Вьетнамын парламентын дарга 23 жилийн дараа манай улсад айлчилж байна

2026-09-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хийж буй айлчлал юм. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өчигдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд манай улсын уламжлалт түнш, ойрын анд Вьетнам Улс чухал байр суурь эзэлдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр тэмдэглэсэн.  Мөн тэрээр цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Парламентын бүлгүүд, Тамгын газрын уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулж, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар байгуулж буй “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Их Хурал болон БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Хамтран ажиллах тухай  БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын санамж бичиг” нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болохыг онцлон тэмдэглэв.  Улмаар Санамж бичгүүдийг хэрэгжүүлэх 2028 он хүртэлх хамтарсан төлөвлөгөөг энэ онд багтаан баталж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, үр дүнтэй ажиллах нь чухал гэлээ.

 

УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, иргэд хуулийн төсөлд зүйл, заалт бүрээр санал өгөх, цахим өргөдөл гаргах, шийдвэрлэлтийг хянах боломжтой оролцооны тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байгааг дуулгаад энэ чиглэлд хамтран ажиллаж, туршлага  хуваалцах саналтай байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн жил тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 30 орчим мянгад хүрсэн. Миний бие Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч, агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулж, шууд нислэгтэй болгосон. Энэ хүрээнд агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлж, хоёр улсын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгох асуудалд анхаарал тавьж ажиллахыг хүсэв. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудыг баталж, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, тус улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд, хаалга нээлттэй байгааг дуулгалаа. Парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань  Ман 2024 оны есдүгээр сард хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шат ахиж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсний дараа үзэсгэлэнт сайхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.Эрхэмсэг ноён Чан Тань Ман хоёр орны бат бөх найрамдалт, уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин, бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байна гэлээ. Тэрээр хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд дээд түвшинд хүрсэн тохиролцоо, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дэмжих, хяналт тавихад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа тодотгоод ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Парламентын бүлгүүд, Тамгын газруудын нягт харилцааг эрчимжүүлэхэд ямагт анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, УИХ-ын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр явуулахаа мэдэгдлээ.Түүнчлэн эрхэмсэг ноён Чан Тань Ман, айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблей төлөөлөгчдийн хамт Хо Ши Минь-ий нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэдгийг дуулгав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 171 (7913)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

6 цаг 0 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

11 цаг 33 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

14 цаг 53 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 53 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22