Г.Баярсайхан: Японд илгээх дадлагажигчийн тоог нэмэхээр болсон

2016-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-18-нд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.

-Япон улсад хийсэн айлчлал хэр үр дүнтэй болсон бэ?

-Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, Япон улс хоорондын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээсэн хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэлээ. Хоёр улсын хооронд 23 жилийн өмнөөс хэрэгжүүлсэн “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн өгөөжийг нэмэг­дүүлэх, дадлага­жиг­чийн тогтолцоог үр дүнтэй ашиглах, хүрээг өргөжүүлж  дад­лагажигчдын тоог нэмэг­дүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг асуудлаар Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозаки, Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага /JITCO/-ын ерөнхийлөгч зэрэг хүнтэй уулзаж ярилцлаа. Уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээ хэлэлцээг амжилттай хийлээ.

-Манай улсаас Японд дадлагажигчаар хэр олон хүн ажиллаж байгаа вэ. Цаашид ямар салбарт нь нэмэгдүүлэх боломжтой вэ?

- Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага   манай улсаас дадлагажигч хүлээж авах ажлыг хариуцдаг. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд JITCO-гийн гишүүн байгууллагуудад монгол залуусыг ур чадвар эзэмшүүлэхээр зуучилдаг юм.

Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч  Казухиро Сүзүкитэй уулзаж хоёр улсын хооронд дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжсэн 23 жилийн хугацаанд жил бүр илгээж буй дадлагажигчийн тоо нэмэгдээгүй төдийгүй хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, жилд илгээх дадлагажигчийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүссэн.  Манай улсаас 1992-2015 онд 4252 иргэн тус улсад дадлагажигчаар ажилласны дотор өнгөрсөн онд 336 хүн уг хөтөлбөрт хамрагдсан. Өнөөдрийн байдлаар Японы үйлдвэрүүдэд манай 600 гаруй залуус ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа юм.

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас  2015 оны гуравдугаар сард манай яаманд ирүүлсэн албан бичгээр 2020 онд Токио хотноо болох олимпийн наадмын барилга байгууламжийн ажилд ажиллах хүч авах тухай саналыг уламжилсан. Уг бичигт Японы барилгын салбарт манай улсаас ажиллах хүч авах, ялангуяа өмнө нь JITCO байгууллагын “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийг дахин хүлээн авах, мөн шинээр ур чадварын дадлагажигчдыг түлхүү илгээх асуудалд хоёр тал хамтран ажиллах саналыг манай яам дэмжиж, саналаа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн.  Мөн уг асуудал нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хөндөгдөж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан юм.

Барилгын салбарт гадаадаас ажилтан авах хөтөлбөрийн хүрээнд Япон улсад гурван жилийн хугацаанд барилгын салбарт дадлагажигчаар ажилласан иргэдийг хамруулахаар заасан. Манай орны тухайд голчлон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажигч илгээсэн. Дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил, чанарын хяналт, ажилд хандах хандлага нэмэгдсэн. Япон хэл, ёс заншил, улс орны талаарх ойлголт мэдлэг нь дээшилсэн тул “Токио-2020” барилгын бүтээн байгуулалтын ажил, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэж үзэж хэд хэдэн саналыг тавьсан байгаа. JITCO байгууллага манай улстай олон жил амжилттай хамтран ажиллаж байгаа учраас бидний саналыг  бүрэн дэмжиж бүх талаар харилцааг өргөжүүлэх боломжтой гэсэн. Мөн энэ үеэр Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага хооронд хүчин төгөлдөр үйлчилж буй Хамтын ажиллагааны санамж бичигт нэмэлт протокол байгууллаа.

-Японд дадлагажиг­чаар ажиллаж байгаа залуустай уулзсан гэсэн. Тэдэнд тулгамдаж байгаа, Монгол талаас дэмжих саналууд хэр байсан бэ?

-Японд дадлагажиг­чаар ажиллаж байгаа монгол залуустайгаа уулзахаар төлөвлөсөн байсан юм. Монголын 600 гаруй залуус Японы өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байна. Тэднээс Токиод ойр гэдгээр нь сонгосон хоёр үйлдвэрт очсон.  Токиогоос хоёр цаг хэртэй явж хүрдэг Сайтама мужид 1956 онд байгуулагдсан “Shibasaki” гэж автомашины тормоз болон шатахуун насосны металл эд ангийг хийдэг үйлдвэрт дөрвөн монгол бүсгүй ажиллаж байна. Дэлхийд нэртэй “Тоёота”, “Хонда” зэрэг автомашины томоохон үйлдвэрийн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Shibasaki” компани АНУ, Тайланд, Хонконг төдийгүй Монголд ч өөрийн гэсэн салбартай. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа бүсгүйчүүдийн хоёр нь дадлагажигчийн хугацаа дуусч ирэх намар эх орондоо ирэх юм байна. Тэдний оронд дахин монгол хүн авна гэсэн бодолтой байгаагаа компанийнхан хэлсэн. Дараагийн очсон “Nibоri” компанийн үйлдвэр мөн л дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгчдийн захиалгаар машины суудал хийдэг юм байна. Арваад монгол залуу ажилладаг. Энэ үйлдвэрийн хувьд олон жилийн турш Монголоос дадлагажигч авч байгаа гэсэн. Үйлдвэрийн нарийн дамжлагууд дээр залуусыг сургаж хаа ч гологдохгүй мэргэжлийн ур чадвартай болгож буй гэдгээрээ компанийн захирал бахархаж байсан. Тэнд дадлагажсан залуус Монголд амжилттай ажиллаж байгаагаа эргээд дуулгадаг, холбоо харилцаатай байдаг юм байна.

-Айлчлалын үеэр Японд Хөдөлмөрийн форумыг анх удаа зохион байгуулсан гэсэн. Форумын ач холбогдол, цар хүрээ хэр өргөн далайцтай болов ?

-Монгол Улсын Хөдөлмөрийн яам Япон улсад анх удаа “Хөдөлмөрийн форум” зохион байгууллаа. Форумд оролцох урилгыг урьдчилан тарааж, оролцох хүсэлтэй хүмүүсийг цахимаар бүртгэсэн. Гэтэл яг форумын өдөр “Шидакс” соёлын төвийн танхимд сул суудал олдохоо больж улмаар гаднаас нэмж сандал авчирч зочдоо багтаасан. Энэ нь Монголтой хөдөлмөрийн салбарт хамтарч ажиллах хүсэл сонирхол Японы аж ахуйн нэгжүүдэд нэлээд өндөр байгааг илтгэсэн үзүүлэлт хэмээн форумыг хамтран зохион байгуулсан Токио дахь Монголын Элчин сайдын яамныхан хэлж байсан.Форумын үеэр “Монгол Улсын танилцуулга, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил”, “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, манай улсын иргэдийг Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, Японы ур чадварын дадлагажигч хүлээн авагч байгууллагын төлөөллүүд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж цаа­шид анхаарах зүйл тулгамдаж буй асууд­луудаа хэлэлцсэн.

-Японд ажиллах хүч зуучлахад манай улсын хууль эрхзүйн орчин хэр таатай байдаг вэ?

-Айлчлалын томоо­хонд тооцогдох нэг арга хэмжээ бол Япон улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитэй хийх уулзалт байсан юм. Я.Шиозаки сайдад “Ур чадварын дадлагажигч бэлтгэх” хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, дадлагажигчийн тоог нэмэх асуудлаар тодорхой саналаа илэрхийлсэн.

Японд ажиллах хүч зуучлах үйл ажиллагааны явцад ололт амжилт гарч байгаагийн зэрэгцээ янз бүрийн шалтгаантай зөрчил дутагдалтай бид тулгарч байна. Ялангуяа, манай холбогдох эрх зүйн орчин сул, гадаад хөдөлмөр эрхлэлтийн менежмент сул байгаатай холбогдсон саад бэрхшээл байна. Түүнчлэн, илгээгч ба хүлээн авагч байгууллагын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт удаашралтай. Гэтэл Японд ур чадварын дадлага эзэмших хүсэл эрмэлзэлтэй залуучууд их  байдаг.

-Манай улсын дотоодын ажиллах хүчин аль салбарт дутагдалтай байдаг вэ?

-Монгол  Улсад өнгөр­сөн намрын байдлаар нийт 82 орны 16727 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь уул уурхай, олборлох үйлдвэр, авто зам, барилгын салбарт ажилладаг. Энэ нь дотоодын ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар дутагдаж байгаатай холбоотой. Тиймээс  эдгээр салбарын боловсон хүчнийг Япон улсад үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлж, ур чадварыг нь дээшлүүлэхэд Хөдөлмөрийн яам, зуучлагч байгууллагууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай яамнаас Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авсан 30 байгууллага бий. Эдгээр байгууллагын шугамаар 2014 онд 261,  2015 онд 336 иргэн ур чадварын дадлагажигчаар явсан. Манай улсад мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүчин эрэлттэй байгаа салбаруудад ажиллах дотоодын ажиллах хүчнийг бэлтгэхэд  Япон улс манай ойрын түншийн  хувьд анхаарлаа хандуулах талаар тодорхой саналуудыг маань хүлээж авсан. Тухайлбал, Монгол Улсаас ур чадварын дадлагажигчдын тоог ялангуяа, газар тариалан, мэдээлэл технологи, зам гүүр, барилгын салбарт нэмэгдүүлэх, Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нэмэгдүүлэх, гэр бүлээр нь явуулах тал дээр анхаарах. Түүнчлэн ур чадварын дадлагажигчийн гэрээний хугацаанд ажлын байрандаа тогтвортой ажилласан иргэний ур чадварыг үнэлэн баталгаажуулж ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлэхэд хамтарч ажиллахаа Я.Шиозаки сайд илэрхийллээ. Хамгийн эхэнд хоёр улсын Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын хооронд ажиллах хүчний гэрээ хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор тохирсон.

-Энэ дашрамд танай яамнаас зохион байгуулж буй өргөн хүрээтэй ажлуудын нэг “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийн талаар тодруулаач?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээл, үйлчилгээг олон нийтэд таниулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой“Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын  58 байгууллага тэр дундаа хангайн болон төвийн бүсээс тус бүр найм, говийн бүсээс долоо, зүүн бүсээс дөрөв, баруун бүсээс тав, нийслэлээс 26 МСҮТ, Политехник коллеж, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн­хэн, Хөдөлмөрийн яамны түнш байгууллагууд гээд оролцогч олонтой байлаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчдыг дадлагад суурилан хөгжүүлж, бодит бүтээл, бүтээгдэхүүнийг бий болгож байдгаараа онцлогтой.  Сургуулиудын үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ашиглах багаж, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын салбарт хэрэглэх багаж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тоглоом наадгай, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүнүүд байгаа нь оюутан, залуус, олон нийт, ажил олгогчид болон бизнесийн түншлэгчдийн анхаарлыг татаж байлаа. Үүнээс харахад мэргэжилтэй ажилтан бүр үндэсний баялгийг бүтээгч юм.Үндэсний баялаг бүтээгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвартай болгон бэлтгэхэд мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

-Мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитоор үнэлэх асуудалд салбарын яам ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

-Ажилтай орлоготой монгол хүнийг бий болгоход шинэ ажлын байрнаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийг бий болгох, өрх бүрийн үйлдвэрлэлийг дэмжих, мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх асуудлыг ярих ёстой. Энэ хүрээнд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих“, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж, тодорхой амжилтад хүрч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

13 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

1 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

5 цаг 4 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

13 цаг 24 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

13 цаг 24 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

Өчигдөр 19 цаг 12 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Өчигдөр 18 цаг 18 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

Өчигдөр 18 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Өчигдөр 17 цаг 55 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

Өчигдөр 17 цаг 35 мин