Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж, Монголын ард түмэн нийтээрээ саналаа өгч тусгаар тогтнолоо тунхаглан баталгаажуулсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.
1945 оны аравдугаар сарын 20-нд бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан байдаг. Улмаар нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгдсэнээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгчээ. Энэхүү түүхэн санал асуулга бол зөвхөн Монголын төдийгүй XX зууны дэлхийн улс төрийн түүхэнд тохиолдсон анхны тусгаар тогтнолын төлөөх санал асуулга байсан гэдэг.
Үндэсний өдөр тутмын ”Зууны мэдээ” сонин монголчуудын мартаж үл болох өдөр хэмээн санаж, энэхүү түүхэн өдрийн ач холбогдлыг олон нийтэд сэргээн таниулах зорилгоор “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа онцолж байна. Тухайн үед санал асуулгад оролцож байсан хүмүүсийн үр хүүхдүүдийн дурсамж, түүхч, экспертүүдийн байр суурийг хүргэж байна.
Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд үлдээжээ

Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн
-Өнөөдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч, бүрэн эрхт туурга тусгаар улсын иргэд болсон түүхт өдөр. Энэ өдөр өрх тэргүүлж, өөдлөх цагийн өнгөнд амьдарч асан өвөг дээдсийн минь тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгсөн баримтыг нандигнан хадгалж явдаг билээ. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын III багийн ард миний аавын аав буюу өвөө Бэхийн Балжиннямын БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал асуулгад оролцож байсан саналын хуудас буюу хурууны хээ, миний ээжийн аав буюу Хөвсгөл аймгийн Бүрэн сумын 12 дугаар багийн ард өвөө Гармаагийн Ойдовын БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал асуулга, хурууны хээ бүхий түүхэн баримтууд бий. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв хэмээн маршал Д.Чойбалсангийн хэлсэн үгийг ямагт санаж явна.
Тусгаар тогтнолоо олон улсад эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрүүлэх чухал үйл явдал байлаа

Д.Батлут
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд
-1945 оны аравдугаар сарын 20-ны бүх нийтийн санал асуулга бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн түүхэнд хамгийн чухал, шийдвэрлэх үйл явдлуудын нэг юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан, олон улсад Монгол гэх улс хүлээн зөвшөөрдсөн түүхэн эргэлтийн өдөр байлаа. Монгол улс 1911 онд Манжийн дарлалаас гарч, Богд хаант Монгол Улс байгуулагдсан ч гадаадын олон улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байлаа. 1921 онд Ардын хувьсгал ялж, бодитоор тусгаар улс болсон ч Зөвлөлт Холбоот Улсын нөлөөнд байв. Иймээс 1945 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хувьд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх нь нэн чухал байсан юм. Иймд Дэлхийн II дайны төгсгөл Чөлөөлөх дайнд Монгол улсын 21 мянга гаруй дайчид оролцож, өөрсдийн бодит хувь нэмрийг оруулан амь биеэ үл хайхран дайтсанаар дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэх эрхээ авч чадсан юм. Ингээд ялалт байгуулсан гүрнүүд болох ЗХУ, АНУ, Их Британи, Хятад улс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх Зөвлөлт–Хятадын 1945 оны найрамдлын гэрээг байгуулсан. Тус хэлэлцээрт Хятад улс Монголын тусгаар тогтнолыг зөвхөн ард түмний санал асуулгаар батлагдвал хүлээн зөвшөөрнө гэж заажээ. Ингээд санал асуулга явуулахад, Монголын ард түмний 98.5 хувь нь /насанд хүрсэн/ оролцож, бүгд “Тусгаар тогтнолоо дэмжинэ” гэж хариулсан юм. Санал асуулгын дараа БНХАУ 1946 оны нэгдүгээр сард Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр бүрэн эрхт, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улс дэлхий дахинаа зарлагдсан түүхтэй.
Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх чухал ач холбогдолтой

Б.Эрдэнэбилэг
Түүхийн ухааны доктор
-Зөвлөлт хятадын хэлэлцээрийн дараа "Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад Улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс БНМАУ-д 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг. Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд, “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагдсан. Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт явагдсан энэ түүхэн үйл явдлыг XX зууны Монголын 10 түүхэн үйл явдлын нэгээр нэрлэдэг бөгөөд энэ өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэх гэхээсээ илүү залуу хойч үед тусгаар тогтнолын үнэ цэнэ, ямар үнээр бидний үед ирснийг таниулах, түүхийн ухаарал, сургамж, ой санамжийг өвлүүлэх нь илүү чухал ач холбогдолтой юм.
Өвөөгийнхөө гарын үсгийг харах бүрд бахархал, талархал төрдөг

Д.Ганмаа
УИХ-ын гишүүн
-Миний элэнц өвөө 1945 оны тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтад оролцож, “Зөвшөөрөх” хэмээн саналаа өгсөн байдаг. Тэрхүү санал хураалтад зурсан элэнц өвөөгийн минь гарын үсэг надад бий. Намайг бага байхад өсгөж, хүмүүжүүлсэн хайртай хүн минь учраас тэр гарын үсэг миний хувьд маш нандин дурсгал юм. Тиймээс аравдугаар сарын 20-ны өдрийг би элэнц өвөөгөө дурсан санаж, сэтгэлдээ нэг л сайхан дулаан мэдрэмжтэйгээр хүлээж, баярлан тэмдэглэдэг. Өвөөгийнхөө гарын үсгийг харах бүрд намайг хайрлан өсгөсөн тэр хүн үр хойч биднийхээ тусгаар, эрх чөлөөтэй амьдралын төлөө саналаа өгчээ гэж бодоход бахархал, талархал төрдөг. Энэ өдөр бол монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө хүсэл зоригоо илэрхийлсэн түүхэн өдөр. Миний хувьд тэр их түүх хайртай өвөөгийн минь гарын үсгээр дамжин гэр бүлийн дурсамжтай холбогддог. Өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн эх орныг улам бат бөх, иргэд нь эрүүл, боловсролтой, сайхан амьдралтай улс болгон үр хойчдоо өвлүүлэх нь бидний үүрэг гэж боддог.
Энэ өдөр та бидэнд эв нэгдлийн чухлыг сануулж байна

Б.Түвшин
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга
-1945 онд монголчууд “тусгаар улс байх” хүслээ илэрхийлэх бүх нийтийн санал асуулгад оролцож, бичиг үсэгтэй нь гарын үсгээ зурж, бичиж чадахгүй нь хурууны хээгээ дарж, тусгаар тогтнолоо бүрэн дүүрэн баталгаажуулсан байдаг. Тиймээс өнөөдөр бол монгол хүн бүр зүрх тархи, сэтгэл оюундаа улс орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэн сийлж, баталгаажуулан мөнхөлсөн өдөр юм. Тэр өдрийг түүх мартаагүй, мартуулах ч үгүй. Тэр өдрийг бид мартаагүй, мартах ч учиргүй, Бие, сэтгэлээсээ салгах ёсгүй… хэмээн Цээсэд найрагч шүлэглэн бичсэн нь ийм учиртай. Энэ өдөр та бидэнд их түүхийн үнэнийг хэлж байна. Энэ өдөр та бидэнд эв нэгдлийн чухлыг сануулж байна. Энэ өдөр та бидэнд эрх чөлөөт, тусгаар Монгол Улсын эх оронч иргэн байх үүрэг хариуцлагыг өвлүүлэн дамжуулж байна гэж ойлгодог.
Ард иргэд нь тусгаар тогтнолыг сайшаах эсэхийг шийдвэрлэнэ

С.Нямдорж
Түүх, нийгмийн багш
-Түүх сөхвөөс, 1911-1946 он хүртэл Монгол Улсыг олон улсын эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрч харилцаа тогтоосон нэг ч улс байсангүй. Энэ бол түүхэн үнэн. Ах хэмээн хүндэтгэх болсон ЗХУ ч Монголын тусгаар тогтнол дээр хоёрдмол байр суурь баримталж байлаа. Харин дэлхийн II дайны нөлөөллөөр 1945 оны нэгдүгээр сард Ялта хотноо хуралдсан Англи, Америк, ЗХУ хэмээх гурван улсын удирдагчдын хурлаар БНМАУ-ыг дэлхийн их гүрнүүдийн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэх асуудал сөхөгдсөн билээ. Дээрх улсуудын нэгнийхээ өмнө харилцан хүлээсэн үүргийн дагуу ЗХУ-ын шахалтаар Дундад иргэн улс арга буюу буулт хийж “Гадаад Монголд ард иргэдийн санал хураалт явуулахыг манай Засгийн газар зөвшөөрөв. Ард иргэд нь тусгаар тогтнолыг сайшаах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал Дундад иргэн улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдлийн дагуу 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж, санал хураалтад оролцсон ардууд 100 хувийн санал өгсөн байна. Миний өвөг эцэг болох Сайнбаярын Төмөрдэй болон түүний төрсөн ах Сайнбаярын Содномдагва нараас мөн Сайнбаярын хүү Цэдэн, Цэдэнд өргөгдөж түүгээр овоглох болсон Бөөр, Цэвэгмэд нарын Улсынхаа Тусгаар Тогтнолын төлөө санал өгсөн баримт нь энэ байна. Тэд маань бүгд МОНГОЛ УЛС-ынхаа ТУСГААР ТОГТНОЛ-ыг баталгаажуулж үндэсний бичиг болон кирилл бичгээр гарын үсгээ зурснаас гадна гарын хээгээ даран баталгаажуулжээ. Ийм хүмүүсийн үр сад нь болж төрсөндөө хувь заяандаа талархдаг.
Өвөг дээдсээрээ бахархаж явдаг

З.Мэндсайхан
УИХ-ын гишүүн
-1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт орон даяар явагдсан ба НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болоход энэ санал хураалт түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ санал хураалтад Ховд аймгийн Мянгад сумын есдүгээр багийн иргэн, миний өвөө Баасанжавын Хайнзан, эмээ Амгалангийн Жүгдэр нарын маань Тусгаар тогтнолоо баталгаажуулсан гарын үсэг. Бахархаж явдаг
Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх үйл явцад чухал алхам болсон

Д.Цэвээндорж
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиол судлалын салбарын эрхлэгч
-Өнөөдрөөс яг 81 жилийн өмнө болсон бүх нийтийн санал асуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд онцгой байр суурь эзлэх учиртай. Учир нь ард түмний саналаар тусгаар тогтнолоо баталгаажуулахыг зорьсон нь иргэний хүсэл зорилгод тулгуурлан ардчилал, хүний эрхийг дээдэлсэн дэвшилтэт үйл явдал болсон юм. Тийм учраас хөрш орны тусгаар тогтнолын түүхэн үйл явцад тодорхой нөлөөлсөн гэж боддог. Энэ талаар Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” гэх мэт цөөнгүй шүлэг зохиолд тэмдэглэгдсэн нь утга зохиол, урлагийн түүх болон үлдсэн. Орон нутаг, хот суурин, цэргийн анги нэгтгэл зэрэг улс орны өнцөг булан бүрд санал хураалт явуулсан нь монголчууд үндэс угсаа, нутаг дэвсгэр, нийгмийн ялгаанаас үл хамааран тусгаар тогтнолынхоо төлөө бүрэн нэгдэж байсны илрэл юм.
Төр тогтвортой байх үндэс нь иргэдийн идэвх оролцоо, дэмжлэг болохыг харуулсан

Н.Хишигт
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор
-1945 оны аравдугаар сарын 18-нд аймаг хотын Үндсэн нэрсийн жагсаалт гарч, 20-ныг хүртэл зам, зангилаагаар дайран явагдсыг нэмэн бүртгэснээр 494.960 хүн санал хураалтад оролцох дүн гарсан. Ард олныг мэдээллээр хангах үүргийг Улсын радио хороо, төв, орон нутгийн сонинууд хүлээж, нийтлэлийн бодлого, үйл ажиллагааг санал хураалтын зорилго, ач холбогдлыг таниулах, бэлтгэл ажил, ард олны санал, дэмжлэг тусламжийг мэдээлэхэд бүрэн чиглүүлжээ. БНМАУ-д санал хураахад оролцвоос зохих 494.960 хүнээс 487.409 нь оролцож, Улсынхаа тусгаар тогтнолыг 100 хувь баталсан. Энэхүү санал хураалт нь Монголын төр тогтвортой, хүчтэй байх уг үндэс нь иргэдийн идэвх оролцоо, дэмжлэг, үндэсний эв нэгдэл байдаг түүхэн сургамжийг өгсөн.
Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол гэсэн ойлголттой салшгүй холбоотой

Д.Лүндээжанцан
Шихихутуг их сургуулийн доктор
-“Бүрэн эрхт байдал” гэсэн ойлголт “Тусгаар тогтнол” гэдэг ойлголттой салшгүй холбоотой. Эдгээр нь хоорондоо зүй тогтолт шүтэлцээтэй. Бүрэн эрхт байдал нь төрийн дээд эрх мэдлийн чадамжийн шинжийг илүү илэрхийлсэн байдаг. Тусгаар тогтнол нь улс орны эдийн засаг, улс төр, соёлын талаарх хөгжлийн бие даасан байдал, түүний түвшинг илэрхийлнэ. Бүрэн эрхт байдал нь тусгаар тогтгосон байх шинжийг өөртөө агуулдаг учраас эрх зүйн хувьд илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлын харьцааг зохистой уялдуулж, тогтоосноор улс орны үндэсний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах нөхцөл бүрдэнэ. “Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол” нь “төр” гэдэг субъектын үндсэн шалгуур шинжийн нэг юм.
Үеийн үед, үрийн үрд нандигнан хайрлаж явах өдөр

Т.Батжаргал
СГЗ, доктор, нисгэгч
-Энэ бол монголчууд үеийн үедээ нандигнан хадгалж, санан дурсаж явах ёстой өдөр. Миний эцэг З.Түдэв, ээж Н.Норов нар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат хүмүүс. 1945 оны аравдугаар сарын 20-нд бүх ард түмний санал асуулга Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд явагдахад тэд маань саналаа өгсөн байдаг. Энэ бол бидэнд үлдэж байгаа бахархал юм. Тэр үед бүх орон даяар баг, сумдад зар мэдээ нэлээд явсан байдаг. Бүгд мал ахуй, сааль сүүгээ хойш нь тавиад, гоёлын дээлээ өмсөж, сайн морио унаад, ёстой наадамд явж байгаа юм шиг хүрч ирж байсан гэдэг. Тэд баяр хөөртэйгөөр, бахархалтай, итгэл дүүрэн тэр тусгаар тогтнолын хүснэгтэд гарын үсгээ зурж үлдээсэн байдаг билээ. Тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх ард түмний санал асуулга бол үе үеийн шилдэг эх орончдын асар их хүчин чармайлт, хөлс хүч, цус нулимс, амь насаа зориулж байж олж ирсэн тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн үйл явдал юм. Үүнийг үеийн үед, үрийн үрд манай үр хойч, залуус, ард түмэн нандигнан хайрлаж, сахин хамгаалж явах ёстой юм.
Тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдэрдэг, хамгаалж чаддаг ард түмэн байгаасай

Ш.Өлзийбаяр
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч
- Тусгаар тогтнол гэдэг бол ерөөсөө хамгийн чухал зүйл шүү дээ. Улс орон тусгаар тогтнон оршихын үнэ цэнийг гадаадад явж, сурч байхдаа илүү ойлгож, илүү мэдэрдэг юм байна. “Бор гэртээ Богд, хар гэртээ хаан” гэдэг шиг өөрийн орондоо, өөрийн гэртээ байх ямар их аз жаргал вэ. Өөрийн бол өөрийн байдаг. Тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг ойлгохын тулд Өвөрмонгол, Буриад, Халимаг болон бусад автономит улсуудын өнөөгийн байдлыг харахад л хангалттай. Тэднийг харахаар үнэхээр өрөвдөлтэй Тиймээс бид өөрсдийн тусгаар тогтнолын үнэ цэнийг маш сайн ойлгож, мэдэрч явах хэрэгтэй. Тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдэрдэг, түүнийгээ хамгаалж чаддаг тийм л ард түмэн байгаасай гэж хүсдэг дээ.
БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан

Д.Уламбаяр
Олон улс судлаач, доктор
-Энэ санал асуулгаар БНМАУ бодитой оршин тогтнож байгаа гэдгийг их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал юм. Хятадын талаас тухайн үед үүнийг хэрхэн ойлгож байсан бэ гэхээр, 1924 оны тавдугаар сарын 31-ний Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн дагуу Гадаад Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж байсан. АНУ-ын тухайн үеийн баримт бичгүүдэд Гадаад Монголын эрх зүйн болон бодит байдлын статусыг тусад нь авч үзэж, Хятад улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх тохиолдолд үүнд эсэргүүцэхгүй гэсэн байр суурь ч илэрч байсан. Тэгэхээр энэ бүхний цаана БНМАУ бодитоор оршин тогтнож байсан төдийгүй, түүний тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх үйл явц өрнөж байсан.
1911, 1921 оны xувьсгалуудын гол үр дүн нь ард нийтийн санал асуулга байсан

Д.Өлзийбаатар
Төрийн соёрxолт түүxч
-1911, 1921 оны xувьсгалууд нь Монголчуудын тусгаар тогтнолын төлөөx тэмцэл байсан. Эдгээр xувьсгалуудыг үр дүнд xүргэсэн гол үйл явдал бол 1945 оны аравдугаар сарын 20-ны өдрийн тусгаар тогтнолын төлөөx бүx нийтийн санал асуулга байсан юм. Монгол Улсын (xуучнаар БНМАУ) тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөр гэсэн Сталины шаардлагын улмаас БНДИУ Монгол Улсын тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөxдөө тусгаар тогтнолын санал асуулга явуулаx xүсэлт тавьсан байдаг. Энэ дагуу санал асуулга болсон түүхтэй.
Асар их хүч чармайлтын үр дүнд тусгаар тогтнолоо баталгаажуулсан

Д.Чимэддорж
Эрчим хүчний зөвлөх инженер
-Монголчуудын хувьд өнгөрсөн XX зууны 1911, 1921 гэдэг хоёр он бол тусгаар тогтнолоо олж авсан түүхэн цаг үе. Харин 1945, 1961 он бол тусгаар тогтнолоо баталгаажуулсан чухал үйл явдал болсон он жилүүд. Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үр дүнд нь өнөөгийн бид бүрэн эрхт тусгаар тогтносон эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсдаа амьдарч байна. Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үр дүнгийн нэг илэрхийлэл нь 1945 оны бүх нийтийн санал асуулга. Энэ санал асуулга хүртэл өмнөд хөрш манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан олон баримтыг түүхчид ярьдаг бичдэг шүү дээ. Асар их хүч чармайлтын үр дүнд санал асуулга явуулахаар болж, ард нийтээрээ оролцож, тусгаар монгол улсаа баталгаажуулсан түүхэн өдөр. Энэ санал асуулгад тэр үед санал өгөх насанд хүрсэн байсан манай өвөг дээдэс, ахмадууд бүгд оролцсон. “БНМАУ-ын Тусгаар тогтнолын санал асуулгад Завхан аймгийн Нөмрөг сумын 3 дугаар багийн ард Минжүүрийн Хандсүрэн, Жамбашаравын Эринбал нарын өгсөн саналын хуудас. 1945.10.20” гэсэн энэхүү баримт бол миний авга ах, хөгшин ээж хоёрын маань саналаа өгсөн хуудас. Манай аав тэр үед цэрэгт зүүн хязгаарт саналаа өгсөн гэдэг юм. Эх орон тусгаар тогтнол хоёр салшгүй холбоотой. Түүхэн ач холбогдлыг ойлгуулахад сургуулийн сургалтын системд орсон байх нь бас чухал. 1911, 1921 оны үйл явдал, 1945 оны санал асуулга,1961 оны НҮБ-д элсэх зэрэг улс орны тусгаар тогтнолтой холбоотой үйл явдалд оролцсон цорын ганц хүн бол Дилова хутагт. Түүний улс төрийн дурдатгал бол Монголын түүхийн маш чухал өв. Түүхт үйл явдлаас гадна ийм түүхэн хүмүүсийн өв гавьяаг олон нийтэд хүргэх чухал.
Элэнц эмээ маань хүү, бэр, ач охины хамт мориор очиж саналаа өгч байсан гэдэг

Алгаагийн Гал
АНУ-д амьдарч буй иргэн
-Миний элэн эмээ болох Чойсүрэнгийн Булган 73 настай байхдаа 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрхий хуруугаа даран Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгч байжээ. Санал өгөх байр суурин төвд байсан ч элэнц эмээ Булган маань бага хүү Баяр, түүний эхнэр Гаадан, ач охин Гармаа нарынхаа хамт санал өгөх байрандаа мориор ирж байсан гэдэг. Үүнийг гэрчлэх баримт бол энэ. 1945 оны 10 сарын 20 ны өдөр “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Завхан аймгийн Сантмаргац сумын 3 дугаар багийн ард ... өөрийн Бүгд найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнох эрмэлзэлээ баталж байна” гэсэн хүснэгтний 327 дугаарт бүртгэгдэн, Чойсүрэнгийн Булган нэрний доод эгнээнд баталгаа гэсэн үгний ард эрхий хурууны хээгээ даржээ. Харин миний өвөө, эмээ нар энэ цаг үед сонгуулийн насанд хүрээгүй байсан учир санал хураалтад оролцоогүй. Бидний үеийнхэн болон бүх монголчуудын хувьд эх орон тусгаар тогтнол бүхнээс үнэтэй. Үүнийг л үеийн үед сэтгэлдээ тээж, тусгаар тогтнолоо хамгаалж явахыг ирээдүй хойч үедээ захина даа.
400 шахам архивын түүхэн эх баримт хадгалагдаж байна

Г.Сэр-Од
Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын архивч-эрдэм шинжилгээний ажилтан
-Миний авга өвөө (аавын аав) Ховд аймагт хилийн цэргийн хугацаат албыг улиран хааж байхдаа Тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал асуулгад оролцож байсан. Харин авга эмээ маань тухайн үед 21 настай, Ховд аймгийн Буянт суманд саналаа өгч байв. Нагац өвөө, эмээ нар Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн иргэний хувиар саналаа өгсөн гэсэн баримтууд бий. Бидний өвөг дээдсийн 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалуудын үр дүнд 1924 онд бүрэлдэн тогтсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа хүлээн зөвшөөрүүлэхээр хүчин зүтгэсний үр дүн, 1939 оны Халхын гол дайн болон 1945 оны Чөлөөлөх дайнд эрэлхгээр тулалдсан олон баатарлаг эрсийн хөлс цусны үнээр олж авсан ялалтыг Монголын ард түмэн бүх нийтээрээ батлан тунхагласан чухал түүхэн өдөр юм. Үе үеийн эх орончдын мөнхийн хүсэл бодит биелэлээ олж, тусгаар тогтносон Монгол Улс дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын албан ёсны гишүүн орноор сонгогдох нөхцөлийг бүрдүүлсэнээрээ түүхэн ач холбогдолтой. Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын сан хөмрөгт Тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал асуулгын түүхэнд холбогдох зарлиг тушаал, ухуулах хуудас, саналын хуудас зэрэг 400 шахам архивын түүхэн эх баримт хадгалагдаж байна.
Өвөг дээдэс маань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, саналаа өгсөн

О.Саранчулуун
УИХ-ын гишүүн
-Миний өвөө Даваагийн Самбуу 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, тухайн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар отрядын чиглэлд байлдаж явсан хүн. Тэрээр эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө биеэрээ оролцож явсан төдийгүй 1945 оны аравдугаар сарын 20-ны бүх ард түмний санал хураалтад ч оролцсон байдаг. Энэ талаарх баримт манай гэр бүлд бий. Өвөөгийнхөө түүхийг ярих бүрд тусгаар тогтнол гэдэг бидэнд бэлэн ирсэн зүйл биш, харин өмнөх үеийнхний тэмцэл, зүтгэл, хүсэл зоригоор баталгаажсан үнэт зүйл гэдгийг илүү гүн ойлгодог. Өнөөдөр бид эх орныхоо тусгаар тогтнолыг бататгаж, хүн бүр эрхээ эдэлж, нэр төртэй амьдарч, ирээдүйдээ итгэлтэй байх Монгол Улсыг бүтээх явдал юм. Тиймээс ирээдүй хойч үедээ би гурван зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, түүхээ мэддэг байгаарай. Өвөг дээдсийнхээ туулсан зам, эх орныхоо төлөө хийсэн үйл хэргийг мэдэх нь өнөөдрийн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгоход тусална. Хоёрдугаарт, тусгаар тогтнолоо зөвхөн бахархал төдий ойлгож болохгүй. Түүнийг бататгаж, улс орноо мэдлэг боловсрол, шинжлэх ухаан, шударга ёс, хариуцлагатай төр, эв нэгдлээр хөгжүүлэх нь бидний үеийнхний үүрэг. Гуравдугаарт, эх орноо хайрлана гэдэг нь иргэн бүрийн дуу хоолойг хүндэтгэж, улс орныхоо хөгжилд хариуцлагатай оролцохыг хэлнэ. 1945 оны аравдугаар сарын 20-ны түүх бидэнд ард түмний хүсэл зориг улс орны хувь заяанд ямар чухал болохыг сануулдаг. Өвөг дээдэс маань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, саналаа өгсөн. Харин бид тусгаар тогтнолоо үнэ цэнтэй байлгахын төлөө ажиллах ёстой гэдгийг үргэлж санан яваарай.
Дэлхийн II дайнд монгол түмэн бүхий л хүч, оюун санаагаа зориулсны үр дүн юм

Д.Даваасамбуу
Сангийн сайд асан
-Монгол Улс анх удаа тусгаар тогтнолынхоо талаарх бүх нийтийн санал асуулга явуулна гэдэг маш онцгой түүхэн үйл явдал. Манай аав ээжийн хувьд надад ямар санал асуулга болж байсан талаар төдийлөн ярьж байгаагүй, би ч асууж байсангүй. Гэхдээ миний хувьд энэ өдрийн ач холбогдлыг гурван зүйлээр тодорхойлохыг хүсч байна. Нэгдүгээрт, тухайн үеийн дэлхийн II дайнд ялалт байгуулсан гурван их гүрэн болох ОХУ, АНУ, Англи гурван улсын удирдагчдын шийдвэрээр монголчуудаас өөрсдөөс нь нийт ард иргэдийн саналыг авах нь зүйтэй гэсэн санаачилга байсан. Ингэж өрнөдийн орнуудад түгээмэл байдаг олон улсын практикийг Монголд хэрэглэх нь зүйтэй гэж тэд үзсэн. Чингэхдээ мэдээж хоёр хөрш тэр дундаа БНХАУ-тай тохиролцох асуудлыг нөхөр Сталин болгон үүрэг авч тухайн үеийн Хятад улстай ярилцаж тохиролцоонд хүрсэн нь энэ үйл явдлын нэг онцлог юм. Хоёрдугаарт, энэ үйл явдал болж, тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсанаар XIII зууны үед байсан Монголын зээнт гүрний түүхийг XX зуунд онцлон баталж чадсан гэж би боддог. Гуравдугаарт, энэ үйл явдал нь дэлхийн хамгийн хөнөөлт дайн болох II дайнд монгол түмэн бүхий л хүч хөрөнгө, оюун санаагаа зориулсны хамгийн гол үр дүн юм.
Миний ээж, эмээ, элэнц эмээ нар энэ санал асуулгад оролцож байлаа

Н.Наранчимэг
Соёл судлаач, доктор
Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө бүх нийтээр санал хураасан энэ түүхэн өдрийн талаар ээж минь дурсан ярьдаг байлаа. Миний ээж Ц.Цэнд 1923 онд төрсөн бөгөөд үе дамжин Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Хонгорын энгэр хэмээх газар нутаглаж иржээ. Тэр үед хүүхэд тэвэрсэн хүний зурагтай ухуулах хуудас ирж, тусгаар тогтнолынхоо төлөө миний ээж болон эмээ С.Цагаан, элэнц эмээ Б.Соль нар хурууны хээгээ дарж, нэрээ бичиж санал өгсөн гэдэг. Тэднийхээ энэ баримтыг олж авахаар Архивын ерөнхий газарт хүсэлт өгөөд хүлээж байгаа. Ээж минь “Монгол Улсын тусгаар маш их үнэ цэнээр ирсэн. Эх орноо хайрлаж яваарай” гэж тухайн үеийн нөхцөл байдлыг нүдээр харж өссөн хүний хувьд захидаг байсан. Энэ сургаалыг нь би мөн үр хүүхдэдээ захиж, энэ түүхэн өдрийн ач холбогдолыг ойлгуулахыг хичээдэг. Өнөөдөр 11:40-өөс Монгол орон даяар Төрийн дуулал эгшиглэнэ. Энэ үед хүндэтгэлтэйгээр босож зогсоод, гараа зүрхэн дээрээ тавиад өнөөдрийн бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ бодоорой. Өнөөдөр тусгаар тогтнол, эх орныхоо төлөө буу бариад байлдах бус иргэн бүр үнэнч шударгаар хөдөлмөрлөж, энэ үнэ цэнийг сэтгэл зүрхэндээ тээхэд оршино.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 199 (7941)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn