Хувьдаа музейтэй хуурч залуу хүүхдүүдэд хичээл заана

2016-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг морин хуурын олон улсын наадам  өнгөрсөн долоо хоногт өргөн дэлгэр болж өнгөрсөн. Уг наадмын хүрээнд морин хуурыг сурч, судалж буй сонирхогч, судлаач хэн бүхний хамтын ажил­ла­гааг өргөжүүлэх, морин хуур хөгжмөөр дам­­жуулан Монголын соёл урлагийг дэлхийд таниу­лах  зорилготой олон арга хэмжээг зохион бай­гуулдаг. Үүнээс га­даад, дотоодынхны сонирхлыг татдаг арга хэмжээ нь морин хуурын үзэсгэлэн, “Морин хуур хөгжмийн урын сан” нэртэй эрдэм шин­жил­гээний хурал бай­даг. Тиймээс энэ удаа бид хувьдаа морин хуурын музейтэй, өөрөө морин хуур урладаг, урлаг суд­лаач нэгэн залуутай уулзсан юм.

 

“ЖОНОН ХАР” МОРИН ХУУРЫН МУЗЕЙ 200 ГАРУЙ ҮЗМЭРТЭЙ

Хотын төвд, Засгийн газрын ордны чанх хойно төв зам дагуу том морин хуур өлгөөтэй байдгийг зарим хүүхэд, залуус андахгүй сайн мэднэ. Ялангуяа, амралтын өдрөөр аав, ээжтэйгээ  “Монгол хуур” төвийн морин хуурын музейд зочлохоор ирдэг хүүхэд, багачууд, энд сургалтанд суудаг залуус энэ төвийн талаар багагүй мэдээлэлтэй бай­даг юм билээ. Тий­мээс энэ удаа бид   “Монгол хуур” төвийн морин хуурын музейгээр зочилж, эндхийн ховор үзмэрүүдийг сонирхохоор ирсэн нь энэ. Мөн сургууль, цэцэрлэг, оюутан залуусын зуны амралт эхэлж байгаа учир музейн эзний сонирхолтой яриа, үлгэр дуурайлал авахуйц  олон сайхан бүтээлтэй танил­цахаар зорьж ирсэн юм.  Өөрийгөө Б.Сүхбаатар хэмээн та­нил­цуулах музейн захирал 10 жилийн сурагч байхдаа анх морин хуур хийж сурсан авьяаслаг хүү байж. Түүнээс хойш морин хуурыг судалж, сурах их хүсэл мөрөөдөлдөө хөт­лөгдөн СУИС-д суралцаж, төгсчээ. Энэ хугацаанд хувьдаа морин хуурын музейтэй болох бэлтгэлээ хийж, багагүй хугацаанд судалгаа хийж, гэрэл зураг, хуучны эд зүйлс, хөгжмийн зэмсгүүд гээд ховор нандин зүйлс ихийг цуглуулжээ.

Тэгээд 2009 онд “Монгол хуур” төвийг үүсгэн байгуулж, 2013 онд “Жонон хар” морин хуурын музейгаа нээжээ. Одоо тус музей 200 гаруй үзмэртэй юм байна.  Музейн үзмэрүүдээ улам баяжуулахаар судалж, шинжилж байгаа зүйл ч цөөнгүй бий гэж байв.  

 

“XVIII ЗУУНЫ ҮЕИЙН НОГООН ЦАРТАЙ МОРИН ХУУРЫГ ГАДНЫХАНААС ӨРСӨЖ АВСАН”

 

Монголоо гэсэн сэт­гэлтэй, хичээл зүтгэл сайтай, үндсэрхэг энэ залуу уртын дуу, хөөмий, морин хуур, ардын урлагийг монголчууд бидний түүх, соёлын гайхамшигт өв эрдэнэ хэмээн бодож, сэтгэдэг нэгэн юм.  Тиймдээ ч үндэсний бахархал болсон морин хуур хөгжмийг дэлхий нийтэд сурталчлан таниу­лах зорилгоор чамгүй их зүйлийг хийж яваа, мөн хийхээр төлөвлөж байгаагаа дуулгав.  Хүүхэд, залуус, гадны зочин төлөө­­л­өгч, жуулчдад зориулсан морин хуурын музей манайд  хуруу дарам цөөхөн бий. Тэг­вэл бидний зочилсон “Жонон хар”музейд нүд хужирлах эртний морин хуур, хуучны гэрэл зургууд, ховор нандин хөгжмийн зэмсэг, ганц морин хуур төдийгүй хуучны пянз тоглуулагч, хийл зэрэг хөгжмийн зэмсгүүд цөөнгүй байна. Эдгээрээс урьд өмнө нь үзэж, харж байгаагүй зарим морин хуурын үүх, түүхийг сонирхов. Музейн эзэн Б.Сүхбаатар өөрөө их сониуч залуу юм. Сур­галт, судалгааныхаа явцад багагүй зүйл сонирхон судалж, яггүй мэдлэг хуримтлуулжээ. Музейн үзмэрүүдийн талаар нэг бүрчлэн асуу­хад, сонирхолтой түүх ихийг хүүрнэв. Энд Богд хааны үеийн буюу XVIII зууны үеийн ногоон цартай морин хуур хүртэл байх юм. Музейн захирал үүнийг гурван жилийн өмнө “Урт цагаан”-ы үнэт эдлэл худалдаж авдаг газраас олж авчээ. “Энэ хуурыг анх олж харах үед хэдэн өвөр­мон­голчууд худалдаж авах гээд шохоорхоод зог­сож байсан. Би ху­дал­дагч эмэгтэйгээс гуй­саар байгаад гурван сая төгрөгөөр худалдаж авсан.  Энэ бол урт иштэй, төмөр цартай, төв халхаас гаралтай боржигон хуур. Ширэн цартай хуур халуун наранд хатаад, эсвэл бороо чийгтэй үед зөөлрөөд өөр дуугаралттай болчихдог тул энэхүү төмөр цартай хуурыг анх бүтээсэн байдаг юм. Ногоон өнгө нь шашинтай хол­боо­тойгоор бүтээгдсэн гэх таамаглал бий. Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь зэрэг зүүн болон урд зүгийн аймгуудад ийм загвартай морин хуурыг нэлээд хийж, хэрэглэж байсан гэдэг” гэв.

 

ХӨГЖМИЙН ДУГУЙЛАНДАА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР СУРАЛЦУУЛНА

 

Б.Сүхбаатар Увс аймгийнх. Түүний өвөг, дээдэс ч бас морин хуурыг дээдэлж, хийж урлаж, хадгалж нандигнасаар иржээ. Тэрээр өвөг, дээдсээс өвлөгдөж ирсэн жижиг модон хуураа ч бас музейдаа залж.  Түүний аавынх нь нагац ах, Увс аймгийн Түргэн сумын харьяат адуучин, ахмад дайчин Г.Доржпалам гэдэг хүн 1900-гаад оны эхээр хараа булаасан нэгэн модон морин хуурыг бүтээж, зав чөлөөгөөрөө хуурдаж байжээ. Тэгээд 2008 онд уг модон морин хуураа түүнд өвлүүлэн өгсөн байна. Б.Сүхбаатар уг хуурыг өвлөж авсан цагаас хойш морин хуурын музей байгуулах хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгохоор сэтгэл шу­луудаж,  сургалт, су­дал­гааны ажилд багагүй цаг зарцуулжээ. 2002 онд Монгол Улсын Ерөн­хийлөгч “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж, 2003 онд монгол морин хуур ЮНЕСКО-д бүртгэгдсэн нь түүний хүсэл, зорилгыг улам хурцалж өгсөн гэж байв.  Тэрээр “Би энэ  төвөө музей болгох гэж долоон жил зүтгэсэн.  Олон ч хүнтэй уулзаж ярилцсан. Гэтэл манай үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлэх хүн гарч ирээгүй. Одоо бид санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө л бүрдүүлж ажилладаг” гэж байсан. Гэсэн ч “Монгол хуур” төвийн сэтгэл нийл­­сэн хэдэн залуус  морин хуураа судалж, сурах гэсэн залуу хойч үеийнхэндээ  мэд­сэн, сурсан бүхнээ харамгүй зааж, сургахаар хэд хэ­дэн сургалт дугуй­ланг ажиллуулдаг юм байна. Ялангуяа, оюутан, сурагчдын зуны амралт эх­лэх гэж байгаа энэ үед  хүүхэд, залуусаа хөн­­гө­­лөлттэй үнээр сурал­цуу­лах, өнчин, ядуу, сан­хүүгийн боломжгүй ч сурах хүсэлтэй хүүхэд, бага­­­чуудыг 20-50 хувийн хөн­гөлөлттэй үнээр су­рал­­цуулах урам­шууллыг бас амлаад байгаа гэж байсан.

 

“САРД БИД 20-ИОД ХУУР ҮЙЛДВЭРЛЭДЭГ”

Морин хуур эгшиг­лэ­сэн газар 1000 бур­хан заларсантай тэн­цэ­хүйц буян хурдаг гэдэг. Тиймээс аливаа найр наадмыг хуурын аялгуу­гаар эхлүүлэн, жаргаадаг.  Энэхүү ёс, дэгийг дагаад сүүлийн үед гэртээ морин хуур залах гэсэн хүсэлтэй хүмүүс энд цөөнгүй ирдэг болжээ. Мөн  гэр бүлийнхээ аль нэг гишүүнийг хуур тоглож сургая гээд зориод ирэх хүн олон байдаг. Тэр болгонд бид мэдэх, чадах бүхнээ хэлж өгдөг, зааж сургаад явуулдаг гэдгийг музейн залуус хэлж байсан. Морин хуурыг урлаж, үйлд­вэр­лэдэг залуус бас эндээ байрладаг аж. Тэдэнтэй уулзвал “Морин хуур дуугарах бүрдээ айлд сайн сайхан бүхнийг дал­лан дууддаг утга учиртай сайхан хөгжим.  Тэр утгаар нь бид үйлд­вэрлэлээ ч явуулдаг, сургалтаа ч бас явуулдаг. Нийслэлд морин хуурыг мэргэжлийн түвшинд хийдэг 5-6 газар бий. Манай үйлдвэрийн ихэнх морин хуурыг сургалтанд хам­рагдсан хүмүүс за­хиалж, хийлгүүлж авдаг юм. Одоогоор үйлд­вэр маань сард 20-иод хуур үйлдвэрлэж байна. Дийлэнх хувийг нь сургалтын төвийн сурагчид, үлдсэн хэсгийг нь сувенирын дэлгүүр, мэргэжлийн хүмүүс ху­далдан авдаг” гэж байв.

Хөгжим бүтээхэд хамгийн гол нь дугаралт чухал аж. Хэлбэр хийц хэчнээн уран нарийн байгаад ч гол амин сүнс болсон дуугаралт үгүй бол түүнийг хөгжим хэмээн тооцох аргагүй гэдгийг Б.Сүхбаатар хэлж байсан. Тиймээс гарын уртай залуус хуурынхаа уран нарийн хийцэнд сэтгэл зүрхээ зарцуулж ажиллахаас гадна ая дан дуугаралтанд илүүтэй анхаардаг гэв. “Монгол хуур” төв нь морин хуурын урлантай. Түүнээс гадна морин хуур болон гитар, төгөлдөр хуур зэ­рэг бусад хөгжмийн сур­­галт, дуу бүжгийн сур­гал­туудыг явуулдаг аж. Мөн дэргэдээ жуулч­­дад зориулсан “Жонон хар” чуул­гатай юм байна. Өнгөрсөн жилээс жуулч­дад зо­риул­сан тоглолтоо зо­хион байгуулж эхэлжээ. Харин саяхнаас “ҮАМАНА” брэндтэй хамт­ран ажил­лаж, албан ёсны гэрээт бор­­луулалтын төв бо­лон үйл ажиллагаагаа өргөжүүж байгаа гэж байв. Ярилц­лагынхаа төгсгөлд, хөг­жим, бүжиг, урлаг уран сайхан сонирхсон хүү­хэд, за­лууст бид үр­гэлж нээлттэй хандах болно гэдгийг онцлов. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

3 цаг 59 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

4 цаг 9 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

4 цаг 14 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

4 цаг 19 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

4 цаг 24 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

15 цаг 14 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

16 цаг 36 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

20 цаг 4 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин