Т.САЙХАН
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, салбарын бодлого, шийдвэр, ажлын үр дүнгийн талаар тогтмол мэдээлэл өгөх зорилгоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагт “Нээлттэй яам – Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Манай Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх зүйн шинэчлэл иргэн төвтэй байх бодлогыг баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэнийхээ эрхийг баталгаажуулж, хамгаалах нь бидний номер нэг зорилго юм. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалахад чиглэсэн, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэчлэлийг хийхэд бидний бодлого, үйл ажиллагаа чиглэж байна. Хоёр дахь бодлого нь эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулах юм. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, хуулийн зүйл, заалт бүрийг деталь болгож, тодорхой зохицуулалт бий болгох чиглэлээр ажиллаж байна.Бид өмнөх мэдээллийн цагаар нийт 10 хуулийн талаар танилцуулсан. Эдгээрээс орон сууцны залилантай холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногоос УИХ-аар хэлэлцэж эхэлж байгаа бөгөөд өнөөдөр үдээс хойш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Хэрэв арванхоёрдугаар сард багтаан баталбал төрд байгаа мэдээллийг ил тод, нээлттэй болгож, иргэд орон сууц захиалахаасаа өмнө болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэндээ илүү ойр, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэлийг хийж байна. Ингэснээр анх удаа нотариатын үйлчилгээг зайнаас буюу цахимаар авах эрх зүйн боломж нээгдэж байгаа юм.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл нь иргэдийн эрхийг баталгаажуулж, хамгаалах зорилготой. Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд одоо УИХ-д өргөн барихад бэлтгэж, хяналтын шатанд явж байна. Харин Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулагдаж дууссан бөгөөд мөн хяналтын шатанд явж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн тухайд энэ намрын чуулганаар хэлэлцээд арванхоёрдугаар сард багтаан батлагдах болов уу гэж харж байна. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.Иргэний эрхийг баталгаажуулж, хамгаалах чиглэлээр өмнө нь та бүхэнд танилцуулсан долоон хуулиас тав нь өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн баригдсан бөгөөд хэлэлцэгдэж байгаа болон хэлэлцэх шатандаа явж байна. Үлдсэн хоёр хуулийн төсөл нь боловсруулалтын шатанд байгаа. Харин эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулах бодлогын хүрээнд бид дөрвөн хуулийн төслийг танилцуулж байсан. Эдгээр хуулийн төслийн хэрэгжилт, боловсруулалтын явц 50 хувьтай байна. Үүнээс хоёр хуулийн төслийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, цаашид УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Үүний нэг нь Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төсөл юм. Энэ хуулийн төсөл дээр бид онцгойлон анхаарч ажилласан. Дараагийнх нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бөгөөд гүтгэх болон хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлыг зохицуулахад чиглэж байгаа юм" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 223 (7965)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn