-“Нэг Монгол-Реформ” хөдөлгөөнийг хүн бүр дэмжээрэй-
Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.
Төрд талцал нүүрлэж, өш хонзонгийн сэдэл төрийн ажилд хутгалдаж, иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол, үнийн өсөлт, татварын дарамт, эрүүл мэнд, боловсролын хүртээмж гэхчлэн шил шилээ дарсан асуудлууд ужигрсаар ......
Одоо яах вэ, нэг л юм болохгүй байна.
Хөгжлийн хоцрогдол, амьдралын чанар өөрчлөгдөхгүй цаг хугацаа явсаар байвал бидний үр хүүхэд ч энэ гачлан бэрхшээлийг туучих шинжтэй болж байна. Монголчууд бид сургагдсан арчаагүй байдалд оржээ. Тэр юу вэ гэхээр, юу ч, хэзээ ч ч өөрчлөгдөхгүй гэдэг ухамсар бат сууж, хаалга онгорхой байсан ч хаалгаар гарахаа больчихдог, хүсч хүлээсэн зүйлгүй, итгэлгүй, хичээл зүтгэлгүй байхыг тодорхойлдог айхтар үг ажээ. Эгээ л ичээнд орсон баавгай мэт болохыг хэлдэг юм байна. Тийм ард түмэн мөхөл рүүгээ аажуухан урсаж байна гэсэн үг гэнэ. Энэ судалгааны дүгнэлтийг сонсоод айдас, түгшүүр төрж, одоо биш бол хэзээ ч биш юм байна гэсэн сандрал төрснөө нуух юун.
Тэгэхээр сургагдсан арчаагүй байдлыг өөрчлөх гэж залуучууд реформ клуб байгуулжээ. Тэрхүү клуб нь өчигдөр салбар салбарын, нас насны 1000 гаруй хүмүүсийг оролцуулсан уулзалт зохион байгуулсан ажээ. Клубээ “Нэг Монгол-Реформ” хөдөлгөөн болон хүрээгээ тэлж буйгаа энэ өдөр зарлалаа. Клубыг үүсгэн байгуулагчид нь олны танил биш, улстөрийн намгүй, боловсрол мэдлэг боломжийн хэдэн залуучууд байна. Тэд уулзалтаа хөтөлж, улс орны хөгжилд өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье хэмээж буй нь өөрчлөгдөх боломжид итгэл төрүүлэв.
“Реформ клуб”-ийнхэн энэхүү уулзалтынхаа хүндэт зочноор УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг урьжээ. Тэрбээр уулзалтын үеэр “Асуудал тогтолцоонд бий” хэмээн онцолж, үүнийг өөрчлөхийн тулд монголчууд нэгдэх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн юм.
Дээрх клубийн санаачлагчдын нэг, социологич Б.Батманлай “Илүү хол явахын тулд бид ижил зорилготой олон төрийн бус байгууллагад хамтран ажиллах урилга илгээсэн. “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөнийхөн урилгыг хүлээн авсан. Реформ, өөрчлөлтийн төлөө дуугардаг, ажилладаг учраас Ерөнхий сайд асан Г.Занданшатартай хамтрах нь зөв гэж үзсэн” гэдгээ онцолж байна.
Мөн тус клубийн ерөнхий зохицуулагч Ц.Мөнхжин “Нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилготой тус клубынхан намын эрх ашгаас давж сэтгэж байж, нийгэмд өөрчлөлт хийх зорилго дэвшүүлсэн гэнэ. Саяхан National Opinion-оос гаргасан судалгаанд 40 орчим хувь нь улс төрийн намууд Монгол Улсын төлөө юу ч хийж чадахгүй байна” гэж гарсан гэв.Энэ үеэр уулзалтын хүндэт зочин УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар тус клубтэй хамтран “Нэг Монгол-Реформ” хөдөлгөөн өрнүүлэн улс орон даяар иргэдээ сонсох зөвлөлдөх аян өрнүүлж буйгаа зарлалаа.
Мөн түүний тавьсан илтгэл үндсэндээ хөдөлгөөн өрнүүлэх учир шалтгааныг гадаад, дотоод нөхцөл байдалтай холбож хэлэхдээ, гадаа хүйтэн байна. Тиймээс бид дотооддоо дулаан байх хэрэгтэй. Хуучин цагийнх шиг зөвхөн дарга, сэхээтнүүд манлайлах бус бүх нийтийн оролцоо, манлайлал хэрэгтэй болжээ. Нэг сэтгэлтэй, нэг зорилгод нэгдэж чадвал шинэ Монгол Улсыг байгуулж болно. Энэ хөдөлгөөн тодорхой нэг хүнийг солих тухай бус, болохгүй байгаа тогтолцоог өөрчлөх тухай ярьж байна. Түүний эцсийн хэмжүүр нь маш энгийн. Монгол хүн хэрхэн амьдарч байна вэ гэдэгт очно гээд “Би ч гэсэн энэ системийн нэг хэсэг болж улс төрд олон жил зүтгэсэн. Хийсэн ажил ч их бий, алдаа оноо ч бий. Би алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй юм байна” гэв.
Энэ бол уулзалтын утга агуулга байлаа. Өөрчлөлтийг төрөөс, парламентаас, аль нэг намын удирдлагаас, өөр хэн нэгнээс эхлүүлэх тухай биш. Өөрөөсөө эхлүүлэх тухай.
Г.Занданшатар өөрийн өмнө нь санаачилж, хэрэгжүүлэхийг зорьж байсан зөвлөлдөх ардчилал, нийтийн сонсгол, өргөдөл, авлигатай тэмцэх зэрэг санаачилгынхаа талаар ч ярьсан. Тэдгээрийг зөвхөн нэг дарга шийдэж чадна гэж ойлгож байсан нь алдаа байсныг хүлээн зөвшөөрч, бодит өөрчлөлтийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хийх ёстой гэсэн сургамж үлдсэн тухайгаа ярилаа.
Өнөөдөр монголчууд сошиалын мэдээний давалгаанд өртөж, бараг сошиалаар төр удирдах хэмжээнд очиж буй аюул ирсэн байна. Монголын сошиалд өнөөдөр 500 мянган тролл хаяг “ажиллаж” найдваргүй, баталгаагүй троллуудын сэвээнд талцаж, хуваагдаж, төрөө хүртэл самууруулж, үнэт зүйл, эв нэгдлээ устгаж байхын оронд хүмүүс “амьдаараа”, буй биеэрээ зөвлөлдөхийн ач тус их ажээ.
Хоёр хүн байлаа гэхэд хоорондоо мэтгэлцээд, зөв, буруугаа шүүн тунгаагаад, шийдвэр гаргах үйл явцыг “реформынхон” санал болгож байна. Нэг үгээр, асар их мэдээллээр цэнэглэгдсэн ард түмэнтэйгээ амьд харилцаагаар зөвлөлдөж, Монголын ардчиллын шинэ хөгжлийг эхлүүлэхээр зорьжээ.
Харин реформын эцсийн үр дүн тайлан, статистикийн үзүүлэлтээр хэмжигдэх бус Монгол хүний амьдрал бодитоор сайжирсан эсэхээр хэмжигдэх ёстой. “Яагаад монгол залуучууд эх орноосоо зугтаагаад байгаа юм бэ?” гэсэн асуулт ч танхимд тавигдсан. Байгалийн баялагтай, өргөн уудам нутагтай Монгол Улсад төрсөн залуус эх орондоо сайхан амьдрах боломжтой байх ёстой гэсэн санаа энэ асуултын цаана бий. Тиймээс “Нэг Монгол” хөдөлгөөний ярьж буй реформын эцсийн зорилго нь институцийн өөрчлөлтөөс цаашилж, хүний амьдралд хүрэх тухай юм.
Тэд Монголын нийгэм, эдийн засагт хуримтлагдсан асуудлыг хэсэгчилсэн засвар, түр зуурын арга хэмжээгээр шийдэхээс илүүтэй тогтолцооны шалтгааныг нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Дэлгэцийн цаана нуугдаж, дур дураараа аашилж, улс үндэстнээрээ талцан хуваагдаж буй энэ цагт нүүр нүүрээ харж, зөвлөлдөн ярилцах хэрэгцээ, шаардлага ямар их байгааг энэхүү уулзалт харуулсан юм.
Зөвлөлдөж чадаж гэмээнэ нотлогч, няцаагч хоёр талын тэнцвэртэй мэдээлэл аваад үнэн, худлыг ялгасны дараа гаргаж байгаа шийдвэрийг зөвлөлдөх ардчилал гэдэг. Америкаас улбаатай зөвлөлдөх ардчиллын энэ ухагдахууныг “Өсөх малын зүс нэг, өөдлөх айлын үг нэг” гэдэг ардын зүйр үгээр аль хэдийнэ монголчууд тодорхойлсон байна. Уруудах өгсөх замаа сонгох уу даа.
Д.Заяа