Т.САЙХАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 126 гишүүн оролцох ёстойгоос 89 нь ирц, 70 хувийн босго давжээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачилсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх байсан ч санаачлагчид нь төслөө татан авах санал ирүүлсэн байна. Иймээс дээрх хуулийн төслийг татан авч байгааг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулж, төслийг татан авсанд тооцлоо.
Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар санал хураах байсан ч 15:00 цагт хийхээр болж хойшлууллаа.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх байсан ч бас л хойшлууллаа. Учир нь, уг хуулийн төслийн танилцуулгыг хийх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Архангай аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж байгаа тул төслийн хэлэлцүүлгийг маргааш хийхээр болж хойшлууллаа.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар санаачилсан/-ийг хэлэлцэж байна.
Эх сурвалж:www.polit.mn