Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

1 цаг 6 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ГАРЬД

 

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тангаргаа өргөөд ажилдаа орчихсон байна. Тиймээс сүүлийн үед “Уг сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг хүчтэй яригдах боллоо. Гэхдээ энд нэг алдаа байна. Энэ удаагийн УИХ бол Монголын парламентын түүхэнд анх удаа улс төрийн таван хүчнээс бүрдсэн. Тиймээс, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөнө. Гэтэл улс төрийн хүрээнд, улс төрийн намуудад, тэр байтугай судалгаа шинжилгээ хийдэг байгууллага, хүмүүс, улс төрийн шинжээчдийн “фокус” зөвхөн “МАН, АН хоёроос хэн нэр дэвших вэ” гэдэг дээр төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр дээр гурав дахь буюу жижиг намын нэр дэвшигч нэмэгдэж, голдуу гурвуулаа өрсөлдөж ирсэн Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиуд улс төрийн таавар, мэдрэмжүүдээс хол зөрж байгаагүй юм. Энэ утгаараа, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөх нь Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч заавал МАН, эсвэл АН-аас тодрохгүй байх магадлал бий. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямралт нөхцөл үүний шууд шалтгаан юм. Гэхдээ, УИХ-д суудалтай жижиг намуудаас жинтэй улстөрчид нэр дэвшвэл сонгуулийн ялагч том намуудаас тодрох боломж хаагдана. Товчхондоо, 2027 онд “жинхэнэ” сонгууль болно.

Одоогоор МАН, АН-аар дүүрэн Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөх хүсэлтэй улстөрчид хахаж байгаатай адил УИХ-д суудалтай жижиг гурван намаар ч хүслээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байна.

Эднээс Үндэсний эвсэл харьцангуй тайван байгаа дуулдав. Учир нь, Үндэсний эвсэл бараг л ганц хүний “эвсэл” гэгддэг. Тодруулбал, Шадар сайд Н.Номтойбаярын байгуулсан улс төрийн хүчин юм. Ер нь бол, Монголын улс төрд хамгийн зөрчилтэй, байж болохооргүй зүйлийг болговол олон нийт дэмжиж, алга ташаад явуулдаг хачин зуршил бий. МАН-аас 2020 онд хөөгдөөд УИХ-ын 2024 оны сонгуулийн чимээ анирлаж байхад нам ч үгүй байсан Н.Номтойбаяр гэнэтхэн Ногоон намын “эзэн”-ээр тодроод гарч ирсэн. Өөрөө уул уурхай ухдаг компанитай атлаа түүний эсрэг Ногоон намыг авчихдаг бас л ёжтой улстөрч шүү. Хамгийн гол нь ингэж тэрсэж гарч ирсэн нь онож УИХ-д жагсаалтаар оноогдсон дөрвөн суудалтай болсон. Үндэсний эвсэл нь Ногоон нам болон МЛАН-аас бүрддэг. Өнгөрсөн жил Ногоон намын даргын тамгыг А.Ундраа гишүүнд өгчихсөн. Тэгээд өөрөө Засгийн газарт орж Шадар сайдаар томилогдсон. МЛАН нь Дээд шүүх дэх намуудын жагсаалтад ихээхэн дээгүүр бичигддэг. Дарга нь УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа юм. Яагаад бүтцийг нь яриад унав аа гэвэл МАН-ын Засгийн газарт Шадар сайдаар орсон Н.Номтойбаяр намдаа орвол Үндэсний эвсэл гэж УИХ-д байхгүй болно. Харин Ногоон нам, МЛАН гээд хоёроор нэмэгдээд УИХ зургаан намтай болж мэднэ. Гэхдээ УИХ-ын түүхэнд ийм тохиолдол байхгүй, хуульд ч “Үүнийг хэрхэх вэ” гэдэг нарийн зохицуулалт байдаггүй юм байна. Гэвч Н.Номтойбаяр МАН-даа орж, Үндэсний эвсэл нь хоёр болж задрах процесс өрнөсөн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амжихааргүй харагдаж байгаа юм. Нэгэнт цаг нь тулсан учир Үндэсний эвсэл буюу Н.Номтойбаяр нэр дэвшүүлнэ. Ийм тохиолдолд “Хэн нэр дэвших вэ” гэдэг нь ч тодорхой болсон. Эх сурвалжуудын мэдээллээр “Үндэсний эвслээс МАК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайшир нэр дэвшинэ” эртнээс яригдсан. Б.Нямтайширын хэн бэ гэдгийг, юу бодож, юунд зорьдгийг монголчууд мэднэ. Өдийг хүртэл улс төрд хавирч яваагүй ч барагтайхан улстөрчөөс илүү монголчуудынхаа танил болсон. Ер нь бол, Б.Нямтайшир өрсөлдвөл Ерөнхийлөгчийн сонгуульд томтой, жижигтэй нь айлгаж мэдэх л хүн байгаа юм.

ХҮН нам мөн л МАН, АН-ын адил намын рейтинг нь байнгын уналттай болсон. УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх МАН-ын гурван Засгийн газраас хөөгдчихөлгүй өнөөдрийг хүрч байна. Тэр утгаараа, ХҮН нам хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийхээ буянаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль хийгээд УИХ-ын 2028 оны сонгуульд санал авахаар болсон. Хэрэв Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд гавихгүй нэр дэвшигч гаргавал УИХ-ын 2028 оны сонгуульд тэр чигтээ уруудна. Энэ нам Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд “Форум” нэвтрүүлгийн хөтлөгч, “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Д.Энхбат нь өрсөлдөөний явцад “Ковид туссан” гэж хэсэг алга болоод удалгүй тэр чигтээ сонгуулийг орхисон. Харин энэ удаад “Де-факто” ярилцлагын хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханыг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа дуулдаад удлаа. Д.Жаргалсайхан өмнөх сонгуулийн нэр дэвшигч Д.Энхбаттай төстэй “модель” гэхэд болно. Гэхдээ, улс төрийн талаарх санаа бодол, санал дүгнэлтээрээ Д.Энхбатаас илүү идэвхтэй харагддаг. Юутай ч ХҮН намын 50 хүрсэн улстөрчдөөс илүү санал авах нь тодорхой юм. Өрсөлдөөндөө тууштай оролцвол том намуудыг сандаргах нь гарцаагүй нэр дэвшигч болж чадна. Учир нь түүний хэлсэн ярьсан нь олон нийтийн дэмжлэгийг авдаг. Яагаад гэхээр, Д.Жаргалсайханы хийдэг ярилцлагын сэдэв, өөрийнх нь өгдөг ярилцлаг сэлтээс харахад олон нийтийн эрх ашиг, нийгмийн халуун сэдэв, улс төрийн эвгүй “өнцөг” дээр “дарж” чаддаг нэгэн юм.

ИЗНН бол даацаараа их хэцүү гэхэд болно. Шулуухан хэлэхэд, энэ намыг “эзэмшдэг” хүмүүс байнга солигдсоор намын нэр хүнд гэхээр юмгүй хоцорсон. Гэхдээ УИХ-ын 2024 оны сонгуулийг явуулсан шинэ хуулийн онцлогоор аз нь шовойсон гэхэд хилсдэхгүй дээ. Дөрвөн тийшээ харсан дөрвөн гишүүнтэй. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд намын дарга Б.Батбаатар нэр дэвшихээ өнгөрсөн хавар зарласан. Гэсэн ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, ИЗНН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй хүний тоо 10 гаруй  болжээ. Өнгөрсөн хавар гэнэтхэн ИЗНН-ыг сонгосон АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нарыг нэр дэвших хүсэлтнүүдийн тоонд орж нэрээ “бүртгүүлсэн” гэх мэдээлэл байна. Уг нь тэднийг ИЗНН руу ороход “Эрх баригч нам ИЗНН-ыг цэнхэр харагдуулах гээд АН-ын зарим улстөрчдөд томилолт өвөртлүүлжээ” гэж байсан юм. Эднээс гадна “Алтандорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг ИЗНН-аас нэр дэвшиж магадгүйг улс төрийн хүрээнд ярьж байна. Үргэлжид нийгмийн сүлжээгээр улс төрийн ширүүн дориун байр суурь илэрхийлдэг Т.Ганболд саяхан “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал ирүүлбэл татгалзахгүй” гэж мэдэгдсэн. Ингэхдээ хаанаас тийм санал хүлээж байгаагаа хэлээгүй юм. уг нь тэр МАН-ын гишүүн байсан. Тус намаас 2015 онд гараад ХҮН намд орсон. Дарга нь хүртэл болж явсан. Тэндээсээ гарч, тус намыг Т.Доржханд нар удирддаг болсон. Тиймээс түүнийг аль намын урилга хүлээж байгааг таацгаагаад хэдэн өдрийн яриа болж байв. “Хүсээгүй байхад нь урьж дэвшүүлнэ гэж юу байх вэ, Т.Ганболд дэвших намтайгаа тохирсон бололтой” гэцгээсэн. Тэгж тэгж эцэст нь “Тэрээр ИЗНН-аас нэр дэвшиж магадгүй нь” гээд зогссон.

Эдгээр мэдээллийг нэгтгэж харахаар, УИХ дахь жижиг гурван нам буюу Үндэсний эвслээс Б.Нямтайшир, ХҮН намаас Д.Жаргалсайхан, ИЗНН-аас Т.Ганболд гээд нэр дэвшвэл жинтэй л харагдахаар байна. Тэр хэрээр Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль өрсөлдөөнтэй болж, ойрд үзэгдэж харагдаагүй “жинхэнэ” сонгууль болж мэдэх юм. Гэхдээ эдгээр хүмүүс энэ гурван намын эцэслэн шийдсэн нэр дэвшигчид биш гэдгийг ойлгох биз. Улс төрийн хүрээнд, улс төрийн эдгээр намынхны дунд яригдаж байгаа мэдээллээс одоогоор ийм нэрс гарч ирж байна. Сайтар ажиглавал, эдгээр “нэр дэвшигч”-д иж ижил нэг зүйл байгаа нь хатуу намчид биш, хэн нэгний сүүдэрт явдаг хүмүүс биш байгаа юм. Ер нь тэгээд 2027 онд Ерөнхийлөгч болох хүний “Хэний талд вэ” гэдэг нь бус “Ямар асуудлыг яаж хардаг вэ” гэдэг хамгаас чухал билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

1 цаг 6 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

1 цаг 6 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

1 цаг 6 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

18 цаг 18 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

20 цаг 29 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин