Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

2026-07-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.Нямсүрэн

Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүд манай улсад айлчлан ирж, дэлхийд ганц монгол наадмын бахдам сайхныг үзэж баярладаг уламжлалтай болоод буй. Энэ жилийн наадмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. 
Төрийн ордны өмнөх хүндэт харуул, төв цэнгэлдэх хүрээлэн дэх баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдаан, хүлэг морьдын уралдаан, уухайн дуу хадаасан эрийн гурван наадмыг энэ жил БНСУ-ын төрийн тэргүүн монголчуудтай хамт үзэж сонирхох нь. Айлчлал маргаашаас албан ёсоор эхэлнэ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад ирж буй 15 жилийн дараах төрийн айлчлал учир онцгой ач холбогдолтой бөгөөд хоёр улсын стратегийн түншлэлийн дараагийн хуудсыг нээх түүхэн уулзалт болох болов уу гэдгийг дипломат хүрээнийхэн үнэлж байна.
Тиймээс уншигчдадаа энэ удаагийн наадмын хүндэт зочин И Жэ Мён гэж хэн болохыг товчхон танилцуулахыг зорилоо. 

 

Боловсролд итгэж хувь тавилангаа өөрчилсөн нь

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён 1963 онд Хойд Гёнсан мужийн Андун хотод төрсөн. Гэр бүлийн амьжиргаа нь тийм ч сайнгүй байсан учир амьдралын эрхээр бага сургуулиа төгсөөд үйлдвэрт ажиллаж эхэлснээр бага наснаасаа хар бор ажлаас халшрахгүй нэгэн болж өсжээ. Тэр дундаа өдөржин хүнд үйлдвэрийн дуу чимээнд хөдөлмөрдөж, орой нь ээждээ зах дээр тусалсан ч шөнө нь номын хуудас эргүүлэн олон шөнө нойргүй хоносон тухайгаа хожим дурссан байдаг. Тэрээр “Хувь тавилан байдагт итгэдэг. Тэр дундаа биднйи хэцүү амьдралыг боловсрол өөрчилнө гэдэгт би дэндүү их итгэдэг байсан” хэмээн дуртгалын номдоо бичсэн байдаг. Хүнд ажлын хажуугаар хичээл номоо орхилгүй үргэлж ном уншиж, боловсролд итгэж шамдан сурч байсан ч золгүй байдлаар үйлдвэрийн осолд орж, зүүн гараа хүнд машинд даруулан насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Энэ хүнд сорилт түүнийг улам хат суулгаж, амьдралын хүнд хэцүүтэй тэмцэх хүч өгсөн ч тэр үүнийг амьдралынхаа үнэ цэнээр олж авсан гэж хэлж болно. Учир нь түүний амьдралд эм ууж амиа хорлох оролдлого хийж байсан гашуун түүх хүртэл бий гэнэ. Харин идэр залуу хөвгүүний эрс шийдвэрийг гадарласан эмийн санч нойрны эмний оронд ходоодны эм өгснөөр ирээдүйн ерөнхийлөгчийн амьдралд эргэлтийн цэг болжээ. Тэр болгон хүмүүс ам нээгээд байдаггүй энэ түүхийнхээ талаар дурсахдаа "Амьд үлдсэн болохоор амьдралаа үнэ цэнтэй өнгөрүүлэхээр шийдсэн" хэмээн дурссан байдаг.
Үүнээс хойш сургуульдаа бие даан суралцаж, дунд болон ахлах сургуулийн дүйцүүлэх шалгалтыг амжилттай өгсөн байна. Удалгүй Чүнангийн их сургуулийн Хуулийн ангид тэнцэж, хуульч, тэр дундаа хүний эрхийн өмгөөлөгч болох замыг сонгожээ.

 

Хүний эрхийн өмгөөлөгчөөс улс төрд

 

И Жэ Мён Соннам хотод өмгөөлөгчөөр ажиллахдаа хөдөлмөрчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн эмзэг бүлгийн эрхийг хамгаалах олон хэрэгт оролцож олонд танигджээ. Харин улс төрд ороход нь Ерөнхийлөгч асан Но Мү Хён чухал нөлөө үзүүлснийг дурссан байна. 
“Но Мү Хёны улс төрийн шинэчлэлийн ачаар жирийн иргэд ч их мөнгөгүйгээр улс төрд өрсөлдөх боломжтой болсон” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ удс төрийн замнал нь тийм дардан байсангүй. 2006 онд Соннам хотын даргын сонгуульд анх удаа нэр дэвшиж ялагдаж, 2008 онд Үндэсний Ассамблейн сонгуульд мөн өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй аж. Ингээд орон нутагтаа ажиллаж, иргэдтэйгээ ойр байсаар 2010 онд Соннам хотын даргаар сонгогдсон нь түүний улс төрийн замналын эхний том амжилт болсон юм. 
Хотын дарга байх хугацаандаа Соннам хотын 664.2 тэрбум воны өрийг бүрэн барагдуулж, мөрийн хөтөлбөрийнхөө 95 гаруй хувийг хэрэгжүүлсэн, Соннам хотын эмнэлгийг байгуулж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг эрс сайжруулсан зэргээр чадварлаг удирдагч гэдгээ харуулжээ. 
Үүний дараа 2018 онд Кёнги мужийн захирагчаар сонгогдож, гамшгийн үеийн дэмжлэг, орон нутгийн засаглалын шинэчлэл зэрэг бодлогоороо үндэсний хэмжээнд танигдаж чаджээ. 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр өрсөлдөгч Юн Сог Ёльд ердөө 0.73 хувийн саналын зөрүүгээр ялагдсан нь БНСУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн ойрын өрсөлдөөнүүдийн нэг болсон. 
Үүний дараа тэрээр шүүхийн маргаан, улс төрийн хүчтэй өрсөлдөөн, 2024 онд болсон амь насанд нь халдах оролдлого зэрэг олон сорилттой тулгарсан байна. Харин Юн Сог Ёл ерөнхийлөгчийн дуулианы дараа ээлжит бус сонгуульд ялалт байгуулснаар БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогджээ.


Японд алдаршсан ном Монголд ч худалдаалагдаж байна

 

Нийтлэлийн үеэр И Жэ Мён ерөнхийлөгчийн номыг хэд хэдэн удаа дурдсан нь ч учиртай. Японы Ерөнхий сайд асан Ишиба Шигэрү нэгэн дээд хэмжээний уулзалтын үеэр түүнийг номон дээрээ гарын үсэг зурахыг хүссэн нь Японы хэвлэлүүдийн онцлох сэдэв болж, ном нь ч ихэд алдаршиж Японы Амазон сайтын улс төр, нийгмийн салбарын шилдэг борлуулалттай номын хоёрдугаар байрт бичигдэх болсон байна. Олон улсын дипломат уулзалтын үеэр нэг улсын удирдагч нөгөө улсын төрийн тэргүүний номыг дурдаж, гарын үсэг хүссэн нь тун ховор тохиолдол бөгөөд өөрийн хүсэл мөрөөдөл, амьдралаа илэн далангүй бичсэн нь олон үзэгчийн сэтгэлд хүрч чаджээ. Япон хэлнээ “Намайг хөтөлсөн мөрөөдөл” хэмээн орчуулсан түүний намтар номд “Уруудсан бол өгсөх зам заавал байдаг. Бас уулын хөндий гүн байх тусам оргил өөрөө өндөр болдог шүү дээ” гэсэн эшлэл бий. 
Харин энэхүү номыг орчуулагч Т.Төмөрчулуун монгол хэлээр орчуулан ерөнхийлөгчийн айлчлалын өмнө уншигчдын хүртээл болгоод байна.  “И Жэ Мёны дуртгал” нэртэй энэ ном монгол уншигчдад БНСУ-ын 21 дэх ерөнхийлөгчийн баялаг амьдрал, туулсан замнал, үзэл баримтлалтай танилцах боломжийг олгож буй. 
Ямартай ч БНСУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал бол 15 жилийн дараа БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй төрийн айлчлал гэдгээрээ онцлог. Тиймээс Монгол, БНСУ-ын стратегийн түншлэлийн дараагийн үе шатыг тодорхойлох, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, өндөр технологи, чухал ашигт малтмал, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах түүхэн уулзалт болох болов уу. Мөн айлчлал зөвхөн хоёр улсын төр, засгийн түвшний уулзалтаар хязгаарлагдахгүй. Солонгост ажиллаж, сурч, амьдарч буй олон арван мянган монгол иргэн, Монголд үйл ажиллагаа явуулж буй солонгосын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд ч бодит үр дүн хүлээсэн уулзалт болж байна. Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломжууд нээгдэж, иргэдийн өдөр тутмын амьдралд ойр асуудлуудад ахиц гарна гэсэн хүлээлтийг ч аль хэдий нь үүсгэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7871)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

16 цаг 12 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин