
С.УЯНГА
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хамтрах боломжийг эрэлхийлсэн “Монгол, Хятадын цахим, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага” ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод боллоо. Монголын талыг төлөөлсөн өдөр тутмын сонин, цахим сайтын 23 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй баг Хөх хот, Ордост долоо хоног ажиллаж тус улсын хэвлэл мэдээллийн байгууллага, хотын хөгжил дэвшилтэй танилцсан юм.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтарсан веб сайт, зөвлөл байгуулах, контент бүтээх, уйгаржин монгол бичгээр үйл ажиллагаагаа явуулдаг хоёр улсын сайтууд хамтран ажиллах боломжтойг хэлж байв.
Энэ үеэр хоёр талын сэтгүүлчид хэвлэл мэдээлэл тэр дундаа цахим мэдээллийн хэрэгсэл хэрхэн хөгжиж буй, цаашид хөгжих чиг хандлагын талаар илтгэл тавьж, туршлага солилцов. Уулзалтын хүрээнд МУБИС-ийн багш Ч.Энхбат, ikon.mn сайтын сэтгүүлч Г.Номин, Jirgee.mn сайтын захирал С.Чулуунтогтох, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жаргалсайхан нар илтгэл тавилаа. Бүгд л өөрсдийн мэдээллийн хэрэгслийн онцлог өнгө төрх, өөр өнцгийг хэрхэн харуулдаг тухайгаа Өвөрмонголын сэтгүүлчдэд сонирхуулав.
Харин Өвөрмонголын талаас Солонго мэдээллийн төвийн захирал Наранхүү, умардын төв веб сайтын ерөнхий редактор Дин Янь нар, Өвөр Монголын радио телевизийн цахим шинэ хэрэгслийн төвийн захирал Сайжрах “Өвөрмонголын радио телевизийн шинэ хэвлэл мэдээллийн хөгжлийн тухай” илтгэлийг бидэнд сонирхуулсан юм.Энэхүү анхдугаар уулзалтын үеэр хоёр орны хэвлэлийн байгууллагууд томоохон үйл ажиллагааг онцгой эрхтэйгээр хамтран сурвалжлах, харилцан сэтгүүлч томилж ажиллуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтууд зохион байгуулах гэх мэт олон санал санаачлага гарч байсныг онцлох нь зүйтэй. Уулзалтын үр дүн ч ахиц дэвшил авчирч манай сэтгүүлчид ажил хэрэг болгох тодорхой саналууд дээр санаа нийлж, олон талын туршлага судалж аяны богц дүүрэн ирлээ. Цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны уулзалт ярилцлагыг жил бүр хоёр улсад харилцан зохион байгуулах бөгөөд дээр дурдсанчлан хамтарсан сурвалжлага бэлтгэх, харилцан туршлага судлах, зар сурталчилгаа болоод мэдээ мэдээлэл солилцох боломж бололцоог нээх зэргээр олон цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтарсан веб сайт, зөвлөл байгуулах, контент бүтээх, уйгаржин монгол бичгээр үйл ажиллагаагаа явуулдаг хоёр улсын сайтууд хамтран ажиллах, интернэтийн экспо зохион байгуулах боломжтойг хэлж байв.
Энэ үеэр Монголын багийг ахалсан МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жаргалсайхан хоёр улсын шинэ мэдээллийн хэрэгсэл буюу цахим мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг ахиулахад томоохон түлхэц болохуйц уулзалт болж чадсаныг онцолсон юм. Тэрээр “Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа улам бүр шинэ утга агуулгатай болж байгаа. Хоёр улсын шинэ мэдээллийн хэрэгслүүд хоорондоо мэдээ мэдээлэл харилцан солилцох нөхцлийг бүрдүүлэх, Вэбсайтууд мэдээллээ шууд солилцохоос гадна харилцан холбоос хийж ажиллах, давуу талаа харилцан ашиглаж, хамтдаа хөгжих, мэргэшсэн сэтгүүлчид бэлтгэх, тэднийг чадавхжуулах сургалтуудыг харилцан зохион байгуулах” зэрэг саналыг дэвшүүлсэн юм. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан ч саналыг таатай хүлээн авлаа.
Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхдугаар уулзалтыг жил бүр харилцан зохион байгуулахаар боллоо. Тэгэхдээ өмнөх жилийн ажлаа тайлагнадаг, ирэх жилийн ажлаа тодорхойлдог үр дүн тооцсон, алсын хараатай уулзалт болгож хэвшүүлэхийг хоёр тал уриалсан юм. Энэ нь шинэ мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг ажил хэрэгч байлгаад зогсохгүй жил ирэх тусам ахисан түвшинд авч ирнэ гэж үзэж байгаа юм.
ЧИНГИСИЙН ОНГОНЫ ТАХИЛГАД ОРОЛЦОВ
Ажил хэрэгч аяллын сүүлийн өдрүүдэд бид Хөх хотоос 300 гаруй км зайд орших Ордос хотыг зорьсон юм. Бид зорилгоо биелүүлж Ордос хотын төвөөс 65 км Чингис хааны онгоны тахилгад оролцов. Ордос хот одоогийн байдлаар 100 мянга гаруй хүн амтай гэнэ. Хотын орчин нэлэнхүйдээ хэдэн салаа өргөн зам, хээнцэр шийдэл бүхий чадварлаг архитекторуудын гарын ураар бүтсэн номын сан, галлерей, үзвэрийн танхимтай нь аргагүй нүд булаах аж. Тэдэн дунд гурван дэлгээ хавтас бүхий номын сан, шувууны үүрэн галерей, бүсгүй хүний дэгжин малгайн хэлбэртэй үзвэрийн танхим, алтан шармал шатрын дүрс гээд гайхамшигтай бүтээн байгуулалтыг сүүлийн хэдхэн жилд цогцлоожээ.
Чингис хааны онгоны тахилгад оролцох үеэрээ онгон шүтээн бүхий гурван залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхав. Тайлгын үеэр бөөгийн шашны ёсоор 99 цагаагч гүүний сүүгээр тэнгэрт цацал өргөн тахил тавьж, 512 хүчит бөхийн барилдаан болж байв. Түрүүлсэн бөхөд найман шарга адуу бэлэглэхээр наадмын талбайн захад сойсон харагдана.
Чингисийн онгоны гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн таван метр өндөр Чингис хааны хөргийг тахиж байдаг бөгөөд өмнө мөнхийн зул бадраатай байдаг ажээ. Энэ удаагийн тайлгад Монгол Улс, Америк, Хонконг зэрэг улс орон болон Хятадын дөрвөн зүг найман зовхисоос 100 мянга гаруй сүсэгтэн олон хүрэлцэн ирсэн. Чингис хааны онгон Өвөрмонгол төдийгүй Хятад улс даяар нэртэй аялал жуулчлалын газар болж, жилээс жилд өргөжсөөр байгааг тайлбарлагчид хэлж байв. Түүнчлэн тайлгын үеэр Хятад Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, арилжаалах зорилгоор худалдааны цэгийг байгуулан хоёр өдрийн турш тайлгад оролцохоор ирсэн зочдод үйлчилсэн юм. Монголчууд тэнд арилжаа наймаа эрхэлж, нэгэнт зорьж ирснийх Шилэн гол аймагт болох үзэсгэлэн худалдаанд оролцох гэж буйгаа дуулгаж байв.
Мөн ноос ноолуур, бөс бараа, үндэсний хувцас, гутал, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүхий л төрлийн арилжаа эрхлэх монголчуудтай эн зэрэгцсэн Өвөрмонгол, Хятадын наймаачид орос чихэр, амттан, бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин