“Тусгаар тогтнолын тунхаглал, Үндсэн хуулийн үзэл санаа, мөрөөдөл нь өнөөдрийн хүчирхэг Америкийг бүтээсэн”

1 цаг 20 мин
Нийтэлсэн: Админ
 39 мин унших

"ТВ9" телевизийн "Хэлэлцүүлэг" нэвтрүүлгийн 2026.07.08-ны дугаарыг уншигчдадаа толилуулж байна  

Сэдэв: АНУ-ын тусгаар тогтолын 250 жилийн ой

Зочин: Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Олон улсын харилцааны судлаач, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү. 

Хөтлөгч: "ТВ9" телевизийн Гадаад мэдээний тоймч Т.Баярбат.

 

-Бид хоёр хоногийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэх гэж байна. 800 жилийн өмнө Монголын эзэнт гүрний дэлхийн энх тайвны бодлогыг тодорхойлж байсан Пакс Монголика нь Америкийн Пакс Американа (Pax Amerikana)-тай юугаараа ижил төстэй юм. Пакс Американа нь өнөөгийн Америкийг бий болгоход ямар нөлөө үзүүлсэн бэ?


Н.Энхбаяр:


-Сэтгүүлч их зөв ажигласан байна.Юуны өмнө нийт үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Долоодугаар сарын 4-нд АНУ тусгаар тогтнолын тунхаглалаа баталсны 250 жилийн ойг тэмдэглэлээ.

Харин бид хэдхэн хоногийн дараа, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тиймээс энэ хоёр түүхэн үйл явдлыг хооронд нь холбон ярилцах нь зүй ёсны хэрэг. Их Монгол Улсын түүхийг бүхэлд нь ярина гэвэл маш өргөн сэдэв. Харин товч дурдвал, миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг ахалж, НҮБ-аар тусгай тогтоол гаргуулахын төлөө ажилласан. Үүний үр дүнд НҮБ-аас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхийн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан тогтоол баталсан нь Монгол Улсын хувьд маш том түүхэн үйл явдал болсон. 
Тэр үед би олон улсын төр, засгийн тэргүүнүүдэд хандан Их Монгол Улс, Их эзэн Чингис хаан, мөн “Пакс Монголика”-гийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм. Францын тухайн үеийн Ерөнхийлөгч Жак Ширак, Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак зэрэг олон орны удирдагчид өөрсдийн нийтлэл, захидал, мэндчилгээг ирүүлж байсан. Тэдгээрийг уншихад Их Монгол Улсын түүхийг дэлхий нийт үнэхээр өндрөөр үнэлж, хүн төрөлхтний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг мэдэрсэн. Энэ нь зөвхөн түүхэн ой тэмдэглэсэн асуудал биш. 


Харин Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёсны үнэ цэнийг дэлхий нийтэд дахин сануулж, олон улсын хэмжээнд бататгасан чухал үйл явдал болсон гэж би үздэг. Мөн энэ 820 жилийн ойг тохиолдуулан нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Монгол Улсын түүхэн өвийг сэргээн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Тэрээр 2022 онд, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Хархорум хотыг сэргээн босгох тухай түүхэн зарлиг гаргасан. Энд “сэргээн босгох” гэсэн хоёр үг маш чухал утга агуулдаг. “Сэргээх” гэдэг нь түүхэн өв, соёлоо бодитоор нь дахин амилуулахыг хэлж байгаа бол “босгох” гэдэг нь орчин үеийн хот байгуулалт, дэд бүтэцтэй уялдуулан шинэ Хархорумыг хөгжүүлэхийг илэрхийлж байгаа юм. Миний бие одоо Хархорум хотын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд Их Монгол Улсын нийслэл Хархорумын түүхэн дүр төрхийг аль болох бодитоор сэргээхээр ажиллаж байна. Тухайлбал, Мөнгөн мод, Түмэн амгалан ордон, Цогт энхийн сүм зэрэг түүхэн байгууламжийг эх сурвалжид тулгуурлан сэргээн бүтээхээр төлөвлөж байна. 


Мөн тухайн үеийн Хархорумд Хятадын худалдаачдын хороолол, лалын шашинт худалдаачдын буюу Сарацены хороолол байсан нь түүхэн эх сурвалжаар нотлогддог. Зарим хүн эдгээрийг сэргээх шаардлагатай эсэх талаар эргэлздэг. Гэхдээ бид түүхийг өөрчилж, гуйвуулж болохгүй. Түүхэнд ямар байсан, түүнийг нь үнэн зөвөөр нь харуулах нь бидний үүрэг юм. Хархорумд Хятадын худалдаачдын хороолол байсан, Цогт энхийн сүм байсан, исламын шашинтай худалдаачдын буюу Сарацены хороолол байсан гэдэг нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Хархорум хот тухайн үед Торгоны замын хамгийн чухал зангилаа цэг байсныг харуулж байгаа юм. Тэнд Хятадын худалдаачид ирдэг, исламын шашинтай худалдаачид ирдэг, оросууд ирдэг, Төв Азийн ард түмэн ирдэг, солонгосчууд ирдэг байсан. Өөрөөр хэлбэл, олон улс, олон соёлын уулзвар болсон төв цэг байжээ. Тийм учраас түүхээ бүрэн сэргээнэ гэж байгаа бол тэр бүхнийг үнэнээр нь, цогцоор нь сэргээх ёстой. Түмэн амгалан ордны яг үүдэнд алдарт Мөнгөн мод байсан. Энэ тухай Рубрукийн үлдээсэн эх сурвалжид тодорхой бичсэн байдаг. Мөн тухайн үед Хархорумд ирж, Их хаанд бичиг хүргэж байсан, эсвэл хаанаас бичиг аваад буцаж явсан олон элч төлөөлөгчийн түүхэн эх сурвалжид “Хархорумд үнэхээр гайхамшигтай нэгэн бүтээл бий. Тэр нь Мөнгөн мод юм” хэмээн бахдан тэмдэглэсэн байдаг. Харин өнөөдөр бид Мөнгөн модыг орчин үеийн өнцгөөс харж, буруу ойлгох нь бий. Зарим нь “Дээр нь Христийн шашны дүрс байна”, “могой ороосон байна”, “доороо дөрвөн арслантай байна” гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл тухайн үеийн Хархорум хот бол дэлхийн нийслэл байсан юм. Өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон улс төрийн төв, Нью-Йорк эдийн засгийн төв болж, дэлхийн бодлогод хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг. 


Үүнтэй адил тухайн цаг үед Хархорум хот дэлхийн хэмжээний төв байсан бөгөөд Мөнгөн мод өөрөө энэ утгыг илэрхийлдэг байжээ. Мөнгөн модон дээр Христийн шашны бэлгэдэл ч байсан, исламын шашны бэлгэдэл ч байсан, буддын шашны бэлгэдэл ч байсан. Учир нь Чингис хаан өөрөө тэнгэр үзлийг баримталдаг байсан. Энэ нь бөөгийн шашинтай адил зүйл биш. 


Харин Христийн шашин, исламын шашин, буддын шашин, бөөгийн уламжлалыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч, багтаасан өргөн үзэл санаа байсан гэж ойлгож болно. Тийм учраас Их Монгол Улсад бусад шашинд маш элэгсэг, хүлээцтэй, найрсаг ханддаг байсан. Бидний бахархан ярьдаг Сорхугтан Бэхийг авч үзье. Тэр бол Монголын их хаадын эх, хатан хүн. Тухайн үед дэлхийн олон орны элч төлөөлөгчид түүнтэй уулзаад “Энэ эмэгтэй эрэгтэй хүнээс ч илүү ухаантай юм байна” хэмээн биширч бичиж үлдээсэн байдаг. Сорхугтан Бэхигийн бичиж үлдээсэн зарим бичиг, судар, эх сурвалжийг өнөөдөр ч Монголын эртний түүх судлаачид тайлж уншихын төлөө ажиллаж байна. Үүнээс харахад, Сорхугтан бэхи өөрөө, жишээлбэл, Христийн шашинтай байсан байх магадлалтай гэж судлаачид үздэг. Тэгэхээр Монголын тухайн үеийн төр, засгийн удирдагчид зөвхөн нэг шашныг баримталдаг байгаагүй. Жишээлбэл, Хубилай хаан Буддын шашинтай байсан. Цагаадай хаан исламын шашныг хүлээн зөвшөөрсөн. Хүлэгү хаан мөн исламын шашныг дагаж байсан. Сорхугтан Бэхи христийн шашинтай байсан. Харин Чингис хаан өөрөө тэнгэр үзлийг баримталж байсан. Ийм олон шашин, олон соёлыг хүлээн зөвшөөрсөн агуу эзэнт гүрнийг бид байгуулж чадсан юм. Тийм учраас Хархорум хотыг сэргээн босгохдоо тухайн үеийн бодит түүхийг нь л сэргээх ёстой. Өнөөдрийн өнцгөөс дүгнэж, өөрсдийнхөөрөө тайлбарлан, Ерөнхийлөгчийн зарлигийн утгыг гуйвуулж болохгүй. Ерөнхийлөгч энэ зарлигийг нэгийг бодож, хоёрыг тунгааж байж гаргасан. “Сэргээх” гэдэг нь түүхэн дүр төрхийг нь бодитоор сэргээ гэсэн санаа юм. Харин шинэ хотыг байгуулахдаа орчин үеийн, хүн төвтэй, байгальд ээлтэй, агаарын бохирдолгүй, амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн хот байгуул гэсэн агуулгыг энэ зарлигт мөн тусгасан гэж би ойлгодог. Ингээд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойгоос АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой руу яриагаа холбож үзвэл өнөөдөр “Пакс Американа” буюу Америкийн тогтоосон дэлхийн дэг журам гэсэн ойлголт мөн яригдаж байна. “Америк маягийн энх тайван” үнэхээр бүрэн утгаараа хэрэгжиж байна уу гэвэл энэ нь эргэлзээтэй асуудал. Өнөөдөр ч дайн мөргөлдөөн үргэлжилж байна. Ираны асуудал байна. Өмнө нь Вьетнамын дайн болсон, Афганистан, Иракт цэргийн ажиллагаанууд өрнөсөн. Энэ бүхнийг ярих юм бол маргаантай асуудал олон бий. 


Гэхдээ хүн төрөлхтөн XX зуунд дэлхийн нэг болон хоёрдугаар дайныг туулсан. Энэ хоёр бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай, хамгийн эмгэнэлтэй дайн байсан. Харин АНУ эдгээр дайны дараа дэлхийн хамгийн хүчирхэг улс болсон. “Пакс Американа” гэж нэрлэгддэг энэ дэг журам тогтсон хугацаанд ямар ч байсан дэлхийн III дайн гараагүй. Энэ утгаараа эерэг талтай гэж хэлж болно. Мэдээж бүс нутгийн мөргөлдөөнүүд гарсаар байна. Өнөөдөр ч гарч байна. Саяхан Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ирантай байгуулсан ойлголцлын санамж бичиг хүчин төгөлдөр бус болсон гэж мэдэгдсэн. Учир нь Иран, АНУ хоёрын хооронд пуужингийн мөргөлдөөн эхэлсэн. Тиймээс Америкийн тогтоосон энэ дэлхийн дэг журмын хамгийн сайн тал нь дэлхийн II дайны дараа III дайн гараагүй явдал гэж хэлж болно. Цаашид ч ийм дайн гарахгүй байгаасай гэж бид бүгд хүсэж байна. Гэхдээ өнөөдөр зөвхөн Америк дангаараа биш, дэлхийн бусад улс орнууд ч идэвхтэй оролцож, ухаалаг, хариуцлагатай бодлого явуулж байж энэ энх тайвныг хадгалж чадна.


Д.Баярхүү:


-250 жил бол тэгш тоо. Дахин 250-ийг нэмбэл 500 болно. Тэгэхээр дэлхий дээр шинэ, залуу улс мөн гэж үзнэ. 60, 70-аад оны үед тусгаар тогтносон улсуудын дэргэд бол ахмад улс. Харин Их Монгол улс эсвэл БНХАУ, Энэтхэг, Эртний Грек, Ром гээд ярьвал Америк бол залуу улс. 


250 жилийн ой өнөөдөр дэлхий дээр ямар нөхцөл байдалд болж өнгөрөв. Д.Трамп бол АНУ-ын 45, 47 дахь ерөнхийлөгч. Д.Трамп бол олон улсын харилцаанд их өвөрмөц, этгээд тоглогч. Шийдвэр гаргах механизм нь тэс өөр болчихсон. Дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд байдаг хүн учраас  бүтэн жил 250 жилийн ойгоо тэмдэглэх төлөвтэй байна. Долоодугаар сарын 4 болон 7, 8-ний өдрүүдийг аваад үзвэл дэлхий дээр гурван том үйл явдал анхаарлыг төвд байна. Ираны лалын хувьсгалын лидерийг дахин оршуулах ёслол Иран даяар болж байна. Үүний дараахан АНУ-ын 250 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө. Тэгвэл яагаад долоодугаар сарын 4-нийг Иранчууд сонгосон бэ. Дайн хийж байгаа Америкийн 250 жилийн ойг унагах гэдэг юмуу Ираны өөрийн хувьсгалынхаа онолыг даяан дэлхийд дахин сайтар сурталчилах, Иран дэлхийд ганцаараа биш, биднийг дэлхийд олон улс орон дэмжиж байгааг харуулах. Үүнээс гадна гурав дахь том үйл явдал нь долоодугаар сарын 7, 8-нд Турк улсын нийслэл Анкара хотноо хуралдаж байгаа НАТО-гийн 36 дахь дээд түвшний уулзалт. НАТО-гийн 32 улс, үүний цаана Европын болоод дэлхийн олон улс орны төрийн тэргүүнүүд оролцож байна. 


Мөн 250 жилийн ойн арга хэмжээг тэмдэглээд тун удаагүй байхад АНУ, Иран хоёр харилцан цохилт хийгээд эхэллээ. Энэ мэт олон онцлох үйл явдлууд дунд АНУ-ын 250 жилийн ой болж байна. Тэгвэл яагаад 250 жилийн ойг Д.Трамп ийм өндөр түвшинд тэмдэглэв. АНУ улс төрийн хүрээнд асуудалтай байна. Тухайлбал, Ардчилсан намтай, Бүгд найрамдах намтайгаа дотоод зөрчилтэй байна. Ираны эсрэг явуулсан дайн нь эхний 60 хоногийг дуусгаад АНУ-ын Конгресс, Сенатаас хууль гаргуулж байж дайнаа үргэлжлүүлэх болчихсон. Израйль Хамастайгаа “ажлаа дуусгаж” байх шиг байна. Израйль Ливаны хооронд найрамдах цаг ойрхон байна гэдэг ч юмуу. Ийм нөхцөлд 250 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг бол АНУ-ын ард түмэнд Д.Трампын засаглал хүчтэй байгаа, улс төрийн тогтвортой байдлыг хангаж байна гэдгийг ойлгуулах, харуулах зорилгоор үзэл суртлын маш өндөр түвшинд энэ ой тэмдэглэгдэж байна.  

 

-Яагаад 250 жил гэж.  Энэ тоонд ямар учир байна?


Н.Энхбаяр: 
-250 жилийн өмнө АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал батлагдсан. Энэхүү түүхэн баримт бичгийг голлон Томас Жефферсон боловсруулж, бусад нь дэмжин баталсан гэж үздэг. Энэ бол үнэхээр түүхэн ач холбогдолтой баримт бичиг. Сая Ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ ч энэ тунхаглалын гайхамшгийг онцлон дурдсан. Үүний үнэ цэнэ юунд оршиж байна вэ гэхээр хүн төрөлхтний түүхэнд анх удаа, эсвэл ядаж л цогц байдлаар анх удаа зарим суурь зарчмыг тунхагласан явдал юм. Гэхдээ ийм агуулгаар, ийм бүрэн хэмжээгээр тунхагласан нь онцлог байсан. Учир нь тухайн үед Америкийн колониуд Английн хаант засгийн эсрэг тэмцэж байсан. Хаант засаг гэдэг бол хүн төрөхдөө хаан, төрөхдөө ханхүү болж, төрсөн цагаасаа бусдаас илүү эрх мэдэлтэй байдаг тогтолцоо. 


Харин АНУ шинэ улс болон байгуулагдахдаа энэ тогтолцоог үгүйсгэж, хамгийн түрүүнд “хүн бүр ижил тэгш эрхтэй төрнө” гэдгийг тунхагласан. Өөрөөр хэлбэл, хүн төрөхдөө бусдаас илүү эрх эдлэхгүй гэсэн санааг дэвшүүлсэн. Энэ нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд маш том ололт болсон. Хоёр дахь зарчим нь “хүн бүр эрх чөлөөтэй төрнө” гэсэн үзэл байлаа. Урьд нь олон оронд хүн бүр ижил эрхтэй байгаагүй. Харин АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд хүн бүр эрх чөлөөтэй төрнө гэсэн зарчмыг тунхагласан нь улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хөгжлийн асар том дэвшил болсон. 


Гурав дахь зарчим нь бүр сонирхолтой. Хийсвэр мэт сонсогддог ч өнөөдрийн Америкийг Америк болгосон хамгийн хүчтэй үзэл санааны нэг гэж би боддог. Тэр нь “хүн бүр аз жаргалын хойноос тэмүүлэн хөөцөлдөх эрхтэй” гэсэн ойлголт. Англиар pursuit of happiness гэж хэлдэг. Аз жаргал гэж юу вэ, аз жаргалын хойноос тэмүүлнэ гэж юу гэсэн үг вэ гэж асууж болно. Гэвч энэ санаа Тусгаар тогтнолын тунхаглалд ч, хожим Үндсэн хуульд нь ч туссан байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрийн аз жаргалыг эрэлхийлэх, түүндээ хүрэхийн төлөө хичээх эрхтэй гэж үзсэн. Энэ гурван зарчим буюу хүн бүр ижил тэгш эрхтэй төрөх, хүн бүр эрх чөлөөтэй төрөх, хүн бүр аз жаргалын хойноос тэмүүлэх эрхтэй төрөх гэсэн үзэл санаа өнөөдрийн Америкийг бий болгосон гэж би үздэг. Тийм учраас АНУ өнөөдөр Тусгаар тогтнолынхоо 250 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Мөн дэлхийн супер гүрэн болж, “Пакс Американа” буюу Америкийн тогтоосон олон улсын дэг журмыг тодорхойлогч улс болсон. Энэ нь зөвхөн Америкийн асуудал биш. Жишээлбэл, дэлхийн худалдааны төлбөр тооцооны үндсэн хэрэгслийн 85 орчим хувийг ам.доллар эзэлж байна. 


Дэлхийн эдийн засгийн ойролцоогоор 25 хувь буюу 31 их наяд ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнийг АНУ дангаараа үйлдвэрлэж байна. Харин хоёрдугаарт бичигдэж буй Хятад улс 20 их наяд ам.долларын ДНБ-тэй, өөрөөр хэлбэл Америк 11 их наяд ам.доллараар илүү байна. Цэргийн зардлын хувьд АНУ жилд нэг их наяд ам.доллар зарцуулж байна. Түүний араас бичигдэх олон улсын цэргийн зардлыг нийлүүлсэн ч энэ хэмжээнд хүрэхгүй. АНУ дэлхийн 40 гаруй оронд 600 орчим цэргийн баазтай. Далай тэнгисийн цэргийн хүчний хувьд ч дэлхийд ноёрхож байна. Эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, шинэ технологийн хөгжлөөр ч АНУ тэргүүлж байна. Дэлхийн шинэ технологийн ихэнхийг Америк бүтээж байна. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн тал орчим нь Америкийн их сургуулиуд байдаг. Энэ мэт олон үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлсээр байна. Тэгвэл яагаад ийм амжилтад хүрсэн юм бэ.  Миний бодлоор хариулт нь маш энгийн. 250 жилийн өмнө “хүн бүр ижил тэгш эрхтэй төрнө”, “хүн бүр эрх чөлөөтэй төрнө”, “хүн бүр аз жаргалын хойноос тэмүүлэх эрхтэй төрнө” гэсэн ердөө гурван суурь зарчмыг тунхагласан. Энэ гурван үзэл санаа өнөөдрийн Америкийн хөгжлийн хамгийн том суурь болсон гэж би үздэг.


-АНУ-ын Үндсэн хуулийн зарчим нь мөрөөдөлтэйгөө хэрхэн уялддаг юм бэ?


Н.Энхбаяр:
-АНУ өөрөө Европын улс төр, соёлын асар их нөлөөн дор бүрэлдэн тогтсон улс. Энэ утгаараа өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс нар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Европын удирдагчдад хандан “Бид Европын соёлоос төрөн гарсан улс гэдгээ хэзээ ч мартахгүй. Тиймээс Европ маань өөрийнхөө үнэт зүйл, соёлыг хадгалж үлдэх хэрэгтэй” гэж онцлон хэлж байсан. Үнэхээр ч АНУ Европоос тасарч бий болсон улс. Хэл нь хүртэл англи хэл. Ерөнхийлөгч Д.Трампын өвөг дээдсийн нэг тал нь Германаас, нөгөө тал нь Шотландаас гаралтай. Харин Ерөнхийлөгч Жо Байдены өвөг дээдэс Ирландаас гаралтай. Энэ мэтээр АНУ-ыг байгуулсан хүмүүсийн дийлэнх нь Европоос цагаачлан ирсэн байдаг. Тийм учраас АНУ-ын үндэс суурь нь Европын соёл, улс төрийн сэтгэлгээ дээр тогтсон гэж хэлж болно. Яагаад би үүнийг онцолж байна вэ гэхээр Францын нэрт сэтгэгч Шарль Луи де Монтескьё Үндсэн хуулийн онолын суурийг тавьсан хүн. Тэрээр Үндсэн хууль гэж юу вэ, төрийн эрх мэдэл гэж юу вэ, тэр эрх мэдлийн эх сурвалж хаана байдаг вэ, төрийн эрх мэдлийг ямар институцээр хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг онолыг боловсруулсан. АНУ энэ онолыг хамгийн амжилттай хэрэгжүүлж, Үндсэн хуулиа түүний үзэл баримтлалын дагуу боловсруулсан улс гэж би үздэг. Монтескьёгийн онолын гол санаа нь төрийн бүх эрх мэдэл нэг хүнээс, хаанаас, даргаас, дарангуйлагчаас бус, зөвхөн ард түмнээс эх сурвалжтай байх ёстой гэсэн үзэл юм. Мөн ард түмэн тэр эрх мэдлээ байнга өөртөө хадгалж байдаг гэж тэр үзсэн. АНУ энэ зарчмыг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн. Тийм учраас Америкийн хамгийн том дарга нь Трамп ч биш, Байден ч биш, харин ард түмэн өөрөө юм. Хоёр дахь том зарчим нь төрийн эрх мэдлийг нэг гарт, эсвэл нэг байгууллагад төвлөрүүлж болохгүй гэсэн үзэл. Үүнийг ч АНУ маш сайн хэрэгжүүлсэн. Шүүх засаглал нь үнэхээр хараат бус байдаг. Тэр бүү хэл муж улсын шүүгчдийг ард түмэн өөрсдөө сонгодог. Ийм учраас тухайн шүүгч Ерөнхийлөгчөөс, эсвэл өөр ямар нэгэн даргаас хараат бус байдаг бөгөөд Ерөнхийлөгчийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл шууд тогтоох эрхтэй. Парламентын тогтолцоог ч мөн адил ард түмний төлөөллийн байгууллага гэсэн утгаар нь байгуулсан. Гэхдээ парламентыг өөрийг нь хэрхэн хянах вэ гэдэг хамгийн хэцүү асуудал байдаг. Үүнийг шийдэхийн тулд парламентыг хоёр танхимтай болгож, нэг танхим нь нөгөөгөө хянадаг тогтолцоог бий болгосон. Үүнийг АНУ хамгийн амжилттай хэрэгжүүлсэн гэж боддог. Манайд зарим хүн холбооны улс бол хоёр танхимтай, нэгдмэл улс бол нэг танхимтай байдаг гэж ойлгодог. Энэ бол бүрэн зөв ойлголт биш. 


Жишээлбэл, Япон улс холбооны улс биш, нэгдмэл улс. Гэсэн ч хоёр танхимтай парламенттай. Яагаад гэвэл парламент гэдэг байгууллага хаана ч гэсэн эрх мэдэл нь хэт төвлөрөх эрсдэлтэй. Ард түмнээс сонгогдсон парламентын гишүүд өөрсдийгөө “ард түмний төлөөлөгч”, “бүхнийг мэддэг хүмүүс” гэж үзэх хандлага бий болдог. Тиймээс тэднийг бас хянах механизм шаардлагатай. Ийм учраас доод танхимаас баталсан хуулийг дээд танхим нь дахин хэлэлцэж, шаардлагатай бол буцаадаг, шүүмжилдэг, зарим тохиолдолд бүр хариуцлага тооцох хүртэл боломжтой байдаг. Жишээлбэл, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас гаргасан шийдвэрийг сенат дахин авч үзээд хүчингүй болгож болно. Тэр бүү хэл хэрэгжих боломжгүй болгож ч чадна. Үүний нэг жишээ нь ерөнхийлөгч Д.Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд болсон үйл явдал. Төлөөлөгчдийн танхим түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн импичмент зарласан. Харин сенат уг шийдвэрийг дэмжээгүй, хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, хоёр танхим нь бие биеэ ингэж хянаж ажилладаг тогтолцоотой. Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн засаглалын талаар ярьсан. 


Энэ тогтолцооны онцлог нь Ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгодог бөгөөд тэрээр Засгийн газраа өөрөө шууд тэргүүлдэг. Засгийн газрын гишүүд нь парламентын гишүүн болбол парламент дахь бүрэн эрхээсээ татгалзаж, зөвхөн Засгийн газрын гишүүний үүргээ гүйцэтгэдэг. Энэ бол Ерөнхийлөгчийн засаглалын элемент.  Харин Англи, Япон, Энэтхэг зэрэг парламентын засаглалтай орнуудад өөр тогтолцоо үйлчилдэг. Тэнд парламентын гишүүн нь ард түмнээсээ сонгогдсон байдаг учраас Засгийн газрын гишүүнээр ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, парламентын засаглалтай улсад ард түмнээс сонгогдсон парламентын гишүүн Засгийн газартаа орж ажилладаг. Манай улсын хувьд ард түмэн парламентаа сонгодог, парламентад олонх болсон нам Засгийн газраа байгуулдаг. Гэтэл Ерөнхийлөгчийг мөн ард түмэн шууд сонгодог, өөрийн мөрийн хөтөлбөртэй учраас тодорхой бодлого, зорилтоо хэрэгжүүлэхийг зорьдог. Ингээд хоёр өөр эх сурвалжаас сонгогдсон улс төрийн институт зэрэгцэн оршиж байгаа юм. 


Харин АНУ энэ асуудлыг нэг мөр шийдсэн. Ерөнхийлөгч нь Засгийн газраа өөрөө тэргүүлдэг. Англи бол өөрөөр шийдсэн. Энэтхэг ч мөн парламентын тогтолцоотой. Энэтхэгт Ерөнхийлөгчийг парламент сонгодог, харин парламентад олонхын суудал авсан намын тэргүүн, тухайлбал Ерөнхий сайд Нарендра Моди илүү гүйцэтгэх эрх мэдэлтэй ажилладаг. Тиймээс манай улс ч гэсэн энэ асуудлаа нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй. Нэг бол хоёр танхимтай парламенттай болох ёстой. Эсвэл ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газрын тэргүүн байх ёстой. Хэрэв ийм тогтолцоо нь дарангуйлал бий болгож магадгүй гэж үзэж байгаа бол Англи, Энэтхэгийн парламентын жишгээр олонхын суудал авсан нам нь Ерөнхий сайдаа томилж, Ерөнхийлөгч нь зөвхөн төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж, хямралын үед зохицуулагчийн байр сууринаас ажиллаад, өдөр тутмын гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцдоггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хуваарилах онолын дагуу аль нэг тогтолцоог тууштай сонгон хэрэгжүүлэх шаардлагатай. Америкууд манайх шиг олон тогтолцоог хооронд нь хольж хутгаагүй. Маш тодорхой тогтолцоог сонгож, түүнийгээ Үндсэн хуулиараа зохицуулж чадсан. Энэ ажлыг боловсруулахад Жэймс Мэдисон гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. АНУ-ын Үндсэн хууль маш сайн боловсруулагдсан учраас 250 жилийн турш тогтвортой хэрэгжиж, өнөөдрийн дэлхийн тэргүүлэх гүрнийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн. 


АНУ бол ердөө хоёр зуун тавин жилийн түүхтэй залуу улс. Гэхдээ Үндсэн хуулийнхаа хувьд дэлхийн хамгийн эртний, өнөө хэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуультай улс юм. Америкийн мөрөөдөл гэдэг ойлголтыг та асуусан.  1931 онд Жеймс Траслоу Адамс анх өөрийн бүтээлдээ хэрэглэж, олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн байдаг. Энэ ойлголт нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд туссан “хүн бүр аз жаргалын хойноос тэмүүлэн хөөцөлдөх эрхтэй” гэсэн суурь үзлээс урган гарсан гэж хэлж болно. Өнөөдөр Америкийн мөрөөдөл гэх энэ үзэл санаа АНУ-ыг өнөөгийн хэмжээнд хүрэхэд маш чухал нөлөө үзүүлсэн. Учир нь хүн бүр өөрийгөө “би ижил тэгш эрхтэй төрсөн, тиймээс Ерөнхийлөгч ч болж болно, баян чинээлэг хүн ч болж болно, шинжлэх ухаанд ч амжилт гаргаж болно” гэж боддог. Энэ итгэл үнэмшил нь Америкийн мөрөөдлийн гол утга учир юм. Үүний нэг тод жишээ бол Илон Маск. Тэр Өмнөд Африкт төрсөн. Хэрэв Өмнөд Африкт үлдсэн байсан бол өнөөдрийнх шиг дэлхийн хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг болж чадах байсан эсэх нь эргэлзээтэй. Харин Америкт очсоноор өөрийн авьяас чадвараа бүрэн хөгжүүлэх боломж, нөхцөл бүрдсэн. Тэнд хүн бүрт аз жаргалынхаа төлөө тэмүүлэх, мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгодог тогтолцоо бий. Тэр бүү хэл хүн төрөлхтний түүхэнд анх удаа их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн бий болох тухай хүртэл өнөөдөр яригдаж байна. Энэ бүхэн Америкийн тогтолцоо хувь хүний боломжийг хэрхэн нээж өгдгийн нэг илрэл юм. Манай Ерөнхий сайд Н.Учралын ярьдаг “чөлөөлье” гэсэн үзэл санаа ч тодорхой хэмжээнд үүнтэй ижил агуулгатай гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүнийг хязгаарлах биш, харин боломжийг нь нээж өгч, өөрийн аз жаргалын төлөө тэмүүлж, хөдөлмөрлөж, амжилтад хүрэх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал гэсэн санаа юм.

 

Д.Баярхүү: 
-АНУ 250 жилийн өмнө төрөхдөө тусгаар тогтнолынхоо төлөө улс төрийн хувьсгалыг Британийн эзэнт гүрнээс салж гараад, байлдаж байгаад Францтай   холбоотон болж Британийн эзэнт гүрнийг гарган АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглаж байжээ. Томас Жефферсон бол Америкийн ардчилсан үзэл санааны эцэг, АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч. АНУ бол дөнгөж тусгаар тогтнолоо олж аваад 1820-оод онд Монрогийн номлолоор анх Пакс Американаг хийх гэж  оролдсон. Латин америкийг Испани, Португалийн колоничлолоос бүрэн чөлөөлж аваад, Америк тивийг өмнөд, умард гээд хоёр америктай нь хамт эрх чөлөө, ардчиллын өлгий нутаг болгосон. Дэлхийн I дайнд төвийг сахиж байгаад төгсгөлд нь АНУ дайнд оролцож европыг чөлөөлөхөд Герман, Австри, Унгарын эзэнт гүрнийг бут цохиход оролцсон. Дэлхийн II дайнд дахин төвийг сахиж байгаад "Перл Харбор"-т цохилт амсаад дайнд оролцсон. Япон Хавай руу дайраагүй бол Америк дайнд орохгүй байсан. 


АНУ-ын Пакс Американа онолыг цааш нь хөгжүүлсэн гурван эрдэмтэн байдаг. 1999 онд Ханс Биннендик гэх эрдэмтэн дэлхийг дөрвөн янзын улс оронд хуваасан ангиллыг гаргасан. Нэгд, Америк тэргүүтэй өрнөдийн ардчилсан улс орнууд бүгд багтсан. Хоёрт, шилжилтийн улс орнууд. Гуравт, харгис дэгмэлийн улс орнууд. Дөрөвт, дампуурсан улс орнууд. Ингээд XXI зуунд 44 дарангуйлагчийг дараалан унагана. Дараа нь XXI зууны мөргөлдөөн хаашаа явахыг 2007 онд Роберт Кейган гэх Америкийн онолч эрдэмтэн гаргаж ирсэн. Тэр нь XXI зууны мөргөлдөөн бол улс төрийн дэглэмүүдийн хооронд хүйтэн дайн шиг үргэлжлэн явагдана. Үүнийгээ хоёр хэсэгт хуваасан байгаа юм. Нэгд, өрнөдийн либерал  ардчилал. Энэ хэсэгт Орос, Хятад, Иран, Хойд Солонгос, Венесуэл, Куба гээд нэрлэчихсэн байгаа юм. Одоо яг л тэр дайн явагдаад байна.  


-Таны бодлоор Илон Маск дэлхийн анхны их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн болох боломж өөр ямар нэг улсад бий болох байсан болов уу?
 

 Н.Энхбаяр:
-Өөр улсад ийм боломж гарахгүй. Ерөөсөө өнөөгийн амьдрал дээр ийм зүйл өөр оронд бий болох нь маш хэцүү. Монголд ч ийм боломж гарахгүй. Яагаад гэвэл бид хэтэрхий их зөвшөөрөл шаарддаг тогтолцоотой улс. Хэтэрхий намчирхсан улс төртэй. Сонгуулийн тогтолцоо маань өөрөө хангалттай шударга болж чадаагүй. Төрийн эрх мэдлийн хуваарилалт, засаглалын ойлгомжгүй байдлаа бүрэн шийдэж чадаагүй байна. Үндсэн хуулийн тогтолцоонд маань ч тодорхой учир дутагдал бий. Гэтэл бид энэ асуудлынхаа гол шалтгааныг бүрэн ойлгохгүйгээр ганц нэг хүнийг буруутгадаг. “Энэ хоёр хүн л муу байна, энэ хүмүүсийг шоронд хийчихвэл бүх зүйл сайхан болно” гэж боддог. Зарим улстөрчид ч үүнийг зориуд ашиглаж, ард түмнийг төөрөгдүүлдэг. Харин ард түмэн нь ч “Үнэхээр тийм юм болов уу” гэж итгэх үе байдаг. Ингээд нэг, хоёр хүнийг нэрлэж, сайн муугаар нь дуудаж байгаад тэднийг сольчихвол, эсвэл шийтгэчихвэл бүх зүйл сайхан болно гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр бодоод үзэхэд парламентын гишүүд хэдэн зуугаараа солигдсон. Аймаг, орон нутгийн удирдлагууд, Засаг дарга нар, хурлын төлөөлөгчид ч олон мянгаараа өөрчлөгдсөн. Гэтэл нөхцөл байдал үндсэндээ дээрдэхгүй байна. Тэгэхээр асуудал нь зөвхөн сайн хүн, муу хүний асуудал биш. Гол нь тогтолцоондоо байна. Хариуцлагын тогтолцоо бий юу, эрх мэдлийг хянах механизм байна уу гэдэг нь хамгийн чухал. Сайн тогтолцоотой улсад бүр муу хүн, бүр хулгай хийх санаатай хүн сонгогдсон ч хулгай хийж чадахгүй байх ёстой. 


Учир нь тогтолцоо нь өөрөө түүнийг хязгаарладаг байх хэрэгтэй. Харин манай өнөөгийн тогтолцоо учир дутагдалтай учраас үнэхээр сайхан сэтгэлтэй, шударга хүн сонгогдоод очсон ч тухайн орчин нь өөрөө түүнийг эвдэх эрсдэлтэй. Тэр хүн сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө босгоно. Сонгогчдод тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай болно. Дээр нь зөвшөөрлийн эдийн засагтай учраас ямар нэгэн зөвшөөрөл авахын төлөө хөөцөлдөх шаардлага гарна. Ингээд хүнийг өөрийг нь биш, харин тогтолцоо нь өөрчилж эхэлдэг. Би жаахан хэтрүүлж хэлбэл, өнөөдөр манайд маш сайхан сэтгэлтэй, шударга хүн ч очоод муу тогтолцоонд орвол хүссэн хүсээгүй буруу үйлдэл хийх нөхцөлд орох эрсдэлтэй байна. Тийм учраас АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед бидний авах ёстой хамгийн том сургамж бол тогтолцоогоо засах явдал юм. Бид зөвхөн нэг хүнтэй тэмцээд, нэг хүнийг солиод улс орон сайжрахгүй. Мэдээж хувь хүний алдаа байдаг. Миний алдаа ч байж болно, хэн нэгний алдаа ч байж болно. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь хүн алдаа гаргах боломжийг нь хязгаарладаг, эрх мэдлийг хянадаг, хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. Үүнийг л бид хийх хэрэгтэй.


-Америк мөрөөдлийг би болгоход хамгийн чухал зүйл нь юу байна вэ? 


Н.Энхбаяр:
-Одоо бид бүгдээрээ нэг зүйлийг маш сайн ойлгож, тогтоох ёстой. Тэр бол “Америкийн мөрөөдөл” гэдэг ойлголт. Энэ бол зүгээр нэг үг биш, бүхэл бүтэн үзэл санаа юм. Хятадууд ч үүнээс суралцаж байна. 100 жилийн дараах Хятад улсын хөгжлийн зорилго, нам төр, нийгэм, хувь хүний харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлыг шийдэхийн тулд Ши Жиньпин “Хятадын мөрөөдөл” гэсэн үзэл санааг дэвшүүлсэн байдаг. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн өөрийн гэсэн хөгжлийн үзэл санаатай болох ёстой. Үүний тулд Үндсэн хуулийнхаа тогтолцоог сайжруулж, Монгол хүн өөрийн авьяас чадвараа нээж хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлсэн тогтолцоотой болох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд олон асуудал байна. Хэтэрхий олон зөвшөөрөл шаарддаг тогтолцоо байна. Шүүхийн тогтолцоо зарим үед хүнийг шударга бусаар хэлмэгдүүлэх эрсдэлтэй байна. Сонгуулийн тогтолцоо бүрэн шударга болж чадаагүй. Хэвлэл мэдээллийн орчинд ч асуудал байна. 


Улс төрд мөнгөтэй хүмүүс илүү давуу байдалтай орж ирдэг, баячууд мөнгөөр өрсөлдөж эрх мэдэлд хүрдэг гэх мэт олон дутагдал бий. Эдгээрийг бид бүгд мэдэж байгаа. Ард түмэн ч мэдэж байгаа. Тиймээс мэдээгүй мэт дүр эсгэж, байхгүй юм шиг бие биеэ хуурах шаардлагагүй. Хамгийн гол нь нийгэмд ямар нэгэн ойлголцол, зөвшилцөл бий болох ёстой. Тэр нь хэн нэгнийг муулах, нэг хүнийг буруутгах биш, харин тогтолцоогоо засах тухай байх хэрэгтэй. Жишээлбэл, би хувь хүнийхээ хувьд Ц.Элбэгдоржийг муу хүн гэж бодож болно. Гэхдээ Элбэгдорж байсан, байгаагүй, хэрэв тогтолцоо нь зөв байсан бол нэг хүн гарч ирээд бүх зүйлийг өөрчлөх боломжгүй байх ёстой. Харин манай тогтолцоо сул байсан учраас тухайн үед шүүх засаглалд нөлөөлөх, “шударга бусын хонгил” гэж нэрлэгдсэн тогтолцоо бий болох боломж гарсан гэж ярьдаг. Тиймээс бид зөвхөн нэг хүнийг буруутгах бус, яагаад ийм боломж олгосон тогтолцоо бий болсон бэ гэдгийг харах хэрэгтэй. Би хэн нэгнийг өмгөөлөх гэсэнгүй. Би хэн нэгэн хүнийг өмөөрөхгүй. Би ард түмнээ өмөөрнө. Учир нь өнөөдөр Монголын ард түмний дунд маш олон “Илон Маск” бий. Харамсалтай нь тогтолцоо нь зөв биш учраас тэдний авьяас чадвар бүрэн нээгдэх боломжгүй байна. Өнөөдөр олон монголчууд гадагшаа явахыг хүсэж байна. Арван хүний найм нь л “Солонгос явъя, Америк явъя, Европ руу явъя” гэж бодож байна. Хүмүүс виз гаргаж өгөхийг хүсэж, өөр оронд боломж хайж байна. Бид хамгийн түрүүнд тогтолцоондоо анхаарах ёстой. 


Мөн “Аз жаргалын хойноос тэмүүлэх эрхтэй” гэсэн ойлголтыг зөв ойлгох хэрэгтэй. Томас Жефферсон энэ санааг дэвшүүлэхдээ аз жаргал гэдэг ойлголтыг өнөөдрийн хэрэглээний нийгмийн ойлголттой адилхан авч үзээгүй. Өнөөдөр зарим хүн аз жаргалыг зөвхөн хэрэглээтэй холбодог болсон. Дэлгүүр хэсэх, юм худалдаж авах, илүү их зүйл эзэмшихийг аз жаргал гэж ойлгох хандлага бий болсон. Үүнийг “консюмеризм” буюу хэрэглээний үзэл гэж нэрлэдэг. Америкийн масс соёлын нэг сул тал нь энэ юм. Америк ч гэсэн бүх зүйлээрээ төгс улс биш. Давуу талынхаа хажуугаар дутагдалтай талууд бас бий. Гэхдээ Жефферсон аз жаргал гэдэг үгийг хэрэглэхдээ өөр утгаар ойлгож байсан. Тэр аз жаргалыг сайн чанар, англиар virtue буюу ёс суртахуунтай холбон ойлгож байсан. Өөрөөр хэлбэл, “аз жаргалын хойноос тэмүүлэх” гэдэг нь зөвхөн эд зүйлтэй болох тухай биш, харин сайн хүн болох, өөрийгөө хөгжүүлэх, үнэ цэнтэй амьдралыг бүтээх тухай ойлголт юм.


Өөрөөр хэлбэл, Жефферсон аз жаргал гэдэг ойлголтыг сайн чанар дээр суурилсан зүйл гэж үзэж, энэ хоёр ойлголтыг холбож байсан. Гэтэл нийгмийн хөгжлийн явцад заримдаа энэ холбоос нь хэвээрээ хадгалагдаж байгаа ч, зарим үед гажуудсан ойлголт бий болсон. Өөрөөр хэлбэл, аз жаргалд хүрэхийн тулд ямар ч аргаар хамаагүй хүрч болно гэсэн буруу ойлголт зарим хүмүүст бий болсон. Мөн аз жаргалыг зөвхөн идэж уух, материаллаг баялагтай болох, үнэтэй машин унах, өндөр үнэтэй зүйл худалдаж авах, том ордон харшид амьдрахтай холбож ойлгох болсон. Ингэснээр сайн чанар, ёс суртахуун дээр суурилсан жинхэнэ сэтгэлийн аз жаргалыг бус, зөвхөн бие махбодын, материаллаг хэрэгцээний араас хөөцөлддөг нийгэм болж байна гэсэн шүүмжлэл гардаг. Тиймээс бид энэ асуудлыг бас ойлгож, анхаарах хэрэгтэй. Америкийн соёл, урлагийн тухай ярихад энэ өөрийгөө шүүмжилдэг тал нь бас харагддаг. Бид залуу байхдаа, 40 мянгатын үеийнхэн гэх юм уу, тухайн үед Америкийн рок хамтлагуудын хөгжмийг их сонсдог байсан. Тэр хөгжмүүдэд тухайн нийгмийн асуудлыг, хэрэглээний хэт шунал, материаллаг амьдралын хэт давамгайллыг шүүмжилсэн олон дуу байдаг. Жишээлбэл, Pink Floyd-ын “Another Brick in the Wall” дууг авч үзье. Тэр дуугаар дамжуулж боловсролын тогтолцоо хүний авьяас чадварыг хөгжүүлэхийн оронд хүмүүсийг үйлдвэрт үйлдвэрлэсэн гутал шиг нэг хэвийн болгож, дараалалд оруулж байна гэж шүүмжилсэн байдаг. Тэнд гардаг “хана хэрэм” гэсэн санаа нь хүний эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээг хязгаарлаж байгаа нийгмийн тогтолцоог илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, америкууд өөрсдийнхөө дутагдлыг мэддэг, түүнийгээ дотроосоо шүүмжилдэг нийгэм юм. 


Мөн Элвис Пресли-г авч үзэж болно. Түүний “In the Ghetto” гэдэг дуу нийгмийн ялгааг хөндсөн бүтээл. Тэр дуунд ядуу хороолол буюу геттод төрсөн хар арьст хүүхдийн амьдралыг өгүүлдэг. Тэр хүүхэд төрсөн цагаасаа эхлээд боломж хомс, ирээдүй нь хаалттай мэт орчинд өсөж, улмаар гэмт хэрэг, хүчирхийллийн зам руу орж болох нийгмийн нөхцөлийг шүүмжилсэн байдаг. Энэ бол зөвхөн нэг хүний асуудал биш, харин нийгмийн тогтолцооны асуудлыг хөндөж байгаа хэрэг. Мөн Мартин Лютер Кинг бол Америкийн түүхэн дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцсэн агуу хүн. Тэрээр буудуулж амь насаа алдсан. Түүний мөрөөдөл бол хүмүүс хоорондоо үзэн ядалцдаггүй, хоорондоо тэмцэлддэггүй, хүн бүр эрх тэгш, аз жаргалтай амьдрах боломжтой нийгэм байгуулах явдал байсан. Тэр “Та нар намайг гэнэн хүн гэж бодож магадгүй. Гэхдээ би ганцаараа гэнэн биш, бид бүгдээрээ ийм мөрөөдөлтэй байж чадна” гэсэн санааг илэрхийлж байсан. Энэ үзэл санааг илэрхийлсэн Imagine дуу дэлхийн рок, поп хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон. Тиймээс Америкийн нийгмийн онцлог нь зөвхөн амжилтаа харуулах биш, өөрийнхөө алдаа дутагдлыг бас ил тод шүүмжилж, засахыг хичээдэгт оршдог гэж хэлж болно. 250 жилийн Америкийн түүхийн суурь нь “Хүн бүр ижил тэгш эрхтэй төрнө”, “Хүн бүр эрх чөлөөтэй төрнө”, “Хүн бүр аз жаргалын хойноос тэмүүлэн хөөцөлдөх эрхтэй” гэсэн гурван тулгуур зарчим дээр тогтсон гэж хэлж болно. Энэ гурван зарчмын дотор нэг маш чухал, нуугдмал шинж чанар бий. Тэр нь аз жаргалын хойноос тэмүүлнэ гэдэг өөрөө эр зориг шаарддаг зүйл юм. 


Учир нь амьдрал өөрөө амар биш. Зөвхөн төр засгийн зүгээс учрах саад бэрхшээл биш, хүний өөрийн амьдралд маш олон сорилт тулгардаг. Өвдөж болно, биеийн байдал муудаж болно, хайртай хүн нь урваж болно, найз нөхөд нь итгэл алдруулж болно, амьдралын олон хүнд үеийг хүн туулдаг. Тиймээс хүн өөрийнхөө мөрөөдөл, аз жаргалын төлөө тэмүүлэхийн тулд заавал эр зоригтой байх хэрэгтэй. Ерөөсөө АНУ-ын онцлог нь хүн эр зоригтой байж, өөрийн боломжоо ашиглах нөхцөл бүрдсэн нийгэм юм гэж би боддог. Харин манайд харамсалтай нь хүний эр зоригтой байх боломж зарим талаар хумигддаг. Хятадад ч, Орост ч тодорхой хэмжээнд ийм асуудал бий гэж би хардаг. Мэдээж би хөрш орнууддаа хүндэтгэлтэй ханддаг. Оросыг ч, Хятадыг ч хүндэлдэг. Гэхдээ аль ч нийгэмд хятад хүн ч бай, монгол хүн ч бай, орос хүн ч бай хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, зоригтой алхам хийх, өөрийн боломжоо ашиглах эрх чөлөөтэй байж чадахгүй бол тухайн нийгэм бүрэн хөгжихөд хэцүү. Тиймээс миний хүсэж байгаа зүйл бол Монгол Улс хүмүүс нь эр зоригтой байж чаддаг нийгэм болоосой гэсэн санаа. Үүний тулд бид хамгийн түрүүнд тогтолцоогоо засах ёстой.

 

Д.Баярхүү: 
-Хятадын нийгмийн байгууллыг аваад үзвэл Коммунист намын удирдлагын дор эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй капитализмыг  байгуулж байгаа улс. Хятадын реформын онцлог бол 800 сая хүнийг ядуурлаас гаргаад даяан дэлхийд ядуурлыг арилгасан гайхамшигт жишиг болж тогтсон. Үүний мөн чанар нь бол зах зээлийн эдийн засгийн харилцаанд бүрэн шилжиж чадсанд байгаа. Тэгэхээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжинэ гэдэг нь Америкийн эдийн засгийн ардчилал, бүтээн байгуулах эрх чөлөөнөөс хуулбарлаж чадсан гэсэн үг. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн уралдаанд Америк хэзээ ч ялагдахгүй. 2049 онд Хятад мөрөөдөл 100 жилийнхээ ойгоор мөрөөдөлдөө хүрнэ гэдэг Ши Жиньпинийн онол байгаа ч гэсэн 2049 он хүртэл АНУ хөгжихгүй хүлээгээд сууж байна гэж байхгүй. 1946 оноос Хүйтэн дайн эхэлж 1991 онд ЗХУ тарж, дэлхийн социалист лагер таран бутарснаар дууссан гэж ярьдаг. Хүйтэн дайнд АНУ дэлхийн социалист системийг нураах гэж ямар их хүчин чармайлт гаргаж чадаж байсан бэ гэдгийг Америкийн хөгжлийн ид шид, эдийн засгийн ундаршгүй баялаг, санхүү мөнгөний асар том бодлого, цэргийн зардал, оддын дайны программ харуулж байгаа юм. 


-Та АНУ-ын ямар ямар төрийн тэргүүн нартай уулзаж байв.  Та талаар товчхон ярихгүй юу?


Н.Энхбаяр:
-Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь, заримтай нь албан тушаалаасаа буусных нь дараа уулзаж байсан хүмүүс бий. Тухайлбал, Жорж Буш гуайтай уулзаж байсан. ЗХУ-тай хийсэн хүйтэн дайныг Рональд Рейган эхлүүлж, Буш Ерөнхийлөгч үргэлжлүүлэн дуусгасан гэж ярьдаг. Буш бол маш даруухан, энгийн, сайхан хүн байсан. Ерөнхий сайдыг маш их хүндэтгэж хүлээж авч байсан, Монгол Улсыг дэмждэг хүн байсан. Тэр үед яагаад АНУ Монголыг дэмжих ёстой вэ гэдэг бодлогын үндэс нь бас байсан. Бушийн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилж байсан. Тухайн үед Ирак улс Кувейт рүү халдан довтолсон. Үүний дараа Буш Ерөнхийлөгч Кувейтийг чөлөөлөх санаачилга гаргаж, Иракийн эсрэг олон улсын эвслийг байгуулсан. Тэр үед Жеймс Бейкер Монголд айлчилж байсан бөгөөд Монголын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Гомбосүрэн, Төрийн тэргүүн П.Очирбат нар энэ асуудал дээр байр сууриа илэрхийлж, Кувейтийг дэмжиж байсан. Тэд “Энэ бол АНУ-ын хувьд зөв алхам байна, харин Иракийн хувьд, Саддам Хусейны хувьд маш буруу алхам боллоо” гэсэн байр суурь илэрхийлж байсан. Тэр үеэр Жеймс Бейкер Монгол Улсад нэг чухал санаа хэлсэн. Тэр нь “гуравдагч хөршийн бодлого”-оо хөгжүүлээрэй гэсэн зөвлөгөө байсан. Мэдээж газарзүйн хувьд Монгол Улс хоёр хөрштэй. Тиймээс хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байх нь зайлшгүй. Монголын төрийн тэргүүн болсон хүн бүхэн Орос, Хятад гэсэн хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байхын төлөө ажилладаг. 


Жишээлбэл, Солонгос улс бол Монголын олон мянган иргэд ажиллаж, амьдарч, хамтран ажилладаг чухал түнш орон болсон. Энэ гуравдагч хөршийн бодлогыг бий болгоход Бушийн засаг захиргаа идэвхтэй оролцсон гэж би боддог. Тэр утгаараа Монголыг сайн мэддэг, Монголд эерэг ханддаг байсан. Мөн Жорж В. Буш Ерөнхийлөгчтэй би уулзаж байсан. Тэр үед Монгол Улсад Мянганы сорилтын корпорацын 280 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг авах асуудал дээр ажиллаж байсан. Дараа нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед хоёр дахь багц хөтөлбөрийг авч, 300 гаруй, 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар олон төсөл хэрэгжсэн. Үүний нэг нь Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл юм. Буш ерөнхийлөгчийн хувьд нэг онцлог нь маш энгийн, найз нөхөрлөлийг эрхэмлэдэг, үнэнч хүн байсан. Тэр хүн маш хатуу дэглэмтэй амьдардаг байсан. Орой 10.00 цаг гэхэд унтаж, өглөө 05.00, 06.00 цагийн үед босдог байсан гэж ярьдаг. Сэтгэл зүйн хувьд маш тайван, тогтвортой хүн юм шиг надад санагдсан. Найз нөхөддөө үнэнч, хэлсэн үгэндээ хүрдэг хүн байсан. Мөн Билл Клинтон Ерөнхийлөгчтэй би уулзаж байсан. Тухайн үед Хойд Солонгосын асуудал, хоёр Солонгосын харилцааг зохицуулах асуудлаар ярилцаж байсан. Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд Клинтон Ерөнхийлөгчийн оролцоо, туршлага чухал гэж үзэж байсан. 
Тиймээс Клинтон Ерөнхийлөгч Монголд айлчилж, хоёр Солонгосын хоорондын харилцаанд тодорхой хэмжээгээр зуучлахад Монгол Улс хамтран оролцож болох талаар санал бодлоо солилцож байсан. Мөн Жимми Картер Ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Картер Ерөнхийлөгч саяхан 100 нас хүрснийхээ дараа нас барсан. Тэр Монгол Улсад ирж, Монголын ноолуурын салбар, Монголын сайхан зүйлсийг дэмжих талаар ярьж байсан. Картер Ерөнхийлөгч бол төрийн албаа өгснийхөө дараа бүр илүү дэлхийд танигдсан хүн болсон. Тэрээр энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрээрээ Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Мөн дэлхийн олон оронд хүмүүсийг орон сууцтай болгох чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө их ажил хийсэн хүн. Тиймээс би Картер Ерөнхийлөгч, Буш Ерөнхийлөгч, Клинтон Ерөнхийлөгч зэрэг Америкийн томоохон удирдагчидтай уулзаж байсан. 


Тэдэнтэй уулзахдаа хамгийн гол зорилго маань Монгол Улсаа ойлгуулах, Монголын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг авах явдал байсан. Ер нь Монголын бүх Ерөнхийлөгч ийм бодлогоор ажиллаж ирсэн. Өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мөн адил Монголынхоо эрх ашгийг хамгаалж, хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байх, гуравдагч хөршийн харилцаагаа хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тиймээс өнөөгийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн бүх байгууллагууд энэ чиглэлд амжилттай ажиллаасай гэж хүсэж байна.  Бид өөрсдөө бас өөрчлөгдөх хэрэгтэй. Бид зөвхөн бусдаас дэмжлэг хүсэх биш, өөрсдөө тэдэнтэй адилхан ойлголцох, хэл, соёл, үнэт зүйлсийн хувьд ойртох хэрэгтэй. Өнөөдөр монголын залуучууд англи хэлээр ярьдаг болж байгаа нь сайн үзүүлэлт. Гэхдээ монгол хэлээ заавал сайн мэдэх хэрэгтэй. Мөн хоёр хөршийнхөө хэлийг мэдэх хэрэгтэй. Үүний дээр англи хэлтэй байх ёстой. Миний бодлоор монголын хүүхэд, залуучууд монгол хэлнийхээ хажуугаар орос хэл, хятад хэл, англи хэл зэрэг олон хэл эзэмшиж чадвал Монгол Улсын хөгжилд маш том давуу тал болно. Ингэснээр монгол хүн илүү их боломжтой, илүү эр зоригтой болж, өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Бидний зорилго бол хүн бүр аз жаргалынхаа төлөө тэмүүлэх боломжтой, эрх чөлөөтэй, ижил тэгш эрхтэй нийгмийг бий болгох явдал байх ёстой. 

 

-АНУ ирэх 250 жилийнхээ түүхийг яаж бичнэ гэж төсөөлж байна вэ? 


Д.Баярхүү: 
-АНУ 250 жил оршин тогтнохдоо 47 ерөнхийлөгчийг сольсон байна гэдэг бол их бага тоо. Энэ бол АНУ-ын нийгэм, улс төрийн амьдрал тогтвортой байсан гэдгийн илрэл юм. Америкийн ерөнхийлөгчийн бодлого, улс төрийн систем бол залгамж чанараа маш сайн хадгалсан Засгийн газар байдаг. Тэгэхээр Америк цаашид улам л дардан замаар хөгжих болно. Яагаад гэвэл бүх өгөгдөл нь Америкт байгаа. Үүнийг нь хуулиар баталгаажуулчихсан. Энэ хүчирхэг ардчилсан нийгэм, эдийн засгийн эрх чөлөө, бүтээн байгуулах эрх чөлөөг нь хуульчлаад өгчихсөн нийгэм бол дараагийн 250 жилд өөрийнхөө манлайллыг алдахгүй явна гэж бодож байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 130, 131 (7872, 7873)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Тусгаар тогтнолын тунхаглал, Үндсэн хуулийн үзэл санаа, мөрөөдөл нь өнөөдрийн хүчирхэг Америкийг бүтээсэн”

“Тусгаар тогтнолын тунхаглал, Үндсэн хуулийн үзэл санаа, мөрөөдөл нь өнөөдрийн хүчирхэг Америкийг бүтээсэн”

1 цаг 20 мин
Freedom-250: Америкийн код

Freedom-250: Америкийн код

1 цаг 35 мин
Төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ

Төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ

1 цаг 40 мин
Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Өчигдөр 06 цаг 15 мин
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Өчигдөр 06 цаг 10 мин
Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Өчигдөр 06 цаг 05 мин
Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

Уржигдар 22 цаг 01 мин
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Уржигдар 08 цаг 15 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

Уржигдар 07 цаг 48 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Уржигдар 07 цаг 46 мин