Төмөрбаатарын БАТСАЙХАН
Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үргэлжлэв. Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг чөлөөлөх захирамж гаргаснаа Ерөнхий сайд зарлалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. Ингэснээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэж, санал хураах товтой байна.
11:00 цагт: Ард түмний хариуцлага нэхсэн шаардлагыг үл хүндэтгэсэн хэн Монголын хууль дуудах болно
Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийв. Түүний мэдэгдлээс онцлон хүргэе.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүний албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэж, үнэн мөнийг тогтоолгохоор шийдвэрлэжээ. Ерөнхий сайдын хувьд Төрийн тэргүүний гаргасан эр зоригтой, ёс суртахууны өндөр жишээ үзүүлсэн энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлье.Үүнтэй адил Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үнэн мөнийг тогтоолгох шаардлагатай гэж үзэн өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаж, надад өргөдлөө өглөө.Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг чөлөөлөх захирамж гаргаж, УИХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ.Мөн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж байгааг та бүхэнд мэдэгдье.
-Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Гашуунсухайтын төмөр зам, “Бодь групп”-ийн оффтэйк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан болон төр засагт ажиллаж, шийдвэр гаргалцаж байсан төрийн бүх өндөр албан тушаалтныг шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Үүнд танай, манай гэж ялгаагүй. Үнэн мөнийг тогтоох ажил хагас дутуу байж болохгүй, бүрэн бүтэн байх ёстой. Тийм учраас Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэхээр шийдвэрлэсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард нуугдаж, энэ асуудлаас бултах эрх хэнд ч байхгүй. Гашуунсухайтын төмөр замтай холбоотой улс төрд үүссэн нөхцөл байдал ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй гэдгийг өнөөдөр та бүхэнд хэлье. Х.Баттулга Ерөнхийлөгч 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Мөн нууц гэрээгээр энэ ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэрийг гаргуулж, 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болж гадаад, дотоодын иргэд ял шийтгэл авч, зарим зөвлөх, туслах нь гадаад руу хил даван зугтсан.
-Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг бусдаас үнэгүйдүүлэн авч, 250 сая ам.долларыг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс босгон бусдад худалдсан гэх асуудлыг хөндөж байсан. Энэ асуудлаар олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудаас 507 хуудас материал авч, олон улсын санхүүгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан тухайн үед хууль хяналтын байгууллагад гардуулж өгч байлаа. Гэвч энэ хэрэг замхарсан. Монгол Улсад ер нь материал өгсөн хэрэг, асуудал шалгагддаггүй, үнэн мөнийг нь тогтоодоггүй, буруутай бол буруутай, буруугүй бол буруугүй гэсэн шийдвэр гаргаж чаддаггүй байдал бий болсон. Ийм байдлаар асуудлыг хааж, мухарлахгүй явсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн гэдгийг бид дүгнэх ёстой. Мөн Гашуунсухайтын төмөр замтай холбоотой асуудал бол нэг хүний асуудал биш юм. Тухайн үед хэн ҮАБЗ-д ажиллаж байсан, хэн Засгийн газарт ажиллаж байсан, хэн ямар шийдвэр гаргуулсан бэ гэдгийг тал бүрээс нь ярих ёстой.
-Энэ хүрээнд гурван асуудлыг хөндмөөр байна.Нэгдүгээрт, Засгийн газрын хуралдаанаар “Чингис хаан” баялгийн сан нэгдэлд Гашуунсухайтын төмөр зам болон нууц гэрээтэй холбоотой бүх үйл явцад олон улсын санхүүгийн үнэлгээ хийлгэж, хөндлөнгийн аудит оруулах үүрэг, чиглэл өгсөн гэдгийг хэлье. Хоёрдугаарт, сөрөг хүчний шаардлагууд надад ирсэн. Би эдгээр шаардлагыг хүндэтгэж хүлээн авч байгаа. УИХ-д сонсгол санаачлан ажиллаж байгаа гишүүдийг нам, тал харгалзахгүйгээр бүгдийг нь дэмжинэ. Шаардлагатай мэдээ, мэдээллээр хангуулна. Хэнийг ч ялгалгүй шалгацгаа. Одоо ард түмэндээ үнэн мөнийг нь тогтоож, илэн далангүй, нээлттэй ярьцгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байхыг хэлнэ. Танилын нүүр халуун хэдий боловч та бидний эх орон, ирээдүй илүү үнэ цэнтэй гэдгийг би тухайн үедээ хэлж байсан. Энэ зарчмаасаа огт ухраагүй гэдгээ хэлье. Гуравдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй Ерөнхий сайдын хувьд хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг өгнө. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр үнэн мөнийг нь тогтоох, сонсгол зохион байгуулж, дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад хүргүүлэх үүрэг өгнө. Энэхүү хугацаатай үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шат шатанд нь хариуцлага тооцох ажлыг хийнэ. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнууд хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Ард түмнийхээ хариуцлага нэхсэн шаардлагыг үл хүндэтгэсэн хэн бүхнийг хашиж буй албан тушаал, харьяалах нам, эвслийг нь үл харгалзан Монголын хууль дуудах болно гэдгийг холбогдох этгээдүүдэд сануулъя” гэлээ.
Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн олонх дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа нь чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 17-нд гаргасан. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх миний бие үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их Хуралд гаргаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсангүй. Ингээд У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.
АН-ын шаардлагын дагуу гаргасан Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжинэ
Мөн өчигдөр Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж,Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжихээр шийдвэрлэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж буйг АН-н шаардлагын дагуу гэж тэд үзэж байгаа юм. Ингээд бүлгийн ээлжит бус хурлаар Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг бүрэн дэмжих байр суурьт нэгдсэн байна.
“Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, оффтейк гэрээнүүдийг хянан шалгах түр хороо дахин байгуулна”
Түүнчлэн өчигдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаяр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон оффтейк гэрээнүүдтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо дахин байгуулах санаачилгын явцын талаар танилцууллаа. Тэрээр өнгөрсөн хавар буюу гуравдугаар сард "Бодь" компанийн гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам болон оффтейк гэрээг тойрсон асуудлуудыг дахин нарийвчлан шалгах, мөн өмнөх түр хорооны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор албан ёсоор санаачилга гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Тэрээр “Хуулийн дагуу УИХ-д төсөл өргөн барихад хамгийн багадаа 32 гишүүний гарын үсэг шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд хэвлэлээр дэмжинэ, зурна гэж ярьсан олон гишүүн бодит байдал дээр зураагүй. УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр энэхүү бичгээ бариад гишүүдээс нэмж санал авахаар төлөвлөж байна. Хэрэв 32 хүрэх юм бол УИХ-ын даргад албан ёсоор өргөн барина. Гарын үсэг зурсан 27 гишүүн байна. О.Цогтгэрэл, Б.Цэнгүүн, Ц.Цогтбаатар, Х.Тэмүүжин, З.Туваан, Р.Очирбат, Б.Мөнхбат, Б.Жаргалан, Лу.Гантөмөр, Ж.Ганбаатар, С.Бямбасүрэн, Д.Батбаяр, Э.Баатархүү, А.Бакей, Х.Болормаа, Ж.Жанабил, Д.Лувсанжамц, Б.Сайнзориг, С.Энхтүвшин, Н.Номтойбаяр, А.Пүрэвдаваа, С.Ундраа, Д.Сарнай, Б.Мөнхсоёл, Д.Ганзориг, Б.Энхнасан нар гарын үсэг зуржээ. Хяналт шалгалтыг улс төрөөс ангид, шударга явуулахын тулд холбогдох албан тушаалтнууд бүрэн эрхээсээ түдгэлзэх зарчмыг баримтлах ёстой. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан, Ерөнхийлөгч асан, өдгөөгийн УИХ-ын гишүүн Х.Баттулга бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах шаардлагатай. 2020 онд надад холбогдох асуудал үүсэхэд гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзан хуулийн байгууллагад шалгуулж, ял эдлэн үнэн мөнөө тогтоолгож байсан. Бусад албан тушаалтнуудад ч энэ зарчим тэгш үйлчлэх ёстой. Хянан шалгах түр хороо нь 7-15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдах хуультай. Гол шалгуур нь тухайн асуудал болон холбогдох компаниудтай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн цэвэр төлөөлөл байх ёстой. Мөн олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр явуулах шаардлагатай. 2024 оны УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн аливаа Хянан шалгах түр хорооны даргаар ажиллах боломжгүй болсон тул түр хороог санаачлагчийн хувиар төслөө бүрдүүлж байгаа ч даргыг бүрэлдэхүүн дундаас сонгох хуулийн зохицуулалттай” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (7961)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn