Т.САЙХАН
УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдсангүй. Харин Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төсөв хөтөлбөртэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол болж, парламентын түвшинд төсөв, төрийн бодлого, хяналт хариуцлагатай холбоотой асуудлууд анхаарлын төвд байлаа. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, улс төрийн хүрээнд өрнөж буй маргаан, хэлэлцүүлэг үргэлжилсэн өдөр болов. “Улстөрчдийн хэн нь юу хэлэв?” буландаа өчигдрийн онцлох байр сууриудаас хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ыг тараах тухай ярьж байгаа бол түүнийхээ улс төрийн хариуцлагыг ч хамт үүрэх ёстой
-“УИХ-ыг тараая” гэж байгаа гишүүд дахин нэр дэвшихгүй байх зоригтой байх ёстой. УИХ-ыг тараая гэж хэлчихээд эргээд дахин нэр дэвших нь увайгүй үйлдэл.Монгол Улсын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь Засгийн газрын үүрэг. Харин УИХ хууль тогтоох, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Засгийн газар парламентаар дамжихгүйгээр хууль тогтоох эрх мэдэл эдэлдэг байдал бий болсон. Энэ нь эрх мэдлийн хуваарилалт, парламентын хяналтын асуудлыг хөндөж байна. УИХ ажиллахгүй байна гэдэг шүүмжлэлээр парламентын мөн чанарыг үгүйсгэж болохгүй. Парламент гэдэг өөр өөр байр суурь, үзэл бодолтой хүмүүс асуудлаа ярилцаж, мэтгэлцэж, шийдвэр гаргадаг институц. Тиймээс УИХ-ыг тараах тухай ярьж байгаа бол түүнийхээ улс төрийн хариуцлагыг ч хамт үүрэх ёстой.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өрийн хэмжээг харахад улс орныг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн
-2027 оны төсвийг харахад зарлага нь асар өндөр байна. Өрийн хэмжээ ч нэмэгдэж байна. Зөвхөн энэ хоёр үзүүлэлтийг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн гэж харж байна. Төсвийн орлого нэмэгдлээ гээд зарлагыг дагаад өсгөж болохгүй. Төр өөрөө бүсээ чангалж, үр ашиггүй зардлаа бууруулах ёстой. Өр тавьж, зарлагаа өсгөсөөр байх нь эцэстээ иргэдэд дарамт болж очно. Тиймээс төсвийг бодитой тооцоо, эдийн засгийн боломждоо тулгуурлан хэлэлцэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: ХХААХҮ-ийн салбар чинь мафижчихсан юм биш үү дээ
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаасын хэрэгжилтийг нягтлах шаардлагатай байна. Олон жилийн хугацаанд энэ салбарт төрөөс их хэмжээний дэмжлэг, урамшуулал олгож ирсэн.Гэтэл төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаас бодит үйлдвэрлэгч, малчин, тариаланчдад хэр хүртээмжтэй очсон, хэн ямар шалгуураар хүртэж ирсэн бэ гэдгийг сонсголоор тодорхой болгох ёстой. Энэ салбарт ашиг сонирхлын сүлжээ бий болсон юм биш үү, ХХААХҮ-ийн салбар чинь мафижчихсан юм биш үү дээ гэсэн асуудал тавигдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 30 байгууллага хуурамч материал үйлдэж, 562 сая төгрөгийн урамшуулал авсан
-Улаанбуудайн урамшуулалтай холбоотой материалыг харахад 30 аж ахуйн нэгж материалыг хуурамчаар үйлдэж, 562 сая 200 мянган төгрөгийн урамшуулал авчихсан байна. Энэ бол мэдээлэлд ойр, эрх мэдэл, албан тушаалд ойр нөхдүүдийн хийж байгаа ажил.Төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал бол татвар төлөгчид, ард түмний мөнгө. Тиймээс төрийн дэмжлэгийг хэн, ямар шалгуураар авсан, хууль бусаар болон хуурамч материал бүрдүүлж авсан эсэхийг нэг бүрчлэн нягтлах шаардлагатай.Энэ бүхэнд хяналт тавих үүрэгтэй байсан, төсвийн мөнгийг хариуцаж байсан албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг ч ярих ёстой. Ард түмний мөнгөөр туйлсан албан тушаалтнууд бүгд ажлаа өгөх хэрэгтэй.
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй 21.1 тэрбумын зардлыг бууруулах боломжтой
-2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлага ба цэвэр зээлийг 43.6 их наяд төгрөгөөр төлөвлөж, төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр тооцжээ. Төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа ч анхаарах хэд хэдэн эрсдэл байна.Төсвийн орлогын өсөлт уул уурхайн салбар болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас өндөр хамааралтай байгаа нь гадаад зах зээл, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн 2027 оны төсвийн төсөлтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт оруулахаар санал болгосон нь төсвийн тогтвортой байдал, дунд хугацааны төлөвлөлтийн ач холбогдолд сөргөөр нөлөөлөхөөр байна.Төсвийн зарлага өмнөх оноос 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн. Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэй.Мөн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөлд үндэслэл, тооцоо судалгаагаар бүрэн нотлогдоогүй, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй, хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлттэй уялдаагүй нийт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал, үр ашиг, үр дүнгийн тооцоолол бүрэн бодитой бус, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тодорхойгүй асуудал байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 183 (7925)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn