Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг
Anadolu агентлагийн баримтын хайрцаг
Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурцадмал байдлыг өдөөсөн суурь асуудал болсон. 1979 оны Ираны хувьсгалаас хойш тус улсын цөмийн хөтөлбөр нь Техеран, Вашингтоны хоорондох маргааны гол цэг төдийгүй орчин үеийн хамгийн их хор уршигтай геополитикийн маргаануудын нэг байсаар ирлээ. Зөвхөн сүүлийн нэг жилд л гэхэд энэ маргаан бүрэн хэмжээний хоёр удаагийн дайнд хүргэлээ. Энэхүү цөмийн хөтөлбөр олон жилийн турш Барууны улсуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд орж, улмаар Ираны эдийн засгийн чиг хандлагыг гүнзгий өөрчилсөн юм. Мөн энэ хөтөлбөр дипломат маргааныг удаа дараа өдөөж, өнгөрсөн долоо хоногт гэхэд НҮБ-ын Атомын энергийн агентлагаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг олон тооны тайлан, тогтоол гаргалаа. Ираны цөмийн хөтөлбөр нь барууны үзэлтэй шах Мохаммед Реза Пахлавигийн үед эхэлсэн бөгөөд анх Вашингтоны "Атомууд энх тайвны төлөө" санаачилгын хүрээнд АНУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлснийг олон нийт тэр бүр мэддэггүй.
Ираны цөмийн хөтөлбөр хэрхэн эхэлсэн бэ?
1950-иад оны эхээр Мохаммед Реза Пахлави хаан ширээнд заларсны дараа Иран улс эрчим хүчний зорилгоор, газрын тос, байгалийн хийн асар их нөөцөө шавхахаас хамгаалах алсын хараатайгаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ үед Ираны Шах АНУ, Их Британи, Франц, Германаас бүрэн дэмжлэгийг хүлээсэн. 1956 оны гуравдугаар сард Техеран, Вашингтоны эрх баригчид цөмийн хамтын ажиллагааныхаа үндэс суурийг тавьж, Иранд цөмийн технологи анх нэвтрүүлсэн гэрээнд гарын үсэг зурсан юм. 1958 оны хоёрдугаар сард соёрхон батлагдсан уг гэрээ нь Ираныг Олон Улсын Атомын Энергийн агентлагад гишүүнээр элсэхээс нэг жилийн өмнө, Техераны Их Сургуульд Цөмийн энергийн Төв байгуулахаас өмнө хэрэгжиж эхэлжээ. Ерөнхийлөгч Эйзенхауэрийн "Энх тайвны төлөө атом" санаачилгын хүрээнд цөмийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйц гүнзгийрч, Ираны цөмийн өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс суурийг тавьсан юм. 1967 онд АНУ Иранд 5 мегаваттын хүчин чадалтай Техераны судалгааны реактор болон өндөр хувиар баяжуулсан ураны түлшийг нийлүүлсэн нь чухал алхам болсон. Үүний зэрэгцээ Вашингтон цацраг идэвхт материалыг ялгах, боловсруулах зориулалттай, тусгай хамгаалалттай байгууламжуудыг нийлүүлсэн нь судалгаа, эмнэлгийн изотоп үйлдвэрлэхэд чухал алхам болсон юм. 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар олон улсад нээлттэй зарлахад Иран улс уг гэрээнд нэгдсэн анхны улс орнуудын нэг болсон. Үүний дараа тус улсын цөмийн хөтөлбөр аажмаар НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын хяналтад орсон юм. 1970-аад оны дунд үе гэхэд Иран улс Энэтхэгтэй цөмийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, АНУ-тай байгуулсан цөмийн түлшний гэрээгээ сунгаж, Америкийн компаниудыг реакторын үйл ажиллагаанд зориулж тоног төхөөрөмж, үйлчилгээ нийлүүлэхийг урьсан юм. Мөн 1960-1970-аад онд Техеран Франц, Герман, Их Британитай цөмийн түлшний чиглэлээр хийсэн тохиролцоогаа дагаж мөрдөж байв. Жишээлбэл, Ираны анхны цөмийн байгууламж болох Бушерийн цөмийн цахилгаан станцыг авч үзье. Үүнийг Баруун Германы Siemens компанийн тусламжтайгаар барьсан юм. Гэвч Исламын хувьсгалын дараахан Германы гэрээт гүйцэтгэгчид тус улсыг орхин гарч, төслийг дундаас нь орхисон билээ. Ираны цөмийн хөтөлбөрийн хувьд энэ бол алтан арван жил байсан юм. 1979 оны Исламын хувьсгал Шахын засаглалыг унагаж, Барууныхан-Ираны хооронд цөмийн хамтын ажиллагааны эрин үеийг гэнэт дуусгавар болгосноор бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн юм.
1979 оны Исламын хувьсгалын дараах үе
1979 оны Аятолла Хомейнигийн удирдсан Исламын хувьсгалын дараа Техеран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг хувьсгалчид эзэлснээр Иран, АНУ-ын хооронд дипломат харилцаа тасалдсан. Үүний дараа 1980 онд найман жил үргэлжилсэн Иран-Иракын дайн эхэлсэн юм. Гадаад түншлэл байхгүй болсноор Ираны цөмийн хөтөлбөр бараг бүрэн зогссон. 1980-аад оны эхээр Персийн булангийн эрэгт байрлах Бушерийн цахилгаан станцын ажлыг сэргээх богино хугацааны оролдлогууд хийгдсэн боловч Иракийн удаа дараагийн агаарын цохилтууд ахиц дэвшилд нь саад учруулжээ. Гэсэн хэдий ч Иран Хятадаас уран баяжуулах судалгаанд зориулж туршилтын жижиг реактор худалдаж авч чадсан байна. 1985 онд тус улсын төвийн бүсийн Язд мужид ураны хайгуулын төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсын удирдлага Хятад, Орос, Канад, Австри, Испани болон бусад орнуудаас тусламж авч, центрифуг /ураны изотоп баяжуулах стандарт/-т суурилсан баяжуулалт хийхээр шийджээ. Жилийн дараа Техеран цөмийн салбарын залуу эрдэмтдээ сургахаар Пакистантай гэрээ байгуулсан юм. 1988 онд Иран-Иракийн дайн дуусах дөхөж байх үед Иран, Аргентин улсууд уран баяжуулах технологи шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан боловч АНУ-ын дарамт шахалтаар 1991 онд уг гэрээг цуцлажээ. 1990-ээд оны эхээр Иран цөмийн хөтөлбөрөө тогтвортой дэмжиж, найрсаг улс орнуудтай илүү нухацтай харилцаж эхэлсэн юм. 1994 онд Техеран Бушерийн цөмийн цахилгаан станцыг дуусгахаар ОХУ-тай 870 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний зэрэгцээ Исфаханд уран боловсруулах байгууламж барих 110 сая ам.долларын гэрээг БНХАТ-тай байгуулжээ.
АНУ-ын шахалт хэрхэн эхэлсэн бэ?
1990-ээд оны сүүлээр Иран цөмийн хөтөлбөрөө сэргээх хүчин чармайлтаа эрчимжүүлээд эхэлмэгц АНУ-ын Техеранд үзүүлэх шахалт эрс нэмэгдсэн байна. Үүний хариуд Ираны засгийн газар цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг зориогүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Хэдэн жилийн дараа, 2000-аад оны эхээр Ираны Ерөнхийлөгч Мохаммед Хатамигийн шинэчлэлийн засгийн газрын үед авсан хиймэл дагуулын зургуудаас Ираны төвийн Натанз, Арак хотуудад цөмийн байгууламжууд байгаа нь ил болж, улмаар цөмийн зэвсэг хөгжүүлэх боломжтой эсэх талаар олон улсын түвшинд санаа зовниж эхэлсэн байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Ираныг "муу ёрын тэнхлэг"-ийн нэг хэсэг гэж мэдэгдсэнээс хойш нэг жил ч хүрэхгүй хугацаанд Ираны цөмийн байгууламжууд ил болсон юм. Хатамигийн засаг захиргаа тухайн үеийн Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Мохамед Эль-Барадейг хэлэлцээнд урьсан нь Иран улс 2002 онд анх удаа уран баяжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн үетэй давхцаж байв. Жилийн дараа Европын Холбооны шууд оролцоотойгоор цөмийн хэлэлцээ эрчимтэй эхэлж, "Саадатабадын тунхаглал" баталснаар өндөрлөв. Уг тунхаглалын нөхцөлийн дагуу Иран уран баяжуулах хөтөлбөрөө түр зогсоож, нэмэлт протоколд гарын үсэг зурж, хяналт шалгалтыг сайжруулахыг зөвшөөрсөн юм. 2005 онд Махмуд Ахмадинежад Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь эргэлтийн цэг болсон билээ. Түүний бүрэн эрхийн хугацаанд Иран улс Исфахан, Натанз дахь уран баяжуулах үйл ажиллагаагаа сэргээсэн нь Олон улсын атомын энергийн агентлагаас анхааруулга гаргахад хүргэж, сүүлдээ 2006 онд уг анхааруулгыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд шилжүүлсэн юм. Ингээд НҮБ-аас гаргасан 1737 тоот тогтоолын дагуу Иранд хориг арга хэмжээ авч, дараа нь 1747, 2010 тоот тогтоолуудаар хоригийг чангатгасан юм. 2010 онд Иран, Турк, Бразил улсууд Техераны тунхаглалд гарын үсэг зурснаар богино хугацааны дипломат тайвшрал бий болсон юм. Уг тунхаглалаар Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний дагуу Ираны энх тайвны зорилгоор цөмийн эрчим хүч ашиглах, түүний дотор иргэний зориулалтаар уран баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрсөн юм.
2015 оны цөмийн гэрээ
Хассан Рухани 2013 онд Ираны төрийн эрхийг авсны дараа Иран улс Барууны улс орнуудад энх тайвны дохио өгч, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хамтран ажиллах, хэлэлцээ хийх сонирхлоо илэрхийлсэн. Энэхүү байр суурь нь дэлхийн олон хотод олон жилийн яриа хэлэлцээ хийх үндэс суурийг тавьж, 2015 оны 7-р сард Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөө (JCPOA) нэртэй хэлэлцээр байгуулснаар өндөрлөсөн юм. Энэхүү түүхэн хэлэлцээр нь Ираны эсрэг хориг арга хэмжээг сулруулж, хариуд нь Ираны цөмийн үйл ажиллагаанд хатуу хязгаарлалт тогтоосон. Иран улсад уг хэлэлцээрийг дэмжигчид нь түүхэн үр дүн гэж магтаж, шүүмжлэгчид нь урт хугацаанд хэрэгжих эсэхэд эргэлзэж зэргээр өөр өөр өнцөгөөр хүлээж авч байв. Хэлэлцээрийн дагуу Ираны уран баяжуулалтыг 3.67%-ийн цэвэршилттэй байлгах, баяжуулсан ураны нөөцөө 15 жилийн хугацаанд 300 килограммаар хязгаарлах, баяжуулалтыг зөвхөн Исфахан дахь Натанзын байгууламжид хийхээр тохиролцсон юм. Түүнчлэн суурилуулсан центрифугаа 5060 орчим болгон бууруулж, Арак дахь хатуу усны реакторын зориулалтыг өөрчлөхөөр Ираны тал үүрэг хүлээжээ. Үүний хариуд Ираны цөмийн зэвсэгтэй холбоотой НҮБ, АНУ, Европын Холбооны бүх талын хориг арга хэмжээг сулруулсан. Үүнд олон тэрбум ам.долларын царцаасан хөрөнгийг суллах, газрын тос, банк, тээврийн хязгаарлалтыг цуцлах, уламжлалт зэвсэг, баллистик пуужингийн хоригийг цуцлах зэрэг багтсан юм. Ираныг хоригоос чөлөөлөх энэ үйл ажиллагаа богино хугацаанд үргэлжилсэн. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны тавдугаар сард АНУ-ыг уг гэрээнээс гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээг дахин хэрэгжүүлсэн. Иран хариуд нь гэрээний үүргээс аажмаар гарч, уран баяжуулалтын хэмжээг 60 хувь хүртэл нэмэгдүүлж, бусад цөмийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн юм.
Ираны цөмийн хөтөлбөрийн өнөөгийн байдал
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Ардчилсан намын өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээхээр амласан боловч энэ амлалт биелээгүй. Байдены үед олон удаагийн хэлэлцээр хийсэн ч амжилт олоогүй хэвээр байв. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш АНУ, Ираны эрх баригчид наанадаж хоёр удаа Оман улсын зуучлалаар дипломат хэлэлцээ хийсэн боловч Ираны нутаг дэвсгэрт болсон дайны улмаас хоёулаа тасалдсан юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард хоёр тал ахиц дэвшил гаргасан гэж мэдэгдэж байх үеэр Израил Иран руу довтолж, цэргийн дээд командлагчид болон цөмийн хэд хэдэн нэр хүндтэй эрдэмтдийг нь хөнөөсөн. Израилын довтолгооны сүүлийн өдрүүдэд АНУ хөндлөнгөөс оролцож, Ираны Натанз, Исфахан, Фордоу дахь цөмийн гурван байгууламжийг онилсон юм. Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Израил улсууд хамтран Иранд агаарын цохилт өгснөөр бүрэн хэмжээний дайныг өдөөсөн юм. Гэсэн хэдий ч гал зогсоох тохиролцоонд хүрч, улмаар дипломат ажиллагаа явсаар эцэст нь хоёр улсын ерөнхийлөгч зургаадугаар сарын 18-нд дайн зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт цахимаар гарын үсэг зурав. Санамж бичигт заасны дагуу Ираны цөмийн асуудлыг бүх фронтод дайн дуусч, бусад нөхцөлүүд биелсний дараа хэлэлцэхээр тогтоод байна. Эцсийн тохиролцоонд юу багтах нь тодорхойгүй хэвээр байна. Тухайлбал, Иран уран баяжуулалтын түвшинг хадгалах, бараг 400 килограмм баяжуулсан ураны нөөцөө хадгалах эрхээ хамгаалж авч үлдэж чадах эсэх нь бүрхэг байна. Трамп, Нетаньяху нарын байнга хөнддөг нэг заалт нь Санамж бичигт тодорхой тусгагдсан. Энэ бол Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн байр суурь юм.
Эх сурвалж: https://www.aa.com.tr/en/middle-east/factbox-iran-s-nuclear-program-from-us-backed-project-to-war-trigger/3972418
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn