Т.БАТСАЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа. Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагын хариуцлага, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийлэв. Энэ удаагийн “Улстөрчдийн хэн юу хэлэв” буланд тэдний онцлох байр суурийг хүргэж байна.
Шадар сайд Н.Номтойбаяр: Хоосон уучлаарай хэрэггүй, буруутай этгээдээр нь нөхөн төлүүлнэ
-Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг унтраахад маш их зардал гарч байна. Маш олон хүн нэмэлт цагаар ажиллаж байгаа. Хэрэв ан амьтан шатаж үрэгдсэн бол тусдаа үнэлгээтэй. Ямар ч байсан түймрийг бүрэн унтраагаад авъя. Дархан цаазат газарт учраас холбогдох байгууллагад нь мэдэгддэг байсан. Тэгэхээр Мобиком групп дархан цаазат газарт орох ажил хэргийн шаардлага байсан уу. Мобиком групп Нөмрөгийн застав руу шилэн кабель тавина гэж би сонсоогүй. Нөмрөгийн заставт шилэн кабель тавих шаардлага байхгүй. Тухайн үед би хувиасаа мөнгө гаргаж интернеттэй болгож байсан. Нөмрөгийн заставын интернетийн хэрэглээг хангахын тулд Мобиком групп 100 км газарт шилэн кабель тавина гэж юу байх вэ дээ. Хууль зүйн хувьд мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ гаргахаар нөхөн төлбөрийн асуудал ярина. Хоосон уучлаарай надад сонин биш байна. Буруутай этгээд нь тогтоогдвол нөхөн олговор төлнө. Түймэр унтраах үйл ажиллагааны зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа. Түймрийг цурамд орууллаа гэдэг нь галыг бүрэн унтраасан гэсэн үг. Хуурайшилтын үед салхи дэгдээд дахин гал гарах магадлалтай байдаг.
Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал: Миний үйлчлүүлэгч хуурай өлсгөлөн зарлаад байна
-Сэтгүүлч Т.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлаад байна. Т.Шинэбаяр 75 настай ээжтэйгээ амьдардаг байсан. Түүний орон байранд нэгжлэг хийсэнтэй холбоотойгоор даралт нь ихсэх, сэтгэл санаа нь тавгүйтэх нөхцөл байдалтай байгаа. Хуурай өлсгөлөн зарласантай холбоотойгоор эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах юм бол хуульд заасны дагуу хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн алба албадан эмчилгээ хийх нөхцөл байдал үүснэ. Өнөөдрийн байдлаар миний бие өмгөөлөгчийнх нь хувиар хорих 461 дүгээр ангийн эрүүл мэндийн албанд Т.Шинэбаярын биеийн байдлын талаарх дүгнэлт гаргаж өгөх хүсэлт хүргүүлээд байна. Түүнийг хойшлуулшгүй баривчлах ажиллагаа 2026 оны аравдугаар сарын 10-ны өглөөний 05:00 цагаас эхэлсэн. Ингээд аравдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Прокурорын газраас сэтгүүлч Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасны дагуу "нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хаврын морин уралдааныг хуулиар зохицуулахгүй бол нууцаар болж байна
-Хаврын морин уралдааныг зохицуулж өгөхгүй бол нууц уралдаанууд зохион байгуулагдаж байна. Нууц уралдаан явагдаж байгаа нь тухайн орон нутгийн захиргааны нэгж, хүүхдийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцож чадахгүй байгаатай холбоотой. Үүнээс эрсдэл үүсэж байна. Иргэдийн ярьж байгаа хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэндтэй холбоотой асуудлууд төрийн хариуцсан байгууллагуудын оролцоогүйгээс үүдэж байгаа гэж үзэж байгаа учраас хаврын морин уралдааныг хуульчлах зорилгоор хуулийн төслийг өргөн барилаа.Монголчууд морьтон ард түмэн, нүүдлийн соёл иргэншилтэй ард түмний хувьд морины өв соёл хязгаарлагдаж, багасаж байгаа нь ажиглагдаж байна. Монгол Улсад одоогийн байдлаар 100 гаруй мянган уяач бүртгэлтэй гэсэн мэдээлэл бий. Морины эдийн засаг гэж хэлж болохуйц бүхэл бүтэн салбар бий болсон. Тэнд уяачид, уралдаанч хүүхдүүд, туслах уяачид, хадланчид, тариаланчид, нэмнээ, хазаар хийдэг хүмүүс гээд олон хүн ажиллаж байна. Энэ салбарынхнаас ч өв соёлоо дээдэлж, хаврын морин уралдааны зохицуулалтгүй харилцааг хуульчилж өгөхийг хүссэн олон хүсэлт ирж байгаа учраас хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг хэлье.Хуулийн төсөлд монголчууд хаврын тэргүүн сарын сар шинийн баяраа тэмдэглэсний дараа, хаврын урин дулаан цагт тухайн орон нутгийн удирдлагын шийдвэрээр хаврын морин уралдаан зохион байгуулж болно гэсэн зохицуулалтыг оруулахаар төлөвлөж байна. Мөн хүүхдийн насыг ярилцаж, 14 наснаас дээш хүүхдээр морь унуулах зохицуулалт хийсэн гэдгийг хэлье.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тагнуулын ерөнхий газар болон цагдаа, хуулийн байгууллага шалгаж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй
-Говь-Алтай, Төв аймагт бүртгэгдсэн гоц халдварт өвчний тархалт бүрэн хяналтад орсон. Одоогийн байдлаар халдварын голомтод өвчилсөн 11-12 мянга орчим толгой ямааг устгалд оруулах ажил явагдаж байгаа. Малчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан ч анхан шатны тоо бүртгэлийг нягтлах шаардлага гарсан тул ирэх долоо хоног руу хойшлуулсан. Ерөнхий сайдаас нэгдүгээрт олон айл хотоо харлуулж байгаа тул хамгийн түрүүнд малчдаа бодож, хохирлыг шуурхай барагдуулах, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлбөрийг төлүүлэх чиглэл өгсөн. Хил гаалиар хууль бусаар оруулж ирсэн эсэх, өвчний анхдагч шалтгааныг Тагнуулын ерөнхий газар болон цагдаа, хуулийн байгууллага шалгаж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 196 (7937)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn