Т.БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байгаа. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед ТӨК-уудад их хэмжээний хөрөнгө эргэлддэг талаар ч яригдаж байна. Яагаад Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан бэ?
-Бид жил бүр Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийг УИХ-аар хэлэлцдэг. Тухайлбал, 2026 оны төсөв 32 их наяд төгрөг байсан бол 2027 оны төсвийг 42 их наяд төгрөгөөр өргөн барьж байна. Засгийн газраас өргөн барьж байгаа төсвийн 75-80 орчим хувь нь урсгал зардал байдаг. Үүнд багш нарын цалин, халамж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал зэрэг багтана. Харин 15-20 орчим хувь нь хөрөнгө оруулалтын зардал байдаг.
Жилд 3.5-4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг УИХ, Засгийн газар, хэвлэл мэдээлэл, орон нутаг гээд бүгд тойрч ярьдаг. Энэ хөрөнгөөр 100 сургууль, 90 цэцэрлэг, 50 дотуур байр, ахмадын хөгжлийн төв зэрэг нэн шаардлагатай бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал яригдана. УИХ-ын гишүүд ч тойрогтоо ямар хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг ярьж, төсвөө булаацалддаг.
Гэтэл бид төсвөөс гадуурх буюу төрийн өмчит компаниуд дээр байгаа мөнгөний асуудлыг бараг ярьдаггүй. ТӨК-иудад хэчнээн төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна, тэдний урсгал болон хөрөнгө оруулалтын зардал хэд байна, юунд зарцуулж байна гэдгийг төдийлөн хэлэлцдэггүй. Намайг энэ асуудлыг хөндсөний дараахан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ТӨК-уудын захирлуудын гарын үсгээр жилд 20 орчим их наяд төгрөг захиран зарцуулагддаг талаар мэдээлсэн. Тэгэхээр төрийн өмчит компаниудын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын зардалд ашиглаж байгаа юм бол сүүлийн 10 жилийн хугацаанд эдгээр компанийн хөрөнгө оруулалт, урсгал зардал хэчнээн төгрөг байсан, ямар үр дүн гарсан, ямар зардал гаргасныг ил тод болгох шаардлагатай.
Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулж, энэ асуудлаар сонсгол хийе гэсэн санал гаргаж байгаа юм.Бидэнд байгаа мэдээллүүдийг нэгтгэж үзэхэд 2016-2026 оны хооронд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 131 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ бол зөвхөн худалдан авалтын дүн бөгөөд хөрөнгө оруулалтын зардал үүнд багтаагүй. Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани 8.4 их наяд төгрөгөөр төрөл бүрийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр ч мөн тодорхой хэмжээний хөрөнгөөр төрөл бүрийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Эдгээр нь дээр дурдсан худалдан авалтын дүнд ороогүй.
Тиймээс миний санаачилж байгаа Хянан шалгах түр хорооны гол зорилго нь төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтыг хянан шалгах юм. Хэрэв зөвхөн худалдан авалтаар хязгаарлахгүйгээр компаниудын урсгал зардал, төсөв, хөрөнгө оруулалтын зарцуулалтыг бүхэлд нь авч үзвэл дээрх тоо цаашид өснө.Энэ бүхнийг нэг удаа ил тод болгож, сонсгол хийж, иргэд олон нийтэд бодит мэдээллийг нь хүргэе гэж байгаа юм. Тэгэхгүй бол төрийн өмчит компаниудын мөнгөний зарцуулалтыг тойрсон хардлага байнга үргэлжилсээр байна.
-Засгийн газраас ТӨК-уудад захиран зарцуулагддаг байсан хөрөнгийг төсөвт татаж, 2027 оны төсөвт тусгасан учраас төсөв томорч орж ирсэн гэсэн агуулгатай тайлбарыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өгч байсан. Тэгэхээр 2027 оны төсөв дээр үнэхээр ийм өөрчлөлт орсон гэсэн үг үү?
-Үгүй. Тэр бол зөвхөн ТӨК-уудын ногдол ашгийг урьдчилан тооцож байгаа асуудал. Миний тавьж байгаа асуудал бол үүнээс арай өөр. ТӨК-уудын зардал ямар байна, хөрөнгийн зарцуулалт нь ямар үр дүнтэй байна гэдгийг давхар ярих хэрэгтэй.
Жишээлбэл, төрийн өмчит компаниуд янз бүрийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг. Тэр зарцуулалт нь төрд төвлөрүүлэх ногдол ашгаас хасагдаад явж байгаа тохиолдол бий. Тиймээс зөвхөн ногдол ашгийг нь ярихаас гадна өмнө нь ямар төсөл, арга хэмжээнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан, үр дүн нь юу байсан бэ гэдгийг давхар сонсъё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг нээлттэй, ил тод ярья гэсэн санаа.
-Хянан шалгах түр хороо байгуулах ажил одоо ямар шатандаа явж байна вэ. Цаашдын процесс нь хэрхэн үргэлжлэх вэ?
-Ямар ч байсан Хянан шалгах түр хороо байгуулах саналаа гаргаад явж байна. Маргааш /өнөөдөр/ УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад тов тогтоолгох хүсэлтээ өгөхөөр төлөвлөж байгаа. Тов тогтоолгоод УИХ-аар хэлэлцүүлэх процесс руу орно.Хуулиараа Хянан шалгах түр хороо зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хэлэлцүүлгийн товоос шалтгаална. Амжвал намрын чуулганаар, амжихгүй бол хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
-Та энэ санаачилгыг гаргахдаа тодорхой хэмжээний судалгаа хийж эхэлсэн байх. Эхний судалгаагаар ямар дүр зураг, баримтууд харагдаж байна вэ. Цааш нь нягтлах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?
-Ер нь ТӨК болон орон нутгийн өмчит компаниудаар дамжуулан тодорхой хэмжээний үйл ажиллагааг санхүүжүүлдэг байж болзошгүй гэж би хардаж байгаа. Тиймээс үүнийг нээлттэй болгож, нягталж үзэх шаардлагатай гэж үзсэн.Өнгөрсөн 10 жилийг харахад өнөөдрийн сайд, дарга нарын тодорхой хэсэг нь энэ хугацаанд төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүмүүс. Тэдний ажлын үр дүнг иргэдийн худалдан авах чадвар, инфляц, хүнсний үнийн өсөлт зэрэг өнөөгийн нөхцөл байдалтай холбон харах ёстой. Тиймээс энэ асуудлуудыг нэг удаа нээлттэй гаргаж тавиад, бодит мэдээлэлд үндэслэн ярилцах хэрэгтэй гэж бодож байна.Нөгөө талаас сайдын албан тушаалын төлөө улс төрчид яагаад ингэж их өрсөлддөг вэ гэдэг асуудал бий. Миний харж байгаагаар яамдын харьяанд байгаа ТӨК-ууд, тэдгээрийн хөрөнгө мөнгө, удирдлага, томилгоо болон хөрөнгө захиран зарцуулах эрх үүнтэй холбоотой байж болох юм.Жишээлбэл, бид Төрийн өмчийн хороо гэж байгууллагын талаар ярьдаг. Гэтэл Төрийн өмчийн хорооны харьяанд үндсэндээ 17-18 компани, мөн “Монгол кино нэгтгэл” зэрэг компани үлдсэн байдаг. Харин хөрөнгө мөнгө ихээр эргэлддэг, томилгоо их хийгддэг төрийн өмчит компаниудын олонх нь яамдын харьяанд байна.Тиймээс яагаад ийм бүтэц бий болсон, ТӨК-иудын хөрөнгө мөнгийг хэн, ямар шийдвэрээр, юунд зарцуулж ирсэн, тэр зарцуулалт нь ямар үр дүнтэй байсан бэ гэдгийг Хянан шалгах түр хорооны хүрээнд нээлттэй авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа.
-ТӨК-уудад мэдээлэл авахаар хандаж байгаа юу. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд мэдээлэл авахад хүндрэлтэй зүйл байна уу?
-Нэг их хүндрэлтэй биш. ТӨК-уудад хандаж, шаардлагатай мэдээллүүдээ авч байгаа.Гол нь Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар мэдээллийг илүү өргөн хүрээнд авч, олон нийтэд нээлттэй болгох боломжтой.Нээлттэй мэдээлэл байгаа ч хаалттай мэдээлэл бас олон бий. Тухайлбал, зарим гэрээ, өртөг зардлын мэдээлэл байхгүй. Мөн хэчнээн төсөл, хөтөлбөрийг ямар хэмжээний хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн нь тодорхойгүй тохиолдлууд байна.Бидний сая ярьсан тоо гэхэд зөвхөн худалдан авалтын дүн. Үүнд хөрөнгө оруулалтын зардал ороогүй, урсгал зардал ороогүй, бусад зардал ч багтаагүй. Тиймээс ТӨК-уудын нийт хөрөнгө, зардал, зарцуулалтын бодит дүр зургийг гаргахын тулд эдгээр мэдээллийг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
-Хянан шалгах хугацааг сүүлийн 10 жилээр тогтоож байгаа нь ямар учиртай вэ. Магадгүй АН засаглаж байсан үеийг багтаасангүй юу. Яагаад заавал сүүлийн 10 жил гэж сонгосон юм бэ?
-Үгүй ээ, тийм агуулга байхгүй. Сүүлийн 10 жил гэдэг нь МАН засагласнаас хойших, үнэмлэхүй олонхоор засагласан хугацааг хамруулж байгаа юм. Өнөөдөр үүсээд байгаа асуудлуудыг гэнэт нэг өглөө бий болчихсон мэтээр ярьж болохгүй. Энэ хугацаанд төр, засгийн өндөр албан тушаалд ажилласан хүмүүс ээлжлэн сайд, даргын албыг хашиж ирсэн. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдал нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой гэж би үзэж байгаа.Тийм учраас ТӨК-уудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сүүлийн 10 жилийн хугацаагаар авч үзэж, шалгах санал гаргаж байгаа юм.
-Өмнө нь хэд хэдэн асуудлаар сонсгол зохион байгуулсан. Зарим нь тодорхой үр дүнд хүрсэн бол зарим нь нийгэмд маргаан, талцал дагуулсан. Таны санаачилж байгаа Хянан шалгах түр хорооны хувьд ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ. ТӨК-уудад байгаа хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь гол зорилго юм уу?
-Энд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. УИХ-аар батлагдаж байгуулагдсан Хянан шалгах түр хороо Оюу толгойн асуудлаар байгуулагдсан. Би өөрөө тус түр хороонд гишүүний хувиар ажилласан. Харин өмнө зохион байгуулсан зарим сонсгол нь байнгын хорооны хүрээнд хийсэн ерөнхий хяналтын сонсголууд. Хянан шалгах түр хороо болон ерөнхий хяналтын сонсгол хоёр ялгаатай.Миний санаачилж байгаа Хянан шалгах түр хорооны зорилго нь зөвхөн ТӨК-иудын мөнгийг улсын төсөвт татах тухай асуудал биш. Нэгэнт 2027 оноос ТӨК-иудын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлж байгаа бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд эдгээр компанид юу болсон, хөрөнгө мөнгөө хэрхэн зарцуулсан, ямар үр дүнд хүрснийг нээлттэй ярья гэж байгаа юм. Хянан шалгах түр хороо ажлаа дуусгасны дараа үр дүнгээр нь УИХ-ын тогтоол гарна. Тэр хүрээнд ямар компаниудыг татан буулгах шаардлагатай вэ, алийг нь нэгтгэх вэ, чиг үүрэг нь давхардсан ямар компаниуд байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, ТӨК-иудын өнгөрсөн хугацааны төсөв, хөрөнгө, зарцуулалтыг ил тод болгож, үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид бүтцийн ямар өөрчлөлт хийх шаардлагатайг тодорхойлох нь гол зорилго.
-Төрийн өмчит компанийн засаглалтай холбоотой хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим компаниудыг нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлт хийж байгаа талаар Засгийн газраас мэдээлж байна. Та энэ шинэчлэлийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Үр дүнд хүрээсэй гэж хүсэж байна. Гэхдээ өмнөх туршлагаа бас харах хэрэгтэй.
Жишээлбэл, “Эрчист Монгол” гэдэг компанийг хэд хэдэн компанийг нэгтгэж байгуулсан. Далан хэдэн хүний орон тоотой, хамгийн багадаа таван сая төгрөгийн цалинтай бүтэц бий болгож, найман тэрбум орчим төгрөг зарцуулсан атлаа 2.7 тэрбум төгрөгийн өртэй болж, эцэст нь буцаад татан буугдаж байна. Энэ мэт жишээнээс харахад төрийн өмчит компаниудад Засгийн газраас хийж ирсэн менежмент бүр үр дүнтэй байгаагүй гэж би үздэг.Өмнө нь ч олон компанийг нэгтгэж, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилж ирсэн. Гэхдээ нэр, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөөс илүү бодит менежмент нь ямар үр дүнд хүрэв гэдгийг ярих хэрэгтэй.Тухайлбал, нэгдлийн түвшинд ашигтай ажиллаж байгаа цөөн хэдэн ТӨК-тай менежментийн гэрээ байгуулж, тэдгээрээс менежментийн төлбөр авч байгаа атлаа ашиггүй ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагааг сайжруулахад бодитоор ямар менежмент хийж байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Хэрэв төрийн өмчит компаниудыг нэгдсэн менежментээр хангах зорилготой бүтэц юм бол ашиггүй ажиллаж байгаа компаниудын засаглал, үр ашгийг сайжруулахад чиглэж ажиллах ёстой. Гэтэл ашигтай ажиллаж байгаа компаниудаас менежментийн төлбөр авч, тэр нь өөрөө дахин урсгал зардал болж байгаа бол үр дүнг нь зайлшгүй нягтлах шаардлагатай.Тиймээс Хянан шалгах түр хороогоор зөвхөн ТӨК-уудын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг бус, ийм менежментийн бүтэц, төлбөр, түүний бодит үр дүнг ч хамтад нь авч үзье гэж байгаа юм.
-Оюу толгойн сонсгол тодорхой үр дүнд хүрч, УИХ-аас тогтоол баталсан. Та тухайн Хянан шалгах түр хороонд ажилласан. Тэр туршлагадаа тулгуурлаад ТӨК-уудын асуудлаарх сонсголыг мөн бодит үр дүнд хүргэх зорилго бий юу?
-Надад тийм хүсэл байгаа. Нэгэнт ийм том сэдэв барьж авч байгаа учраас үүнийхээ ард гарахын төлөө ажиллана. Одоогоор аудитын дүгнэлтүүд болон холбогдох материалуудыг авч судлаад, манай ажлын албаныхан ажиллаж байна.
-ТӨК-уудын асуудлыг хөндөхөөр тодорхой хэмжээний эсэргүүцэл, дайралт ирдэг талаар ярьдаг. Томоохон ТӨК-уудын ард улс төрийн нөлөө бүхий хүмүүс байдаг гэсэн хардлага ч бий. Түр хороо байгуулагдаад ажиллавал ийм зүйлтэй тулгарахад бэлтгэлтэй байна уу?
-Үүнийг зөвхөн хардлага гэж хэлэхэд хэцүү. ТӨК-уудын удирдлагуудын мэдээллийг цахим хуудсуудаас нь харахад улс төрийн намтай холбоотой, өмнө нь УИХ-ын гишүүн, сайд байсан, сонгуульд нэр дэвшсэн, эсвэл намын удирдах болон залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүмүүс олон бий. Энэ мэдээллүүд нээлттэй байгаа.Харин үүнийг хүмүүс нэг их асуудал гэж харахаа больж, “угаасаа ийм байдаг” гэсэн ойлголтод дасчихсан мэт санагддаг. Миний харж байгаагаар өнөөдрийн байдлаар ТӨК-ийн удирдлагад анкетаа өгөөд, жинхэнэ өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад орж, журмын дагуу томилогдсон хүн байна уу гэдэг өөрөө анхаарах асуудал. Сонгон шалгаруулалт зарласан тохиолдлууд байгаа ч тухайн шалгаруулалт бодитоор нээлттэй, өрсөлдөөнтэй байсан уу гэдгийг бас нягтлах шаардлагатай.
-Менежментийн хувьд харьцангуй сайн, үр ашигтай ажиллаж байгаа ТӨК байна уу?
-Бараг байхгүй дээ. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” хоёр ашигтай ажиллаж байгаа нь борлуулалтын хэмжээ ихтэй холбоотой байх. Нэг нь зэсийн баяжмал, нөгөө нь нүүрсээ их хэмжээгээр экспортолж байна. Гэхдээ энд бас эрсдэлийн асуудал бий. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ унавал яах вэ. Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарах эрсдэлийг хэрхэн тооцож, удирдаж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдрийн ашигтай ажиллагааг зөвхөн менежментийн үр дүн гэж үзэх үү, эсвэл бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээтэй холбоотой юу гэдгийг ялгаж харах шаардлагатай.
-Олон улсын жишгээр төрийн өмчит компаниудын засаглалыг хэрхэн шийддэг вэ. Манайд ТӨК-уудыг нээлттэй компани болгох талаар олон жил ярьсан ч бодит ажил болдоггүй. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Манайх ТӨК-уудыг нээлттэй болгоно гэж олон жил ярьсан. Гэхдээ хэрэгжүүлж чаддаггүй. Миний хувьд үүний нэг гол шалтгаан нь улс төрийн томилгоо гэж харж байгаа. ТӨК-уудын удирдлагын томилгоо улс төрөөс хараат хэвээр байгаа нөхцөлд засаглал, менежментийн бодит шинэчлэл хийхэд хүндрэлтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn