Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

34 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр гишүүд төрийн байгууллагуудын байрны түрээс, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлыг хөндөв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11:29 цагт 65.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалав.  Байнгын хорооны гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан нар хариулав.

 

“Өндөр түрээс төлж байсан гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн”

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Манай улс ирэх онд төрийн өмчийн объектуудаа түрээслүүлээд 1.7 тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн байна. 2020 онд түрээсийн төлбөрөөс 2.4 тэрбум төгрөгийн орлого олж байсан бол одоо 1.7 тэрбум болж буурчээ. Гэтэл төрийн байгууллагууд, төслийн нэгжүүд 2027 онд бусдаас объект түрээслэхэд 119.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Бид өөрсдийн хөрөнгөө өөрсдөө ашиглаж болдоггүй юм уу.Төр өөрийн хөрөнгийг нэг ам метрийг нь 50 мянган төгрөгөөр түрээслүүлдэг атлаа өөрөө байр түрээслэхдээ 170 мянган төгрөг хүртэл төлдөг. Хэмнэлтийн бодлого хаана байна вэ?

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Сангийн яам төслийн 47 нэгжийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн нэгтгэж, 17 болгосон. Ингэснээр оффисын түрээсийн зардлыг бууруулж байгаа.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Байрны түрээстэй холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, төрийн өмчийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын түрээсийн асуудлыг шалгасан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард хэлэлцэж, шийдвэр гаргасан.Ажлын хэсгийн судалгааны хүрээнд 22 улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, өндөр үнэтэй байр түрээслэхийг зогсоосон. Хамгийн өндөр түрээс төлж байгаа байгууллагуудын дунд ИНЕГ, шүүхүүд байна. Мөн гадаад улсад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд бий. Засгийн газар өнгөрсөн сарын хуралдаанаараа өндөр түрээс төлж байсан гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн.

 

“3000 санал тоолох машиныг ирэх оны эхний улиралд багтааж авна”

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

- Сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө 2027 оны төсөвт суусан уу?

СЕХ-ны дарга Н.Мягмар:

-2027 оны төсвийн төсөлд сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмж буюу олон нийтийн нэрлэж заншсанаар хар машины санхүүжилтийг тусгаж өгсөн. Санал тоолох 2000 машины санхүүжилт 29.2 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Ирэх оны эхний улиралд 3000 ширхэг санал тоолох төхөөрөмж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ онд 1000, ирэх онд 20000 нийт 3000 санал тоолох төхөөрөмж авна гэсэн үг. Эхний 1000 төхөөрөмжийн техникийн баталгаажуулалтыг нь хийгээд дуусаж байгаа.Ерөнхийлөгчийн сонгуулийг санал тоолох 3000 шинэ машинаар зохион байгуулна.

 

Б.Энхбаяр VS Ч.Лодойсамбуу

 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өмнөх төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналтай холбоотой асуудлыг хөндлөө. Тэрээр тухайн санал дэмжигдсэнээр төрийн байгууллагад ажиллаж, хуулийн дагуу цалингаа авсан хүмүүсээс өмнө олгосон цалинг нь буцаан авах нөхцөл үүссэнийг хэлэв. Тэрээр “С.Цэнгүүн гишүүн төсвийн тодотголын үеэр 10 сар ажиллаад авсан цалинг нь буцаан хурааж авах санал гаргаж, дэмжүүлсэн. Тэр хүмүүсийг одоо яах юм. Тэд хуулийн дагуу л цалингаа авсан хүмүүс шүү дээ” хэмээн асуудал тавьсан юм. Б.Энхбаярын тайлбарын гол агуулга нь төсөвт хэмнэлт хийх хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ өмнө нь хууль ёсны дагуу үүссэн цалин хөлсний харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдэгт чиглэж байв. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголоор зардлыг танасан ч тухайн шийдвэр гарахаас өмнө ажил үүргээ гүйцэтгэж, цалингаа авсан хүмүүсээс уг мөнгийг нөхөн төлүүлэх асуудал үүсэж байгааг тэрээр онцолсон.   Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр С.Цэнгүүн гишүүний өмнө гаргасан саналтай холбогдуулан шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсний дараа үг авч, Засгийн газрын гишүүдийн УИХ-ын гишүүдтэй харилцаж буй байдалд шүүмжлэлтэй хандав. Тэрээр парламентын үйл ажиллагааг 20 жил сурвалжилж ажилласан туршлагаа дурдаад, одоогийн Засгийн газрын зарим сайдын УИХ-ын гишүүдэд хандаж буй өнгө аясыг өмнө нь харж байгаагүй хэмээн хэлсэн юм. Ч.Лодойсамбуу гишүүн Б.Энхбаярт хандан “Ардаа Ерөнхийлөгчтэй болохоор томроод байдаг юм уу, та нар. Би 20 жил парламент сурвалжлахдаа ийм онгироо сайд нар үзээгүй. ЗГХЭГ-ын даргын сандал дээрээс ямар том болж байна аа, Б.Энхбаяр сайд аа” хэмээн хэлэв. Мөн Засгийн газрын гишүүд олон нийт болон парламентын гишүүдтэй харилцахдаа дээрээс хандсан өнгө аяс гаргаж байна гэж шүүмжилж, “Засгийн газрын сайд нар гарахаараа ард түмнээ загнаад, орж ирэхээрээ УИХ-ын гишүүдийг загнадаг боллоо” гэсэн байр суурь илэрхийллээ.

 

Хэлмэгдэгчдийн нөхөх олговроос гадна мэдээлэл нь ил тод байх ёстой

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгохтой холбоотой хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ.  Байнгын хорооны хэлэлцэх эхний асуудал нь Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 2-нд өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд байлаа.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэх үндсэн процесс учраас хуулийн өөрчлөлт нь шүүхийн ажиллагааны хугацаа, оролцогч талуудын эрх, үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалттай шууд холбогдоно.Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өнөөдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.

 

Хэлмэгдэгчдийн нөхөх олговрын асуудлыг дахин хэлэлцэв

 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн 2026 оны долоодугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгохтой холбоотой хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, уг асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон гэж үзэж байгаагаа өмнөх хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Түүний онцолсон гол асуудлын нэг нь цагаатгагдсан иргэдийн талаарх мэдээллийн ил тод байдал байв. Тэрээр хэлмэгдэгчдийг цагаатгасан талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох нь чухал гэдгийг онцолжээ. Хуулийн төслийг зөвхөн нөхөх олговор олгох асуудлаар хязгаарлахгүй, цагаатгалын үйл явц, гарсан шийдвэрүүдийн мэдээллийг ил тод болгох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Хуралдаанаар мөн Байнгын хорооны тогтоолын төсөл буюу ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр товлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7931)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

34 мин
Т.Хишигдулам: Дэлхийн шилдэг туршлага бүтээмэл оюуны тусламжтайгаар англи хэлийг үр дүнтэй эзэмших боломжтой

“Эфекта Эдюкейшн”-ийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгч Т.Хишигдуламтай ярилцлаа.

34 мин
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

34 мин
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

Өчигдөр 06 цаг 00 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

Уржигдар 19 цаг 34 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

Уржигдар 19 цаг 17 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

Уржигдар 19 цаг 13 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

Уржигдар 16 цаг 41 мин