Т.БАТСАЙХАН
Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарах үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэнд “Мобиком”-ын захирлуудтай хамт байсан тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд гарсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өчигдөр тайлбар өглөө. Түүний байр суурийг хүргэе.
- Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-ны өдөр гал гарч, байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Тухайн үед таныг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж байсан гэх мэдээлэл гарсан. Гал гарсан өдөр та яг хаана байсан бэ?
- Ямар ч байсан Нөмрөгийн ДЦГ-т гал гарч, ихээхэн хэмжээний байгальд хохирол учирсанд их харамсаж байгаа. Сүүлийн хоёр, гурван хоногт буруу ташаа мэдээлэл сошиалаар нэлээдгүй явж байна. Энэ талаар албан ёсны тайлбар өгөх ёстой байх гэж бодож байна. Нэгдүгээрт, миний хувьд өнгөрсөн хугацаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймагт тойрогтоо ажилласан нь үнэн. Гал аравдугаар сарын 8-ны өдөр 11 цаг 55 минутад гарсан тухай дуудлага ирсэн юм билээ. Тэр өдөр миний бие Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд сууж байсан. Үүнийг хэвлэлийнхэнд баримтаар харуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Чуулган 14:00 цагаас эхэлсэн. Би 13:40 цагт чуулганы ирцэд орсон байгаа. Тэгэхээр гал гарсан өдөр би Улаанбаатар хотод байсан. Энэ бол хөдөлшгүй баримт. Нөмрөгийн ДЦГ-т би амьдралдаа очиж үзээгүй. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хоёр арга хэмжээнд оролцоод, 7-ны шөнө Улаанбаатар хотод орж ирсэн. Ийм л үйл явдал болсон.
- Мобикомын захирлуудыг та тойрогтоо ажиллах үеэрээ өөрийн биеэр авч явсан уу. Тухайлбал, Сүмбэрийн боомтод болсон арга хэмжээнд та тэдэнтэй хамт оролцсон гэх мэдээлэл байна?
- Сүмбэрийн боомтод шилэн кабелийн нээлт болсон. Ер нь манай бүс нутаг өөрөө олон хил боомттой. Цаашдаа ОХУ, БНХАУ-тай холбогдох хил гарцыг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийгдэж байгаа. Сүмбэрийн отряд дээр болсон шилэн кабель тавьсан арга хэмжээний үеэр би тэнд байсан. Тэр арга хэмжээг Хил хамгаалах ерөнхий газар, аймгийн ЗДТГ зохион байгуулсан. Би тухайн арга хэмжээнд оролцсон. Арга хэмжээнд Мобиком, аймгийн ЗДТГ, ХХЕГ бүгд оролцсон.
- Тэгэхээр та Сүмбэрийн боомтоос Дорнод аймгийн төв рүү буцсан, харин тухайн арга хэмжээнд оролцсон хүмүүс Нөмрөгийн дархан цаазат газар руу явсан гэж ойлгож болох уу?
- Ер нь тийм. Би тэгж ойлгосон. Би Сүмбэрт аравдугаар сарын 6-ны үдээс өмнө ажиллаад, тэгээд аймаг явсан. Харин тэр хүмүүс тэндээ үлдсэн. Би цаашаа явсан. Тэр хүмүүс Нөмрөг рүү явах замдаа гал тавьсан юм байна гэж ойлгосон.
- Тэгэхээр Нөмрөгийн дархан цаазат газар руу явсан хүмүүс тантай хамт явсан хүмүүс биш, таныг дагаж явсан гэх зүйл байхгүй гэсэн үг үү?
- Ямар жаахан хүүхдүүд биш, бие биеэ дагаад дагуулаад явна гэж байхгүй. Хамт явах гэдэг нь тэр арга хэмжээнд л очихгүй юу. Тэндээс би тэд нарыг дагуулж явна, эс үгүй бол тэд нар намайг дагуулж явна гэсэн ойлголт байхгүй. Энэ чинь УИХ-ын гишүүнийхээ хувьд тойрогтоо болж байгаа арга хэмжээнүүдэд оролцох нь ажил үүргийнхээ хувьд байдаг. Тэнд арга хэмжээ зохион байгуулах нь миний бас нэг талаараа үүрэг шүү дээ.
- Харин Мобикомын захирлууд Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтэрч, загас барьсан гэх асуудлыг та тухайн үед мэдэж байсан уу?
- Үгүй ээ, би тэрийг бол огт мэдээгүй. Ер нь миний ойлгож байгаагаар дархан цаазтай газар бол хэн дуртай нь бас ороод байдаггүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Би, жишээ нь Нөмрөгийн дархан цаазтай газарт амьдралдаа очиж үзээгүй. Дорнод аймгаас сонгогдсон хэдий ч тэнд амьдралдаа очиж үзээгүй. Сүмбэрийн боомтоос үндсэндээ 80-90 километр шүү дээ. Транзиттай газар. Харин Сүмбэрээс аймаг руу 400 орчим километр. Аймгийн төв хүртэл. Тэгээд би Сүмбэрээс наашаа буцаж ирсэн. Тийм учраас би тэнд байсан, тэр галд оролцсон гэх зүйл огтоосоо байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна.
-Мобикомын ажилтнууд Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрөл авсан талаар та мэдэж байсан уу?
- Үгүй, үгүй. Тэрийг би мэдэхгүй. Би тэд нарыг яаж, тэндээс яаж зөвшөөрөл авч тийшээ орсныг нь мэдэхгүй. Тэгээд ч хууль хяналтын байгууллага ямар журмаар, яаж орсон юм, яагаад гал тавьсан юм гэдгийг бүхий л зүйлээр нь тодорхойлоод, энэ нөхөн төлбөр, тэнд болсон хор учралыг бүгдийг нь учрыг нь олох байх гэж би бас бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 194, 195 (7936, 7937)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn