
Б.ЭНХ
Олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэнхэр дуулгатан эрсийг бэлтгэх “Хааны эрэлд” дадлага, сургуулилтыг Монгол Улсын зэвсэгт хүчин Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран 2003 оноос удирдан явуулж эхэлсэн билээ. Энэ ажиллагаа гурван жилийн дараа буюу 2006 оноос олон улсын хэмжээнд болж өргөжин Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээний улс орны зэвсэгт хүчин нэгдэх болсон юм. Ингэж дэлхийн олон улсын цэргийн албан хаагчид Монгол Улсыг зорьж ирэн сургалт, дадлагад оролцох болсноор 10 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл 10 жилийн ойтой, дээр нь НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийг угтсан “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага өчигдөр зэвсэгт хүчний сургалтын Тавантолгой цогцолборт эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч адмирал Харри Харрис, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан болон Монгол Улсад суугаа элчин сайд нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, гадаад дотоодын хүндэт зочид, гадаадын цэргийн аташе нар болон энхийг дэмжих ажиллагааны сургалтад оролцогч улсын цэргийн албан хаагчид оролцов.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хааны эрэлд-2016” сургалт, дадлага олон улсын цэргийн албан хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаан дахь харилцан ажиллагаа, гар нийлэмжтэй байдлыг хангахаас гадна барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж ард иргэдэд туслах, иргэн цэргийн хамтын ажиллагааг сурталчлан таниулах тухай онцлов. Ингэснээр Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг дэмжих, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, сурган дадлагажуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бодит цагийн байдалтай сургалтын орчинг бий болгох зорилтыг ч тэрээр ярилаа.
Энэ жилийн дадлага, сургуулилт өмнөх жилүүдээс оролцогч орон болон сургалтын хөтөлбөр өргөжжээ. Тодруулбал, өмнөх жилүүдэд 23 орны цэргийн албан хаагчид сургалтад оролцохоор ирж байсан бол энэ удаа хоёр дахин нэмэгдэж 47 орны 2000 гаруй албан хаагчид цуглаад байна. Шинээр Балба, Беларусь, Вьетнам, Кени, Малави, Норвеги, Сингапур, Филиппин, Япон зэрэг 20 гаруй орон оролцож байгаа сургалт, дадлагын үйл ажиллагааг Монгол Улс амжилттай зохион байгуулж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон “Өнөөдөр дэлхийн зарим хэсэгт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж, маргаантай зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэж байна. Үүнээс болж мянга мянган хүн амь насаа алдаж, олон зуун хүн орон гэрээсээ дайжиж, олон хүн зовж шаналж байгаа нь эх дэлхийн хүн бүрийн санааг зовоосоор байна. Энэ бүхнийг эвийн аргаар, яриа хэлэлцээрээр шийдэх, хямралыг урьдчилан намжаахаар бүх талаар хамтран ажиллахыг бидэнд сануулсаар байна. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх үйлсэд үүрэг хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхэмлэж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай цэргийн албан хаагчид үүргээ нэр төртэй биелүүлж байна. Энэ жилийн сургалт дадлагыг “Дэлхийн энхийн төлөөх санаачлага” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа нь сайшаалтай. 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа сургалт дадлагад цэнхэр дуулгатны оролцогч орнуудын энхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг дээшлүүлж, Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж хамрах цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн хэмжээнд томоохон ажиллагаа яах аргагүй мөн” гэв. Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээнд анх удаа Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч адмирал Харри Харрис өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байв. Тэрээр “Манай хоёр улсын ардчиллын үндсэн зарчим хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдал хамтын ажиллагаа ижил үнэт зүйлс дээр суурилсан. Дэлхийн аюулгүй байдлын төлөөх үйлсэд Монгол Улс тууштай оролцож байгааг онцолмоор байна. Монгол Улс АНУ төдийгүй НАТО-гийн үлгэр жишээ улс болсон” гэв.
“Хааны эрэлд-2016” дадлага, сургуулилтаар манай улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцож хэд, хэдэн чиглэлээр ажиллах юм. Дээр дурдсанчлан оролцогч болон үйл ажиллагааны чиглэл өргөжсөний дотор шатбын сургалт дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний чадавхийг нэмэгдүүлэх сургалтыг шинээр оруулжээ. Штабын сургалт дадлагыг Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөөх санаачлага” хөтөлбөр, команд штабын сургалт, дадлага, салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтаар үргэлжлэхээс гадна Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн ерөнхий боловсролын сургуулийн 30 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажил, Хан-Уул дүүргийн VII сургуульд эмнэлгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулах ажээ. Цэргийн албан хаагчдын энхийг дэмжих үйл ажиллагааны дадлага, сургуулилт ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин