Б.ГАРЬД
Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна. Гэтэл Хөгжлийн банк, өөр бусад сангуудаас асар их хэмжээний зээл аваад, түүнийгээ төлөхгүй гүрийж, найдваргүй зээлийн тоонд оруулаад бултдаг явдал газар авчээ. Эдгээрийн нэг нь Хөгжлийн банкнаас “Хуурай сүүний үйлдвэр байгуулна” гээд “Монгол драй милк” ХХК-иараа зээл авсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ юм. Тэрээр “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12 буюу УИХ-ын 2016 оны сонгуулийн дараахан байгуулсан. Ингээд дараа жил нь 2017 онд зургаан жилийн хугацаатайгаар уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан байдаг. Гэсэн хэдий ч “Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд Монгол Улсад орж ирээгүй- гэсэн шалтгаанаар төслөө хэрэгжүүлэлгүй хаяжээ. Мөн 2022 оныг хүртэл 2.9 орчим тэрбум төгрөг төлөөд алга болсон. Зээлийн өрийн үлдэгдэл нь өдгөө 74 тэрбум төгрөг болоод байна.
Хамгийн ноцтой нь Х.Бат-Эрдэнэ анхнаасаа “Энэ зээлийг төлөхгүй” гэсэн зорилготой байсан байж магадгүй гэж хардахаар үндэслэл байгаа юм. Учир нь, түүний Хөгжлийн банканд тавьсан барьцаа нь эрсдлээ даах боломжгүй болсон. Тодруулбал, Х.Бат-Эрдэнэ уг зээлийг авахдаа 9.7 тэрбумаар үнэлэгдсэн үйлчилгээний үл хөдлөх нэгийг, 1.1 тэрбумаар үнэлсэн газар гурвыг, 34.6 тэрбумаар үнэлэгдсэн нүүрсний лиценз нэгийг, 500 саяар үнэлсэн тоосгоны лиценз нэгийг, 16.1 тэрбумын үнэтэй ИББХ тоног төхөөрөмж, нийт 63.1 тэрбумын үнэлгээтэй, зээлийн дүнгийн 74 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг тавьжээ. Гэвч зээлээ төлөхөө больсноос нь хойш барьцаа хөрөнгүүдээс зарим үл хөдлөхийг албадан дуудлага худалдаанд оруулах гэхээр үндсэн эзэмшигч нь гарч ирж, шүүхэд хандах зэргээр гацаадаг байна. Ер нь бол, Х.Бат-Эрдэнийн барьцаанд тавьсан хөрөнгө, лицензүүдийн үнэлгээ нь бодит байдлаас хэт өндөр үнэлэгдсэн байдаг аж. Тийм байтал хэт өндөр үнэлгээтэйгээр нь Хөгжлийн банканд “шахах”-ыг оролддог. Үүнд тухайн үед үнэлгээ тогтоосон албан тушаалтнууд буруудаж таарахаар болоод байна.
Тухайлбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрладаг Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын буюу өдгөө “Меланж” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын MV-020936 дугаартай лицензийг 34.6 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Хэдийгээр энэ нь дангаараа зээлийн төлбөрийн нийт дүнд хүрэхгүй ч барьцааны бусад эд зүйлийг бодвол үнэлгээ нь өндөр аж. Тиймээс, уг лицензийг өр төлбөрт нь тооцож авах нэхэмжлэлийг Хөгжлийн банкнаас 2019 оны есдүгээр сарын 23-нд шүүхэд гаргасан байна. Энэ асуудлыг шүүх шийдвэж явсаар 2023 оны аравдугаар сарын 5 гэхэд дуусжээ. Түүгээр “Лицензийг өр төлбөрт тооцон шилжүүлсүгэй” гэсэн гурван шатны шүүхийн эцсийн шийд гарчээ. Гэтэл Х.Бат-Эрдэнэ уг нэхэмжлэлийг шүүхээр явж байх үед, 2021-2022 онд лицензийг “Скай меридиан” ХХК-д хоёр хуваагаад шилжүүлчихсэн байх нь тэр. “Скай меридиан” ХХК нь 2017 оны есдүгээр сарын 5-нд байгуулагдсан. Эзэмшигч нь Д.Эрдэнэсүрэн, гүйцэтгэх захирал нь Д.Баасан гэдэг хүмүүс байдаг байна. Тус “Скай меридиан” ХХК нь “Меланж” ХХК-ийг эзэмшдэг. Хашаатын цавын лиценз ч тус компанид шилжжээ. “Меланж” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Цэндсүрэн, эцсийн өмчлөгч нь Д.Эрдэнэсүрэн нарын хүмүүс юм байна. Лиценз нэгэнт “Меланж” ХХК-ийн нэр дээрх ашиглалтын лицензтэй нүүрсний ордын борлуулалтаас зээлийн төлбөрт 58.4 төгрөгийг төлүүлэхээр 2022 онд дөрвөн талт хэлцлийг хийжээ. Гэвч “Меланж” ХХК-иас Х.Бат-Эрдэнийн төлбөрт ямар ч мөнгө төлөлгүй, үүргээ биелүүлэлгүй, товчхондоо уг гэрээ хэрэгжилгүй өнгөрчээ. Тиймээс, 2025 оны нэгдүгээр сараас Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын уурхайн үнэлгээтэй маргаан эхэлж, шүүх хурал нь ирэх сарын 16-ныг хүртэл хойшлоод байна. Тэгвэл Х.Бат-Эрдэнэ энэ зээл, тэр дундаа барьцаалсан лицензийнхээ талаар юу ярьдаг вэ. Тэрээр 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр шүүх хурал дээр прокурорын асуултад хэрхэн хариулж байсныг сануулъя.
- Дорнод аймагт нүүрсний уурхайн ашиглалтын лиценз эзэмшдэг “Меланж” ХХК гэх компанийг Хөгжлийн банканд барьцаа тавьсан. Энэ лицензээр “Монгол драй милк” ХХК-ийн зээлийн барьцааг хангуулах боломжтой юу, барьцааны гэрээ хүчингүй болсон уу?
- “Меланж” ХХК нь нүүрсний экспортоо эхлүүлээд явж байгаа уурхай учир яаж боломжгүй байх вэ дээ. Хүчингүй болсон асуудлыг би мэдэхгүй. Хөрөнгөө барьцаалуулсны төлөө 2019 оноос хойш намайг иргэний хэргийн шүүхээр шалгаад явж байгаа.
Эндээс гол барьцааны талаар тэр ямар байр суурьтай байгаа нь тодорхой харагдана.
Ер нь бол, Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлсэн 74 тэрбум төгрөгийг төлөлгүй гүрийж, түүнийх нь хохирлыг татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа болж нэмэгдсэн.
Гэтэл Х.Бат-Эрдэнэ 74 тэрбум төгрөгийн зээлээ дөрвөн жилийн өмнөөс төлөлгүй “царцааж”, харин өөрөө урьдынх шигээ “тансаглаад” эхэлснийг олон нийт ихээхэн шүүмжилж байна. Тухайлбал, өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар “Ерөөлтийн халтар морийг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбум төгрөгөөр авсан” хэмээн уяанаас уяа дамжин сонин болж яригдаж байв. Үнэхээр ч, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Х.Бат-Эрдэнийн халтар морь түрүүлсэн. Энэ халтар морь нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Б.Ерөөлтийнх бөгөөд Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд хол тасархай түрүүлж, түмэн эх болсон, өнөө цагийн цагт Монголын морин спортын хамгийн хурдан, өндөр чансаатай их насны хүлэг морьдын нэг юм.
Уг нь, хууль номоороо бол Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй компаниудаас шүүх, хуулийн байгууллагаар дамжуулан албадан гаргуулах, барьцаа хөрөнгийг нь хураах ажиллагаа явагддаг. Гэвч энэ мэт чанаргүй, муу зээлийн хохирлыг эцсийн дүндээ Монгол Улсын татвар төлөгчид буюу ард иргэд өөрсдийн халааснаас төлөх болдог. Учир нь Хөгжлийн банк нь 100 хувь төрийн өмчит банк хуулийн дагуу тус банкны гадаад, дотоод зах зээлээс бонд гаргаж босгосон хөрөнгөд Засгийн газар бүрэн баталгаа гаргадагтай холбоотой юм. Зээл чанаргүй болж, хохирол учрах үед эхлээд зээлдэгч компаниудыг шүүхэд өгч, барьцаа хөрөнгийг нь хураах замаар хохирлыг барагдуулах ажиллагаа явагддаг. Энэ бүтэлгүйтвэл Хөгжлийн банк өөрийн ашгаас эрсдэлийн сан байгуулж, муу зээлээ хаадаг. Гэвч чанаргүй зээлийн хэмжээ хэт ихэссэн үед банк өөрөө дампуурах эрсдэлтэй. Тиймээс, эцсийн арга хэмжээ нь, хэрэв зээлдэгч компаниуд мөнгөө төлж чадахгүй, эсвэл зориулалтын бусаар ашиглаад алга болсон, мөн банкны эрсдэлийн сан хүрэлцэхгүй бол Хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан бондуудын өрийг улсын төсвөөс шууд гаргаж төлдөг хуультай юм. Гэхдээ Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлдөг “гажиг”-ийг засахад Хөгжлийн банк, ШШГЕГ, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнууд анхаарал хандуулах цаг болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn