Б.ГАРЬД
Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдийг жагсааж эрэмбэлсэн байна. Энд, АН-аас МАН-тай адилхан дөрвөн улстөрчийг нэрлэж жагсаажээ. Мэдээж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүлсэн байна. Араас нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, АН-ын генсек С.Баярцогт гээд дараалжээ. Харин улс төрийн хүрээнд, бас АН-ынхны дунд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг нэрлэж яриад удаж байна.
Товчхондоо, одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөд тохиромжтой Н.Алтанхуяг, Ж.Баярмаа, С.Баярцогт, С.Ганбаатар, Д.Ганбат, Лу.Гантөмөр, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын улстөрчид байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухайд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “нэр дэвшигч”-ээр хамгийн түрүүнд тодорсон. Мөн бүх нам, судалгааны байгууллагуудын хийсэн судалгаа сэлтээр “Хамгийн өндөр дэмжлэгтэй” гэж дүгнэгддэг улстөрч юм. Учир нь Н.Алтанхуягийг “шударга бусын хонгил”-оор чирэгдэж үзсэн. Тиймээс “хонгил”-ыг нураах ганц улстөрч гэдэг. Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Ажилсаг, гэвч “задгай” гэдэг дүнтэй буусан. АН-даа болохоор “Ялалтын менежер” гэгддэг. Гэхдээ АН-аасаа хөөгдөж явсан. Мөн түүнийг АН-ын зарим гишүүн “Намынхантайгаа мууддаг” гэж шүүмжилдэг. Гэвч нөгөө талаас “Ерөнхийлөгч хүн монголчуудын эв нэгдлийг хангаж, шударга ёсыг эрхэмлэх ёстой болохоос аль нэг нам, хэн нэг улстөрчид тал зассанаар эв нэгдлийг хангагч болохгүй” хэмээдэг.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа уг нь УИХ-д анх удаа л сонгогдсон. Гэхдээ жил болоод л “од” болсон. Өнөөдөр УИХ-ын 126 гишүүнийг олон нийтийн дундах нэр хүндээр эрэбэлэхэд Ж.Баярмаа дээгүүр жагсдаг. Түүний чуулган дээр хэлсэн үг, ордны хонгилд хэвлэлд өгсөн яриа нь олон нийтийн эрэлтэт сэдвээр өрнөдөг. Тэр утгаараа Ж.Баярмаагийн шүүмжлэл байнга шахам алга ташилт хүртдэг. Англи хэлний багшаас эрх зүйч, бизнесийн удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр сурч боловсронгоо ажилласаар УИХ-д сонгогдож орж ирсэн. Үнэндээ, түүнд ахынх нь ХЗХ-ны асуудлаас өөр “сөрөг цохилт” орж ирдэггүй бөгөөд байхгүй гэдэг.
АН-ын генсек С.Баярцогт бол АН-аасаа 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихэд гайхаад байх зүйлгүй юм. Учир нь тус намынхан түүнийг АН-ын генсек гэдэг чухал албанд санал нэгтэй томилсон. Угтаа, генсек ямар байна, нам тийм байдаг номтой. Тиймээс С.Баярцогтыг генсекээр томилсон нь АН-ынхны итгэл гэж харагдана. Дээрээс нь тэрээр улс төрийн асар туршлагатай. 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрөөс салаагүй юм. Тэгэхдээ улс төрийн өндөрлөгт буюу УИХ, Засгийн газрын удирдлагын түвшинд байнга ажиллаж ирсэн. Тэр замд нь Ерөнхий сайд, АН-ын дарга болох боломж тохиож байсан ч найздаа “найр” тавьж холдсон түүх бий. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших болоход “гайт” Оюу толгойн гэрээ, хууль шүүхийн асуудал нь гай болж мэдэх эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг нь “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж эртнээс мэдэгдсэн. 2017 онд нэр дэвшээд үзчихсэн. Улс төр, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллага, бизнесийн салбар гээд ажиллаагүй салбар ховор. Тэр бүхнээс улс төрд арай удаж байгаа. Тэр хэрээр хэд хэдэн намын босгыг элээсэн нэгэн. Тэрээр Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөхөө зарлахдаа одоогийн Ерөнхийлөгчийг ширүүн шүүмжилж хэсэг явсан. Тэгсгээд чимээгүй болсон. Дахин “Ерөнхийлөгчид дэвшинэ” гэж яриагүй л байна. Тиймээс тэр дэвших үү, үгүй юу гэдэг нь тодорхой бус гэхэд болно.
УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас дэвших боломжтой улстөрчдийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Улс төрд ороод удалгүй УИХ-д орсон ч УИХ-д удаж байна. Чуулган дээр юу ярихаа маш сайн мэднэ. Хэл яриа хурц, үг утгын сонголт сайн гэж жигтэйхэн. Тэр хэрээр олон нийтээс оноо сайн цуглуулдаг. Өөрийгөө сурталчлахдаа ч хэн юу хэрэгтэйг сонгодгоороо гаргуун нэгэн. Ямар сайндаа тойрогтоо 40-ийн бидон тарааж, түүгээрээ “Бидон” хэмээх хочтой болсон. Гэхдээ тэр хочиндоо хайртай. Үүний зэрэгцээ АН-ыг хоёр хуваагдаад байхад УИХ дахь бүлэг нь ч хоёр хуваагдаж, Д.Ганбат нэгийнх нь дарга болж байв. Тэр үедээ “нөгөө” бүлгийнхээ дарга АН-ын одоогийн дарга О.Цогтгэрэлтэй Төрийн ордонд гар зөрүүлж байв.
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр бол АН-ыг дахин нэгтгэсэн гавьяатай. Гудмаар нэг тарж явсан намаа нэг болгож, УИХ-д 42 суудалтай, тэр байтугай Засгийн газарт хэд хэдэн сайдтай болгосон. Гэвч түүнийгээ үнэлүүлэх байтугай намынхандаа ойлгуулж амжилгүй огцорсон. Сайдын суудал, намын даргын албан тушаал хоёроо өгснөөс хойш чимээ анир багатай байсан Лу.Гантөмөр хаврын чуулганы төгсгөл хавиас хачин ширүүн хийгээд шүүмжтэй үг хэлдэг болсон. Сая, баяр наадмаас эхлээд элдэв контент хийдэг болж, нийгмийн сүлжээнээс салахаа больсон. Энэ нь “Лу дарга Ерөнхийлөгчийн сонгуульд явахаар нэгэнт шийджээ” гэх яриаг намд нь, улс төрийн хүрээнд өрнүүлэхэд хүргээд байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа бол Монголын эмэгтэй улстөрчдөөс хамгийн түрүүнд, хамгийн өндөр албан тушаалд очсон. Тэрээр УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан. Ер нь бол дүүргийн Засаг даргаас сайд, УИХ-ын дэд дарга, үүний зэрэгцээ намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж ажиллана гэдэг бол яахын аргагүй АН-ын лидерүүдийн нэг гэдгийг батална. Нөгөөтэйгүүр, “С.Одонтуяа улс төрд олон жил явахдаа урвах гэдэг үгнээс цэрвэж явсан” гэдгийг улстөрчид, тэр дундаа намынхан нь хэлдэг. Тууштай гэж түүнийг тодорхойлдог.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж бол өөртөө маш итгэлтэй, бас харизмтай улстөрч юм. Өөртөө итгэлтэй учир чуулган дээрх хэрүүлийн чанартай үгс нь мэдээллийн чанартай болж олны толгойд суудаг. Үүгээрээ, заавал том зүйл ярьж том улстөрч болдоггүй гэдгийг тэр баталсан. Ер нь бол, тойргоо усална гэдгийг утгыг Б.Пүрэвдорж л харуулдаг. Чуулган дээр сумын, багийн иргэдийнхээ асуудлыг нарийвчлан ярина. Мөн тэр мөнгө заралгүй улс төр хийхийг ч харуулсан. Мөнгө байхгүй, хэмнэж байна гэсээр тойргоос нь мөнгөний тусламж хүссэн өргөдөл ирэхээ больсон гэдэг. Түүнд зурагчин байхад л хангалттай. Уулзалт болгоныхоо зургийг нүүр номдоо “чихэж” байгаад тойргийнхондоо өөрийгөө үзүүлдэг болгосон. Тойрог руугаа дуучин авч явахгүй, өөрөө дуулна. Үүний зэрэгцээ өөрийгөө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ер аль ч албан тушаалыг хашиж чадна гэж үздэг өөдрөг нэгэн.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл эдгээр албан тушаалд очих гэж сүүлийн хэдэн жил зүтгэсэн. Бүлгээ, намаа хоёр хуваагдаад байхаас л нэгийнх нь дарга болж, салахгүй явсаар саяхан жинхэлсэн. Уг нь УИХ-д 42 суудалтай бүлэгтэй гэдэг бол О.Цогтгэрэлд намын даргын хувиар улс төр хийхэд хангалттай хүч юм. Гэвч тэр баахан аажуудуу намын дарга аж. Хааяа гарч ирж “Засгийн газрыг огцруулна” гэнэ. Тэгээд таг чиг болдог. Өөр бусад акцууд нь ч иймэрхүү байдлаар уусаад алга болдог. Гэхдээ энэ түүний тактик байж мэднэ. Ажлаа аваад дөнгөж жил болж байгаа О.Цогтгэрэлд бас ч гэж хугацаа бий. Магадгүй, түүний өмнө өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэр гаргаж ч мэдэх юм. Түүний сүүлийн үеийн үйлдлүүд тэгж “уншигдаад” байгаа билээ.
Ер нь бол АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой олон улстөрч бий. Тэдгээрээс өөрийн болон журмын нөхдийнх нь хамгийн өндөр “хүсэмж”-тэй хэд нь эдгээр улстөрч юм. Гэхдээ АН-аас нэр дэвшихийн тулд олон тохироог давах учиртай болно. Тохироо нь АН дээр хоёр агуулгаар хэрэгжинэ. Нэгдүгээрт, АН-ынхан нэр дэвшигчээ эрх баригчидтай тохирно. Хоёрдугаарт, АН-ынхан дотроо тохирох ёстой. Энэ утгаараа АН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх улстөрч илүү олон, хэцүү замыг туулах болж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 165 (7907)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn