Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай

1 цаг 3 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Түүхийн ухааны доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Генерал бол албан тушаал биш, цол гэдэг ойлголтыг та түүхч хүний хувьд хэрхэн тайлбарлах вэ.  Мөн нийгэм, төрийн өмнө хүлээх ёс суртахуун, үүрэг хариуцлага  нь юугаараа онцлог болох. Түүхэн уламжлалаар цэргийн дээд цолтонд жирийн төрийн албан хаагчаас ялгаатай ямар ёс зүй, сахилга, нэр хүндийн шаардлага тавьж ирсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-За би судлаачийн үүднээс л хэдэн юм хэлье. Манайд хэд хэдэн байгууллагын холбогдох хуулиудаар тухайн байгууллагын удирдлага цэргийн дээд цолтой байж болно хэмээн зааснаас генерал цол нь заримдаа албан тушаалын цол мэт ойлгогдох гээд байдаг тал бий. Генерал бол цол болохоос албан тушаал биш.

Генерал цолтон цэргийн хамт олны өмнөөс төрийн өмнө  асар их хариуцлагыг үүрч, мөн нийгмийн өмнө ёс суртахуун болоод ёс зүйн дуурайл болох үлгэр жишээг үзүүлэх өндөр үүрэг хүлээдгээрээ туйлын онцлог. Энэ бол цусаар төрсөн цэргийн цол.  Энэ бол цэрэг дайчдыг хэдэн арван мянгаар нь үхэл рүү илгээх шийдвэрийг гаргадаг цэргийн цорын ганц дээд цол.  Бас алдаа гаргавал хэдэн мянган хүний амийг үр дүнгүй хохироох эсвэл цэргийн хамт олны нэр хүндийг унагах үр дагаварт хүргэнэ.  Иймд генерал бол албан тушаалаас илүү үнэлэгдэх ёс суртахуун, эр зориг, тэвчээр, хүлээцтэй байдал, бие даан шийдвэр гаргах сэтгэлгээ, эх орныхоо эрх ашгийг ямагт урьдал болгож өөрийгөө золиослох  шалгуурыг харгалзсан цол. Түүхэндээ генерал цолыг эхэн үед албан тушаалаар биш нэр хүндээр нь олгож байсан байна.

-Генерал хүн өөрийн удирдаж байгаа байгууллага болон салбарын сайд, улс төрийн удирдлагатай санал зөрсөн нөхцөлд ямар зарчим баримтлах ёстой вэ. Цэргийн дээд цол өөрөө үг, үйлдэлдээ илүү хариуцлагатай байх үүргийг дагуулдаг гэж үзэх үндэслэл бий юу?

-Ийм зөрчил манайд ч биш газар сайгүй нийтлэг бий. Харин манайд ингэж ил гарч байгаа нь аанай л төр суларч буйн шинж.  Түүнээс биш зөвхөн цолондоо ч биш. Манайд улстөрчдөөс хуульд үл нийцэх томилгоо хийлгэх, бусад үүрэг даалгаврыг өгсөөр л ирсэн. Энэ асуудал хоёр талтай. Улстөрчдөөс хууль зөрчсөн үүрэг даалгавар өгч генералуудыг хүнд байдалд оруулдаг.  Нөгөө талаас хууль зөрчсөн үүрэг даалгаврыг байгууллагын дарга албан тушаалын хувьд биелүүлэхээс аргагүйд хүрэвч, генерал цолтны хувьд уг асуудалд уг нь өөрөөр хандах ёстой. Эр хүн юм бол генерал цолоо, төрөө дээдлэх л учиртай. 

-ШШГЕГ-ын дарга бригадын генерал А.Намсамандын мэдэгдэл, үйлдлийг нийгмийн сүлжээгээр, бас зарим улстөрчдөөс шүүмжлэх нь их байна. Та юу гэж харж байна вэ?

-Нийтийн жишгээр бол цэргийн дээд цол, хамт олноо хүндэтгэн ганцаараа мэдэгдлээ хийгээд, албан тушаалаасаа шууд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргадаг л даа.  Дайны үед бол олон хүний амь насыг үндэслэлгүйгээр хохироох буруу шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж амиа л хорлоно.  Тийм ээ. Өөрийгөө золиослох нь эр хүний шинж. Сургамж нь улстөрчдөөс генерал цолыг хүндэтгэж, мэргэжлийн удирдлагад хутгалдахгүй байх, хуульд үл нийцэх шийдвэрийг тэднээр гаргуулах чиглэл үүргийг өгөхгүй байх, цэргийн дээд цолтон буруу шийдвэрийг биелүүлэхээс өмнө  тухайн улстөрчид заавал бичгээр эсвэл амаар хуульд үл нийцэж байгааг сануулж байх ёстой.  Ингэж санууллаа гээд улстөрчид юм бодох хэрэггүй. За манай улстөрчдийн хуульд үл нийцэх үүрэг нь уг нь “жижигхэн” энд тэнд хүн томилох л асуудал голлодог, үүнийгээ больчихмоор юм.

-Батлан хамгаалах тухай хуульд төрийн цэргийн байгууллын тогтолцоонд Зэвсэгт хүчин төдийгүй хилийн ба Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын байгууллагыг хамруулсан. “Төрийн цэргийн байгууллага” гэх ойлголтын гол шинж нь юу вэ. Яагаад чиг үүрэг нь өөр эдгээр байгууллагыг нэг тогтолцоонд авч үздэг юм бэ.  Төрийн цэргийн байгууллагууд цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрэм, цол, бие бялдрын стандарт зэргээрээ нэгдмэл байна гэж хуульд заасан. Тэгвэл тэднийг нэгтгэж байгаа хамгийн чухал зүйл нь дүрэм, цол уу, эсвэл төрийн аюулгүй байдал, хууль ёсыг хамгаалах тусгай үүрэг үү?

-Тийм ээ.  Хуулиар төрийн цэргийн байгуулал бол тогтолцоог хэлнэ гэсэн.  Хуульд “цэргийн байгууллага” нь улс орны тусгаар тогтнол, иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хамгаалах үүрэгтэй, цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийг байгууллагыг хэлнэ гэж заасан. Тэгэхээр хуулиар дээрх таван байгууллагыг тогтолцоонд хамруулсан авч 2-3 байгууллагад нь “цэргийн хүч” хэрэглэх чиг үүрэг ер тохирохгүй байгаа юм. За яахав нийгмийн асуудлыг нь шийдэх гэж тогтолцоонд хамруулсныг бүгд л ойлгож байгаа. Гэтэл ингэж “тэгшитгэх” зарчим яваандаа “цэргийн хүч” хэрэглэх үндсэн үүрэгтэй зэвсэгт хүчин, хилийн цэргийг сулруулах үр дагавартай.  Эхнээсээ ч ийм  байдал ажиглагдаж байна. Эдгээрээс гадна цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг гурван байгууллага,  бас дүрэмт хувцас хэрэглэдэг хэд хэдэн байгууллага бий.  Эднийг нэг мөр хянан үзэх хэрэгтэй.

-Гадаадын орнуудад цагдаа, хорих байгууллага, онцгой байдал, тагнуул зэрэг иргэний болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдлагад “генерал” зэрэг цэргийн шинжтэй цол хэрэглэх ямар загварууд байдаг вэ. Монголын тогтолцоо аль уламжлалтай илүү ойр вэ. Түүх, эрх зүйн талаас нь эдгээрийн ялгааг хэрхэн зөв ойлгох ёстой вэ?

-Байлдагчийн халаасанд генералын мөрдөс гэдэг шиг цэргийн дээд цол авахыг цэргийн албан хаагч бүр л мөрөөднө. Гэхдээ байлдагчийн гэдэг үгийг анхаараарай. Мэдээж улс орон бүр өөрийн онцлогтой. Цэргийн дээд цолыг хууль сахиулах байгууллагууд хэрэглэдэг нь олон улсад нийтлэг.  Гэхдээ асуудал нь цолондоо биш тогтолцоондоо, тогтолцоогоо сайжруулах сэтгэлгээндээ бий. Монголын тогтолцоо хэний туршлага, уламжлалыг тулгуурлан байгуулагдаж явж ирснийг бүгд мэднэ. Одоо тэр хэвээр л байна. Энэ бол хэлбэр нь өөрчлөгдсөнөөс биш хүйтэн дайны үеийн л хуучин тогтолцоо. Батлан хамгаалах тогтолцоо ч  ялгаагүй. Хүссэн, хүсээгүй эдгээр тогтолцоо цаашдаа өөрчлөгдөнө. Тохирох газраа тохирох бол тохирохгүй газраа асуудал дагуулсаар байх тул шинэлэг уур амьсгал оруулахаас аргагүй болно. Хууль зүйн яам тусдаа ч баймаар юм шиг. Хөгжингүй болон зарим оронд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, мөрдөн, эрүүгийн цагдаагийн албаны удирдлагад энгийн хүнийг томилж ажиллуулах нь нэгэнт тогтсон нийтлэг зарчим. Энэ нь нийгмээс тусгаарлагдах явдлаас сэрэмжлэх ач холбогдолтой, үр дүнтэй байдаг. Цолны тогтолцоо нь комиссарынх. Гэхдээ бид тийм түвшинд хүрсэн үү, тийм соёл бий болох уу. Харин тогтолцооны зарим нэгэн өөрчлөлт хийж болно. Цагдаагийн дарга цэргийн командлагч байх, цагдаагийн бүрэлдэхүүнд дотоодын цэрэг гэж байх хэр зохистой вэ. ШШГЕГ-т ч тэр, ЦЕГ-ын дэргэд хүний эрхийг зөрчихөөс сэрэмжилсэн Иргэний хяналтын зөвлөл байгуулан ажилладаг олон улсын жишгийг нэвтрүүлэх цаг болсон мэт. Харин ийм зөвлөлийг яамны дэргэд байгуулж оромдох хэрэггүй. Дээр дурдсан салбаруудаас цагдаа, хорих байгууллага бол хууль сахиулах, онцгой байдал нь гамшигтай тэмцэх, тагнуул бол хууль сахиулах биш үндэсний аюулгүй байдлыг хангах гээд харилцан адилгүй үүрэгтэй. Гэтэл эдгээрээс нэг нь л төрийн цэргийн байгууллага гэж хуулиар заагдсан. Гэхдээ бүгд л цэргийн захирах, захирагдах ёс дэглэмийг баримталдаг, ажлын нөхцөл энэ зарчмыг тулгаж байгааг бүгд ойлгож байгаа. Дэлхийн гамшгийг харгалзвал ОБЕГ нь яамныхаа бүтцэд эргэн ормоор ч юм шиг. Ер нь бол тогтолцоо тиймхэн байгаа нь батлан хамгаалах аюулгүй байдлын салбарт тавих иргэний хяналтын зарчим суларснаас үүдэлтэй. Иргэний хяналт бол хууль дээдлэх зарчмыг багтаахын хамт түүнээс ч өргөн ойлголт.  

-Монгол Улсад генерал хэмээх цэргийн дээд цолыг 1944 оноос олгож эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн хуулиар бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал гэсэн дөрвөн цолыг “дээд офицер” гэж тодорхойлсон байна. Манайд генерал цолны үнэ цэнэ, нэр хүнд алдагдсан гэх шүүмжлэл үе үе гардаг. Одоо ч гарч байна. Түүхийн хувьд генерал цолыг хэт олон олгох нь цолны институцын үнэ цэнийг бууруулдаг уу.  Эсвэл байгууллагын бүтэц, чиг үүрэг өргөжсөнтэй холбоотой жам ёсны өөрчлөлт үү?

-Манай генерал цолтой эрхмүүд бүгд дээр дурдсан шалгуурыг хангасан эрхмүүд. 1944 оноос хойш цэргийн дээд цолыг 245 хүнд олгосноос 142 нь амьд сэрүүн байна. 2000 оноос хойш цэргийн дээд цолыг 126 хүнд олгосноос хоёр хүн цолоо хураалгасан,  одоо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад генерал цолны зэрэглэлтэй албан тушаалд 33 хүн ажиллаж байна. Цэргийн дээд цолтой албан тушаалтан эсвэл хүний үйлдэл нийгэмд анхаарал татдаг нь генерал цолны  нэр хүндийг дагасан хариуцлага, ёс зүй хэчнээн чухал, өндөр байдгийг харуулж буй л хэрэг.

-Таныг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байх үедээ генерал цол хүртэх боломж байсан ч өөрөө татгалзсан гэсэн яриа байдаг. Тухайн үед та яагаад генерал цолноос татгалзсан юм бэ. Энэ нь генерал цолны шалгууртай холбоотой таны зарчим, байр суурьтай холбоотой байсан уу?

-Би бие даасан судалгаагаа хийхийн тулд 1993 онд цэргийн албанаас сайн дураараа халагдсан.  Түүнээс хойш энгийнээр ажиллаж байна.  Надад цэргийн ямар ч цол хэргэм байхгүй.  ТЕГ-ын дарга цэргийн цолгүй энгийн албан тушаал байсан.  ШШГЕГ-ын даргын албан тушаал ч тэр генерал цолтой байгаагүй ер нь бол хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллагын удирдлага энгийн байх зарчмыг би дэмждэг.  Энэ бол нийгмээс үл тусгаарлагдах, асуудлыг  илүү өргөн хүрээнд харах, бие даасан шийдвэр гаргах, гадна дотнынхонтой санал бодлоо чөлөөтэй солилцож мэдээлэл авах гээд бусад олон талын ач холбогдолтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 183 (7925)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдсангүй. Харин Төрийн ордонд хөдөө аж ахуйн сал

1 цаг 3 мин
М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ ээлжит нэгэн сонсголоо хийж байна. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн

1 цаг 3 мин
Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай

Түүхийн ухааны доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 3 мин
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

16 цаг 34 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

16 цаг 36 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

18 цаг 56 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

18 цаг 59 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

19 цаг 26 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

Өчигдөр 06 цаг 00 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

Өчигдөр 06 цаг 00 мин