Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Эфекта Эдюкейшн”-ийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгч Т.Хишигдуламтай ярилцлаа.
-Та “Эфекта”-гийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр хэзээнээс ажиллаж байна вэ. Ямар онцлогтой байгууллага вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Эфектаг тайлбарлахын тулд EF Боловсролын групп компанийн тухай дурдах хэрэгтэй болно. Учир нь Эфекта бол EF Боловсролын групп компанийн салбар, дэлхийн хамгийн том англи хэлний онлайн сургууль юм. Би 2023 оноос EF Боловсролын групп компанийн EF Academy-ийн ахлах сургуулиудад сурагчид элсүүлж албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн.
Удалгүй EF Гадаад хэлний сургалтын хөтөлбөрүүдийг монголчууддаа санал болгож эхэлсэн. EF Боловсролын групп компани соёлын орчин, биеэр туулж мэдэх туршлага хувь хүний өсөлт, дэвшилд бодит өөрчлөлт авчирна гэдэг философитой тул сургалтын орчныг аль болох бодит байлгахыг хичээдэг, тиймээс манай сургалт үр дүгтэй байдаг. Жишээ нь Нью Йорк мужийн шилдэг сургуулиар шалгарсан EF Нью Йорк Академийн 2026 оны төгсөн А.Хулан 90 мянган элсэгчээс 1 оюутан тэнцдэг, дэлхийн хамгийн инновоцлаг Терра коллеж-д элссэн анхны Монгол улсын иргэн болсон. Цаашлаад англи хэлийг онлайнаар сурахаас гадна АНУ, Канад, Англи, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Мальта, Сингапур болон Дубай дахь манай 30 орчимд төвд 2 долоо хоногоос дээш өөрийн хүссэн хугацаагаар сурч хэл, соёлыг өөрийн биеэр амилуулах боломжтой байдаг. Эфекта 2026 оны эхний хагаст Багануур, Багахангай, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад бүтээмэл оюунаар хүчитгэсэн англи хэлний сургалтаа турших, нутагшуулах ажлаар Монгол Улсад үйл ажиллагаа эхлүүлсэн. Эфекта нь сургалтын зориулалтаар хөгжүүлсэн бүтээмэл оюуны тусламжтайгаар англи хэлний дөрвөн чадамжийг бодит цагаар, үр дүнтэй сайжруулахад чиглэсэн дэлхийн шилдэг технологи юм. Эфекта нь ЮНЕСКО-гийн түншээс гадна “Таймс”-ийн хамгийн нөлөө бүхий 100 компанийн нэг юм.
-Та яагаад энэ байгууллагыг сонирхож, Монголдоо танилцуулахаар шийдсэн юм бэ?
-Энэ байгууллагатай холбогдох хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, хүүхдүүдийг 10 настайгаас нь эхлэн олон улсад аялуулж нүдийг нь нээх, тэдний ирээдүйн хүсэл, зорилгыг нь том, тодорхой болгоход тусалж чадна гэж итгэсэн. Тийм ч учраас EF-ийн төрөл бүрийн зуны сургалтуудад Монгол хүүхдүүдийг явуулахаар ажиллаж байна. Хоёрт, англи хэл дэлхийн мэдлэг бүтээх, түгээх, дамжуулах гол хэл болчихсон учир Монгол Улсаа маш богино хугацаанд англи хэлний чадамжтай улс болгохыг хүссэн. Монголчууд маань дэлхийн өндөр технологи, мэдлэгийн эдийн засаг, бүтээлч зах зээлд өрсөлдөх оюуны асар их нөөцтэйн дээр орчин үежих нийгмийн шаардлага манай улсад аль хэдийн бий болсон. Манайх шиг өргөн уудам нутагт иргэд нь тархан суурьшсан улсад технологийн дэвшил ашиглан Англи хэл хүн бүрд хүртээмжтэй хүргэх хэрэгцээ байна. Энэ зорилгын хүрээнд AI-аар хүчитгэсэн EF Эфектагийн онлайн англи хэлний сургалтыг Монгол улсдаа нутагшуулах ажлыг эхлүүлээд байна.
-Эфекта хөтөлбөрийг Монголд хэрхэн туршсан бэ, нутагшуулж чадсан уу?
-Бид бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн зааг дээр, бас үр дүнг хэмжиж болохуйц гэсэн утгаар нь Багануур, Багахангай, Налайх дүүргийг 10 ерөнхий боловсролын сургуулийн 6800 орчим сурагчид, англи хэлний багш нарыг сонгон Эфекта онлайн англи хэлний хөтөлбөрийг туршсан. Туршилтын үеэр дэд бүтцийн боломж, технологийн нэвтрэлтэд ямар өөрчлөлт шаардахыг, Эфекта хөтөлбөрийг сурагчид, багш нар, эцэг эхчүүд хэрхэн хүлээж авах, ямар зохицуулалт, өөрчлөлт хэрэгтэй болохыг олж илрүүлэхийг зорьсон. Төслийн төгсгөлд авсан судалгаагаар эцэг эхчүүд, сурагчид, багш нар сэтгэгдэл өндөр байсан ба хоцрогдол арилгах, англи хэлийг хэрэглээ болгоход Эфектагийн хичээл дадлагууд бусад хөтөлбөрүүдээс илүү үр дүнтэй байна гэдгийг хэлсэн. Энэ хугацаанд бид багшийн англи хэлний түвшинг ахиулахаас гадна prompt хэрхэн бичих, ажлаа хөнгөвчлөх яриа, сургалтуудыг хийсэн. Туршилтаар англи хэлний багшийн хичээлд бэлдэх, даалгавар засах, сурагчдыг үнэлэх гэх мэт ажлуудыг 30–40 хувиар хөнгөвчлөх боломжтой нь харагдсан. Туршилтаас хойш платформын А1-ээс В1 түвшний интерфейс буюу удирдлага, зааварчилгааг монгол хэлээр ашиглахаар өөрчилсөн. Одоо анхан шатны мэдлэгтэй Монгол хэрэглэгч маань ч Эфектаг ямар ч бэрхшээлгүй чөлөөтэй хэрэглэх боломжтой болсон.
-Хүүхдүүдийн хувьд ямар өөрчлөлт ажиглагдсан бэ?
-Эерэг сайхан өөрчлөлтүүд олон гарсан. Ялангуяа, өөрийн гэсэн зорилготой өөрөөр хөгжингүй орнуудад эсвэл англи хэлээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүүхдүүд маш хурдан өөрчлөгдсөн. Тэд сошиал медиад зарцуулдаг цагаа багасгаж, зарим нь бүр аккаунтаа хаагаад Эфекта-д хуваарь гаргаж, бие даан, өөрийн санаачилгаараа сурч эхэлсэн. Англи хэлнийхээ хичээлийн агуулгаас хоцорсон сурагчид бусдыгаа үймүүлэхээ больж Эфектагаа хийдэг болсон гэх мэт. Хотоос хол англи хэлний сайн сургалтад явах боломж хомс тэдэнд Эфекта итгэл өгсөн. Төслийн төгсгөлд хүүхдүүд англи хэлээр илтгэл тавьж, гаднын зочидтой чөлөөтэй ярилцаж байсан. Сурагчдын англиар чөлөөтэй ярих, цэвэр дуудах, хэрэглэж байгаа үгийн сан, өөрийгөө илэрхийлэх чадвар маш их өөрчлөгдсөн гэдгийг эцэг эхчүүд, дүүргийн оршин суугчид, багш нар хэлж байсан.Хувийн зүгээс, хүүхэд зорилготой л байвал юуг ч өөрчилж, бүтээж чадах юм байна, тэдний оюуны нөөцийг ухаалгаар удирдах л хэрэгтэй юм байна гэдгийг нотолгоотой харсан. Нэг жишээ хэлэхэд энэ жил Налайх дүүргийн 4 сурагч англи хэлний ЭЕШ-д 800 оноо авсан, дүйцүүлсэн. Эфекта платформын хэрэглээ туршилтын хугацаанд 80 хувьд хүрсэн. Энэ бол өндөр үзүүлэлт. Хэрэв Монгол улс Эфекта платформын хэрэглээг орон даяар олгоод, тогтмол хэрэглэж чадвал маш богино хугацаанд англи хэлний чадамжтай улс болно.
-Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн англи хэлний анхны түвшин ямар байсан бэ?
-Манай Эфекта платформ хэрэглэгчийн англи хэлний түвшин тогтоосны дараа сургалтын үйл ажиллагааг эхлүүлдэг. Төслийн эхэнд, төсөлд хамрагдсан сурагчдын 91 хувь нь анхан шатны түвшинд үнэлэгдсэн. Төсөлд 8-аас 12 дугаар ангийн өөрөөр, хамгийн багадаа гурав дах, хамгийн ихдээ долоо дах жилдээ англи хэл сурч буй сурагчид хамрагдсан. Түвшин тогтоох үед Монголчууд сонсох, ярих чадварын оноо их алдаж байгаа нь ажиглагдсан. Эндээс гадаад хэлний тухайлан англи хэлний сургалтын хөтөлбөр, заах арга зүй нь англи хэлийг хэрэглээ болгох шаардлагыг хангаж байна уу гэдгийг эргэн харах хэрэгтэй шиг санагдсан. Миний хувьд англи хэлийг зөвхөн мэдлэг гэж харах нь өрөөсгөл юм. Англи хэл бол Монгол хүнийг дэлхийтэй холбох, ойлгуулах хэрэгсэл, чадвар л байх ёстой. Тиймээс англи хэлний сургалтыг дүнгээр хязгаарлаж болохгүй.
-Сайн технологи, AI платформ байсан үр дүн гарахгүй тохиолдолууд зөндөө байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Тийм ээ, үр дүнгүй тохиолдлууд зөндөө байна. Үүнийг хоёр жишээгээр тайлбарлая. Гадаад хэлний сургалтад AI ашигласан янз бүрийн л шийдлүүд бий болсон. Зарим нь нэгдсэн хөтөлбөргүй, дурын хүсэлтэд хариу өгдөг эмх замбараагүй үйлдэлтэй, нөгөө хэсэг нь уламжлалт сургалтын аль нэг хэсэгт нэмэлтээр ашигладаг ч юм уу. Ийм тохиолдолд үр дүн Эфектагийн үр дүнтэй харьцуулах боломжгүй. Эфекта нь нэгдсэн хичээлийн агуулгыг бүхэлд нь AI-тай уяж өгсөн, суралцагч 24/7 –оор туслалцаа авах, сурах боломжоор хангасан шийдэл. Хоёрдугаарт, суралцагчдын зорилго, хүрэх үр дүн тодорхой байх ёстой. Жишээ нь OECD-ийн жишгээр ЕБС-ийг төгсөгчид В2 түвшний англи хэлтэй байх г.м. Бид зөвхөн хөтөлбөр, технологи ярихаас гадна хүн яагаад гадаад хэл сурах хэрэгтэй вэ, энэ чадвар ямар боломж нээх вэ гэдэг зорилго, учир шалтгааны учгийг таниулах хэрэгтэй мэт санагдсан.
-Хүүхдийн сурах сэдэлд гэр бүл, сургуулийн орчин хэр нөлөөлдөг гэж та үздэг вэ?
-Маш их нөлөөлнө. Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэт хамгаалж хүүхдийн өөрийн биеэр туулах, мэдрэх, турших, суралцах боломжийг хязгаарлаад байна. Магадгүй энэ нь бидний амьдарч буй орчин, орчны аюулгүй байдалтай холбоотой байх. Нөгөөтэйгүүр, багш нарыг сурагчдын гүйцэтгэлээр үнэлдэг болсонтой холбоотой сурагчдыг зөвхөн “шалгалт”-д бэлтгэх хандлага ажиглагдаж байна. давамгайлдаг. Хүүхдийн амьдрах цогц чадварыг бид олгох ёстой. Тиймээс эцэг эх, багш нарт хүүхдийн сониуч зан маягт тордож, тэтгэхийг зөвлөж байна.
-Та хүүхдүүдийг багаас нь аялал, богино хугацааны сургалтад хамруулах тухай ярьж байна. Үүний ач холбогдол юу вэ?
-Тиймээ Монгол хүүхдүүдийг олон улсын зуны сургалт, боловсролын аялалд өргөн хамруулахаар ажиллаж байна. Энэ нь хүүхдийн танин мэдэхүйг тэлэх, ертөнцийг үзэх үзэл төлөвших, өөрийн ижил болон ялгаатай байдлыг олж харах боломжийг, нөхцөлийг бүрдүүлдэг ач холбогдолтой. Заавал гадаад руу явах албагүй л дэ. Бага ангийн хүүхдүүдийг Монголынхоо нутгаар богино хугацаанд аялуулж болно. Төв аймаг, Хэнтий гээд өөр газар хоёр, гурав хоног явуулж, өөр орчинтой танилцуулах хэрэгтэй. Дараа нь хөршүүдтэй танилцуулна. Түүний дараа магадгүй Европ, Америк ч юм уу. Эдгээр аяллын дараа хүүхэд аяндаа өөрийгөө таниад, хэн байхаа шийднэ. Тэр үед бид, эцэг эхчүүд, багш нар, нийгмээрээ тэдэнд дэмнэх л үүрэг гүйцэтгэнэ.
-Сүүлийн үед “хүүхэд монгол хэлээ сайн сураагүй байхад англи хэл хэт эрт зааж байна” гэсэн шүүмжлэл гардаг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол хэл зайлшгүй байх ёстой. Үүн дээр маргах зүйл байхгүй. Миний хувьд сургуулийн өмнөх болон бага боловсролыг монгол хэл дээр маш сайн явуулах хэрэгтэй гэж боддог. Ингэснээр монгол хүний сэтгэлгээний өвөрмөц байдал, эх хэлний суурь төлөвших боломжтой. Харин дунд ангиас, тухайлбал зургаадугаар ангиас хойш гадаад хэлний сургалтыг системтэй, илүү олон сонголттой явуулж болно гэж боддог. Дахиад хэлэхэд эх хэл, сэтгэлгээний дэвсгэрийг нь сайн тавьж өгөх нь чухал. Хүүхдийн тархины хөгжил 0-5 насанд 82-95 хувь хүртэл хөгжиж 20 насанд гүйцдэг судалгаанууд байдаг. Тиймээс бага насанд нь эх хэлний онцлогийг зөв, системтэй тавьчихсан байхад дараа дараагийн хэлнүүдийг “барих/сурах” суурь сайн тавигдана.
-Тэгвэл гадаад хэлийг ямар дарааллаар сурах нь зөв гэж үздэг вэ?
-Англи хэл өнөөдөр мэдлэг бүтээх, түгээх, дамжуулах гол хэл болж байгаа учраас сурахаас өөр аргагүй. Үүний дараа гурав, дөрөв дэх хэлийг ахлах ангиас системтэй сургах боломжтой. Гол нь бүх зүйлийг нэг дор зэрэг өгөх биш, тодорхой тунтай, дараалалтай байх хэрэгтэй. Хүний тархи тодорхой хэмжээний мэдээллийг хүлээж авч, боловсруулж, шингээсний дараа дараагийн мэдээллийг хүлээж авахад бэлтгэгддэг. Хэт олон зүйлийг нэгэн зэрэг өгвөл хүүхдийн тархи ядарна. Ядарсан үед ойлгох, мэдээлэл тогтоох чадвар ч буурна. Ямар хэл сурах нь хувь хүний сонирхол хэдий ч Монгол хэл рүү суурь тавиад түүний дараа англи хэлийг В2 түвшинд дараа нь олон хэлийг арай бага түвшинд эсвэл нэг, хоёр хэлийг С түвшинээс дээш түвшинд сурах гэх мэтээр шийд гаргаж болно.
-Залуучууд гадаадад сурах, амьдрах сонирхол их болсон. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Гадаадад сурах, ажиллах, амьдрах хүсэлтэй залуучуудын зогсоох боломжгүй. Би залуучуудыг гадагшаа явж, дэлхийтэй танилцахыг сөрөг зүйл гэж хардаггүй. Тэд харьд очоод “Чи хэн бэ, хаанаас ирсэн бэ, Монгол гэж ямар улс вэ?” гэсэн асуултуудтай тулгарахдаа Монголоо хайж эхэлдэг учир би сайн зүйл гэж хардаг. Тэд Монголынхоо түүх, соёл, ахуй, таван хошуу мал гээд өмнө нь анзаараагүй зүйлээ сонирхож эхэлдэг. Монголын эрэл хилийн цаанаас л эхэлдэг дэ.
-Төгсгөлд нь та Эфектаг яагаад сонгох хэрэгтэйг уншигчдад хэлж өгөөч.
-Манай Эфектад олон давуу тал бий, гэхдээ энд 3-г л дурдъя гэж бодож байна. Нэгд AI багштайгаа бодит цагаар, хязгааргүй ярих боломжтой. Ярихдаа ямар алдаа хийж байгааг нь хэлээд өгөх учир дараа засаад явчихна. Хоёрдугаарт дүрмийг тусад нь ярих, бичихээс салангид үзэхгүй, хүн эх хэлээрээ яаж хэлд ордог шиг л англи хэлээр ярьж сурна. Өөрөөр хэлбэл, англи хэлийг хоёрдогч хэлээр заах тусгайлан боловсруулсан аргазүйгээр сурна. Гуравт, хязгааргүй хэрэглээ. Замын түгжээнд утсаа ухахын оронд Эфекта хичээлээ хийчихнэ. Эсвэл цэвэр агаарт чийлэрч суухдаа дуудлагаа засчихна. Манай платформ онлайн, оффлайн ажилладаг учир хязгааргүй хэрэглэж болно гэж хэлээд байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7931)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn