
Т.ДАЛАЙ
“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн сургуульд зургаан тивийн 2000 гаруй цэргийн алба хаагч оролцох бөгөөд сургууль энэ сарын 22-ноос ирэх сарын 4-ний өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, "Хааны эрэлд-2016" сургуулийн АНУ-ын талын удирдагч болох Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын Олон улсын Сургалтын албаны дарга, хурандаа Карл Магнесон, Монгол талын удирдагч болох Энхийг дэмжих 345 дугаар бригадын захирагч, хурандаа Л.Гансэлэм нар өнөөдөр /05.20 / сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд Бригадын генерал Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 онд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлж байлаа. Хоёр талын хамтарсан сургууль маань 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжөөд байна. Энэ жилийн “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөртэй хамтран 4 удаагийн төлөвлөлтийн шатны хурлаар хэрэгжүүлэн, бэлтгэлийг ханган зохион байгуулахад бэлэн болоод байна. Сургуулийн хүрээнд энхийг сахиулагчдыг бэлтгэх, олон орны цэрэг эрст туршлагааа солилцох боломжийг хангахаас гадна хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж ирснээ онцлох ёстой. 2004 оноос хойш 80.000 гаруй иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулсан бол 2006 оноос барилга инженерийн хүрээнд мөн адил хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа. Хөдөө орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэ нь энхийг сахилах чадвар чадамжаа дээшлүүлэхээс гадна иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан арга хэмжээ юм" хэмээн онцолсон. Үүний дараа сэтгүүлчид хоёр талын сургуулийн удирдагч нараас асуулт асуухад тэд ийн хариулав.
Хурандаа Л.Гансэлэм: Энэ жил 14 улс оролцож байна
-Ази-Номхон далайн бүс нутагт болдог хоёр том сургууль нэгдэж энэ жилийн "Хааны эрэлд-2016" сургууль болж буйгаараа онцлог юм. Өмнөх сургуулиудад оролцож байгаагүй Бразил, Норвеги, Чех, Швед, Малив гэхчилэн 14 улс шинээр нэмэгдсэн байгаа. Африк тивээс гэхэд гурван улс нэмэгдэж оролцож байна" гэв.
Хурандаа Карл Магнесон: АНУ-аас дөрвөн чиг үүрэгтэй алба хаагчид оролцоно
-Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын 300 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Сургуулийн хамрах хүрээ өргөжсөн нь “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” байгууллагын идэвх зүтгэлтэй шууд хамааралтайг онцлох ёстой. АНУ-ын талаас хуурай замын цэрэг, тэнгисийн явган цэрэг болон тэнгис, агаарын цэрэг дөрвөн чиг үүрэгтэй цэргийн алба хаагч оролцож байгаа" гэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, сургалт, дадлагад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцох бөгөөд тус сургалт, дадлагын хүрээнд дараах үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, штабын сургалт дадлагыг Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах, команд штабын сургалт, дадлага, салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын нэгдсэн төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Мөн эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургуульд дээр, мал эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013, 232 дугаар ангийн байрлалд зохион байгуулна. Харин барилгын хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчдын 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тус тус төлөвлөөд байна.
Эх сурвалж:www.polit.mn