
В.Ариунчимэг
Англи эхээс хөрвүүлсэн Тоймч
Council on strategic risks судалгааны хүрээлэнгийн ийн 2025 оны тавдугаар сарын 20-ны эрсдэлийн судалгааны нийтлэл
Япон улс нь ихээхэн ач холбогдол бүхий дэлхийн томоохон гүрэн юм. Тус улс Ази, Номхон далайн бүс нутагт АНУ-аас илүү дипломат нөлөөтэй, бүс нутагтаа хамгийн хүчтэй холбоотны сүлжээтэй, түнш улсуудынхаа дунд батлан хамгаалах сүлжээний хүч чадлаар гуравдугаарт ордог. Үүний зэрэгцээ, Японы шатах ашигт малтмалын импортоос хамааралтай байдал нь геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий болгож, үндэсний аюулгүй байдлын стратегийн зорилгод нь сорилт учруулж байна.
ЯПОНЫ ҮНДЭСНИЙ БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРЧИН
Японы үндэсний аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн баримт бичгүүд болох Үндэсний аюулгүй байдлын стратеги, Үндэсний батлан хамгаалах стратеги, Батлан хамгаалах бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Токиогийн аюулгүй байдлын нөхцөл байдлын талаарх ойлголтод гарсан томоохон өөрчлөлт болон өнөөгийн геополитик, цаг уурын сорилтуудтай тэмцэх арга хэмжээг хурдасгах боломжийг тусгасан байна.
Үндэсний аюулгүй байдлын стратегийн эхний хэсэгт "Чөлөөт, нээлттэй, тогтвортой олон улсын дэг журам ... одоо эрсдэлд орлоо" гэж заасан байдаг. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээн зөвшөөрсөнчлөн "[Япон] нөөц баялаг, хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувь нь гадаад худалдаанаас хамааралтай", "их хэмжээний хохирол учруулдаг байгалийн гамшигт өртөмтгий" Японы хувьд онцгой аюул заналхийлж байна. Хоёр талын энэ эмзэг байдал нь Японы Үндэсний аюулгүй байдлын стратегийн эхний хоёр зорилт болох "тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа [хамгаалах], дотоод болон гадаад бодлогоо бие даан тодорхойлох", "эдийн засгийн бүтцийн бие даасан байдлыг хангах" чадавхид сорилт авч ирж байна.
Үнэндээ Японы өнөөгийн эдийн засгийн бүтэц бие даасан байдал бараг байхгүй. Энэ нь эрчим хүчнийхээ 97 хувийг (үүний 83 хувийг шатах ашигт малтмал) импортолдог, эдийн засгийн эрчим хүчний үр ашгийн хувьд дэлхийд хамгийн доод буюу 104-р байранд ордог. Энэ нь 1970-аад оны газрын тосны хямралд Япон улс эрчим хүчний эх үүсвэрийг аюулгүй байлгахын тулд Ойрх Дорнодын үйлдвэрлэгчидтэй эдийн засаг, улс төрийн хүчтэй харилцаа холбоо тогтоох замаар хариу арга хэмжээ авснаас үүдэлтэй.
Энэхүү хариу арга хэмжээ нь техникийн хувьд амжилттай болсон (Японы бүх түүхий нефтийн 94 хувь нь Ойрх Дорнодын зургаан улсаас ирдэг) төдийгүй тус улсын дипломат тэргүүлэх чиглэлийг эрчим хүчний аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагатай уяж өгсөн юм. Үүний үр дүнд Япон улс эдгээр улстай харилцах харилцааныхаа бат бөх чанарыг нэн тэргүүнд тавихаас аргагүй нөхцөлд хүрсэн юм. Олон улс орон импортын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай байдгаас үзэхэд энэ нь шинэ үзэгдэл биш боловч Японы хамаарлын цар хүрээ нь өвөрмөц онцлогтой. ОХУ-ын Украинд хийж буй дайны эдийн засгийн нөлөөлөл болон Оросын шингэрүүлсэн байгалийн хийнд тавьсан олон улсын хориг арга хэмжээнээс харахад Японы эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдал эмзэг хэвээр байна.
Хэдийгээр Япон улс шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээнийхээ дөнгөж есөн хувийг Оросоос авдаг байсан ч импорт тогтворжоогүй, эрчим хүчний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 10 хувиар өссөн байна. Үүний нэгэн адил Япон улс 2023 онд “Долоогийн бүлэг”-ийн улс орнуудын дунд шатах ашигт малтмалын салбарт худалдааны алдагдал нь хамгийн өндөр хувьтай байснаас харахад тус улсын эдийн засгийн сэргэлт хязгаарлагдмал байгааг харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудыг хойш тавьсан ч гэсэн шатах ашигт малтмалын импортоос хамаарлаа бууруулах нь Японы үндэсний аюулгүй байдлын зорилгодоо хүрэх, ирээдүйд гарах геополитикийн хямралаас өөрийгөө хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх болно. Үнэндээ Японы эрчим хүчний салбарыг хүлэмжийн хий ялгаруулдаггүй болгох нь Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгасан зорилтуудын нэг юм. Гэсэн хэдий ч уг баримт бичгийн бусад зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Япон улс импортын шатах ашигт малтмалаас хамааралтай байдлаа бууруулж, цэвэр эрчим хүчрүү шилжих шилжилтээ хурдасгах шаардлагатай байна.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАРИЛЦАА
Япон улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүчний бүс нутгийн чиг хандлагыг тодорхойлж, боломжит ачааллыг хуваалцах боломжийг олгодог батлан хамгаалах, эдийн засаг, дипломатын салбарт хүчтэй харилцаатай. Ерөнхийдөө Ази, Номхон далайн эдийн засгийг эрчим хүчээр хангадаг сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2000 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 5-12 хувь болжээ. Австрали улс эдийн засаг болон батлан хамгаалах салбартаа сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зоригтой амлалт өгч, өнгөрсөн жил цахилгаан эрчим хүчний сүлжээнийхээ 82 хувийг сэргээгдэх эх үүсвэрт шилжүүлэх хугацааг 2030 он гэж тогтоосон бол батлан хамгаалах салбар нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг тэг болгохоор зарласан. Индонез, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг улсууд ижил төстэй зорилт тавьж, цаг хугацаа товлох замаар сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтээ нэмэгдүүлэхийг чармайж байна. Үүний зэрэгцээ, Оросын Украинд хийж буй дайн дэлхийн эрчим хүчний зардлыг нэмэгдүүлсээр байна. Зардал өссөн нь Япон улстай эдийн засгийн хүчтэй харилцаатай Филиппин, Тайландын хувьд өөрсдийн эрчим хүчний шилжилтийг хурдасгах нэмэлт хөшүүрэг болж болзошгүй юм. Энэ нөхцөл байдал Японд импортын шатах ашигт малтмалаас татгалзаж, эрчим хүчний шилжилтээр бүс нутагтаа тэргүүлэгч болох боломжийг олгож байна.
АНУ-ЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
АНУ-д сэргээгдэх эрчим хүчнийг өмнөх шигээ дэмжихээ больсон нь Япон болон түүний бүс нутгийн хөрш улсуудад өөрсдийн эрчим хүчний аюулгүй байдлын хэрэгцээг дахин үнэлэх дохио өгч байхыг үгүйсгэх аргагүй юм. АНУ-ын энэ шийдвэр одоогоор бүс нутгийн эрчим хүчний орон зайг Хятад улс нөхөж болохуйц манлайллын хоосон орон зайг бий болгосон. Хэрэв Япон улс сонголт хийвэл энэ орон зайд манлайлах үүрэг гүйцэтгэх боломж бий. Япон улс манлайлах сонголт хийвэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих алхам хийсэн АНУ-ын өмнөх засаг захиргаанаас сургамж авч магадгүй юм. Байден-Харрисын засаг захиргааны үед Инфляцыг бууруулах тухай хууль, хоёр намын Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ажлын байрны тухай хууль зэрэг санаачилгууд нь АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний салбарт эдийн засгийн өсөлтийн шинэ эрин үеийг эхлүүлж, ажлын байр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчийг шатах ашигт малтмалаас хямд болгосон. Мөн сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд нэгтгэхэд дөхөм болгохын тулд сүлжээний уян хатан байдал болон шинэчлэлтэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний зэрэгцээ Японы сайн мэдэж байгаагаар АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт харилцан ашигтай байдлыг нэмэгдүүлэхийн тулд холбоотнуудтайгаа уур амьсгал, эрчим хүчний түншлэл байгуулсан юм. Манлайлах цаг үе бол одоо. Судалгаанаас харахад сэргээгдэх эрчим хүчний талаарх бодлогын арга хэмжээг хурдасгахгүй бол идэвхгүй байдлын зардал улам бүр нэмэгдэхээр байна. АНУ-тай хийх худалдаа, батлан хамгаалах харилцааны тодорхойгүй байдлын дунд Япон улс АНУ-ын түлш, байгалийн хийн экспортоос тодорхой хэмжээний тусгаарлалт хийхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг хангах бүс нутгийн хүчин чармайлтыг зохицуулах боломж байна.
ИРЭЭДҮЙН АСУУДЛУУД
Япон улс Үндэсний аюулгүй байдлын стратеги, Үндэсний батлан хамгаалах стратеги, Батлан хамгаалах бодлогын төлөвлөгөөгөөрөө дамжуулан өөрийн ирээдүйн зоримог төлөвлөгөөг гаргасан юм. Эдгээр баримт бичгийн хүрээнд зорилгодоо хүрэхэд үндэсний хүчний гол хэрэгслүүд болох дипломат яриа хэлэлцээ, эдийн засаг, батлан хамгаалах бодлогын уян хатан байдлыг шаардах нь гарцаагүй. Гэсэн хэдий ч өнөөдөр шатах ашигт малтмалд хүлэгдсэн хэвээр байх нь маргаашийн дипломат болон геополитикийн шийдвэрүүдийг Японы эрчим хүчний сүлжээнд тулгуурласан гадаадын хараат байдалтай уясаар байх болно. Япон улс шатах ашигт малтмалаас илүү хяналттай сэргээгдэх эх үүсвэр рүү шилжих шийдвэр гаргах хүртэл дотооддоо хор хөнөөл учруулахгүйгээр эрчим хүч импортолдог улсуудад тодорхой хэмжээний дарамт шахалт үзүүлэх чадвартай. Японы Үндсэн Эрчим Хүчний Долоодугаар төлөвлөгөөгөөр шатах ашигт малтмалын хамаарлыг бууруулж, дотоодын цөмийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх замаар өөрийгөө хэрэгцээг хангах чадварыг сайжруулах зорилт тавьсан. Гэсэн хэдий ч уг төлөвлөгөө нь Японы 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлж чадахгүй байна. Япон улс сэргээгдэх эрчим хүчний илүү амбицтай зорилт дэвшүүлж, эрчим хүчний аюулгүй байдлаа шатах ашигт малтмалтай холбохоо больсон цагт илүү үр ашиг хүртэх боломжой. Ингэснээр импортын хараат байдлыг улам бүр нэмэгдүүлэхгүйгээр эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх түүхэн бодлогоо үргэлжлүүлэх боломжтой юм. Токиод Стратегийн Эрсдэлийн Зөвлөлөөс саяхан зохион байгуулсан семинарт хэлэлцсэнчлэн, Япон улс сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд саад учруулж болзошгүй хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч байна. Үүнд зөвшөөрөл олгоход тулгардаг саад, хангамжийн сүлжээний саад тотгор, шилжилтээс гарах зардлын талаарх санаа зовнил зэрэг багтаж байна. Нэг бэрхшээл нь Хятад улс нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн гол бүрэлдэхүүн хэсгүүд, цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмжүүдэд зайлшгүй шаардлагатай газрын ховор металл, тэдгээрийг цэвэршүүлэх, боловсруулах чиглэлээр олон улсын зах зээлд ноёрхож байгаа явдал юм.
Хэрэв Япон улс сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зорилтоо үргэлжлүүлбэл Ойрх Дорнодоос эрчим хүчний хувьд хамааралтай байдал нь Хятад руу шилжих эрсдэлийг хэрхэн бууруулах талаар сайтар бодож үзэх шаардлагатай болно. Хятад улс цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой учир сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үед хараат байдлын асуудал нь АНУ болон бусад орнуудын хувьд сорилт болно. Тиймээс Япон улс АНУ болон түүний холбоотнуудтай хамтран газрын ховор металл болон гол бүрэлдэхүүн хэсгүүдийн хангамжийн сүлжээг бий болгох шаардлагатай. Эдгээр бэрхшээлийг даван туулах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний түүхий эдэд Хятад улс давамгайлж байгаа нь шатах ашигт малтмалын импортын тасралтгүй урсгалаас эдийн засгийн хамаарлыг багасгадаг. Түүнчлэн, улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг давхар хэрэглээний технологийг шинэчилж байгаа учир хангамжийн шинэ сүлжээг илүү хялбар аргаар төрөлжүүлэх боломжтой. Эдгээр шалтгааны улмаас Япон улс дэлхийд тэргүүлэгч инновацын түүхээ санах хэрэгтэй. Энэ түүх нь Японд нэг улсаас хараат байдлаас ангижруулах сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээг төрөлжүүлэхэд тэргүүлэгч байх боломж, завшааны аль алиныг нь олгож байна. Японы ирээдүйн дипломат болон батлан хамгаалах бодлогын зорилтуудын онцлогоос үл хамааран "дотоод болон гадаад бодлогоо бие даан тодорхойлох" чадвартай байх стратегийн хүсэл эрмэлзэл нь хэвээр байх болно. Хэрэв Япон улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих замаар эрчим хүчний хэрэгцээгээ хангаж чадвал геополитикийн уян хатан байдал, бие даасан байдлаа нэмэгдүүлэх болно. Мөн өөрийн стратегийн баримт бичгүүдэд дурдсанчлан дэлхийн энх тайван, тогтвортой байдал тодорхойгүй байгаа нь ухаалаг стратегийн алхам, өөрийгөө хамгаалах зөв тактикийн аль алин руу шилжих шилжилтийг хийх юм. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь амаргүй нь үнэн. Гэхдээ өөр хувилбар болох статус-квог хадгалах нь сэргээгдэх эрчим хүчр шилжихээс илүү хэцүү зам байх болно.
Эх сурвалж: https://councilonstrategicrisks.org/2025/05/20/the-national-security-rationale-for-japans-transition-to-renewable-energy/
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)