
Ц.БАЯР
Бурхан багшийн их дүйчин өдрийг энэ сарын 21 буюу Зуны эхэн сарын шинийн 15-ний билэгт сайн өдөр Буддын шашинт Монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлнэ. Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгийн лам Ц.Алтанхүүтэй уулзаж энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцлаа.
-Бурхан багшийн их дүйчин өдрийг хэзээнээс тэмдэглэх болсон бэ? Танай хийд энэ өдрөөр ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, бурханы хутаг нирваань дүрийг үзүүлсэн ийм гурван үйл давхцсан бэлэг дэмбэрэлтэй өдөр байдаг. Эл өдрийг бурханы шашинтай дэлхийн бүх улс орон болгон тэмдэглэдэг. Одоогоос арван жилийн өмнө НҮБ-аас Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Тиймээс дэлхий даяар тэмдэглэдэг баяр. Бурхан багш 2500 жилийн тэртээ мандан бадарч, дэлгэрсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл улс орон бүр тэмдэглэсээр ирсэн. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван их үйл зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог. Бурханы шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ. Монголчууд бид энэхүү түүхт өдрийг шашин дахин сэргэсэн 1990 оноос хойш " Бурхан багшийн их дүйчин өдөр " нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Тэрнээс өмнө хаалттай нийгмийн нөлөөгөөр тасарсан байсан. Гэхдээ 1970 оны үед тэмдэглэж байсан түүхтэй. Ингээд энэ жилийн Бурханы багшийн их дүйчэн өдөр тавдугаар сарын 21-ний Бямба гарагт тохионо. Сүүлийн үед олон улсын энх тайван, сайн сайхан хүн төрөлхтөнийг эв нэгдэлтэй байхыг бэлэгдэж НҮБ-аас тэмдэглэх тухай тогтоол гаргасан. Азийн орнууд илүү их ач холбогдол өгдөг. Хийд болгон энэ өдөр бурхан багшийн чого хурна. Мөн сүсэгтэн олонтойгоо хамтраад эргэл мөргөл хийх, ном тавих, ном тайлбарлах, зул өргөх, гороо хийх тэргүүтэй зан үйлийг үйлдэнэ. Сүүлийн үед сүм хийдүүд төрийн бус байгууллага болон бусад сайн дурын байгууллагуудтай хамтарч олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, болон Гандантэгчинлин хийдээс Чингисийн талбайд олон төрлийн буяны үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна бясалгалын төвүүд дээр бясалгал хийх, соён гэгээрүүлэх сургалт бурханы номыг тайлбарлан таниулах зэрэг олон зүйлийг хийж байна. Түүнчлэн өглөө эрт олноороо цугларч сожин авах үйлийг хийдэг болсон. Мөн өдөржин сүсэгтэн олон хурал даган баясаж орой нь зул асаах ёслол үйлдэх зэргээр янз арга хэмжээ болно.
-Танай хийд тэр өдөр хэдэн цагаас эхлэх вэ. Мөн сожин авах гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Манай хийдийн үйл ажиллагаа өглөө долоон цагт эхлэнэ. Бурхан багшийн чого хурж, сожин авна. Сүсэгтэн олонтойгоо хамтраад гороо хийж, бурхан багшийн тухай тайлбар таниулга хийнэ. Орой найман цагаас зул өргөх ажиллагааг зохион байгуулна. Сожин авах гэдэг нь шинийн 15,30-нд байнга хийдэг зан үйл. Энэ нь өглөөний ургах нарнаас маргаашын ургах нарантай золгох хүртэл ямар нэгэн муу үйл хийхгүй тэвчинэ гэсэн үг. Нэг ёсондоо сэтгэлээр, биеээрээ, хэлээрээ аливаа нэгэн муу үйл хийлгүй тэвчье гэсэн тангараг юм. Бурханыхаа өмнө залбирдаг юм. Энэ өдөр Ганданд Жанрайсаг бурханы өмнө олуулаа сожин авна гэж байсан. Энэ өдөр сожин авснаар бусад өдрийн сожин авснаас буян нь хэд дахин цаглашгүй ихээр арвиждаг.
-Мах идэхгүй мацаг барих өдөр хэмээдэг?
-Биеээрээ хүнд муу үйл харуулахгүй байх. Сэтгэлдээ муу зүйл бодохгүй, хэлээрээ хүн амьтанг муулахгүй, хулгай дээрэм хийхгүй байх өдөр. Мөн архи дарс ууж мах их идэх нь муу үйлд орно. Тиймээс цагаан хоол идэж гэр бүлээрээ халуун дулаан үг хэлж инээж хөхөрч эвтэй найртай, дуутай хууртай, хайр энэрэлтэй байх өдөр. Хүн бүхэн энэ өдрөөс эхэлж муу бүхнээс хагацаж сайн үйлийг бүтээж гэгээрэлд хүрч болдог юм гэдгийг ойлгож ухаарах өдөр. Тиймээс энэ үйлийг бүтээхийн төлөө сүм хийд бүхэнд хийгдэж буй зан үйл юм. Сүүлийн үед сайн санааны олон байгууллага хувь хүмүүс нийлж буян ихээр үйлдэж эхэлсэн. Ядарч яваа нэгнээ асарч өргөж хооллож ундалж дуу хуураар уяраах зэрэг үйлийг тухайн нутаг дэвсгэр, дүүрэг, хэсэг хороонд байгаа сүм хийдтэйгээ хамтраад, мөн дангаараа буяны үйлийг төрөл бүрийн хэлбэрээр хийж байна.
-Гандантэгчилин хийдээс ямар үйл ажиллагаа явуулахаар болж байгаа вэ?
-Төв талбай дээр чого хурж улмаар Жанрайсаг бурханы өмнө сожин авах зэргээр баярын үйл ажиллагаа явуулна гэсэн мэдээлэл байна. Монголын бүх бурхан шашины сүм хийдүүд чадах чадахаараа л энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Хувь хүн сайн үйлийг хөгжүүлэн дэлгэрүүлж олноороо хамтдаа буяныг хурааж бие биедээ найрамдал, хүндэтгэлийг бэлэгдсэн ийм л өдөр болох юм. Гэр орондоо зулаа өргөж, аав ээж настан бууралдаа хүндэтгэлтэй хандаж тэднийгээ асран тойлох ийм л өдрийг бий болгож байгаа юм. Гудамж хороо дүүргээрээ, хотоороо, аймгаараа, улсаараа, цаашлаад дэлхий даяараа буяныг хураах өдөр.
-Ази, Европ тивд яг хэдэнд тэмдэглэх вэ?
-Европт байгаа бурхан шашины бүх сүм хийд, сүсэгтэн олон Бурхан багшийн их дүйчин өдрийг бидний нэгэн адил тэмдэглэдэг. Ази тивийнхэн угаасаа тэмдэглэсээр ирсэн. Бараг нэг шашинтай гэж хэлж болно. Гэхдээ улс орон болгонд өөр өөр өдөр тохиодог. Непальд энэ сарын 19,20-нд, Тайландад 20,21-нд, манайх 21-ны өдөр тус тус тэмдэглэнэ. Зуны эхэн сарын шинийн 15-ны орчмын энэ өдрүүдэд дэлхий даяар Бурхан багшийн их дүйчин өдрийг ийнхүү тэмдэглэнэ. Дэлхий даяараа арьс өнгө царай зүс, яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлахгүйгээр эв нэгдэлтэй оршин тогтнох ёстой гэдэг үүднээс НҮБ-аас энэ өдрийг тэмдэглэхийг уриалсан юм.
Эх сурвалж:www.polit.mn