
С.УЯНГА
Хятад, Монголын сэтгүүлчид олон талаар хамтрах боломжтой боллоо. Тухайлбал, томоохон үйл явдлыг хамтран сурвалжлах, харилцан сэтгүүлч томилж ажиллуулах, мастер, докторын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах зэргээр өргөн хүрээний үр дүнтэй уулзалт ярилцлагыг өнгөрсөн өдрүүдэд сэтгүүлчдийн төлөөлөл ӨМӨЗО-д ажиллахдаа ярьж тохироод ирсэн юм. МСНЭ,ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хамтын ажиллагааны дагуу өдөр тутмын сонин, цахим сайтуудыг төлөөлсөн 23 сэтгүүлч Хөх хот, Ордост долоон хоног ажиллав. Сэтгүүлчдийг МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жаргалсайхан ахалж явсан бол Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны гадаад харилцааны газрын дарга Д.Баянжаргал тэргүүтэй төлөөлөгчид Эрээн хотоос угтан авснаар цааш 460 гаруй км замыг туулан Хөх хотод байрласан юм.
Бид “Монгол, Хятадын цахим, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцохын зэрэгцээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны томоохон Хэвлэл мэдээллийн байгууллага, тус хотын архитектор, хот төлөвлөлтийн шийдэл, бүтээн байгуулалтын гайхамшиг, шинжлэх ухааны ололт амжилтыг хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцав. Мөн улс орон нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хотын ногоон байгууламжаа хэрхэн цогцлоодог зэрэг хотын соёлыг тольдож явлаа.
Товчхон мэдээлэл өгвөл, ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хэсэгт, зүүнээс баруун тийш 2400 гаруй км, урдаас хойд зүгт 1700 гаруй км, нийт нутаг дэвсгэр 1183 мянган кв.км талбайтай, Хятадын нутаг дэвсгэрийн наймны нэг хувийг эзэлдэг.Дэргэдээ Хөх хот, Бугат, Хөлөнбуйр, Улаанхад, Ордос, зэрэг есөн хот, Хянган, Шилийн гол, Алшаа гэсэн гурван аймагтай юм. 25 сая хүнтэй энэ нутагт Монгол, Хятад, Солонгос, Шивээ, Мяо зэрэг 55 үндэстэн ястан амьдардагийн 17.1 хувь буюу 4.5 сая орчим нь Монгол гарал угсаатай.
УЛААНБААТАРЫГ НОГООРУУЛЖ ЧАДАХ МОНГОЛ ӨВС КОМПАНИ
Бид аяллынхаа эхний өдөр Өвөр монголын Өдрийн сонины хороо, манай сэтгүүлчдийн эчнээ танил Солонго мэдээллийн төв, Монгол, Хятадын томоохон мэдээллийн сайтуудтай танилцсанаар ажил эхлэв. Төрийн мэдлийн “Умардын мэдээ” сайт байгуулагдаад 11 жил болж байгаа бөгөөд мэдээллийн технологи, вэб хуудас хөгжүүлэх үүргийг голлон гүйцэтгэдэг гэнэ. Танилцах явцад 68 ажилтантайгаар мэдээлэл түгээдэг энэхүү сайтад найман сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг 30 гаруй хүн түгээж, өдөрт 1200 нийтлэл, мэдээ сурвалжлага нийтлэгдэж 1.8 сая хандалт авдаг гэсэн нь бидний сонирхлыг ихээхэн татаж байв. Хэдийгээр холбоосоор мэдээлэл оруулдаг ч тус сайтын сэтгүүлч, түгээгч, программын ажилтнуудын хурд чадвар дээд төвшинд хүрчээ.
Түүнчлэн цахим сайт нь тусгай мэдээний студийг тохижуулж, нийт мэдээллийн 30-иад хувь нь шуурхай дамжуулалт байдаг гэлээ. Манай улстай харьцуулахад тус улсын иргэдийн мэдээлэл олж авах, хэвлэл мэдээллийнхний өргөн дэлгэр ашигладаг зүйл нь гар утасны аппликейшн юм. Фэйсбүүк, твиттер хориглосон учраас мэдээллийн байгууллагууд гар утасны сүлжээг гол сувгаа болгон ашиглаж, аппликейшн хөгжүүлэгч тусгай ажилтнуудтай байдаг аж. Солонго мэдээллийн төв сар тутам Солонго сэтгүүл, долоо хоног тутам сонин, шуурхай мэдээллийн цахим хувилбар сайттай болж сүүлийн үед улам өргөжин кирилл, уйгаржин монгол бичгийн хувилбартай болсныг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны гадаад харилцааны газрын дарга Д.Баянжаргал танилцуулсан юм.Энд нэг зүйлийг тэмдэглэхэд хэвлэл мэдээллийн байгууллага хэдийгээр алдагдалтай ажилладаг ч мэдээллийн хүртээмж, ач холбогдлыг нь өндөрсгөхийн тулд төр засгаас хангалттай дэмжиж ажилладаг гэнэ.
Хөх хот хэдийгээр нүсэр бүтээн байгуулалт ихтэй ч алхам тутамд тааралдах хиймэл нуур, ногоон байгууламж тэрхүү барилга байшин бүрийг “амь” оруулах мэт. Хотын өндөрлөг, нам дор газар, уулын бэлд мод тарьж, зүлэгжүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөжээ. Үнэхээр л улсынхаа нийслэлтэй харьцуулахад ногоон хот гэж хэлж болмоор юм. Бид Өдрийн сонины хороотой танилцсаны дараа ӨМӨЗО-ны “Монгол өвс” төрийн өмчит компаниар зочилсон юм. Энэ компани нь ар, өвөр Монголд ургадаг бүхий л өвс, ургамал болон хөрсний судалгаа хийдэг гэнэ. Тэгээд халуун, хүйтэнд тэсвэртэй ургамлыг лабораторийн туршилтаар гарган авч, хуурай, хагас хуурай хөрсөнд ургах боломжтойг бойжуулан, тарьж ургуулах, цөлжилтийг зогсоох, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Магадгүй бүхэл бүтэн хот тэр аяараа гоёмсог цэцэгс, мөнх ногоон ойгоор үргэлжлэх энэ компанийн “бүтээл” ч байж магадгүй. Энэ ч утгаараа “Монгол өвс” компани уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн цөлжилтийн эсрэг тэмцэж, малын бэлчээрийг сайжруулах зорилготойгоор анх байгуулагджээ. 1700 гаруй нэр төрлийн өвс, ургамал үрслүүлдэг тус компанийнхан монголчуудтай дуртайяа хамтран ажиллах саналтай байгаа төдийгүй жилийн турш 35 хэмийн хүйтэнд ногооноор байх өвсийг үрслүүлсэн нь Улаанбаатарыг ногоон хот болгох бүрэн боломжтой гэдгийг хэлж байсан юм. Үнийн хувьд 1 м2 талбайг зүлэгжүүлэхэд 60 орчим ширхэг үрсэлгээ шаардагдах бөгөөд ойролцоогоор 900 орчим мянган төгрөгийн өртөгтэй гэнэ.
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР, ҮҮЛЭН КОМПЬЮТЕРИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК
ӨМӨЗО уул уурхай байгалийн нөөцөөрөө Хятадад тэргүүн байр эзэлдэг ч хөнгөн үйлдвэр, хүрээлэн буй орчны тохижилтод илүү анхаардаг аж. Дээр дурьдсанчлан хотыг ногооруулах бүхэл бүтэн “үйлдвэр”-ийн хэмжээний хүчин чадлаар ажиллаж байгаа бол хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үйлдвэрийн чадал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэлхийд дөрөвдүгээр байрт жагсдаг сүүний үйлдвэр байна. Аж үйлдвэрийн томоохон цогцолборууд ч элбэг. 1998 онд мухлаг төдийхнөөр үүдээ нээж байсан Monmilk группийн сүүний үйлдвэр өдгөө өргөжин тэлж дэлхийн нийт хүн амын сүүний хэрэглээний дөрвөн литр тутмын нэгийг дангаараа хангадаг “Мега үйлдвэр” болжээ.Өдөрт 2000 тонн сүү боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрийг нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар босгосон аж. Сүүний үйлдвэр зочдод нээлттэй байдаг төдийгүй үйлдвэртэй танилцах замд үйлдвэрийн онцлогийг харуулсан үзмэр, амарч зугаалах төв байгуулсан нь нутгийн иргэд төдийгүй жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг бололтой. Нэг үгээр хэлэхэд сүүний үйлдвэрийн нүүр царай болсон алаг тарлан үнээг төрөл бүрээр нь дүрслэн тусгай амралтын хүрээлэн байгуулсан гэж хэлж болно. Monmilk сүүний үйлдвэр хүний оролцоог халж үйлдвэрийн шат дамжлага бүрийг автоматжуулсан нь ямар нэг алдаа гарахаас бүрэн сэргийлж чадсан байна. Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа нь автоматжуулагдсан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй хүнээс хамааралтай алдаа гарахаас бүрэн сэргийлж чаддаг байна. Сүүний машинууд зогсоо зайгүй ирж,буцах бөгөөд ариутгах систем бүхий хонгилоор дамжин нийлүүлэлтэд явдаг гэнэ. Хэдэн арван чингэлэг байшин дамжин эргэлддэг мөртлөө үйлдвэрт 100 гаруй хүн ажилладаг гэхээр хэр хэмжээний “ухаалаг” болсон нь тодорхой биз. 1999 онд байгуулагдаж, 2002 онд хоёр тэрбум юанийн орлоготой болж, Хятадын 100 тэргүүний аж ахуйн нэгжийн нэг болж байсан сүүний үйлдвэр 2004 оноос эхлэн секундэд таван литр сүүг савладаг болжээ.
Аяллын явцад хамгийн их анхаарал татсан зүйл бол Үүлэн тооцоолуурын аж үйлдвэрийн парк. Өөрөөр хэлбэл, дэлхийг захирах цахим тархи гэж хэлж болно. 2025 он гэхэд бүрэн ашиглалтад орж, дэлхийд засаглах оюуны эко төв болох зорилго бүхий энэ нүсэр бүтээн байгуулалт нийтдээ 27.7 км2 хавтгай дөрвөлжин газар нутагт 42 байгууламж бүхий нэгдсэн серверийн төв барихаар зургаан жилийн өмнө шавыг нь тавьжээ. Харин одоогоор эхний зургаан байгууламж нь ашиглалтад ороод байгаа юм. Үүлэн тооцоолуурын парктай болсноор дэлхийн өнцөг булан бүрээс нэг зэрэг сая хэрэглэгч хандахад гацахгүйгээр мэдээлэл солилцох боломж бүрдэж байгаа гэнэ. Хэтдээ дэлхий нийтийн цэвэр усны нөөц, цахилгаан эрчим хүчний хэрэглээг хянах, зам харилцааг компьютерээр удирдах, жолоочгүй тээврийн хэрэгслийг бий болгох, агаарын тээвэр, эрүүл мэнд, бараа, бүтээгдэхүүний талаарх бүхий л мэдээллийг нэг дор цогцлоож, түгээх үйлчлүүлэх нэгдсэн систем бий болгохоор төлөвлөсөн тухайгаа паркын ажилтан бидэнд танилцуулсан юм. Үүлэн тооцоолуурын паркад дурын хүн ороод дижитал тавцанд байрлуулсан дэлгэц дээр өөрийн компьютерийн кодоо хийснээр ажил, гэрийнхээ компьютер дээр хийж байсан мэдээллээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой аж. Мөн түүнчлэн байгууллагын ажилтан бүрийн гар утас, компьютерийн мэдээллийг нэгдсэн системд оруулснаар хэн ч, хаанаас ч өөрийн нэр паспортыг хийж мэдээллээ үзэж, зөвшөөрөгдсөн хэмжээнд бусдын хамгийн сүүлд хийсэн үйлдэл, боловсруулсан бичиг баримтыг үзэж, авч болно. Загвар болгон Хөх хотын нэгэн орон сууцны хороолол дээр туршилт хийж эхэлсэн бөгөөд Үүлэн тооцоолуурын системийг ажиллуулахын тулд зургаан том серверт 200 компьютер холбон, нэгдсэн системд оруулжээ. Аяллын туршид Сяньби, Тан зэрэг улсын үе үеийн эд өлгийн зүйлс, өв уламжлалыг харуулсан үзмэрүүдийг дуу, дүрсээр баяжуулсан Өвөрмонголын түүхийн музейг мөн сонирхсон юм.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин