Засгийн газар "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

2026-07-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг. Улмаар “Рио тинто” групп зэсийн баяжмалаа экспортолж эхлээд 14 жил өнгөрчээ. Гэтэл Монголын ард түмэн ногдол ашгаа авч чадахгүй хэвээр байгаа асуудал үе үеийн Засгийн газрын үед хөндөгдөж ирсэн. Улмаар Г.Занданшатарын Засгийн газрын үед төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавьсан бол Н.Учралын Засгийн газар ч энэ байр сууриа бататгаж хэлэлцээг хийсэн юм. Өнгөрсөн хоёр өдөр уг асуудлаар ҮАБЗ хуралдсан.  ҮАБЗ-д Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтаж, аливаа асуудлаар зөвлөмж гаргадаг билээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт  тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд сануулсан нь анхаарал татаж байв. Мөн Монголын талын ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд З.Мэндсайхан Оюу толгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Хэлэлцээ дууслаа. Товчхондоо, бид эх орондоо хайртай. Ийм шийдвэр гарлаа” гэж байв.  Тэгвэл өчигдөр үдээс хойш Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй амжилттай хэлэлцээр хийж, үр дүнд хүрсэн талаар Засгийн газрын тэргүүн Н.Учрал өөрийн биеэр мэдээлэл хийлээ. Н.Учралын Засгийн газар нийт гурван асуудлаар Рио Тинто групптэй тохиролцоонд хүрсэн байна. Хэлэлцээг "Рио Тинто" талаас Рио Тинто группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирал Б.Дуламсүрэн, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй хүмүүс хийлээ.

1. Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу тав орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан байна. Мөн Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулж чадлаа гэж тодотголоо. Зээлийн хүүг бууруулснаар Оюу толгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна гэв. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэлээ.

2. Оюу толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгох тохиролцоонд хүрсэн байна. 

3. Оюу толгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрсэн байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Хэлэлцээрүүдийн үр дүн Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Оюу толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа ч Хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байгаа.  Бид Ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан Рио Тинто компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.  Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна. Оюу толгой төслийг тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж, даруухнаар эх орныхоо төлөө хичээн зүтгэсэн мэдлэг боловсролтой багийн хамт олон, сайд нар, төрийн албан хаагчдаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай, Монголын ард түмэнд илүү өр өгөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчид, УИХ- н гишүүддээ талархал илэрхийлье. Энэ бол Монголчууд бид эвлэлдэн нэгдэж улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон үлдэх болно гэдэгт итгэж байна”  гэлээ.

Монгол Улс 17 жилийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ Оюутолгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөж 55-75 хувь хүртэл байна гэж мэдэгдэж байв.  Харин 16 жилийн дараах Засгийн газрын тэргүүний мэдэгдлээс харахад, энэ төслийн Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь 37-д хувьд хүрэхтэй үгүйтэй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 124 (7866)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
зочин
Манай үе үеийн Засаг тун тааруу ажилладгийн 1 жишээ нь гадныхантай хамтрах нэрээр баялгаа энэ Оюу толгой төсөл нэртэй 17 жилийн ажил. Гадныхан хэдийг зараад хэдийг олчихоод байгааг ОТ - ынхноос шууд асууж чадахгүй юм гэхэд манай тал барагцаа, баримжаа гаргаж чадсан уу? Манайх хэдүй хэмжээний баялгаа тэдэнд цөлмүүлж байгаагаа нягталсан, тооцсон мөнгөн дүн, энэ төслөөс Монгол Улсад хичнээн орлого орсонг нотлосон Аудитийн баримт, нотолгоог Засгийн газар үнэн мөнөөр нь иргэддээ мэдээлчихэж болохгүй юу? Ирээдүйд энэ төслөөс Рио Тонто хичнээийг олох, Монгол Улсад хичнээнийг өгөх баримжаа, хэлцэл бий юу? Оюу толгойн баялгийг өөр улсын компанитай хамтран ашиглах хувилбар байж болохгүй юу? Болохгүй бол учир шалтгаан нь юу вэ? Хэрэв УИХ - ын гишүүн Батнайрамдал, Солонго зэрэг хэдхэн залуу асуудлыг сөхөөгүй бол ОТ гэдэг төсөл юунд хүрэх байсан бол? Засаг маань Рио - той ярилцаад, тохиролцоод л зөвшөөрөлцөөд завсарлах шив, бидэнд бол улам олон асуулт гараад байна шүү.
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 54 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин