Ч.БЯМБАХАИЖИД
Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрмөц архитектур, дорнын өнгө төрх, нүүдэлчин ахуй соёлын ул мөр сүлэлдэн харагдана. Харин миний хувьд энэ удаагийн томилолт нэг хотын түүх, соёлтой танилцахаас илүүтэйгээр Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Халхын голын байлдаан, тэрхүү түүхээр холбогдсон хоёр орны ард түмний нөхөрлөлийн жимээр хийсэн аялал байлаа.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг угтан зохион байгуулсан “Халхын гол - Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” арга хэмжээ Улан-Үд хотноо болж, түүхийн хуудаснаа үлдсэн үйл явдлуудыг өнөө цагийн судалгаа, баримтаар дахин сөхөв. Халхын голын байлдааны түүхээс эхлээд Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагаа, дайны үеийн тусламж, орчин үеийн археологийн судалгааны үр дүн хүртэлх өргөн хүрээний сэдвийг нэг дор хөндсөн нь өнгөрсөн түүхийг эргэн санаж, өнөөдрийн хамтын ажиллагаа, харилцааг эргэцүүлэх боломж байлаа.
1936 оны харилцан туслалцах протокол ба халхын голын байлдааны тухай танилцууллаа
Монгол, Оросын түүхэн харилцааны чухал үеийг эргэн сануулсан уг арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид ОХУ-ын Улаан-Үд хотын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль болон Зүүн Сибирийн Технологи, удирдлагын улсын их сургуулийн оюутнуудад Халх голын байлдааны түүхийн талаар лекц, илтгэл танилцуулсан юм. Тус лекцүүд өнгөрсөн түүхийг зөвхөн дурсах бус, архивын баримт, судалгааны үр дүн, археологийн олдвороор бататган тайлбарлаж, залуу үед өвлүүлэхийн чухлыг харуулснаараа онцлог байлаа.
Халх голын байлдаан бол Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үйл хэрэг, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны түүхэнд чухал байр суурь эзэлдэг үйл явдал юм. Тиймээс уг түүхийг судалж, олон нийтэд хүргэх, залуу үед бодит баримтад тулгуурлан таниулах нь өнөө цагт ч ач холбогдолтой хэвээр байна.
Улаан-Үд хотын хоёр их сургуульд болсон лекц, танилцуулгын үеэр 1936 оны Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол, 1939 оны Халх голын байлдаан, байлдааны талбарт хийсэн археологийн судалгаа, дайны жилүүдэд Монголын ард түмэн болон Монгол Ардын Хувьсгалт Цэргээс Зөвлөлтийн Улаан армид үзүүлсэн тусламжийн талаар танилцуулсан юм.
Эдгээр сэдэв нь хоёр улсын хамтын түүхийг улс төр, дипломат харилцаагаар хязгаарлахгүйгээр цэрэг, нийгэм, хүн ардын оролцоо, түүхэн дурсамжийн хүрээнд авч үзэх боломж олгож байв.
Оросын 88 цэргийн шарилд хээрийн лабораторийн шинжилгээ хийж, нэг цэргийн нэрийг тогтоожээ
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Бямба-Эрдэнэ “Монгол Улс, ОХУ-ын хамтарсан эрэл хайгуулын экспедицийн 2025, 2026 оны ажил” сэдвээр илтгэл тавьсан юм.
Судлаач Ц.Бямба-Эрдэнийн танилцуулсан Экспедицийн судалгаа “Ремизов”-ын өндөрлөг, “Баянцагааны нуруу”, “Хуруу өндөр”, “Хилчин” өндөрлөг буюу “Ногоон толгой”, “Элст толгой” зэрэг байлдааны түүхтэй газруудад хийгджээ. Судлаачид металл хайгч болон бусад хайгуулын хэрэгсэл ашиглан талбайн судалгаа, малтлага явуулж, цэргийн шарил, үлдэгдэл, тэсэрч дэлбэрээгүй галт хэрэглэл, буудлагын зэвсгийн сум, эд өлгийн зүйлс илрүүлсэн байна.
2025 оны тавдугаар сард нийт 9.3 км кв талбайд 138 цэгт малтлага хийж, Оросын 36, Монголын тав, Япон цэргийн шарил, үлдэгдлийг илрүүлжээ. Мөн 294 ширхэг тэсэрч дэлбэрээгүй галт хэрэглэл, буудлагын зэвсгийн 3000 гаруй сум, 350 кг хог хаягдал, 72 ширхэг эд өлгийн зүйлс олдсон байна.
Харин 2025 оны есдүгээр сард 15.5 км кв талбайд хайгуул явуулж, 10 өдрийн дотор 93 цэгт малтлага хийжээ. Энэ үеэр Орос цэргийн 68, Япон цэргийн 18 шарил, үлдэгдэл, 10 төрлийн 209 ширхэг тэсрээгүй галт хэрэглэл, буудлагын зэвсгийн 3000 гаруй сум, зургаан шоо метр хог хаягдал, музейн үзмэрт ашиглах боломжтой 38 нэр төрлийн 174 эд өлгийн зүйл илрүүлсэн байна.
2026 оны тавдугаар сард “Хилчин” өндөрлөг, “Элст толгой”, “Хуруу өндөр” зэрэг нийт 11.1 км кв талбайд хайгуул хийж, найман өдрийн дотор 99 цэгт малтлага явуулжээ. Үүний үр дүнд Оросын 75, Япон цэргийн долоон шарил, үлдэгдлийг илрүүлж, Оросын 75 цэргийн үлдэгдэлд хээрийн лабораторийн шинжилгээ хийсэн байна. Судалгааны явцад 16 орос цэргийн нэрийг тогтоож, 13 нэр төрлийн 346 ширхэг тэсрээгүй галт хэрэглэл, буудлагын зэвсгийн 2500 гаруй сум, 330 кг хог хаягдал, 89 ширхэг эд өлгийн зүйл илрүүлжээ.
Мөн 2026 оны есдүгээр сард “Хилчин” өндөрлөг, “Ногоон толгой”, “Ремизовын өндөрлөг” зэрэг газарт 104 цэгт малтлага хийж, оросын 87, япон цэргийн дөрвөн шарил, үлдэгдлийг илрүүлсэн байна. Оросын 88 цэргийн үлдэгдэлд хээрийн лабораторийн шинжилгээ хийж, нэг цэргийн нэрийг тогтоожээ. Энэ удаагийн ажлын үеэр 12 нэр төрлийн 137 ширхэг тэсрээгүй галт хэрэглэл, буудлагын зэвсгийн 3960 гаруй сум, 1.1 тонн хог хаягдал, 22 нэр төрлийн 59 ширхэг эд өлгийн зүйлс илрүүлсэн байна.
Эдгээр тоон мэдээлэл нь байлдааны талбарт хийж буй эрэл хайгуул, малтлагын цар хүрээг харуулж байгаа төдийгүй дайнд амь үрэгдсэн цэргүүдийн хэн болохыг тогтоох, түүхэн олдворыг судлан бүртгэх, байлдааны талбарын үлдэц, дурсгалт газрыг хамгаалах ажил үргэлжилж байгааг илтгэнэ.
Түүнчлэн тэсэрч дэлбэрээгүй галт хэрэглэл, сум зэрэг аюултай олдворыг илрүүлэх нь түүхийн судалгаанаас гадна хүний амь нас, аюулгүй байдалтай холбоотой чухал ажил юм. Иймээс хамтарсан экспедицийн судалгаа нь түүхэн өвийг баримтжуулах, аюултай үлдэгдлийг илрүүлэх, холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохих арга хэмжээ авах давхар ач холбогдолтой.
Зөвлөлтийн Улаан армид зориулсан эхний ээлжийн бэлэг, тусламжийн хүрээнд 230.968 төгрөг хандивлажээ
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), профессор Т.Эрдэнэхишиг “Зөвлөлтийн Улаан армид Монгол Ардын Хувьсгалт Цэргээс үзүүлсэн тусламжийн асуудалд” илтгэлээрээ дайны жилүүдэд Монголын цэргийн алба хаагчдын үзүүлсэн тусламжийг мөнгөн хандив, мал болон бусад дэмжлэгийг баримтаар тайлбарлав.
Илтгэлд дурдсанаар, Зөвлөлтийн Улаан армид зориулсан эхний ээлжийн бэлэг, тусламжийн хүрээнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хэд хэдэн анги, байгууллагын алба хаагчид мөнгөн хандив болон мал өгсөн байна. Тухайлбал, морьт цэргийн тавдугаар дивизээс 86.121 төгрөг, 148 адуу, 99 хонь, зургаадугаар дивизээс 67.695 төгрөг, долоодугаар дивизийн дарга, байлдагчдаас 39.934 төгрөг, Цэргийн ерөнхий сургуулиас 37.218 төгрөг, 12 адуу, 20 хонь тус тус хандивлажээ. Эдгээр мөнгөн хандивын нийлбэр 230.968 төгрөг болж байна.
Мөн 1943 онд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн “Монгол ард” нисэх эскадриль байгуулахад зориулан 421.237 төгрөг цуглуулсан бол 1944 онд Улаан армид бэлэг хүргүүлэх төв комиссын дансанд 483 мянган төгрөг шилжүүлсэн тухай илтгэлд дурджээ.
Харин 1942 оноос 1945 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүнээс нийт 3.521.242.12 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ.
Тухайн үеийн цалин хөлстэй харьцуулсан мэдээлэл нь эдгээр хандивын үнэ цэнийг илүү тодорхой харуулна. Илтгэлд дурдсанаар, байлдагчийн сарын цалин 4–10 төгрөг, салаан дарга зэрэг офицерын цалин 70–80 төгрөг байжээ. Харин цэргийн байгууллагад ажиллаж байсан иргэний ажилтнуудын цалин албан тушаалаасаа хамааран ялгаатай байсан бөгөөд агуулахын сувилагч 240 төгрөг, ахлах тогооч 345 төгрөг, үйлчлэгч 185 төгрөгийн цалин авч байсныг харьцуулан танилцуулсан юм.
Мөн тухайн үеийн “Улаан одон” сонинд нийтлэгдсэн мэдээнд тулгуурлан Зөвлөлтийн Улаан армид өгсөн малын тусламжийн талаар авч үзжээ.
Эдгээр баримт нь Монголын цэргийн алба хаагчид дайны үеийн тусламжид мөнгөн хандив, мал болон бусад хэлбэрээр оролцож байсныг харуулж байна. Түүхэн үйл явдлыг зөвхөн улс хоорондын гэрээ, цэргийн ажиллагааны хүрээнд бус, тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн оролцоо, хувь нэмрээр нь судлахад ийм баримтууд чухал эх сурвалж болдог.
“Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуультай хамтран ажиллах саналыг дэвшүүлэв
Арга хэмжээний хүрээнд Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны болон хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт, Монгол Улсын Баатар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлах багш Я.Энхцэцэг сургуулийн үйл ажиллагаа, сургалт, боловсролын чиглэлийн талаар танилцуулсан юм.
Тэрээр сургуулийн сургалтын үйл ажиллагаа, боловсролын боломжийг танилцуулахын зэрэгцээ ОХУ-ын дээрх их сургуулиудтай хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Мөн томилолтын хүрээнд ОХУ-ын Баатар В.В.Сукуевын нэрэмжит Бүгд Найрамдах Улсын кадет дунд сургуулиар зочилж, сургуулийн үйл ажиллагаа, онцлог, сургалтын орчин, нөхцөл, сурагчдын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэж танилцсан. Тус сургуулийн сурагчид ерөнхий боловсрол эзэмшихийн зэрэгцээ цэргийн эрдэм, эх оронч хүмүүжилд суралцдаг бөгөөд дүрэмт хувцас өмсөж, цэргийн бэлтгэл сургуулилтыг тогтмол хийн, улс орноо батлан хамгаалах чиглэлээр бэлтгэгдэж байгаа аж. Энэ үеэр ҮБХИС-ийн ахлах багш Я.Энхцэцэг сургуулийн үйл ажиллагаа болон харъяа Ерөнхий боловсролын “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн талаар танилцуулсан юм. ҮБХИС-ийн харьяа Ерөнхий боловсролын “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургууль мөн цэрэг-патриотын хүмүүжил олгодог, бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг сургууль юм. Дээрх хоёр сургууль өөр хоорондоо нэлээд төстэй чиглэлээр хүүхдүүдийг бэлтгэдэг байсан. Иймд ОХУ-ын Баатар В.В.Сукуевын нэрэмжит Бүгд Найрамдах Улсын кадет дунд сургуулийн удирдлагууд манай улсын ҮБХИС-ийн харъяа Ерөнхий боловсролын “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуультай хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм.
Энэ нь түүхэн сэдвээрх лекц, эрдэм шинжилгээний солилцоог цаашид боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаатай холбох боломжийг нээж буй юм. Сургуулиудын хамтын ажиллагаа нь судлаач, багш, оюутнуудын харилцааг өргөжүүлэхээс гадна хоёр улсын түүх, соёлын талаарх мэдлэг, ойлголтыг харилцан баяжуулахад хувь нэмэр оруулах боломжтой.
Улаан-Үд хотод болсон лекц, илтгэлүүд нь Халхын голын байлдааны түүхийг олон талаас нь авч үзсэнээрээ онцлог байлаа. Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол, дайны үеийн цэргийн хамтын ажиллагаа, Монголын ард түмэн болон цэргийн алба хаагчдын тусламж, өнөө цагт үргэлжилж буй археологийн эрэл хайгуул зэрэг сэдэв нь түүхийн нэгэн үеийг өөр өөр баримтаар тодруулах боломж олгож байна.
Ялангуяа байлдааны талбарт хийсэн малтлагаар цэргийн шарил, үлдэгдэл, зэвсэг хэрэглэл, эд өлгийн зүйлсийг илрүүлж, нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн хэн болохыг тогтоох судалгаа хийж буй нь дайны түүхийг бодит баримтаар баяжуулахын зэрэгцээ амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхэд чухал ач холбогдолтой. Түүхэн ойг тэмдэглэхийн утга учир нь өнгөрсөн үйл явдлыг эргэн санах төдий бус, түүнээс сургамж авч, баримт нотолгоонд тулгуурлан судалж, хойч үед үнэн зөвөөр өвлүүлэхэд оршиж буй юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Монгол, Оросын эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудын уулзалт, судалгааны танилцуулга нь хоёр улсын түүхэн харилцааг мэдлэг, судалгаа, залуу үеийн боловсролтой холбосон үйл ажиллагаа болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7947)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn