Ч.Бямбаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.13/ хуралдаанаар Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлахаар болжээ. Тодруулбал, энэ дэд хороонд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар харьяалагдаж ажиллах юм. Үндсэн үүрэг нь хууль сахиулах байгууллага хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу гэдэгт хяналт тавьж ажиллах юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ярихдаа "Хууль сахиулах байгууллагын гүйцэтгэх ажил болон нууц мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэглэж байгаа төсвийг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Нөгөөтэйгүүр, энэ чиглэлийн үйл ажиллагаа, хүний эрх, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна уу, хуулийн дагуу явж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавих Парламентын хамгийн хүчтэй хяналтын хэрэгсэл.
Ганц С.Амарсайхан сайдын хэлсэн асуудал дээр ажиллахгүй. Олон удаагийн үйлдэл, баримт, олон хүний яриа, ил байгаа мэдээллээр манай дотоод аюулгүй байдал хүнд болсон юм байна. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэх нь маш эргэлзээтэй байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан өргөн бариад бараг хоёр жил болсон. Хууль нь батлагдаад жил гаран, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд хагас жил өнгөрч байна. Тэгээд одоо л Тусгай хяналтын дэд хороог байгууллаа" гэдгийг хэлж байв.
Эх сурвалж: www.polit.mn