Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хорооны хуралдаан боллоо. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Хуулийн салбарт цэвэрлэгээ хийж, ажиллахыг үүрэг болгож байна
-Нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл. Сүүлийн хоёр хоногт томилогдсон бүх албан тушаалтнуудыг чөлөөл. Дотоод аюулгүй байдал алдагдаж байна. Тиймээс та ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албанд мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагчдыг томилж, ХЗДХЯ-ны хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Бага ярьж ихийг хийе. Орон сууцны залилангийн асуудал, өөрийн санаачилсан хөрөнгө хураах хуулиа оруулж ирэх, цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ААН-үүдэд хүнд суртал гаргаад байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооц. Иргэдийг торгодог, цагддаг төрийн албан хаагчдыг шат шатанд нь арга хэмжээ авахуул. Салбарт системийн хувьд бүхэлд нь харж шийдэх, цэвэрлэгээ хийж цогцоор нь харж ажиллахыг үүрэг болгож байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл: МАН-ын хулгайч нар манай хэсэг нөхөдтэй нэгдэж намайг хулгайч болгох гэж байгаа бол амжихгүй шүү
-Надтай холбоотой 10, 20 жилийн өмнөх аж ахуйн нэгж, үйл ажиллагааг ухаж, мянган янзын зүйл зохиож олон нийтэд түгээж байна. Иймд олон нийт, тэр дундаа Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийг энэ мэт мэдээлэлд туйлын болгоомжтой хандахыг хүсье. Надад худал хуурмаг зүйл, хулгай хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан ямар ч асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид гүтгэлэг бүрд хариу тайлбар өгөөд байх нь үнэндээ төвөгтэй байна. Дуугүй өнгөрөхөөр буруугаа хүлээсэн мэт, хариултгүй мэт харагддаг бол тайлбар хийгээд байхаар сүр дуулиан болж хувирах юм. Тиймээс цаашид энэ асуудалд зарчимч, нухацтай байр сууринаас хандах болно. МАН-ын хулгайч нар манай хэсэг нөхөдтэй нэгдэж намайг хулгайч болгох гэж байгаа бол амжихгүй шүү.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: “30, 38” гэх хуваагдлыг эвлэрүүлэхгүй, талцуулах сонирхолтой “үл үзэгдэгч” хүчин байна
-Өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн “30, 38” гэх хуваагдлыг эвлэрүүлэхгүй, улам талцуулах сонирхолтой “үл үзэгдэгч” хүчин байна гэж би улстөрчийн хувьд хардаж байгаа. Энэ нь намын дотор ч, гадна ч байж болно. Манай намынхны уулзалтаар Л.Энх-Амгалан сайд болон эмэгтэй гишүүдтэй холбоотой асуудлыг ярилцсан. Түүнээс биш хэн нэгэн сайдыг огцруулах, Ерөнхий сайдыг солих, Засгийн газартай холбоотой асуудлыг МАН хөндөөгүй. Цаашид ч хөндөхгүй. Уулзалтад 7-8 гишүүн оролцсон. Ерөнхий сайд намын даргын хувьд намын эв нэгдлийг хангах үүрэгтэй. Тиймээс эв нэгдлээ эрхэмлэж, үүссэн үл ойлголцлыг яаралтай арилгах чиглэлээр санал солилцсон.
Шадар сайд Т.Доржханд: Монгол Улс өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явах нь буруу юм уу?
-Засгийн газраас эрчим хүчний асуудлыг хувийн сектороор хийлгэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ зарчмаар явсан тохиолдолд Европын сэргээн босголтын банк хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг хувийн секторт өгнө гэдгээ илэрхийлсэн. Одоогоор 10 орчим компанийн материалыг хүлээж авсан. Дуудлага худалдаа олон түмний өмнө явна. Үр дүнд олон жил гацаагаад байсан өмнийн бүсийг эрчим хүчээр хангах ажил гараанаас гарах гэж байна. Энэ нь зарим хүний сонирхлыг зөрчиж магадгүй. Монгол Улсыг өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд явах нь буруу гэдэг эрх ашигтай зөрчилдөж магадгүй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Ахмадын баяр зөвхөн нэг өдрийн хүндэтгэлээр хязгаарлагдах ёсгүй
-Ахмадын баяр бол нэг өдрийн хүндэтгэлээр хязгаарлагдах ёсгүй. Байгууллага бүр Ахмадын сангаа бүрдүүлж, ахмадуудынхаа хэрэгцээ, дэмжлэгт зориулан зарцуулах хуулийн зохицуулалттай. Энэ үүргийг хэрэгжүүлэх талаар УИХ-ын Ажлын хэсгээс бүх шатны төсөв захирагчдад гурван сарын өмнө шаардлага хүргүүлсэн. Одоо байгууллага бүр Ахмадын сангаа хэрхэн бүрдүүлж, ахмадууддаа хэрхэн зарцуулсныг эргэн дүгнэж, хэрэгжилтийг хянана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn