
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 4 хүртэл Катар, Итали улсад айлчлал хийлээ. Айлчлал эхлээд Катар Улсын Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн Халид Бин Мохаммед Аль Аттияхгийн урилгаар Катар улсаас эхэлсэн.
Айлчлалаар Катар Улсын Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн Халид Бин Мохаммед Аль-Аттияатай яриа хэлэлцээ хийн, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг боломжит чиглэлүүдээр өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцож, Катар Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцав.
Албан ёсны яриа хэлэлцээний үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2007 онд байгуулсан "Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ"-ний хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн түүнчлэн Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Катар Улсыг гуравдагч хөршийн хүрээнд авч үздэг бөгөөд Катар Улстай найрсаг харилцаа, нягт хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхийг зорьдогийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үед манай талаас Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг араб хэлний сургалтад хамруулж байгаад талархал илэрхийлээд, энэхүү сургалтыг цаашид үргэлжлүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тусгай хүчний алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, цэргийн тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл харилцан солилцох, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа.
Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн эрхэмсэг доктор Халид Бин Мохаммед Аль-Аттияа хэлэхдээ Монгол Улсыг бид өөрийн ойрын түнш гэж үздэг бөгөөд манай дэвшүүлсэн саналуудыг талархан хүлээн авч, хамтран ажиллах, тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол-Катарын батлан хамгаалах салбарын харилцааг бүх боломжтой чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллах болно гэдгээ илэрхийлэн, Катарын Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.
Мөн Катар улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Катар Улсын Ахмед Бин Мохамедийн нэрэмжит Цэргийн коллежид зочлов.
Тус коллежийн удирдлага Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг хүндэтгэн хүлээн авч, коллежийн тухай танилцуулга хийн, өөрсдийн үйл ажиллагаа, цэргийн эмнэлэг, сургалтын байр, танхим, буудлагын байр зэргийг үзүүлж танилцуулан, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. Энэ удаагийн айлчлал хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, урагшлуулан хөгжүүлэх, улмаар хоёр орны хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсон юм.
Харин Катар улсад ажлын айлчлал хийсний дараа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд БНИУ-д албан ёсны айлчлал хийв. Тус айлчлалын үеэр Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНИУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны Батлан хамгаалахын сайд нар уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Цаашид хоёр орны Батлан хамгаалах салбарууд цэргийн боловсрол, сургалт, аж үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар түлхүү хэлэлцэж, хоёр орны Батлан хамгаалах салбарын эрдэмтэдийг харилцан солилцож, сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн талууд бүс нутгийн аюулгүй байдал, Газрын дундад тэнгис болон Ойрхи дорнодын орнуудын нөхцөл байдлын талаар санал солилцов. Энэ үеэр Италийн Батлан хамгаалахын сайд хатагтай Роберто Пиноти "Дэлхий нийтийн өмнө зөвхөн цэргийн аюул занал бус улс төр, эдийн засаг, соёлын үндэстэн дамнасан аюул" тулгараад буйг онцлон тэмдэглээд Монгол Улс Өмнөд Судан, Афганистан зэрэг улсын энх тайваны төлөө олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Батлан хамгаалах салбарууд харилцаагаа тасралтгүй тогтвортой байлгах талаар хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэн Монгол Улсын Батлан хамгаалах салбарт цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахаа Италийн Батлан хамгаалахын сайд хатагтай Роберто Пиноти илэрхийлсэн юм. Итали улсад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд анх удаа айлчилснаараа онцлог байв.