Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

8 мин
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Милан хотын намрын бүүдгэр атлаа эрчимтэй хэмнэл дунд орших Fondazione Prada төвийн босгыг давахад цаг хугацааны машинаар алс холын ертөнц рүү аялах мэт. 2026 оны арваннэгдүгээр сарын дөрөвний үдэш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндэт зочдод “Global Antiquity” буюу “Эртний ертөнцийн даяаршил” үзэсгэлэнг Прада сан танилцууллаа. Бид урилгаа шалгуулан хамгаалалтыг давснаас цааш бүх зүйл чөлөөтэй болов. Тусгай хөтөлбөр, нээлтийн ёслол, алга ташилт байсангүй. Хэн ч үг хэлсэнгүй. Прада группын үүсгэн байгуулагчдын нэг Миучча Прада ч олны дунд энгийн хувцастай, үзэсгэлэн сонирхож явсан нь хэнд ч үл анзаарагдам содон санагдав. Зочид ховор нандин эртний олдворуудыг чөлөөтэй үзэж, зэрэгцээ танхимд дарс шимж зууш хүртэнгээ түмэн аялгаар хууч хөөрч,  зарим нь гадаах задгай талбайд уулзаж ярилцана.

Прада сангийн урилгаар бидний оролцсон энэ үзэсгэлэн эртний эд өлгийн зүйлсийн цуглуулгаас илүү өргөн утгатай аж. Өнөөдөр бидний даяаршил хэмээн нэрлэдэг үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд хэрхэн үүсэж, соёл иргэншлүүд бие биеэсээ юу авч, юу өгч ирснийг нүдээр үзүүлжээ.

Архитектор Рем Кулхас болон түүний AMO/OMA студийн бүтээсэн минималист орон зайд дэлхийн олон музей, цуглуулгаас шилж сонгосон 150 гаруй үзмэрийг дэлгэн байрлуулжээ. Олдворууд НТӨ 600 оноос НТ 1000 он хүртэлх 1600 жилийн түүхэн хугацаанд хамаарна. Газар дундын тэнгисээс Төв Ази, Энэтхэг, Зүүн Ази, Африк хүртэлх өргөн уудам орон зайг нэгэн цогц харилцааны сүлжээ болгон харуулсан нь үзэсгэлэнгийн гол онцлог байлаа.

Энэ хугацаанд Грекийн сонгодог урлаг, философи хөгжиж, Персийн Ахеменидын эзэнт гүрэн өргөн уудам нутгийг холбож байв. Энэтхэгт Буддын шашин үүсэж дэлгэрэн, Хятадад Күнз, Даосын сургаал нийгэм, соёлын амьдралд гүн нөлөөлжээ. Ром, Парф, Кушаны эзэнт гүрнүүд, Төв Азийн нүүдэлчдийн холбоод ч энэ түүхэн орон зайн чухал хэсэг байлаа. Хожим Византи, Сасанидын Перс, Исламын халифатын нөлөөгөөр худалдаа, шашин, шинжлэх ухааны шинэ сүлжээ бүрэлдсэн юм.

Энэ урт хугацааны турш Монголын тал нутаг ч түүхийн гадна үлдээгүй. Буган хөшөө, хиргисүүрийн уламжлалаас улбаатай нүүдэлчдийн соёл, морьт цэргийн зохион байгуулалт, амьтны загварыг шингээсэн урлаг хөгжиж байв. НТӨ III зууны сүүлчээр Модун шаньюй Хүннүгийн төрийг хүчирхэгжүүлснээр Евроазийн тал нутгийн улс төрийн түүхэнд шинэ үе эхэлжээ. Хүннү гүрэн Хан улстай дайн, энхийн гэрээ, дипломат солилцоо, худалдаа гэх мэт өргөн дэлгэр харилцаатай байв. Хүннүгийн дараа Сяньби, Жужан, Түрэг, Уйгурын хаант улсууд хүчирхэгжин, төрийн байгуулал, цэргийн зохион байгуулалт, бичиг соёлын уламжлалыг хөгжүүлжээ. Түрэгийн үеийн Күлтегин, Билгэ хаан, Тоньюкукийн бичээсүүд төр улс, ард түмний эв нэгдлийн тухай санааг өнөөдөр ч хадгалж байна. Уйгурын үед Орхон голын хөндийд Хар балгас хэмээх томоохон хот байгуулагдаж, хот байгуулалт, бичиг үсэг, шашин, худалдаа хөгжсөн бол X зуунд Хятан улс бүс нутгийн улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлж эхэлжээ.

Гэхдээ үзэсгэлэнгийн гол санаа нь улс гүрнүүдийн он дарааллыг харуулахад бус, тэдгээрийн хоорондын харилцааг ил гаргахад оршино. Африк, Европ, Азийг тусгаарлагдсан ертөнцүүд бус, худалдаа, улс төр, шашин, урлаг, мэдлэгээр холбогдсон нэгэн өргөн орон зай гэж харахыг санал болгож байв.

Танхимын гүн рүү алхах тусам бидний анхаарлыг хамгийн их татсан үзмэр бол Монголын Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас олдсон мөнгөн фалера (Морины хазаар, хөмөлдрөг, хударга зэргийг чимэглэдэг хүрэл, мөнгө, алтаар хийсэн товгор буюу товруут дугуй чимэглэл) байлаа. Хоёр мянга гаруй жилийн өмнө Монголын нутагт булагдсан тэрхүү эдлэл Миланы шилэн хоргонд тусгай гэрэлтүүлгийн дор гялалзаж байв. 2006 онд Төв аймгийн Борнуур сумын Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас олдсон, ойролцоогоор 14–15 сантиметрийн диаметртэй, 160 грамм жинтэй мөнгөн эдлэл юм. Одоогоор Чингис Хаан Үндэсний Музейд хадгалагдаж буй. Ромын үед хамаарах энэхүү ховор олдворыг ар талаас нь цохиж товойлгон урласан бөгөөд гадна хүрээнд гаргасан жижиг нүхнүүд нь анх өөр зориулалтаар бүтээгдсэн ч хожим морины тоног хэрэгслийн чимэглэл болгон ашигласан байж болохыг харуулдаг.

Фалера дээрх дүрслэлийг эртний Грекийн домогт баатар Геракл, Лидийн хатан Омфала хоёртой холбон тайлбарласан пайзыг үзмэрийн шилэн хоргоны доохно байрлуулжээ. Фалера нь арслангийн арьсан дээр суусан хүчирхэг баатар өвдөг дээрээ суусан эмэгтэйд ээрүүл дамжуулж буйг дүрсэлжээ. Грекийн домогт цөлөгдсөн Гераклын толгойг Омфала охин тэнгэр эргүүлж, хажуудаа нэг хэсэг байлган эрхшээж байсан бөгөөд Геракл эмэгтэй хүний хувцас өмсөн ээрүүл барьж байсан тухай өгүүлдэг.

Харин бүтээлийн ур хийц, дүрслэлийн онцлог нь өнөөгийн Туркийн нутагт оршиж байсан эртний Пергамын урлагийн уламжлал байж болох юм хэмээн судлаачид үздэг. Энэ нь хүний биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг бодитой, хөдөлгөөнтэй илэрхийлдэг онцлогтой.

Энэ бүтээл олон мянган километрийн цаана орших Монголын тал нутагт хэрхэн хүрсэн нь одоогоор бүрэн тодорхойгүй. Эртний худалдаа, дипломат харилцаа, бэлэг солилцоо, дайны олз зэрэг олон боломж бий. Ямартаа ч Хүннүгийн язгууртны булшинд хадгалагдан үлдсэн нь алс холын урлагийн бүтээл нүүдэлчдийн ертөнцөд хүрч, өөр соёлын орчинд шинэ утга агуулгатай болсон гэдгийг гэрчилнэ. Хүннүчүүд Грекийн домгийн баатар бүхий ховор нандин, ур хийц сайтай эдлэлийг эрх мэдэл, эд баялгийн бэлгэдэл болгон хэрэглэж байсан ч байх боломжтой. Эцэст нь эзэнтэйгээ хамт булшинд орж, хоёр мянга гаруй жилийн дараа дахин ил гарсан нь гайхамшиг юм.

Дараагийн анхаарал татсан үзмэр бол мөнгөн фалерагаас ердөө алхмын зайд, хар өнгийн шилэн хоргонд байрлуулсан улаан хүрэн өнгөөр туяарах аяга байв. Үүнийг Хятадын Хан улсын хааны ордонд зориулж, хааны мэдлийн үйлдвэрийн урчууд хийсэн. Тухайн үед ийм чий будагтай эдлэлийг зөвхөн хааны ордонд хэрэглэх зорилгоор хийдэг байв. Хүннүгийн булшнаас олдсон уг аяганы ёроолд хятад бичээс бий. Уг бичээст аягыг хэнд зориулж, хаана, ямар аргаар хийсэн болон ямар хүмүүс ямар ажил хариуцаж оролцсон зэрэг үйлдвэрлэлийн бүх үйл явцыг нарийвчлан тэмдэглэжээ. Аягыг НТӨ 9 онд хийсэн нь түүнийг Хүннүд ирж, булшинд орсон хугацаа буюу тухайн булшны он цагийг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Модон суурийг олон давхар лакаар бүрж өнгөлдөг байсан ийм эдлэл нь тухайн үеийн урлалын технологи, гоо зүйн мэдрэмжийг илтгэнэ. Хосгүй ховор энэ олдвор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань Хар уулын Хүннүгийн булшнаас олдоод одоо Монгол улсын Археологийн хүрээлэнд хадгалагддаг. Хан улсын нутагт урласан аяга Хүннүгийн язгууртны булшинд хадгалагдан үлдсэн нь хоёр улсын харилцаа зөвхөн дайн тулаанаар хязгаарлагдаагүйг сануулах чухал баримт юм. Энхийн гэрээ, элч төлөөлөгчийн солилцоо, бэлэг сэлт, худалдаа зэрэг олон талтай харилцаа байсныг ийм олдворууд илтгэнэ. Нэг улсын нутагт урласан эдлэл нөгөө улсын язгууртны булшинд хадгалагдан үлдсэн нь эртний дипломат харилцаа, соёлын солилцооны сонирхолтой ул мөр юм.

Эдгээр олдворын нэг нь Хүннү болон Хятадын харилцааг, нөгөө нь Хүннү болон Ромын харилцааг өнөөдөр илэрхийлж байгаа юм.

Үзэсгэлэнгийн бусад бүтээлүүд ч энэ санааг улам тодруулна. Помпейгоос олдсон Энэтхэгээс гаралтай эмэгтэй бурхны баримал, Грекийн уран баримлын уламжлал болон Буддын шашны үзэл санааг нэгтгэсэн Гандарагийн Будда, Газар дундын тэнгисээс Төв Ази хүртэл тархсан Александр хааны зооснууд өөр өөр ертөнцийг бидний өмнө нэгтгэж байна. Энэтхэгийн шашны дүрслэл Ромын хотод хүрч, Грекийн урлаг Буддын шашны дүрслэлд нөлөөлсөн баримтуудыг харахад эртний хүмүүс бидний төсөөлж буйгаас хавьгүй өргөн хүрээнд харилцаж байжээ.

Даяаршлыг зөвхөн интернэт, нисэх онгоц, орчин үеийн олон улсын худалдаагаар хэмжиж болохгүйг эндээс ойлгоно. Эртний ертөнцөд ч бараа бүтээгдэхүүн төдийгүй урлагийн хэв маяг, шашны үзэл санаа, технологи, мэдлэг, улс төрийн нөлөө хил хязгаар даван тархаж байжээ.

Италийн Прада сангаас Чингис Хаан Үндэсний Музейн захирал, академич С.Чулуунтай холбогдож, энэхүү үзэсгэлэнд оролцох хүсэлт тавьсны дагуу тэрээр эдгээр хоёр үзмэрийг онцгойлон сонгож өгчээ.

Энэ бүхний цаана Прада сангийн үйл ажиллагаа өөрийн эрхгүй сонирхол татна. Дэлхийн загварын ертөнцийн сор брэнд яагаад эртний түүх, археологи, урлагийн судалгаанд ийм их хөрөнгө, цаг хугацаа зориулж байна вэ? Мэдээж энэ хэмжээний соёлын төсөл хэрэгжүүлэх нь компанийн нэр хүнд, брэндийн оюуны үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэхдээ үүнийг зөвхөн маркетингийн ашиг сонирхлоор тайлбарлах нь учир дутагдалтай. Хувийн бизнесийн хуримтлуулсан баялгийг нийтийн соёлын баялаг болгон хувиргаж, урлаг, архитектур, кино, философи, шинжлэх ухаан, уран зохиолын олон талт орон зай бүрдүүлэх үзэл баримтлалаа Прада сангийнхан цахим хуудастаа онцолсон байна билээ. Миланд үзүүлж буй энэхүү үзэсгэлэнг дахиж хүн төрөлхтөн үзэхгүй ч байж мэднэ.

Дэлхийн 80 орчим орны музей, цуглуулгаас хосгүй үзмэрүүдийг нэг дор төвлөрүүлсэн ийм өргөн цар хүрээтэй үзэсгэлэнг зохион байгуулахад куратор, археологичдын судалгаанаас гадна олон улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, үзмэрийн тээвэрлэлт, даатгал, хамгаалалт, сэргээн засварлалт, каталог хэвлэлт гээд асар их хөрөнгө, нарийн зохион байгуулалт шаардлагатай. Үүнийг даах санхүүгийн чадавхтай бизнесийн байгууллага, үндэсний брэндүүд тухайн улсынхаа соёлын салбарт ийм том боломж нээж өгдөг ажээ.

Үзэсгэлэнгийн үр өгөөжийг зөвхөн үзэж харсан хүний тоогоор хэмжих боломжгүй. Өөр өөр орны музей, судлаачдыг холбож, мэдлэг, туршлага солилцох нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ залуу үед түүхийг харьцуулан судлах, соёл иргэншлүүдийн харилцан нөлөөг ойлгох боломж олгож буй. Хамгийн гол нь түүхэн өвийг улс үндэстнүүдийн өмч, өрсөлдөөний хэрэгсэл гэхээсээ хүн төрөлхтний хамтын соёлын баялаг гэж харах ойлголтыг түгээж буйд энэ төслийн нийгмийн үнэ цэн оршино.

Монгол Улсын хувьд ч ийм үзэсгэлэн онцгой ач холбогдолтой. Дэлхийн загвар, урлаг, соёлын томоохон төв Миланд Монголын Хүннүгийн өв бусад соёл иргэншлийн хосгүй бүтээлүүдтэй зэрэгцэн оршиж байна. Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Эрэгзэнгийн тайлбарласнаар энэ нь Монголыг зөвхөн морьт нүүдэлчид, байлдан дагуулагчдын түүхээр төсөөлдөг хэвшмэл ойлголтыг эвдэж, эртний Евроазийн худалдаа, дипломат харилцаа, соёлын солилцоонд оролцож байсан гэдгийг харуулах боломж юм. Хүннүгийн өв дэлхийн тавцанд гарч байгаа нь нэг удаагийн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй. Монголын түүх, соёлыг олон улсын шинжлэх ухааны эргэлтэд илүү гүнзгий оруулах учиртай.

Үзэсгэлэнгээс гарахад Миланы намрын жихүүн салхи угтав. Гэвч Ноён уулын гүнээс Миланд хүрч ирсэн мөнгөн фалера бодолд эргэлдсээр байлаа. Хоёр мянга гаруй жилийн өмнө Грекийн урлагийн уламжлалт тэрхүү эдлэл Монголын тал нутагт хэрхэн хүрсэн бол? Хүннүгийн язгууртан түүнийг яаж эдэлж байгаад хамт булшлагдсан бол...

Ямартаа ч Монголын түүх дэлхийн түүхээс тусдаа оршиж байгаагүй. Бидний өвөг дээдсийн амьдарч байсан тал нутаг эртний ертөнцийн худалдаа, улс төр, соёлын өргөн сүлжээний нэг хэсэг байжээ. Ноён уулын булшнаас Миланд хүрсэн энэ хосгүй эдлэл бол тэр түүхийн гялалзсан гэрч юм.

Ц.Чимэддондог

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 216 (7958)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

8 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

8 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13