Дэмчигжавын Моломжамц
Сангийн сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч асан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор
https://orcid.org/0009-0003-5650-8778
Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааны түвшнийг дахин үнэлж, түүнийг шинэ шатанд гаргахад илүү анхаарах шаардлагыг бий болгож байна. Нөгөө талаар, зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр Монгол Улс олон улсын эдийн засгийн интеграцид улам бүр татагдан оролцож байна. Энэхүү нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд нь манай улсыг бүс нутгийн интеграцийн үйл явцад илүү идэвхтэй оролцохыг зүй ёсоор шаардаж буй хэрэг юм. Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээллээр 2025 онд Монгол Улс 163 оронтой худалдаа хийж, нийт гадаад худалдааны хэмжээ 27 тэрбум ам. долларт хүрсэн байна. Экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна 1. Дэлхийн олон оронтой худалдаа хийж байгаа ч ОХУ манай гол түнш хэвээр байна. 2026 оны эхний хагаст худалдааны эргэлт 18.1 хувиар өсч, 1.57 тэрбум ам.долларт хүрсэн байна. Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд хөгжиж байна. Орос улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Улаанбаатар хотноо 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарын усэг зурсан Засгийн газар хоорондын "Оросын Холбооны Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын бүс нутаг хоорондын болон хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр." нь хоёр улсын бус нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зуйн ундэс болсон юм. Манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н.Учрал нар саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй Бишкек болон Владивостокод уулзах үеэрээ хэлэлцсэн олон асуудлын дотор хоёр орны хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглэсэн байдаг. Оросын Холбооны Улстай тогтоосон стратегийн түншлэлийн боломжийг бүрэн ашиглаж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахтай холбоотой дараахь зарим асуудлыг хөндөж, олны анхааралд хүргэж байна.
Нэгд. Хоёр орны хил орчмын аймаг, муж, улсуудын хамтын ажиллагааны хурээг тэлэхийн зэрэгцээ хоёр орны нутгийн гунд байгаа аймаг, мужуудын хоорондын харилцааг тувшинд өргөтгөх явдал нь бус нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийн гол чиглэл байхаар бодлогын нэгдсэн зохицуулалт хийх нь зүйтэй санагдана. Бүс нутгийн хамтын ажиллагаа нь хил дамнасан худалдаа, үйлчилгээний солилцоог өргөжүүлэх хүчирхэг хөдөлгөгч хүч төдийгүй монгол-оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах нэг үндэс суурь болно. Манай улс Орос улстай 3485 км урт хилтэй бөгөөд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2000 онд Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчлах үеэрээ хамтарсан хил нь найрамдал, хамтын ажиллагааны хил гэж онцлон тэмдэгдсэн байдаг нь хоёр орны харилцааг түүний дотор бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх боломжийг илэрхийлж хэлсэн хэрэг юм. Монголын найман аймаг нь Оросын Холбооны Улсын дөрвөн муж болох Алтайн Бүгд Найрамдах Улс, Тува, Буриад болон Забайкальскийн хязгаартай хиллэдэг. Монгол Улс мөн Эрхүү муж, Красноярскийн болон Алтайн хязгаар, Новобирск, Свердловск гээд ОХУ-ын 70 гаруй субьектуудтай уламжилалт худалдаа - эдийн засгийн төдийгүй шинжлэх ухаан, боловсроын салбарт маш нягт харилцаатай байсаар ирсэн. Геополитикийн болон гео-эдийн засгийн тогтворгүй байдлын өнөөгийн нөхцөлд бид ОХУ-тай бүс нутгийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх нь хоёр орны хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч төдийгүй манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бататгахад чухал ач холбогдолтой байх болно. 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2-ны хооронд Эрхүү хотод болсон Орос, Монголын бүс нутгийн эдийн засгийн анхны форум нь манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил шинэ үе шатанд гарч байгааг харуулж байна. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны засгийн газрын албан тушаалтнууд, бизнесийн төлөөлөгчид болон мэргэжилтнүүдийн хооронд шууд харилцан яриа өрнүүлэх томоохон хэмжээний тавцан болж, Оросын 11 муж болон улсын, Монголын гурван аймгийн төлөөлөгчид оролцсон төдийгүй ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Алексей Оверчук, Монгол Улсын Засгийн газрын шадар сайд Ж.Энхбаяр нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож илтгэл тавьсан байна. Одоо удахгуй хоёр дахь форум Улаанбаатарт болж, мөн Алексей Оверчук оролцохоор ирж байгаа нь бус нутгийн хамтын хамтын ажилагааг өргөтгөх асуудалд ОХУ-ын Засгийн газар онцгой ач холбогдол егч байгааг харуулж байна. Бүс нутгийн эдийн засгийн анхны форумын үеэр Эрхүү муж, Буриад улс, Тува улс тус бүр Монголын талтай бүс нутгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн бүс нутгийн анхны форумын гол үр дүн нь бүс нутгийн хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг тохиролцож, баталсан явдал байв.Энэ хөтөлбөрийн хурээнд хэрэгжих олон зорилтын дотор зам тээвэр, харилцаа холбоо, ложистик гээд олон чухал асуудлууд тусгагдсан байна. Хилийн боомтуудын ачаа тээвэрлэх хүчин чадлыг сайжруулах, байнгын ажиллагаатай боомтуудын тоог нэмэгдүүлэх нь хил дамнасан худалдааг өргөжүүлэх нэг чухал хүчин зүйл юм. Одоогийн байдлаар Монгол-Оросын хилийн дагуу 16 боомт байгаа бөгөөд үүнээс 12 нь байнгын, дөрөв нь түр зуурын ажиллагаатай. Байнгын ажиллагаатай 12 боомтын зөвхөн гурав нь олон улсын статустай. Хамгийн ачаалалтай хилийн боомт бол авто замын тээврийн хувьд Алтан-Булаг-Хиагт юм. Харин төмөр замын тээврийн хувьд хамгийн ачаалалтай боомт бол Сүхбаатар-Наушки юм. Оростой хиллэдэг баруун аймгуудын хувьд автомашины олон улсын хилийн ганцхан боомт нь Цагаан нуур-Ташаант. Энэ хилийн боомтын шинэчилж, өргөтгөх ажлыг хугацаанд нь дуусгах, Увс, Завхан аймгууд болон Оросын Холбооны Улсын Тува улс, Красноярскийн хязгаарын хоорондын хамтын ажиллагаа өргөжих шаардлагад нийцуулэн Арц Суур-Цагаан толгой боомтын дамжин өнгөрөх хүчин чадлыг орон нутгийн түвшнээс олон улсын түвшинд хүргэн нэмэгдүүлэх, мен энэхүү хилийн боомт руу хатуу хучилттай зам тавьж Оросын хилийн боомт хүргэх ажлыг хугацаанд нь дуусгах нь чухал. Энэ зам тавигдвал Монголын төвийн бүс нутгуудыг Оросын Тува улс, Алтайн болон Красноярскийн хязгаартай холбож, улмаар манай хоёр орны бүс нутгийн худалдаа наймааг нэмэгдүүлэх боломжтой болно. Цаашилбал, Монгол, Оросыг холбосон аялал жуулчлалын нэгэн цэг болох Ханх-Мондын шалган нэвтрүүлэхийг хөгжүүлэх ажил байна. Энэ цэг бол Монголын хамгийн гүн, цэнгэг устай хамгийн том нуур болох Байгаль нуурын "бага дүү" гэгддэг Хөвсгөл нуур руу аяладаг Оросын болон гадаадын жуулчдын хувьд цорын ганц хилийн боомт юм.
Сүүлийн жилүүдэд манай Засгийн газар хилийн боомтуудын дамжин нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр нилээд алхамуудыг хийж байгаа ч тээвэр, логистик, дэд бүтэц, мэдээллийн технологийн хөгжлийн хувьд манай хилийн боомтууд хилийн зурвасын нөгөө талд байгаа Оросын талын боомтуудаас нилээд хоцорч байгааг бид анхаарах естой. Орос, Хятад улсуудтай хиллэдэг хилийн боомтуудын дамжин өнгөрөх хүчин чадлыг алхам алхамаар нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь Монголын засгийн газрын стратегийн тэргүүлэх нэг чиглэл юм, учир нь эдгээр боомтууд нь бүс нутгийн интеграцид идэвхтэй оролцох гарц болж өгдөг. Алтанбулаг, Замын - Үүдийн чөлөөт эдийн засгийн бүсүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хил дамнасан чөлөөт худалдааны бүс байгуулах талаар бид байр сууриа тодорхой илэрхийлж, энэ асуудлыг Орос, Хятадын талуудтай хэлэлцэх ёстой. Манай нутаг дэвсгэрээр дамжуулан хэрэгжүүлэх Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилга төслийн хувь заяа нь эдгээр хилийн боомтуудын хүчин чадлаас шууд хамаарна. Тиймээс бид хилийн боомтуудыг хөрш орнуудынхтай адил түвшинд хүргэн хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн хоёр улсын бүс нутгийн форум -уулзалт нь хамтын ажиллагааны байнгын үйл ажиллагаа бүхий шинэ талбар болж байгааг харгалзан холбогдох яам, агентлаг болон аймгуудын тамгийн газар, ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-үүд болон Кызылийн ерөнхий консулын газрын ажлын чиг үүргийг тодотгож өгөх ч асуудал гарна.
Хоёрт, Евразийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцох нь манай улсын үндэсний ашиг сонирхолд нийцнэ. Орос улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг Евразийн эдийн засгийн холбоо(ЕАЭХ)-ны хүрээнд гааль болон татварын хөнгөлөлт бүхий зах зээлийн зохицуулалтыг ашиглан бид Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ашиглаж чадаагуй байгаа бух боломжийг бүрэн нээж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хийгээд дотоодын бараа, үйлчилгээний уйлдвэрлэлийн экспортын шинэ чиглэлийг тодорхойлж чадна. ЕАЭХ-той байгуулсан Чөлөөт Худалдааны Түр Хэлэлцээр нь Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг, тухайлбал бус нутгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд нийцуулэн гүнзгийрүүлэн өргөжүүлэх шинэ боломжийг нээж байна. Товчхондоо, монголын компаниуд одоо ЕАЭХ-ны зах зээл дээр гарч, бараг татваргүй худалдаа хийх боломжтой болж байна.Энэ боломжийг бид бүрэн ашиглах нь хоёр улсын худалдааны эргэлтийн бүтцийг өөрийн талд ашигтайгаар сайжруулах эхлэлийг тавих болно. Монгол Улс болон ЕАЭХ-ны орнуудын хоорондох худалдаа өсөн нэмэгдэж байгаа ч одоогийн хэмжээ нь Монгол Улс болон тус холбооны орнуудын эдийн засгийн боломжоос доогуур байна. Мэдээж. чөлөөт худалдааны түр хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэнээр худалдааны эргэлт мэдэгдэхүйц нэмэгдэх болно. Нөгөө талаар орос монголын зах зээл дээр манай хоёр орны бараа бүтээгдэхүүний өрсөлдөх давуу талыг бий болгож, энэ нь улмаар Монгол, Оросын хоорондын худалдааны тэнцвэрийг сайжруулахад хувь нэмэр оруулах болно.
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хугацааны чөлөөт худалдааны хэлэлцээр нь зөвхөн эхний алхам бөгөөд Евразийн эдийн засгийн холбоонд ажиглагчийн статустай болох асуудлыг авч үзэх хэрэгтэй юм. Ажиглагч улсын статустай болсноор зөвхөн Оросын Холбооны Улстай төдийгүй Монгол Улс уламжлал ёсоор сайн харилцаатай байдаг Казахстан, Киргизстан зэрэг Төв Азийн хэд хэдэн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх боломжийг улам өргөжүүлэх болно.
Гуравт, Монгол Улсыг Орос, Хятадтай холбосон тээврийн дэд бүтцийг цаашид хөгжүүлэх нь бидний хувьд тэргүүлэх чиглэл бөгөөд энэ нь Монголын тээврийн системийг Транссибирийн төмөр замтай холбосон дэд бүтцийн давуу талыг сайн ашиглаж, монголын төмөр замын дамжин өнгөрөх хүч чадлыг нэмэгдүүлж, улмаар энэ тээвэрлэлтээс олох орлогын хэмжээг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоос үүдэлтэй юм. БНХАУ-аас Европ руу чиглэсэн төмөр замын гол коридоруудыг харьцуулахад Монгол Улс (Төв коридор) газар зүйн хувьд хамгийн дөт замд тооцогддог ч тээвэрлэлтийн хэмжээгээр Казахстан (Баруун коридор) болон ОХУ-ын Манжуурын (Зүүн коридор) ард орсоор байна. Хятад, Европыг холбосон Монголоор дамжих төмөр замын тээвэр нь нь Европыг Хятадтай холбосон Манжуурын төмөр замаас 1135 км, мөн Казахстанаар дамжих маршрутаас 1600 км-ээр тус тус дөт богино байна. Гэсэн хэдий ч Казахстан, Манжуураар дамжин Хятад, Европын хоорондох төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ Монголоор дамжин өнгөрөхөөс илүү хурдацтай өсч байна. Логистикийн автоматжуулалтаар бид Казахстаны Достык, Алтынколь боомтуудаас ихээхэн хоцорч байна. Судалгаагаар 2025 онд Хятадаас Европ руу тээвэрлэгдсэн чингэлэгүүдийн 15165 галт тэрэг Казахстанаар, 4867 галт тэрэг Манжуураар явсан бол, ердөө 3900 галт тэрэг Монголоор дамжин явжээ. Энэ тоо баримт бол Монгол Улсын транзит тээврийн өрсөлдөх чадвар болон төмөр замын дэд бүтцийн бодит байдлыг харуулж байгаа хэрэг. Иймээс "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор"-ын хүрээнд хэрэгжиж буй “Төв төмөр замын коридорыг цогцоор нь шинэчлэх, хөгжүүлэх” хөтөлбөрийн нэгдүгээр төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгод хүрэх явдал юм. «Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх стратегийн түншлэлийн хэлэлцээр"-ийн дагуу төмөр замын хоёр дахь салаа замыг барих, цахилгаанжуулах ажил хийж, ачаа тээвэрлэх хүчин чадлыг 100 сая тонноор нэмэгдүүлэхээр талуудын тохиролцоог хэрэгжуулэх ажлыг эрчимжуулэх нь чухал. Мөн эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн хурдны авто замын сүлжээний орчин үеийн өндөр хурдны замыг гурван улсын нутгаар дамжуулан барих төслийн хэрэгжилт нь монгол-оросын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжуулэхэд ихээхэн түлхэц өгнө.
Дөрөвт, Бүс нутаг хоорондын болон хил орчмын харилцаа олон талт, олон хэмжээст шинжтэй байх ёстой. Манай хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа нь зөвхөн бараа, үйлчилгээний худалдаагаар хязгаарлагдахгүй, харилцан хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тээвэр-логистикийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, соёл, боловсон хүчнийг бэлтгэх, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг харилцан сонирхсон бүхий л салбарыг хамарсан байх шаардлагатай.
Тавд, Чөлөөт худалдааны бүсүүд нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргах, эдийн засгийн интеграцыг хурдасгахад "Алтанбулаг" чөлөөт эдийн засгийн бүсийн үүрэг оролцоог эрс нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна. Алтанбулаг чөлөөт бүс нь газарзүйн стратегийн нэн ашигтай байршилтай, Монгол, Орос төдийгүй Ази-Европыг холбосон худалдаа, тээврийн хамгийн дөт зангилаа цэг дээр оршдог, стратеги болон гео-эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой бүс юм. Гэвч өнөөгийн байдлаар тус бүсийн дэд бүтэц, хууль эрх зүйн орчин болон удирдлага зохион байгуулалт нь олон улсын жишиг, орчин үеийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн гол зангилаа болох "Алтанбулаг" чөлөөт эдийн засгийн бүсийн үйл ажиллагааг шинэчлэн эрчимжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжуулэх нь чухал байна. Энэ хөтөлбөрт олон улсын жишиг шаардлагад нийцсэн удирдлага зохион байгуулалтын болон эрх зуй, татвар, гаалийн уян хатан орчинг бий болгох, чөлөөт бүсийн үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явагдаж байх горимд шилжүүлэхтэй холбогдсон бүхий л асуудлууд тусгдсан байх нь чухал. "Алтанбулаг" чөлөөт эдийн засгийн бүс нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээврийг хөнгөвчлөх үр дүнтэй хамтын ажиллагааны тавцан болох учиртай.
Зургаад, Орос улстай худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах явцад тулгарч байгаа нэг гол бэрхшээл нь бусдаас хамааралгуй харилцан төлбөр тооцооны дэд бүтэц бий болоогүй байгаа явдал юм. Уг асуудлаар хоёр улсын эрх бүхий байгууллагууд ярилцаж байгаа ч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй байна. Бидний үзэж байгаагаар хоёр улсын худалдааны төлбөр тооцоонд рубль, төгрөгийг ашиглаж эхлэх, манай улсуудын хоорондын арилжааны банкны шууд харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх, бие даасан төлбөрийн системийг бий болгох нь тэргүүн зэргийн ач холбогдол өгөх зорилт юм. Манай хоёр хөрш болох Орос, Хятад улсууд хоорондын худалдааны төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгт болох юань, рублийг ашиглаад нилээн хэдэн жил боллоо. Мөн SWIFT-тэй төстэй өөрийн гэсэн төлбөрийн мэдээлэл дамжуулах системүүд, тухайлбал, Оросын банкны санхүүгийн мэдээлэл дамжуулах (SPFS), Хятадын олон улсын төлбөрийн систем (CIPS) аль хэдийнээ ажиллаж байна. Энэ хоёр систем хоёулаа аль хэдийн олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түүнд олон орон нэгдэж, энэ хоёр оронтой хийх төлбөр тооцоог энэ системээр дамжуулан хийж, SWIFT-тээр дамжих төлбөрийн мэдээлэлийн хэмжээ багасаж байна. ОХУ-ын Төв банкны мэдээлснээр Оросын энэ системийг дэлхийн 20 гаруй оронд аль хэдийн ашиглаж байгаа бөгөөд 550 гаруй орос болон гадаадын хэрэглэгчтэй болжээ . Хоёр улсын гадаад худалдааны төлбөр тооцоог үндэсний валютаар хийх журамд аажмаар шилжих нь эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь энэ асуудлаар хоёр тал өндөр түвшинд улс төрийн шийдвэр гаргах нь чухал юм.
1 Монгол Улсын Үндэсний статистикийн хороо. URL: www.nso.mn (дата обращения 30.01.2026)
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 171 (7913)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn