Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

1 цаг 5 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөрөг хүчний гишүүд байр суурь илэрхийлж байна. Төсвийн нийт хэмжээ огцом нэмэгдсэн нь бодит орлого, зарлагын өсөлт үү, эсвэл өмнө нь улсын төсвөөс гадуур зарцуулагдаж байсан хөрөнгийг нэгтгэж байгаатай холбоотой юу гэдэг асуудал гол анхаарлын төвд байна. УИХ-ын гишүүн Ө.Шижирийн хувьд энэ удаагийн төсвийг бодит тооцоололгүй, олон төсөл хөтөлбөрийг эрэмбэ дараалалгүйгээр багтаасан төсөв гэж үзэж байна. Тэрээр “Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо” хэмээгээд, Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, харин мөнгөтэйдөө зовж ирсэн улс болсон” гэж шүүмжилсэн юм. Түүний хэлснээр, төрд хөрөнгө мөнгө нэмэгдсэн ч түүнийг зөв зарцуулж чадаагүй, төсөл хөтөлбөрүүдийн эрэмбэ дарааллыг буруу тогтоож, тооцооллыг нь бодитой хийж чадаагүй байна. 2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан бол өнөөдөр яригдаж буй мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан гэдгийг онцоллоо. Мөн үе үеийн Засгийн газрууд ажлын бодит үр дүнгээс илүүтэй PR-д анхаардаг болсон гэж шүүмжилж, аливаа ажлыг урьдчилан зарлаж, дараа нь тооцооллоо өөрчилдөг байдал төсөвт давтагддаг гэж үзэж байна. Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа шалтгааныг өөрөөр тайлбарлаж байна. Түүний хэлснээр, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгө олон жилийн турш улсын нэгдсэн төсвөөс гадуур явж ирсэн. Улсын төсвөөс гадуур, УИХ-аар хэлэлцэгддэггүй, тайлагнадаггүй их хэмжээний мөнгийг цөөн тооны компанийн захирал шийддэг тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон байна. Б.Энхбаяр төрийн өмчит компаниуд дээр “хэмжээ хязгааргүй авлига, хулгай цэцэглэсэн” гэж үзээд, үүнийг хууль эрх зүйн хүрээнд таслан зогсоох шаардлагатай гэж мэдэгдэв. Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар баталсан Төрийн өмчит компанийн тухай хуулийн хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчит компаниудын орлогын 30-аас доошгүй хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон. Ингэснээр өмнө нь төрийн өмчит компанийн удирдлагын түвшинд шийдэгддэг байсан мөнгийг улсын төсөвт нэгтгэж, УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдэнэ гэж Б.Энхбаяр тайлбарлаж байна. Түүний хэлснээр, энэ бодлогын үр дүнд өмнө нь 30 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан төсөв 40 их наяд төгрөг болж харагдаж байгаа боловч Монгол Улс шинээр мөнгө хэвлэж байгаа хэрэг биш. Харин төрийн өмчит компаниудын захирлуудын зарцуулж байсан мөнгийг нэгдсэн төсвийн бодлогод оруулж байгаа аж. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 60 их наяд төгрөг, жилийн төсөв нь 20 их наяд төгрөгт хүрдэг гэх тоог Б.Энхбаяр хэлсэн. Түүний үзэж буйгаар, ийм хэмжээний хөрөнгө, зарцуулалт УИХ, Засгийн газрын нэгдсэн хяналтад орохгүйгээр компанийн удирдлагын түвшинд шийдэгдэж ирсэн нь өөрөө асуудал юм. Иймээс төрийн өмчит компаниудын хөрөнгө, орлого, зарцуулалтыг улсын төсөвт нэгтгэн оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь төсвийн шинэчлэлийн нэг хэсэг гэж эрх баригчид тайлбарлаж байна. Харин Ө.Шижир төрийн өмчит компаниудын зардлыг төсөвт татах бодлогыг зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа ч энэ асуудлыг өнөөдөр шинээр олж харж байгаа мэтээр тайлбарлах нь учир дутагдалтай гэж шүүмжиллээ. Тэрээр “Хэн Засгийн газрыг сүүлийн 10 жил удирдсан юм бэ. Одоогийн Засгийн газрын сайд нар бүгд л өмнө нь сайд, дарга байсан” хэмээгээд, төрийн өмчит компаниудын асуудал олон жилийн турш эрх баригчдын мэдэлд байсныг сануулсан юм. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг шүүмжилж, 42 компанийнхаа зөвхөн ашигтай ажиллаж байгаа гурван компанид менежмент хийсэн гэж хэллээ. Түүний мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас сүүлийн гурван жилд 208 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр нэрээр авсан бөгөөд удирдлагын зардал нь 500 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК 8.5 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэж Ө.Шижир хэлэв. Төсвийн зарлагын өсөлтийн тухайд ч хоёр талын байр суурь зөрж байна. Ө.Шижирийн хэлснээр, 2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон удаагийн төсөв хэлэлцэж байгаа нь Засгийн газар улсын төсвөө анхнаасаа бодитой, зөв тооцож чадахгүй байгааг харуулж байгаа . Инфляцыг жил бүр зургаан хувьд барина гэж төсөөлдөг боловч энэ зорилт хэрэгждэггүй, улмаар бодит бус тоон үзүүлэлтэд тулгуурлан зардлаа нэмэгдүүлдэг болсон гэж тэрээр шүүмжилсэн юм. Харин Б.Энхбаярын тайлбарлаж буйгаар төсөв томорч байгаа нь зөвхөн шинэ зардал бий болгож буй хэрэг биш. Төрийн өмчит компаниудын төсөв, хөрөнгийг нэгдсэн төсөвт нэгтгэснээр өмнө нь тусдаа байсан мөнгө УИХ-ын хяналт, хэлэлцүүлэгт орж байгаа юм. Ө.Шижир үүнийг зөвхөн төсвийн хэмжээний асуудлаар хязгаарлахгүйгээр зарцуулалтын үр ашигтай холбон тавьж байна. “Хэрэв улсын төсвийн орлогыг 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа юм бол зардлыг 11 их наяд төгрөгөөр яагаад тэлээд байгаа юм бэ. Хуримтлуулж болдоггүй юм уу. Эсвэл хэрэгтэй төсөл, хөтөлбөрүүдээ дуусгаж болдоггүй юм уу” хэмээн тэрээр асуув. Түүний үзэж буйгаар, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн ч дуусгалгүй орхиж, хөрөнгө мөнгийг олон чиглэлд тарамдуулж байгаа нь төсвийн бодлогын гол асуудал болжээ. Харин Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын хөрөнгө, орлогыг нэгдсэн төсөвт оруулах нь цаашид төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниудын ашигтай ажиллах, нээлттэй засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилготой гэж тайлбарлав. Төрийн өмчит компаниудын зардлыг танахтай холбоотойгоор Засгийн газар Төрийн ордон орчмын өндөр шилэн оффисуудыг түрээслэн ашигладаг байдлыг ч хязгаарласан байна. Б.Энхбаярын хэлснээр, төрийн өмчит компаниуд оффисын түрээсэнд жилд 7.2 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ. Ингээд харахад 2027 оны төсвийн маргаан зөвхөн төсвийн орлого, зарлагын хэмжээгээр хязгаарлагдахгүй байна. Нэг тал нь төсвийн хэмжээ өсөхийн зэрэгцээ зарцуулалт нь хэт тэлж, төсөл хөтөлбөрүүдийн эрэмбэ дараалал алдагдсан гэж шүүмжилж байгаа бол нөгөө тал нь өмнө нь улсын төсвөөс гадуур байсан төрийн өмчит компаниудын мөнгийг нэгдсэн төсөвт оруулж байгаа учраас төсвийн хэмжээ өссөн гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

1 цаг 5 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

1 цаг 5 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

1 цаг 5 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

18 цаг 17 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

20 цаг 27 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин