Рагчаагийн ОЮУН
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та эрчим хүчний яам эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүллээ гэж буруутгаад байсан. Энэ яг ямар учиртай вэ?
-Эрчим хүчний яам нь Монгол Улсыг эрчим хүчний хувьд БНХАУ-аас хараат болгох бодлого хэрэгжүүлж байгаа нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулна. Бид дотоодын тогтвортой, найдвартай эрчим хүчний эх үүсвэрүүдээ барьж чадаагүйгээс Оюутолгой олон жил БНХАУ-аас цахилгаан авч, жил бүр 500 орчим тэрбум төгрөгийн орлогыг Өвөрмонголын эрчим хүчний системд оруулж байна. Иймд бидний нэн тэргүүний зорилго бол дотооддоо тогтвортой, найдвартай цахилгаан үйлдвэрлэх ДЦС-уудаа барихын зэрэгцээ том чадлын батерей, ус хуримтлуурын станц, усан цахилгаан станц, хийн станц гэсэн тохируулгын эх үүсвэрүүдээ барьж, Оюутолгойг дотоодоос хангах явдал юм.
Гэтэл Эрчим хүчний яам энэ бодлогыг хэрэгжүүлэхийн оронд Оюутолгой дээр нэмээд Өмнөговь, Дундговь аймаг болон Оюутолгойн ойр орчмын уул уурхайн хэрэглэгчдийг БНХАУ-аас цахилгаанаар хангах бодлого баримталж байгаа нь буруу гэж үзэж байна. Эрчим хүчний яам 220 кВ-ын “Зэс Оюу” хуваарилах байгууламжийг барьж, эрчим хүчний дутагдал үүссэн үед БНХАУ-аас 80 МВт хүртэл цахилгаан импортлох боломжтой болсноо ололт мэтээр танилцуулж байсан. Гэвч энэ бол баярлах зүйл биш. Харин ч Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг улам нэмэгдүүлж, хэрэглэгчдээ, орлогоо алдах үүд хаалгыг нээсэн, түүхэнд хараар бичигдэх үйл явдал болсон юм.
Манай эрчим хүчний систем 11, 12, нэгдүгээр сар буюу өвлийн гурван сард оройн 17:00-23:00 цагийн хооронд буюу хоногт зургаан цаг орчим л эх үүсвэрийн дутагдалд ордог. Бусад бүх сард, цагуудад эх үүсвэрийн илүүдэлтэй байдаг. Цаашид Бөөрөлжүүтийн 600 МВт, Баянгийн 660 МВт-ын ДЦС-ууд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол энэ илүүдэл улам нэмэгдэнэ.
Тиймээс бидний хувьд өвлийн энэ оргил ачааллын үеийн дутагдлыг нөхөх, мөн системийн аль нэг генератор гэнэт зогсох, засварт орох зэрэг үед үүссэн чадлын дутагдлыг богино хугацаанд нөхөх чадвартай тохируулгын эх үүсвэрүүдээ барих нь нэн тэргүүний зорилго юм.
Гэтэл Эрчим хүчний яам өвлийн хэдхэн сарын, хэдхэн цагийн дутагдлыг хаах том чадлын батерейн тохируулгын эх үүсвэрийг богино хугацаанд дотооддоо барихын оронд эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, хэрэглэгч, орлогоо алдах, татаасыг нэмэгдүүлэх буруу бодлого хэрэгжүүлж байна.
-Тухайлбал?
-Эрчим хүчний яам 2026 оны улсын төсвийн тодотголд энэ оны үлдсэн хугацаанд буюу 9-12 сард БНХАУ-аас нийт 133.8 сая кВт/цаг цахилгааныг нэг кВт/цагийг 0.58 юань буюу 311 төгрөгөөр импортлоход зориулж 51.4 тэрбум төгрөгийн татаас тусган оруулж ирээд байна. Эх үүсвэрийн дутагдал үүсээгүй ес, аравдугаар сард төдийгүй 11, 12 дугаар сард хоногт 18 цагийн турш цахилгаан импортлохоор ийм өндөр татаас төсөвлөж байна.
Энэ жил 51.4 тэрбум төгрөгийн татаас тавьж Өмнөговийг Хятадаас цахилгаанаар хангана. Ирэх жил энэ татаас хэд болж нэмэгдэх вэ. Өмнөговийн араас өөр ямар аймаг, уул уурхай, бүс нутгийг Хятадаас цахилгаанаар тэжээх вэ. Ингэж явсаар Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг улам нэмэгдүүлэх үү. Гэтэл энэ их татаасыг импортын цахилгаанд зарцуулахын оронд том чадлын батерей зэрэг тохируулгын эх үүсвэрээ дотооддоо барихад зарцуулсан бол өвлийн оргил ачааллын үеийн дутагдлаа өөрсдөө нөхөж, хэрэглэгчээ, орлогоо алдахгүй, эрчим хүчний хараат байдлаа нэмэгдүүлэхгүй, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байх байлаа.
-Та Эрчим хүчний яамнаас говийн бүсэд барихаар зарласан том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?
-Оюутолгой олон жилийн турш Монголын эрчим хүчний системийг тогтворгүй, найдваргүй гэж үзэж дотоодын системээс цахилгаан авдаггүй. Жилд ойролцоогоор 1.6 тэрбум кВт/цаг цахилгаан буюу 500 тэрбум төгрөгийн цахилгааныг БНХАУ-аас импортоор авч хэрэглээгээ хангаж ирсэн. Мөн Оюутолгой өөрийн хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилгоор хувийн хэвшилтэй шууд гэрээ байгуулж, 150 МВт-ын салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байна. Харин үлдсэн 70 хувийн хэрэглээгээ дотоодын тогтвортой, найдвартай эх үүсвэрээс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг.
Иймд бидний бодлого дотоодын эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Үүний тулд тогтвортой, найдвартай үйлдвэрлэл явуулах Тавантолгойн ДЦС-ыг барихын зэрэгцээ том чадлын батерей, ус хуримтлуурын станц, усан цахилгаан станц, хийн станц гэсэн тохируулгын эх үүсвэрийг яаралтай барьж байгуулах шаардлагатай байгаа юм. Гэтэл Эрчим хүчний яам говийн бүсэд жилд 1.7 тэрбум кВт/цаг цахилгааныг 99.5 хувийн найдваржилттайгаар нийлүүлэх нар, салхины эх үүсвэрийг барьж, Оюутолгойг дотоодоос цахилгаанаар хангах сонгон шалгаруулалтыг зарласан.
Монгол Улсын эрчим хүчний системийг улам тогтворгүй, найдваргүй болгох ийм том хэмжээний, өмнө нь хэзээ ч УИХ, ЗГ дээр ярьж байгаагүй, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, ТЭЗҮ-гүй, төслийг маш богино хугацаанд буюу 2026 оны наймдугаар сарын 23-нд зарлаад 9 сарын 11-нд шалгаруулахаар зарласан байсан.
Түүнчлэн сонгон шалгаруулалтын зарыг зөвхөн Эрчим хүчний яамны цахим хуудаст байршуулж, яамны албан ёсны сошиал хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд мэдээлээгүй. Хамгийн ноцтой нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.3.9.а-д өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа эх үүсвэрийн хүчин чадлыг МВт-аар урьдчилан тодорхойлохоор заасан байхад уг сонгон шалгаруулалтад хүчин чадлыг огт заагаагүй нь энэ үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.3.9.в-д төсөл сонгон шалгаруулалт нь “ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчимтай гэж заасан байдаг. Гэтэл энэ сонгон шалгаруулалтад 99.5 хувийн найдваржилтыг хангах техникийн шийдлээ оролцогч бүр өөрсдөө боловсруулж ирүүлэхээр тавьж, эцэст нь хамгийн бага тариф санал болгосныг шалгаруулах нөхцөл тавьсан нь оролцогчдыг ижил техникийн суурь нөхцөлөөр үнээр өрсөлдүүлсэн эсэхэд эргэлзээ үүсгэж байна. Учир нь зөвхөн үнээр бодитой өрсөлдүүлэхийн тулд 99.5 хувийн найдваржилтыг хангах бүх техникийн шийдэл, ажлын тоо хэмжээг үнийн саналд шууд нөлөөлөх гол нөхцөлүүдийг урьдчилан тодорхойлж, бүх оролцогчид ижил суурь нөхцөл тавих шаардлагатай юм.
-Хэдийгээр маш их шүүмжлэл дагуулсан ч шалгаруулалтыг хийчих шиг болсон?
-Эрчим хүчний яам 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг гаргасан. Гэтэл нэгдүгээрт, Эрчим хүчний яамнаас тавьсан үндсэн шаардлагыг хангаагүй санал шалгарсан асуудал байна. Эрчим хүчний яам нь 1.7 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх, ойролцоогоор 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж, 99.5 хувийн найдваржилтыг хангах шаардлага тавьсан. Харин шалгарсан санал нь жилд ердөө 0.7 тэрбум кВт/цаг үйлдвэрлэх, 270 МВт-ын нар, салхины эх үүсвэр барьж, 99.5 хувийн найдваржилтыг дотоодын эх үүсвэрээр бус БНХАУ-ын эрчим хүчний системээр хангахаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл, анх тавьсан үйлдвэрлэлийн хэмжээ болон дотоодоос найдвартай цахилгаанаар хангах үндсэн зорилгоосоо өөр шийдэлтэй санал хэрхэн шалгарсан бэ гэдэг ноцтой асуулт гарч байна.
Хоёрдугаарт, Монгол Улс эрчим хүчний системийнхээ тогтвортой, найдвартай ажиллагааг хэрхэн хангах вэ гэдэг бодлого бол маш нухацтай бодож, тунгааж, тооцож, төлөвлөж, төрийн түвшинд шийдвэрлэх ёстой стратегийн асуудал юм. Гэтэл Монголын эрчим хүчний системийн тогтворжилтыг БНХАУ-аар хангуулах шийдлийг нэг компанийн саналд тулгуурлан сонгож байгаа нь эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгаа үйл явдал юм.
Гуравдугаарт, Оюутолгой өнөөдөр БНХАУ-ын Өвөрмонголын эрчим хүчний системээс цахилгаанаа авч байна. Бид хэрхэн яаж Оюутолгойг энэ Өвөрмонголын эрчим хүчний системээс буцаан авч, дотоодоосоо цахилгаанаар хангадаг болох вэ гэдэг нь бидний олон жилийн бодлого, зорилго байсан. Гэтэл Оюутолгойг өнөөдөр цахилгаанаар хангаж байгаа Өвөрмонголын эрчим хүчний систем Эрчим хүчний яамнаас зарласан Монголын нутаг дэвсгэрт том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих сонгон шалгаруулалтад шалгарч, шинээр барих эх үүсвэрийнхээ тогтвортой, найдвартай ажиллагааг мөн БНХАУ-ын сүлжээгээр хангахаар төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь Оюутолгойн эрчим хүчний хараат байдлыг бодитоор бууруулж байна уу эсвэл хараат байдлын хэлбэрийг өөрчлөн Монгол Улсын эрчим хүчний системд улам гүнзгий оруулж байна уу гэдгийг нухацтай авч үзэх шаардлагатай байна.
Дөрөвдүгээрт, Оюутолгойг БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбосон шугамын дамжуулах боломж ойролцоогоор 600 МВт гэж үзвэл энэ нь манай ДЦС-4-ийн суурилагдсан хүчин чадалтай дөхөх хэмжээний цахилгааныг Монголын тал руу дамжуулах боломжтой гэсэн үг. Оюутолгой өнөөдөр БНХАУ-аас 150 орчим МВт чадал авч байгаа бол Эрчим хүчний яам энэ онд Өмнөговийн бусад хэрэглэгчийн хангамжид зориулан БНХАУ-аас 80 МВт хүртэл чадлаар цахилгаан импортлохоор төлөвлөсөн. Импортын энэ хэмжээ цаашид 150, 200, 300 МВт болж шат дараалан нэмэгдсээр, нэг өдөр шугамын боломжит 600 МВт-д хүрвэл Монгол Улсын эрчим хүчний системийн томоохон хэсэг Хятадын импортын эх үүсвэрээс бүрэн хамаарах бодит эрсдэл бий болно.
Мөн Өмнөговийн бүсэд Оюутолгойн 150 МВт, Ньюкомын 50 МВт-ын салхин станц болон Эрчим хүчний яамны сая шалгаруулсан 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гээд нийт 470 МВт-ын буюу маш том хувьсах үйлдвэрлэлтэй сул сүлжээ бий болж, цаашид Хятадын сүлжээтэй холбоотой ажиллахаас аргагүй байдалд орж, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Багануур, Чойр гээд Монгол Улс тас дундуураа хуваагдаад, эрчим хүчний хувьд Хятадаас бүрэн хараат байдалд орох үүд хаалгыг нээсэн гэм нүглийг энэ үед ажиллаж байгаа Эрчим хүчний сайд хийлээ гэдгийг түүхэнд тэмдэглэн үлдээх ёстой. Тиймээс асуудал нь өнөөдөр 80 МВт цахилгаан импортлохдоо бус, энэ импорт цаашид хаана хүрч зогсох вэ, Монгол Улс эрчим хүчний системийнхээ тогтвортой байдлыг дотоодын эх үүсвэрээр хангах уу эсвэл импортын цахилгаанаар нөхсөөр байх уу гэдэг урт хугацааны стратегийн сонголт юм.
Тавдугаарт, Эрчим хүчний яам жилд 1.7 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх, ойролцоогоор 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих сонгон шалгаруулалт зарласнаар олон жил төлөвлөж ирсэн Тавантолгойн ДЦС-ын хэрэгжилт, эдийн засгийн үндэслэлд томоохон эрсдэл үүсгэж байна. Учир нь Тавантолгойн ДЦС-ын гол хэрэглэгчээр Оюутолгойг тооцож ирсэн. Оюутолгойн жилийн 1.6 тэрбум кВт/цаг орчим хэрэглээг дотоодоос тогтвортой, найдвартай хангах нь уг төслийн үндсэн зорилгын нэг байсан. Гэтэл Оюутолгойн жилийн хэрэглээтэй дүйцэх хэмжээний 1.7 тэрбум кВт/цаг цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нийлүүлэхээр сонгон шалгаруулалт зарлавал Тавантолгойн ДЦС баригдсан тохиолдолд үйлдвэрлэсэн цахилгаанаа хэнд, ямар хэмжээгээр борлуулах вэ гэсэн асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, нэг хэрэглэгчийг хангах зорилготой хоёр том төслийг хоорондын уялдаа, системийн хэрэгцээ, худалдан авах баталгааг нь тодорхой болголгүй зэрэгцүүлэн төлөвлөж байгаа нь Тавантолгойн ДЦС-ын санхүүжилт, хөрөнгө оруулалт, хэрэгжих боломжид эрсдэл учруулж байна.
Зургадугаарт, Оюутолгой олон жилийн турш Монголын эрчим хүчний системийг тогтворгүй, найдваргүй гэж үзэж, дотоодын системээс цахилгаан авдаггүй байсан. Гэтэл Эрчим хүчний яамнаас шалгаруулсан том чадлын нар, салхины эх үүсвэр нь өөрөө хэлбэлзэлтэй учраас Монголын эрчим хүчний системийг улам тогтворгүй, найдваргүй болгоно. Хэрэв Оюутолгой “энэ эх үүсвэр манай найдвартай ажиллагааны шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлээр цахилгааныг нь худалдан авахгүй бол санхүүгийн эрсдэлийг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ялангуяа, жилд 700 сая кВт/цаг цахилгааныг “take or pay” буюу цахилгааныг заавал худалдан авах, аваагүй тохиолдолд ч төлбөр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулбал хэрэглэгчгүй цахилгааны төлбөр эрчим хүчний салбарт үлдэж, улмаар салбарын өр, татаас болон хэрэглэгчдийн тарифт дарамт болох эрсдэлтэй. Иймээс Оюутолгой цахилгааныг нь авах баталгаа, худалдан авагч тал, гэрээний хугацаа болон “take-or-pay” нөхцөлөөс үүсэх санхүүгийн эрсдэлийг хэн хариуцахыг гэрээ байгуулахаас өмнө тодорхой болгох шаардлагатай.
Долоодугаарт, Эрчим хүчний яам нь маш бага буюу таван МВт/10 МВт/цаг батерейтай, 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 7.9 цент/кВт/цаг тарифаар шалгаруулж байгаа нь асар өндөр тариф гэж үзэж байна. Учир нь Эрчим хүчний яамны энэ хавар зохион байгуулсан таван аймгийн сэргээгдэх эрчим хүчний аукционоор 30 МВт/100 МВт/цаг батерейтай, 50 МВт-ын нарны цахилгаан станцын тариф 4.85 цент/кВт/цаг болж буурсан. Мөн дөнгөж хил даваад БНХАУ-д 250 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний тариф ойролцоогоор 2-4 цент/кВт/цаг байна. Гэтэл бараг батерейгүй, маш том чадалтай хэрнээ 7.9 цент гэдэг бол асар өндөр тариф юм. Хүчин чадал нэмэгдэх тусам нэгжийн өртөг буурах боломж нэмэгддэг нь ойлгомжтой юм. Дээрээс нь Эрчим хүчний яам нь сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн хүчин чадал 20 кВт-аас дээш бол хүчин чадлын 20 хувьтай тэнцэх хэмжээний батерейг заавал тавь гэсэн маш хатуу шаардлагыг тавьдаг хэрнээ бүхэл бүтэн 270 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг батерей тавь гэж шаардахгүй байгаа нь шударга, ил тод, өрсөлдөх эрх тэгш боломжтой байх гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
-Тавантолгойн ДЦС ер нь яагаад баригддаггүй юм бэ?
-Тавантолгойн ДЦС-ыг өнөөдрийг хүртэл барьж чадаагүй нь бидний өөрсдийн алдаа. Энэ төслийг олон жил ярьсан ч хэрэгжүүлэх хэлбэрээ удаа дараа өөрчилж, тендер зарлан, оролцогчдын гомдол маргаан, шүүхийн үйл явцаас шалтгаалан их цаг алдсан. 2023 онд зарласан EPC+F тендер ч оролцогчийн гомдол, дахин үнэлгээний явцад хүчингүй болсон байдаг.
Миний хувьд Эрчим хүчний яам 530 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлахын оронд Тавантолгойн ДЦС дээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зохион байгуулах хувилбарыг нухацтай авч үзэх ёстой байсан гэж үзэж байна. Төрөөс шаардлагатай дэд бүтэц, газар болон төслийн санхүүжилтийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлээд, техникийн үндсэн шаардлагаа бүх оролцогчид ижил тогтоож, “хэн хамгийн бага тарифаар найдвартай цахилгаан нийлүүлэх вэ” гэдгээр өрсөлдүүлж болох байсан. Ингэснээр гүйцэтгэгчийг зөвхөн эцсийн хэрэглэгчид нийлүүлэх цахилгааны тарифаар нь өрсөлдүүлсэн тохиолдолд маргаан гарахгүй, Тавантолгойн ДЦС-ыг бодитоор хөдөлгөх өөр нэг боломж бүрдэх байлаа.
-Нүүрсний станцад хөрөнгө оруулалт олдохгүй байгаа гэдэг үнэн үү?
-Нүүрсний цахилгаан станцын авакцион зарлахаар оролцох хүн олдохгүй, нүүрсэнд хөрөнгө оруулалт олдохгүй байгаа гэдэг худал мэдээлэл. АНУ, Герман, Япон, Итали, Энэтхэгт нүүрсэн цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлуулах, ашиглалтыг нь үргэлжлүүлэх шийдвэр гарч байна. Ялангуяа, сүүлийн жилүүдийн дайн, геополитикийн нөхцөл байдал, байгалийн хийн нийлүүлэлт, үнийн савлагаа нь улс орнуудад эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамж ямар чухал вэ гэдгийг дахин санууллаа. Хятад улс 2026 оны эхний хагас жилд 30 ГВт нүүрсэн цахилгаан станцыг шинээр ашиглалтад оруулж, дахин 25.4 ГВт-ын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор зөвшөөрөгдсөн болон баригдаж буй нүүрсний төслүүдийн нийт хүчин чадал 274 ГВт байна.
Global Energy Monitor-ийн мэдээллээр 2025 онд дэлхий даяар 97.4 ГВт шинэ нүүрсэн цахилгаан станц ашиглалтад орсон нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Нүүрсэн төсөлд гадаадаас санхүүжилт олдохгүй гэдэг нь худал. АНУ-ын банкууд гэхэд нүүрсний салбарт 2022 онд 13.6 тэрбум ам.доллар, 2024 онд 17.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон жилийн дотор санхүүжилтийн хэмжээ дөрвөн тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Нүүрсний санхүүжилтэд тавих шаардлага дэлхий даяар чангарсан нь үнэн. Гэхдээ үүнийг “ямар ч санхүүжилт олдох боломжгүй” гэж ойлгож болохгүй. Банкны зээлээс гадна бонд, төслийн санхүүжилт, хувийн хөрөнгө оруулалт гэсэн өөр санхүүжилтийн бүтцийг ч судлах боломжтой. Дэлхий ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа нь үнэн. Гэхдээ улс орнууд эрчим хүчний хараат байдлаа нэмэгдүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаа золиослон байж шилжилт хийдэггүй. Монгол Улс ч өөрийн нүүрсний нөөц, эрчим хүчний системийн онцлог, найдвартай хангамжаа бодолцсон бодитой, тэнцвэртэй эрчим хүчний бодлого хэрэгжүүлэх ёстой.
-Бид сэргээгдэх эрчим хүчийг яаж хөгжүүлэх ёстой юм бэ?
-Сэргээгдэх эрчим хүчний гол дутагдал нь нар, салхинаас хамаарч үйлдвэрлэлт нь байнга хэлбэлздэг, синхрон генератор шиг тогтвортой үйлдвэрлэлт хийдэггүй. Сүлжээний инерцийг нэмэгдүүлдэггүй явдал юм. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх тусам системд үүсэх үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэх, давтамж ба хүчдэлийн тогтвортой ажиллагааг хангахад улам хүнд болж, их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт шаарддаг. Иймд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өндөртэй усан цахилгаан станцын нөөц багатай улс орнууд маш өндөр үнэтэй цахилгаан хэрэглэхээс аргагүй болж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн станцын цент/кВт/цаг тарифаар бус, системд найдвартай нэгтгэх нийт өртгөөр нь тооцож харьцуулах нь чухал юм.
Тиймээс Монгол шиг харьцангуй жижиг, тохируулгын эх үүсвэр хязгаарлагдмал системд нар, салхины эх үүсвэрийг нэг дор хэдэн зуун МВт-аар огцом нэмэхээс өмнө систем хэдий хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг аюулгүй хүлээн авах чадвартайг тодорхойлох шаардлагатай. Үүний үндсэн дээр 20, 50 МВт гэх мэт үе шаттайгаар нэмэгдүүлж, нөлөөллийг нь хэмжиж, шаардлагатай тохируулгын эх үүсвэрээ зэрэг хөгжүүлэх нь чухал юм.
Харин айл өрх, аж ахуйн нэгж, аймаг, сумдын цахилгаан хангамжийг найдвартай болгох зорилгоор сүлжээний нөхцөл, боломжид нь тохируулан сэргээгдэх эрчим хүчийг тархмал байдлаар хөгжүүлэх нь Монголын хувьд маш тохиромжтой. Монголын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хэдэн хувь хүртэл нэмэгдүүлэх вэ гэдгийг 30, 40 эсвэл 60 хувь гэж урьдчилан таамгаар тогтоохоос илүүтэй “манай систем нэмэлт тогтворжуулах хөрөнгө оруулалтгүйгээр хэдэн хувийг аюулгүй даах вэ” гэдгийг эхлээд тогтоох ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7932)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn