэнд хөдөлмөр хамгааллын арга хэмжээг байгууллагаас санхүүжүүлэх замаар ажилчдынхаа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж 100 шахам өрхийг орон сууцтай болгожээ. Бас ажиллагсдын дундаж цалин, хөдөлмөрийн бүтээмжийн түвшинг барилгын салбарын дунджаас ямагт дээгүүр хэмжээнд байлгаж чадсан. Туслах аж ахуйгаа бэхжүүлснээр 2000 оны дунд үе гэхэд манай компанийн малын тоо хагас мянга давж, хоолны газрын хэрэгцээгээ өөрийн аж ахуйгаас хангаж байсан. Үйлдвэрийн тохижилтод анхаарал хандуулж орчноо зүлэгжүүлэн жимсний бут, мод ургамал тариалж дүүрэгтээ төдийгүй нийслэлийн хэмжээнд дээгүүр байр эзлэх болсон зэргийг тухайн үед гар нийлэн ажиллаж ирсэн хамт олны дурсамж, тэмдэглэлд олонтаа дурдагджээ. Харин үүнийгээ тэрээр “Тэр үедээ л бусадтай харьцуулж ярьж байгаа болохоос өнөөгийн нөхцөлд бол нийгмийн асуудлыг ингэж шийдэх нь чухал биш сэдэв болсон...” гэж байна.
Ер нь бол зах зээлийн нийгэмд олон байгууллага үүд хаалгаа барьсан. Тухайлбал, барилгын материалын салбарт “хүнд” туссан.Улаанбаатарт Ханын материалын комбинат, Керамик эдлэлийн үйлдвэр, Эрдэс будгийн лабратори, Дарханы Керамзитын үйлдвэр, Чулуу бутлан ангилах үйлдвэр /карьерийн аж ахуй/, Чулуу боловсруулах үйлдвэр, аймгуудад тоосго, блокны жижиг үйлдвэрүүд, Барилга үйлдвэрийн баазууд үндсэндээ устаж үгүй болсон. Дархан, Хөтлийн цементийн үйлдвэрүүд гэхэд л төслийнхөө хүчин чадлын маш өчүүхэн хэсгийг ашиглах болсон. Ингэснээр манай улсад 1970-1980-аад онд техник технологийн өндөр түвшинд ашиглаж байсан барилгын материалийн үйлдвэрийн бааз ихээхэн суларсан нь маргашгүй үнэн. Тэгвэл шинэ зууны эхнээс, улс орон даяар хувийн хэвшлийн бизнес цэцэглэж, түүний дүнд, барилгын үйлдвэрлэлийн гол материал болох цемент, бетон, ханын материалын жижиг, дунд үйлдвэрүүд олноор бий болж байна. Барилгачид цемент, тоосго, блок, дулаалгын хөвөн, хөөсөнцөр зэрэг гол материалуудыг урд хөршөөс зөөх шаардлагагүй болж байна. Үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанарын түвшингийн хувьд ч өнөөгийн шаардлагад нийцэх болсон. Тэгвэл ирээдүй рүү харсан бодлогын тухайд энэ салбарын ууган удирдагчдын нэг О.Мэлсчо гуай “Цаашид манай барилгачид, бизнесменүүд, барилгын арматур, заслалын болон өнгөлгөөний материалууд, сайн чанарын шал, цонх, хаалганы үйлдвэрлэлийг эх орондоо эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй”-г онцолж байлаа.
Барилгын салбар дахь өнөөдрийн топ сэдвээр түүнээс цөөхөн асуултад хариу авмаар санагдав. Тэрхүү санаа авмаар чамбай хариултуудыг тоймлон хүргэе.
-Өнөөдөр барилгын гол араг ясыг бетон, арматур хоёроор л босгож байх шиг, Арматурын чанар ямар байгаа вэ. Дарханы арматур, Хятадынхаас үнэ, чанарын хувьд хэр ялгаатай вэ?
-Тийм ээ, өнөөдөр манай оронд барилгын гол даацын бүтээцийг арматур, бетон хоёроор л хийж байна. Барилгын даацын бүтээц нь цаашид барилгыг бүхэлд нь гадны нөлөөлөлд оруулахгүй барьж байх үндсэн тулгуур хэсэг нь, монгол гэрээр жишихэд, “хана, унь, тооно, багана” нь юмдаа.Иймд даацын бүтээцэд хамгийн чанартай материал хэрэглэх шаардлагатай. Арматурыг Хятад улсаас авч хэрэглэж байна. Дарханы арматур харьцангуй бага хэрэглэгдэж байгаа нь үйлдвэрлэн гаргадаг хэмжээ бага, нэр төрөл цөөн хэрнээ чанарын хувьд гайгүй байх шиг байна. Барилгын арматурын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг өргөтгөн, барилгад нийтлэг хэрэглэгдэж байгаа даацын болон холболтын арматурыг бүрэн гаргадаг болох хэрэгтэй. Ийм боломж байгаа.
Цементийн хувьд сүүлийн жилүүдэд технологийн хуурай аргын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж дотоодын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ.
Сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр барих гээд байдаг боллоо. Энэ нь дотооддоо хэрэгцээгээ хангах зорилго уу. Эсвэл зах зээлээ Хятадад алдчих вий гэсэн болгоомжлол уу. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Манай улсын статистик мэдээллээс харж байхад, “Эрэл” компани, Дарханы цементийн үйлдвэр , Налайх дүүргийн “Налгар түшиг” компаний цементийн хоёр үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлбэр дүнгээрээ 100 мянган тонн орчим байна. Харин шинээр өргөтгөл хийсэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүч чадалтай Хөтөлийн Цементийн үйлдвэр, Дорноговь аймгийн Өргөн сум, Төв аймгийн Сэргэлэн сумд баригдаж ашиглалтад орж байгаа нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаж улмаар илүүдэл цементээ экспортод гаргах боломжтой болж байгаа нь сайн хэрэг. Шинэ үйлдвэрүүдийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, техник технологийн өндөр төвшинд барьж байгуулах хэрэгтэй. Манай орон, цементийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдээр /шохойн чулуу, шавар г.м/асар их нөөцтэй нь олзуурхууштай. Иймд шинээр цементийн үйлдвэрүүд барьж байгуулах эрмэлзлэл нь барилгын салбарын үндсэн гол материал болох цементээр бүрэн хангаж, гадаадаас хараат бус болоход чухал “санаа” мөн шүү. Ер нь цаашдаа, улс оронд маань геологи хайгуул, уул уурхай, зам харилцааны барилга, байгуулалт өргөжих хандлагатай байгаа болохоор өрөмдлөгийн ажил, газар доорх барилга, байгууламж, замын болон гидротехникийн /усан цахилгаан станц, далан суваг г.м/ зориулалттай тусгай чанарын цементүүд дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.
-Барилгын үндсэн түүхий эд материалын хувьд өөрөө өөрийгөө хангах боломж бий гэж та үзэж байна уу?
-Тиймээ,цемент, дүүргэгч материал /элс, хайрга, дайрга, перлит, керамзит г.м/, тоосго, блок, арматур, дулаалгын материал /чулуу, хөвөн/ нь барилгын үндсэн материалд тооцогддог.
Арматураас бусад энэ материалуудыг нэмэгдүүлж, хэрэглээг зохицуулах журмаар, барилга байгуулалтын хэрэгцээг бүрэн хангах боломжтой.
Арматурын хувьд ч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт, тухайлсан технологийн зохицуулалт, нэмэлт тоноглол хийснээр үйлвэрлэлийг нэмэгдүүлж хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.
-Та Дорноговийн хүн, танай аймаг барилгын эрдэс түүхий эдээр баялаг гэсэн байхаа?
-Тийм шүү, Дорноговь аймгийн нутагт, одоогийн байдлаар мэдэгдээд байгаа нь л гэхэд, шохойн чулуу, шавар, байгалийн хатуулаг чулуу, гөлтгөнө, доломит, галт уулын шаарга зэрэг барилгын бараг бүх үндсэн материалын гол эрдэс, түүхий эдийн орд, илэрц олон бий.
-Зарим ордыг нь түшиглэн Өргөн, Даланжаргалан сумдад цементийн томоохон хоёр үйлдвэр баригдаж, ашиглалтад орж байна.Гөлтгөнө, доломитын ордуудыг 1980-аад оноос ашиглаж байгаа.
-Монголын төмөр замын балласт давхаргад ордог өндөр хатуулагтай чулууны орд, зөвхөн манай аймагт байдаг бөгөөд үүнийг 1950-иад оноос эхлэн эдүгээ хүртэл ашиглаж байгаа.
- Одоо хүн амыг тохилог орон сууцаар хангах ажил маш чухал. Орон сууцны 5- 8 хувийн хүүтэй зээлийн талаарх таны санал, бодол?
-Үнэхээр, ард олны, ялангуяа төвлөрсөн суурин байршилтай айл өрхүүдийг тохилог орон сууцаар хангах явдал онцгой чухал. Манайд энэ ажлыг эхлээд, харьцангуй их удаагүй ч, сүүлийн жилүүдэд, төр засгаас их анхаарч байна. Харин цаашид барилгын өртөг үнийг бууруулах талаар, манай барилгын байгууллагууд, орон нутгийн удирдлагын зүгээс анхаарч үзүүштэй гэж мэргэжлийн хүний хувьд бодож байна. Төр, засгийн зүгээс ч, орон сууцны зээлийн хүүг бууруулах талаар бодлогоо тасралтгүй явуулах байх гэж боддог.
-Ер нь өнөөгийн барьж байгаа барилгын талбайн үнэ хэр бодитой вэ?
-Өнөөгийн шинэ орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа тал бий. Гэхдээ орон сууцны үнэ нь, чанар тохижилт, байршил, тав тухтай,аюулгүй байдлаас шалтгаалах учиртай. Гэтэл энэ нөхцөл төдийлэн хангагдахгүй байх шиг. Өнөөдөр хотын захын алслагдсан дүүрэгт сондгой баригдсан орон сууцны үнэ, хотын төвд баригдсан орон сууцны үнэ хоёрын хооронд онцын ялгаа байхгүй байдаг нь хэр зөв шийдэл вэ, гэдгийг бодмоор...Өндөр үнэтэй орон сууцнууд нь, чанар сайтай, тохилог тансаг байхын зэрэгцээ, иргэдийн амьдрах бүхийл таатай нөхцлийг / орчны тохижилт, хүүхэд, настны зугаацах нарлах талбай, автомашины чөлөөтэй орц, гарц, зогсоол, гараж, гэрэлтүүлэг,аюулгүй нөхцөл, агаарын цэвэршилт, сургууль цэцэрлэг, дэлгүүр, үйлчилгээний газрын зохистой байршил г.м/ бүрэн хангаж байвал сайнсан.
-Орон сууцны өртөг, үнийн түвшинд барилгажуулахаар олгож байгаа газрын үнэ, барилгын материал, машин техникийн түрээсийн үнэ, гадаадын ажиллах хүчний ажлын хөлс, байнга өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний зардал гээд гадаад нөлөөлөл бас багагүй бий л дээ.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар танаас асуумаар байна?
-Энэ чиглэлээр Нийслэлийн удирдлагын явуулж байгаа бодлогыг би дэмжиж байгаа. Нийслэлийг утаанаас ангижруулах, агаарын бохирдлыг бууруулах оновчтой шийдлүүдийн нэг нь гэр хорооллыг барилгажуулах арга хэмжээ зайлшгүй мөн.Хотын тохижилт, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад ч чухал нөлөөтэй.
Харин хотын алслагдсан захын гэр хорооллын дахин төлөвлөлийн асуудлыг шийдэхдээ тэр болгон олон давхар орчин үеийн орон сууцны хороолол болгох боломж муутай тул, хашаа гудамжийг нь цэгцэлж, нэгэн жигд тохижуулан, нэгээс хоёр давхар /усан хангамж, төвлөрсөн халаалттай/ орон сууцны хороолол байгуулж, амралт зугаалгын бүс, нэгдсэн худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хамт иж бүрэн шийдвэл оновчтой болох юмдаа гэж боддог.
Нийслэлийн маань энэ шинэ туршлагыг хөдөө орон нутагт /аймаг, сумын төвүүдэд/ авч хэрэгжүүлбэл зохилтой. Сүхбаатар зэрэг зарим аймагт ийм ажлын эхлэл тавигдаж байгаа нь нэн сайшаалтай.
Оюутны ширээний араас дөнгөж босоод их барилгын салбараас ажлын гараагаа эхэлж, өдгөө хагас зуун жил зүтгэж яваа хөдөлмөрийн хүний тухай нийтлэл сурвалжлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Зүтгэсэн, хийсэн, бүтээснээ даруухан дурсах, харин тарьсан модынхоо тухай баяр хөөртэй нь аргагүй хуучлах нийтлэлийн гол баатар маань өдгөө гэргийн хамт Яргайтын богинын аман дахь зусландаа тарьсан моднуудаа арчлан, жимсний бутнуудаа услаж яваа биз ээ. 2007 оноос эхлэн эндээ чацаргана, үхрийн нүд, мойл, нохойн хошуу, тэхийн шээг, хус, шинэс зэрэг 100 гаруй төрлийн мод тарьсан нь сайхан ургажээ. Түүний зэрэгцээ хүлмжтэй болж, амтат чинжүү, өргсөт хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ тарьж, үр ач наара байгаль хамгаалах чиглэлээр мэдлэг дадлага эзэмшүүлж, намартаа 50-60 кг жимс хураан авч, бас нарийн ногооныхоо хэрэгцээг хангах болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин